| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0048/Э/ |
| Дугаар | 51 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Н-д холбогдох 2016000000052 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогтой Х-н Н гэв.
Шүүгдэгч Х.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөст-Алтай” нэртэй зочид буудлын 00 тоот өрөөнд Д.Б-н толгойн тус газар архины шилээр цохиж, түүний биед баруун хацар, баруун чихний ар хэсэгт шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Х.Н-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэрт байрлах “Мөст-Алтай” нэртэй зочид буудлын 00 тоот өрөөнд Д.Б-н толгойн тус газар архины шилээр цохиж, баруун хацар, баруун чихний ар хэсэгт шарх гэмтэл үүсгэн түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Х.Н гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Би ийм хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Д.Б бид хоёр нэг байгууллагад ажилладаг бас найзууд байгаа ... Э болон түүний 2 найзыг би гаргаж явуулсан. Тэр гурваас чи намайг өмөөрсөнгүй гээд намайг заамдаж аваад нилээн хэд цохисон ... Хохиролд 1 сая төгрөг бэлэн өгсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Прокурорын хэлсэн дүгнэлтийг зөвшөөрч байна. Би эхнэр, хүүхдээ тэжээдэг, ганцаараа ажил хийдэг учир намайг хамгийн багаар шийтгэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би Х.Н-тэй чи намайг Д.Э-тэй муудалцаж байхад яагаад өмөөрөөгүй юм бэ гээд маргалдаж эхлээд би Н-г цохиж аваад барилцаж байхад архины шилээр миний баруун шанаа, чихний ар орчим руу цохиод архины шил хагарч байсан. Тэгээд Н гарч явсан санагдаж байна ... Х.Н гараараа цохиж мэдэгдээгүй, шууд архины шилээр баруун талын шанаа, чих түүний ар тал орчим цохисон. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Баруун чихний ард язарч оёо тавиулсан, баруун шанааны орчим язарч завьжин дотор 4 оёо, гадна талдаа олон оёо тавиулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ18-19/,
Гэрч С.У-н мөрдөн байцаалтад өгсөн “... Ажил дээрээ ирээд өрөөгөө шалгаж үзтэл 00 тоот өрөөний үүдэн дээр цус дусчихсан байхаар нь уг өрөөнд ороход Д.Б ганцаараа баруун шанаанаас цус гоожчихсон тэрийгээ дарчихсан сууж байсан. Чамайг хэн ингэчихвээ гэж асуухад манай найз намайг ингээд зодчихлоо гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Д.Б хөл нүцгэн орны өмнө сууж байсан ба хажууд нь архины шилний хагархай их хөглөрсөн учир түүнийг шүүрдэж тосгууртай орны хажууд тавьсан ... Д.Б баруун талын шанаагаа дарчихсан тэр хэсгээс нь их цус гарчихсан түүнийгээ гараараа дарчихсан байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ20-21/,
Шинжээч Д.Даваахүүгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаартай “... 1. Д.Б-н эрүүл мэндэд хохирол учирсан байна.
2. Д.Б-н биед баруун хацар, баруун чихний ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Б-н зүүн нүдэнд гэмтэл тогтоогдсонгүй.
4. Д.Б-н биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
6. Д.Б-н биед учирсан гэмтэл болох баруун хацар, баруун чихний ар хэсэгт үүссэн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /ХХ38-39/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ2/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ3-6/, “Мөст-Алтай” ХХК-ний камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ7/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо нөхөн төлсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Х.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Х.Н-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Х.Н-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Х.Н уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний 3 ширхэг хагархайг устгаж, камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид хохиролд 1.000.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Х-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Н-д танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний 3 ширхэг хагархайг устгаж, камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид хохиролд 1.000.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА