Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 24

 

Д.Тд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Нямсүрэн,                                

Хохирогч “АДМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 824 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр Д.Тд холбогдох 201525031134 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Т нь “АДМ” ХХК-ийн эд хөрөнгө болох 40.000.000 төгрөгийг авахаар шилжүүлэн өгөхийг шаардаж, компаний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болох баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, улмаар тус компаний ажилтан Г.Болдбаатараар дамжуулан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 7 давхарт байрлах хоолны газар 10.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Калифорниа” ресторанд 10.000.000 төгрөгийг тус тус авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Шүүгдэгчийн зүгээс яллах дүгнэлт гардаж аваагүй. 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 344 тоот шүүхийн тогтоол гарсан. Энэ тогтоолоор хэргийг мөрдөн байцаах шатанд буцаасан байдаг. Мөрдөн байцаах шатанд хэрэг буцсанаар шүүхийн тогтоолд заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй. Эд мөрийн баримтаар хураан авсан зүйлийг хуульд зааснаар хураан аваагүй. Тухайлбал, гэрч Болдбаатарын утас дээрх мессежийг миний үйлчлүүлэгч бичээгүй гэдэг, фото зургаар мөрдөн байцаагчид Болдбаатар гаргаж өгдөг. Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж нотлох баримт гаргаж өгсөн байдаг. Болдбаатарын утсанд үзлэг хийх шаардлагатай. Уутанд юу байсан талаар мөрдөн байцаалт хийгээд тогтоогдоогүй, тогтоох боломжгүй гэж шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Прокурорт шүүгдэгчийг 20.000.000 төгрөг авсан талаарх нотлох баримт байхгүй. Гэрч Болдбаатар шүүх хуралдаанд тухайн өдөр 20.000.000 төгрөгийг банкны данснаас авч шууд өгсөн талаар хэлдэг. Болдбаатарын дансны хуулгаас харахад цувуулж аваад өөрөө үрэх боломжтой байсан. Болдбаатарыг ашигласан байна уу гэдгийг шалгаж тогтоогоогүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаах шатанд буцаах шаардлагатай байна. ...” гэжээ. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6-д зааснаар прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулах, 33.1 дүгээр зүйлийн 1-д прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр тус тус заажээ. Иймд яллагдагч Д.Тд яллах дүгнэлтийн хувийг гардуулах, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан санал, хүсэлтүүдэд дурьдсан ажиллагаануудыг зохих журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ гээд хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор А.Нямсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Тд холбогдох хэрэгт 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлтийн хувийг гардуулан хэргийг шүүхэд шилжүүлэх гэтэл яллагдагч Д.Т нь яллах дүгнэлтийг гардаж аваагүй болох нь 3 дугаар хавтасны 188 дугаар хуудсанд байгаа яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэлээр нотлогдоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.8 дахь хэсэгт заасан "яллах дүгнэлт албан ёсоор гардуулаагүй талаарх гомдол" үндэслэлээр буюу яллагдагчид яллах дүгнэлтийг гардуулан өгөх зорилгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай саналыг бичгээр гарган хүргүүлсний дагуу шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр явуулсан боловч тус асуудалд шүүхээс дүгнэлт хийлгүй, яллах дүгнэлтийг гардуулах гэсэн үндэслэлийг заан прокурорт буцаажээ. Өөрөөр хэлбэл, дээрх үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгийн явцад яллагдагчид яллах дүгнэлтийг гардуулан өгөх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан хэргийг 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 344 тоот шүүхийн тогтоолоор хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан. Шүүхийн тогтоолд заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй буюу эд мөрийн баримтаар хураан авсан зүйлийг хуульд зааснаар хураан аваагүй. Гэрч Болдбаатарын утсан дахь мессежийг миний үйлчлүүлэгч бичээгүй гэдэг, фото зургаар мөрдөн байцаагчид Болдбаатар гаргаж өгсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж нотлох баримт гаргаж өгсөн байдаг. Энэ нь гэрч Г.Болдбаатараас гаргаж өгсөн утсан дахь мессеж бүхий гэрэл зургууд, хяналтын камерийн бичлэг зэрэг нь уг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой нотлох баримт байсан учир мөрдөн байцаагч нь хүлээн авч, камерийн бичлэгт үзлэг хийж, улмаар эд мөрийн баримтаар тооцох тогтоол үйлдсэн, гэрэл зургийг хэрэгт хавсаргасан байх бөгөөд энэ талаарх тэмдэглэлийг үйлдэж хэргийн 3 дугаар хавтас, 3 дугаар хуудсанд хавсаргасан нь шүүхийн тогтоолын тус заалтыг хангасан гэж үзэж байна. Уутанд юу байсан талаар мөрдөн байцаагч үзлэг хийгээд тогтоогоогүй, тогтоох боломж байхгүй гэж шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Прокурорт шүүгдэгчийг 20.000.000 төгрөг авсан талаарх нотлох баримт байхгүй, Болдбаатар өөрөө үрэх боломжтой байсан. Г.Болдбаатарыг ашигласан байна уу гэдгийг шалгаж тогтоогоогүй гэх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч дахин мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй юм Учир нь: Г.Болдбаатарыг 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон шалгаад, мөнгийг ашигласан, завшсан үйлдэл нотлогдон тогтоогдоогүй учир хэргийг 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Түүний эд хөрөнгийн байдал, орлого зэргийг шалгасан бөгөөд Г.Болдбаатар нь гэрчийн мэдүүлэгтээ бэлэн мөнгө байнга байдаг, өөрт байсан бэлэн мөнгө дээрээ нэмж, байгууллагын данснаас миний дансанд орж ирсэн мөнгөнөөс гүйцээж Д.Тд 2 удаа нийт 20.000.000 төгрөгийг өгсөн гэж мэдүүлдэг бөгөөд үүнд ямар нэг эргэлзээтэй байдал үүсээгүй. Мөн Д.Тгийн шаардсаны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг өгсөн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг хохирогч талаас гаргаж өгсөн байдаг. Үүнд: “Калифорниа” рестораны камерийн бичлэг /Г.Болдбаатар нь хар уутанд мөнгө тоолж хийн улмаар хар ууттай мөнгөө Д.Тд өгч байгаа 4070 тоот шинжээчийн дүгнэлтэнд “хар уутнаас хорин мянган төгрөгийн дэвсгэрттэй ижил 5 боодол зүйл гаргаж тоолон хар уутандаа буцааж хийж буй дүрс дүрслэгдэж, ... эрэгтэйн барьж явсан хар өнгийн нийлэг ууттай зүйлийг барьж явсан цайвар нийлэг ууттай зүйлдээ хийж буй дүрс дүрслэгдэж байна”, 4654 тоот шинжээчийн дүгнэлтэнд “Дүрс бичлэгт засвар, өөрчлөлт хийгдээгүй байна”, мөн Д.Тгийн бичгийн хэвтэй шинжээчийн дүгнэлтээр тохирсон тус өдөр Д.Тгийн бичиж өгсөн тодорхойлолт /1 дүгээр хавтас, 77 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд юм. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болох баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн" гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, ямар нэг хор уршиг шаарддаггүй хэрэг. Д.Тгийн “АДМ” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхолд хор уршиг учруулж болохуйц мэдээ, мэдээлэл тараасан, тараахаар сүрдүүлсэн, улмаар мөнгө нэхсэн гэх баримтууд нь баримтаар тогтоогдсон байдаг. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 824 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Хохирогч “АДМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ хэрэг үүсэх явцаасаа эхлээд тодорхой асуудалтай байсан. Анх манайх гомдол гаргахад Д.Т ирэхгүй байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Бид нар удаа дараа гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгүүлээд өнөөдрийг хүрсэн. Хэрэгт хангалттай нотлох баримтууд байгаа. Тэр нь хэрэгт авагдсан 10.000.000 төгрөг өгсөн дүрс бичлэг байгаа. Яллагдагч Д.Тгийн өөрийнх нь гар бичмэлээр өгсөн тайлбар. “Үндэсний шуудан”, “Өдрийн сонин”, “Өглөөний сонин” гэсэн 3 төрлийн сонинд өгсөн. Эдгээр сонин дээр “хууль бусаар тусгай зөвшөөрлүүдээ сэргээсэн, Су.Батболд, Засгийн газартай хуйвалдаж асуудлаа шийдвэрлэсэн. Ийм учраас хууль бус үйл ажиллагаа явуулдаг “АДМ” ХХК-ийг Булган аймагт ажиллуулахгүй, цаашлаад хууль бусаар сэргээсэн тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах арга хэмжээ авна” гэсэн агуулга бүхий нийтлэлүүдийг удаа дараа гаргадаг байсан. Үүнтэй холбоотойгоор Д.Т “Ашигт малтмал, газрын тосны газарт манайхтай холбоотой мэдээллээр гомдол гаргаад 2012 онд Улсын Их Хурлын сонгуулийн үеэр хуйвалдаж, хүмүүсийн анхаарлыг сарниулж тусгай зөвшөөрлийг сунгуулж авсан” гэх агуулга бүхий баримт материалыг эхлээд тараана гэж байгаад сүүлдээ тараасан. “АДМ” ХХК нь өнөөдөр Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг, мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эдлэх эрх, үүрэг зэргийг биелүүлээд мөнгө тушаагаад улсаас тусгай зөвшөөрөл авсан. Булган аймагтай холбогдож байгаа гол асуудал нь Булган аймагт байгаа “3828 Х” дугаартай буюу хайгуулын тусгай зөвшөөрөл дээр түүний талбай дотор хэсэгчлээд А тусгай зөвшөөрөл авах үйл явцыг Д.Т саатуулсан. Иргэн Д.Т өөрөө Доргод багийн иргэн биш. Харин Лах багийн иргэн. Доргод баг нь 3 дугаар баг, Лах баг нь 2 дугаар баг. Д.Тгийн оршин сууж байгаа эхийнх нь газар Лах, Доргод баг хоёроос 50 километр зайтай. Д.Тгийн ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа, манай компанийн тусгай зөвшөөрөл авсан, “АДМ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь Д.Тгийн эрх ашиг хөндөгдөөд байна уу. Бид үйл ажиллагаа явуулахад Д.Тгийн эрх ашгийг хөндөөд байна уу. Д.Т үүнд оролцох ямар ч шууд шалтгаант холбоо байхгүй. Гэтэл Д.Т энэ хуралд оролцож, тус багыг хуралдуулах гэж очиход тэр хурлыг зохион байгуулалттайгаар үймүүлж, бид нар ийм үйл ажиллагаа явуулна, хуулийн дагуу энэ асуудлаа танилцуулж явна, А тусгай зөвшөөрөл авъя гэдгийг Иргэдийн хурлаар танилцуулаад үнэлгээ хийлгэх гээд явж байсан. Энэ нь хуульд заасны дагуу бид нарын зохион байгуулах ажил байсан. Энэ ажлыг Д.Т хууль бусаар саатуулсан. Тэгээд Захиргааны хэргийн шүүхийн 809 дугаартай шийдвэрт Д.Т болон нутгийн малчин ард иргэд үнэхээр Су.Батболдтой хуйвалдаж тусгай зөвшөөрлөө сэргээсэн үү, хууль ёсны дагуу тусгай зөвшөөрлөө сэргээсэн үү гэдэг талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээд өнөөдөр хүчин төгөлдөр байна. Д.Т анхны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бас л яллах дүгнэлтээ гардаж аваагүй байсан. Д.Т “би Болдбаатар гэдэг хүнээс чихрийн цуглуулга, 1.000.000 төгрөг авсан” гэж хүлээдэг. Тэгэхээр энэ гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж ойлгож байгаа. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байгаа учраас 1.000.000 төгрөг авахаар заналхийлсэн ч бай энэ гэмт хэргийг үйлдсэн гэж ойлгож байгаа. Гэтэл сонин хэвлэлд тараагаад хэвлэлийн бага хурал хийгээд байгаа мэдээллүүдийг Захиргааны хэргийн шүүх, Иргэний хэргийн бүх шатны шүүх, “Өдрийн сонин”, “Өглөөний сонин”, “Үндэсний шуудан” зэрэг 3 сонинд худал, үндэслэлгүй мэдээлэл нийтэлсэн байна гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр байгаа. Би энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн байцаагч Батсайханд гомдол гаргасан. Наад хүн чинь ийм ийм асуудлаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж байна. Энэ нь мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлд заасантай хавсарсан гэмт хэрэг байна. Тийм учраас давхар зүйлчилж өгнө үү гэсэн гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Гэхдээ баримтууд нь хэрэгт байгаа. Дүрс бичлэгийг монтажилсан, зохиосон эсэхийг шинжээч тогтоосон. Мөн гар бичмэлийг шинжээч тогтоосон. Энэ баримтыг өмгөөлөгч, шүүгч үнэлэхгүй байж болно. Гэхдээ ард түмэн үнэлнэ. Харсаар байтал 20.000 төгрөгийн 5 боодол мөнгийг хийсэн. Д.Т, Болдбаатар 2 бие биеэ танихгүй атлаа “Калифорниа” ресторанд уулзаад, чихрийн цуглуулга, 1.000.000 төгрөг өгөх ямар шалтгаант холбоо байна вэ. Өмгөөлөгч мессежийг бичээгүй гэсэн. Болдбаатартай харьцаагүй байж, Болдбаатар яагаад тэр хүнд 10.000.000, 20.000.000 төгрөг өгөөд байна вэ. Би гудамжинд таарсан хүндээ зүгээр байж байгаад 10.000.000-20.000.000 төгрөг өгөхгүй. Үүний цаана холбоо гэж байгаа. Үүнийг харах ёстой. Тийм учраас хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан байна. Үүнийг үнэлэх ёстой. Д.Т өөрөө эрүүгийн хэрэг үүсгэхээр ирдэггүй, яллах дүгнэлтээ гардаж авдаггүй. Мөрдөн байцаагчийг дуудахаар ирэхгүй болохоор албадлагын арга хэмжээ авахаар “АДМ” ХХК-ийн захиалгаар зодлоо гэж олон нийтийн сүлжээгээр цацдаг. Бодит байдлыг үнэлэхгүйгээр ял завших боломжийг олгож, цаг хугацааг аргацааж байна уу. Хэрвээ эсэргүүцлийг хүлээж авахгүй байя гэж бодвол дараагийн шүүх хуралдаанд Д.Т яллах дүгнэлтээ гардаж аваагүй орж ирнэ. Үр дагавар нь гарахгүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх, прокурор А.Нямсүрэнгийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр Д.Тд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй боловч Д.Тд холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа явуулах зайлшгүй нөхцөл байдал байх тул хэргийг прокурорт буцаасан захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол ... ял шийтгэнэ” гэж заажээ.

Яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг “Д.Т нь “АДМ” ХХК-ийн эд хөрөнгө болох 40.000.000 төгрөгийг авахаар шилжүүлэн өгөхийг шаардаж, компаний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болох баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, улмаар тус компаний ажилтан Г.Болдбаатараар дамжуулан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 7 давхарт байрлах хоолны газар 10.000.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Калифорниа” ресторанд 10.000.000 төгрөгийг тус тус авсан ...” гэж дүгнэжээ.

Яллах дүгнэлтэд “... шилжүүлэн өгөхийг шаардаж, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болох баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж ...” гэж хуульд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлсон нөхцөл байдлыг хуулж тавьсан нь хэргийн үйл баримтыг тодорхой биш болгож, шүүхээс Д.Тд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх нөхцлийг хаасан байна.

Шүүхээс Д.Тд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх тохиолдолд, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальсан дүгнэлт хийх, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас хандах зарчим алдагдахаар байна.

Иймд, компаний ямар эрх, ямар хууль ёсны ашиг сонирхолд нь халдсан, түүнчлэн ямар баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, уг баримт, мэдээлэл нь компаний ямар хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц гэж үзсэн талаар яллах дүгнэлтэд тодорхой зааж, яллах дүгнэлт үйлдэх нь хуульд нийцнэ.

Ингэхдээ, дээрх нөхцөл байдал, үйл баримтын талаар яллагдагчид мэдэгдэх буюу ямар хэрэгт яллагдаж байгааг нь мэдэгдэж, мэдүүлэг өгөх, эсхүл мэдүүлэг өгөхөөс татгалзах зэрэг эрхийг нь эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын хүрээнд хэргийг шалгаж, яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг тодорхой дүгнэсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Яллагдагч нь прокуророос яллах дүгнэлт гардаж авахаас санаатай зайлсхийсэн, татгалзсан тохиолдолд тэр талаар тайлбар, тэмдэглэл үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж болох бөгөөд энэ нөхцөл байдлыг прокурор яллах дүгнэлт гардуулах ажиллагаа хийгээгүй гэж үзэхгүй.

Хэргийг прокурорт буцаасан тохиолдолд, хэрэгт хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа үндэслэлийг тодорхой заахгүйгээр өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг бүхэлд нь хийгдэх ажиллагаа байдлаар шүүгчийн захирамжид заасан нь буруу бөгөөд цаашид анхаарвал зохино.

Иймд, шүүгчийн захирамжийн Үндэслэх нь хэсэгт заасан үндэслэлүүдийг хүчингүй болгох прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, харин эсэргүүцлийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох гэснийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.