Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2021/0645

 

“З И” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч П.А, Г.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0546 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн давж заалдах гомдлоор “З-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0546 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 57 дугаар 57.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлэн,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцохоор” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “З-И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч “З-И” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг болон захирамжийг гаргасан ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 1, 4, 12, 13, 15, 22, 24, 25,,26, 27, 28, 29, 39, 40 дүгээр зүйлд тус тус заасныг хэрэгжүүлээгүй зөрчсөн. Газрын тухай хуулийн 56, 57 дугаар зүйл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 24/17 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн хэмжээнд газар ашиглахтай холбогдон үүссэн зөрчлийг арилгахад баримтлах журам”-д заасныг тус тус зөрчиж ажиллагаа хийж, нэхэмжлэгчийн зохих зөвшөөрлийн дагуу барьж хашааг албадан буулгаж, хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл, гомдол гаргаж байна.   

Маргаан бүхий акт хуульд заасан журмыг баримтлаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, актад дурдагдсан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан урьдчилсан арга хэмжээ аваагүй, дангаароблон зөвхөн захирамжаар шийдвэрлэх эрхгүй байсан.

Маргаан бүхий А/244 дүгээр захирамжаар “нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүйгээр барьсан барилгын түр хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлсүгэй” гэж шийдвэрлэсэн дариуд нэхэмжлэгчийн барьж байсан барилгын түр хашааг буулгах ажиллагааг хэрэгжүүлж, шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа дүүргээс зөвшөөрөл авах ёстой байсан гэх боловч ямар дүрэм, журмын дагуу Х/СБД2020-047 дугаар түр хашааны ажлын даалгавраас гадна дахин зөвшөөрөл авах ёстойг шүүхэд нотлоогүй, баримт ирүүлээгүй.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...Х/СБД2020-047 дугаар түр хашааны ажлын даалгаврыг жоохон зөрчсөн” гэж үндэслэлээ тайлбарладаг боловч ажлын даалгаврыг зөрчсөн баримт байдаггүй зэрэг нь хариуцагчаас А/244 дүгээр захирамжийг хууль, журмыг зөрчиж гаргасан нь хангалттай тогтоогддог. Хариуцагчаас гаргасан актын үндэслэл, шүүхэд гаргасан бичгийн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар хоорондоо зөрүүтэй, хоорондоо зөрчилтэй, нотлох баримтад үндэслээгүй, ямар ч баримтгүй тайлбар байдаг.

Дээр дурдсан бодит нөхцөл байдалд хуульд заасан ажиллагаа хийгдээгүй, хууль зөрчиж гаргасан актын үндэслэл болох нотлох баримт байхгүй учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шаардсан боловч хариуцагчаас ямар ч нотлох баримтыг шүүхэд болон хэрэгт гаргаж өгөөгүй.

Маргаан бүхий А/244 дүгээр захирамж нь дээр дурдсанаар хууль, журамд нийцээгүй болох нь тодорхой байхад шүүхээс хариуцагчийг бодит нөхцөл байдалд хийгдээгүй захиргааны ажиллагааг нөхөн гүйцэтгэхийг, зөрчлийг дахин шалгаж тогтоохыг, хуульд заасны дагуу дахин ажиллагаа хийхийг, үндэслэлээ нөхөн тодорхой болгохыг, шийдвэрийнхээ эрх зүйн үндэслэлийг солих боломжийг шүүхээс олгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалах, захиргааны байгууллагад хууль ёсны зарчмыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих, түүнийг хангуулах үүрэгтэй бөгөөд А/244 дүгээр захирамжийг гаргасан үндэслэл болон албадан буулгах эрхийг хэрэгжүүлсэн бодит нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой байсан.

Шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй бөгөөд түр хашааг албадан буулгах ажиллагааг тусгайлан заасан журамд зааснаар дүүргийн Засаг даргын дангаар шийдвэрлэх, газрын алба дангаар хэрэгжүүлэх боломжгүй юм.

Хэрэв зөрчил гаргасан бол Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт зааснаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шалган тогтоох ажиллагаа байхад Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар ч оролцоогүй байдаг.

А/244 дүгээр захирамжийг гарах үеийг бодит нөхцөл байдал дээр хийгдээгүй захиргааны ажиллагаа, үйлдэгдээгүй баримт бичиг, үндэслэл болгоогүй хууль зүйн нөхцөл, болоогүй үйл явдал, тогтоогдоогүй зөрчил, хууль, журамд заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй, нотлох баримт гаргаж өгөөгүй зэрэг нөхцөл байдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу цаашид тодруулах, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн хувьд уг барилгын түр хашааг барих зөвшөөрлийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас авсан, барилга барих эрхээ шүүхээр тогтоолгож, сэргээлгэсэн, барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн газрын эрхийн захирамжийг шүүхээр шийдвэрлүүлсэн зэрэг хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл болон бодит байдлын үндэслэлийг хянан шалгаж, хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.   

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Хэрэг авагдсан баримтуудаас үзвэл “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар “З-И” ХХК-д Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд орон сууцны зориулалтаар 480 м.кв газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэн, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон боловч Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1140 дүгээр захирамжаар “Инженерийн шугам, сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж байгаа гэсэн үндэслэлээр хүчингүй болгон шийдвэрлэжээ. “З-И” ХХК нь уг захирамжийг эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 8101 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэгдэж ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчийн энэхүү захиргааны хэргийн хувьд түүний хүчингүй болгуулахыг хүссэн  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр А/244 дүгээр захирамжаар дээрх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар эзэмшиж байсан газар дээрээ барилга барих зорилгоор барьсан түр хашааг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн түр хашаа барьсан, барилга барихаар төлөвлөж буй газрыг эзэмших эрх олгосон 2004 оны 164 дүгээр захирамжаа нийслэлийн Засаг даргын А/1140 дүгээр захирамжаар хүчингүй болгосон, энэ талаар нэхэмжлэгч анхан шатны шүүхэд маргаж байхад Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/244 дүгээр захирамжид холбогдох маргааныг түрүүлж шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг нэгэнт хүчингүй болгосон, үүнтэй холбоотой захиргааны хэрэг хянагдаж байгаа нөхцөлд уг газар дээр барилга барих түр хашааг албадан буулгах захирамжийг тусад нь хянан шийдвэрлэх боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж заасан.  

Нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч энэхүү маргааны үйл баримтад дүгнэлт өгөх, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой болох, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх эсэх асуудал шийдвэрлэгдэхээр байна.

Анхан шатны шүүхээс дээрх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдсэн, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчингүй болсон байхад хариуцагчаас түр хашааг барих эсэхтэй холбоотой дахин шинэ акт гаргах боломжгүй нь тодорхой байхад “... нэхэмжлэгч компани нь барилга барих түр хашааг эдэлбэр газраас 0,5-1 метрээс дотогш байрлалтай барьсан болохыг нотолсон эсвэл үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч болон хариуцагч аль аль талаас шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр энэхүү нөхцөл байдлыг шалган тогтоох боломжгүй гэх үйл баримт тус тус тогтоогдож байна” гэж үзэж А/244 дүгээр захирамжийг 3 сарын хугацаагаар дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг зохих журмын дагуу дээрх хэрэгтэй нэгтгэх, эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зэргээр процессийн алдааг засаж дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 0546 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

     ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

     ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ