| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0021/э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч: Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Ц-ын Г-д холбогдох эрүүгийн 2035000140023 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 10-нд Говь-Алтай аймгийн суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух Т овогт Цын Г /РД:/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Ц.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хохирогч Т.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Ц.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Т.Б-г зодсон болох нь:
Хохирогч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ц.Г согтчихоод намайг доромжлоод хуруудаад дайраад байхаар нь би заамдаад чи яах гээд байгаа, сонин хүн бэ гэж хэлээд хойш орон дээр дарсан, дахиад дээш татаад босготол хүзүүнд нь байсан зүүлт нь тасарсан, тэгтэл намайг миний эгчийн өгсөн зүүлтийг чи тасаллаа, чи юугаар төлөх юм бэ, гуйлгачин гээд миний нүүрийг шууд хоёр гараараа самардаж маажсан, тэгээд шууд нэг гараараа миний үснээс бариад авсан. Би үсээ тавиулах гээд боль энэ тэр гэж хэлсэн, манай нөхөр, Ц.Г-ийн нөхөр хоёр уг үснээс барьсан гарыг нь тавиулах гээд их ноцолдсон, огт тавьж өгөхгүй байсан. Миний үсийг тугаар татаад таслаад салгасан. Миний уур хүрээд бүх зүйл чамаас боллоо гээд С-ийг татаад босгоод цагдаа дээр очъё гээд дагуулаад цагдаа руу явж байтал С зугтаад явсан. Би буцаад уг айлд очоод чи миний нүүрийг яачихсан юм бэ гээд толинд хараад асуухад би ингэсэн юм гээд 2-3 удаа миний нүүрийг дахиад самардаад маажсан. Тэгэхээр нь би чи яаж байна гээд нэг удаа алгадаад хоёр гарыг нь дараад хөдөлгөөгүй ээ, тэгтэл Ц.Г уурлаад орилоод чарлаад байсан нөхөр нь сэргээх гэж дээр нь ус хийсэн. Тэгж байгаад би нөхөрт нь Ц.Г-г өгөөд гэрээс нь гарч яваад гэртээ харьсан...Бид нар нийт хоёр шил “Ерөөл” нэртэй 0.75 граммын архи уусан. Миний толгой маш их өвдөж байна. Байнга өвчин намдаах эм хэрэглэж байна. Би эмчид үзүүлсэн намайг аймаг руу явж гэмтэл, дотрын эмчид үзүүл гэсэн. Миний толгой урд хэсгийн үс 3 хэсэг газар халцарч тасарсан. Мөн нүүрний 2 хөмсөг дунд болон тэр орчмын хэсэг, 2 нүдний доод хэсэгт шалбарч шархалсан. Цээжний баруун талд мөн олон тооны шалбарч шархалсан. Би гомдолтой байна. Хамгийн гол нь миний үс орой хэсгээрээ халцарсан ба үүнийг янзлуулаад өгвөл өөр зүйл алга. Нүүрний хумсны сорви гайгүй болчихвол хэлэх үг алга...Би хэргийн улмаас биедээ гэмтэл авч 3.113.000 төгрөгийн хохирол учирсан. Надад учирсан хохирлыг Ц.Г 2020 оны цагаан сарын баяраас өмнө барагдуулахаар ярилцаж тохирсон. Ингэж ярилцаж тохиролцсон тул нэхэмжлээд байх зүйл байхгүй. Ц.Г-г ярилцаж тохиролцсон хохирлыг барагдуулна гэдэгт итгэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-17-р тал/,
Гэрч О.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би нар архи ууж байгаад би согтоод унтчихсан байсан. Намайг унтсаны дараа яг юу болсныг би сайн мэдэхгүй байна. Гэнэт сэрэхэд Т.Б эгчийн нүүр нь цус болчихсон Ц.Г, Т.Б хоёр хоорондоо хэрэлдээд ноцолдож байсан. Тэгтэл намайг Т.Б эгч чи муу янхан минь гарч зайл гэж хэлээд миний араас гарч ирээд намайг түлхээд чамаас болж байгаа юм гэж хэлээд цагдаа дээр очъё гээд дагуулаад явахаар нь манай сумын цагдаа аймаг явсан байна лээ гэж хэлээд би Н эгчийн гэр лүү яваад өгсөн...Хэн нь хэнийгээ зодож цохисныг би мэдэхгүй байна. Тэр хоёр нэлээд согтсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Гэрч Н.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б эгч Г хоёр маргалдаад барьцалдаж аваад байсан. Тэгж байгаад манай эхнэр “Эгчийн өгсөн зүүлтийг тасалдаг хэн юм бэ?” гээд Т.Б эгчийн нүүрийг нь маажсан. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд нэг нэгнийхээ үснээс татаад зууралдсан Ц ах бид хоёр салгах гэж их ноцолдсон. Тэгээд тэр хоёр бид хоёрт ярих юм байна гээд Батсүх эгч “Чи намайг яагаад маажиж байгаа юм бэ?” гээд маргалдаад байж байтал С босч ирсэн ба Т.Б эгч С-ийг “Чамаас болж ийм зүйл боллоо. Цагдаа дээр очно” гээд гэрээс гарсан. Б эгч буцаж орж ирээд манай эхнэр лүү “Чи яагаад хүн мааждаг гэнээ дахиад үзүүл дээ” гээд байсан ба тэгтэл манай эхнэр ингэж маажсан юм гээд 2 удаа нүүрийг нь маажсан юм. Тэгтэл манай эхнэрийг гараараа цохисон тэгээд дахиад үснээсээ таталцаад ноцолдсон. Тэгээд би тэр хоёрын дундуур орж салгаад “Т.Б эгчээ та одоо яваад өгөөч” явуулаад эхнэрээ барьж үлдсэн. Т.Б эгч манай гэрт анх орж ирэхэд нүүрэнд ил харагдах шарх сорви байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай эхнэр Т.Б эгчийг нүүр хэсэг газарт нь 3 удаа гарынхаа хумсаараа маажсан, үснээс нь 2 удаа татаж тасалсан. Баруун талын орон дээр сууж байхдаа манай эхнэрийг Т.Б эгч нэг удаа хоолойг нь боосон, нэг удаа гараараа алгадаж унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,
Гэрч Ц.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Ц.Г гүйж орж ирээд муу Ц пизда минь чамайг хэн гэрт намайг авч ирж өг гэсэн юм бэ гэж хэлээд намайг хэл амаар доромжилж баахан давшилж дайрсан. Ц.Г над руу чиний өнчин охин чинь гэртээ хүүхэд гаргасан янхан биз дээ гэх мэтээр их доромжилсон бөгөөд чи намайг ингэж битгий доромжлоорой гэж хэлсэн бөгөөд миний хэлж байгаа үгийг огт ойлгохгүй байсан. Тэгтэл манай эхнэр намайг өмөөрч Ц.Г рүү чи яагаад манай нөхөр лүү хэл амаар доромжилж дайраад байгаа юм бэ? Чамайг гэрт чинь хүргэж ирсэн буруу болж байна уу гэж хэлэхэд Ц.Г манай эхнэр лүү дайрахаар нь заамдаад хойш орон дээр дарсан, тэгээд буцаагаад татахад Ц.Г манай эхнэрийн нүүрийг хоёр гараараа ээлжлээд самардаж маажсан, ба тэгэхэд хүзүүний зүүл нь тарсан. Ц.Г манай эхнэрийн үсийг гартаа ороогоод татсан би салгах гэхэд огт салж өгөхгүй байсан бөгөөд манай эхнэрийн үсийг тэр атгасан чигтээ татаад тасалсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад Ц.Г-г унтаад амар гэж хэлэхэд миний үгэнд орохгүй байсан. Тухайн үед тэр айлд О.С унтаж байсан ба тэр залуу босч ирэхээр нь манай эхнэр энэ бүх асуудал чамаас болж байгаа юм гээд тэр залууг гэрээс хөөж гаргаад буцаад орж ирээд Ц.Гд чи миний нүүрийг яаж байгаа юм бэ? Яачихсан юм бэ гэхэд би ингэсэн юм гээд манай эхнэрийг нүүрийг дахиад хоёр удаа самардаж маажсан. Тэгээд тэр хоёр дахиад барилцаж ноцолдоод манай эхнэр Ц.Г-г доороо оруулж дараад дээр нь гарч суучхаад Ц чи харьж бай чамайг харахаар чамруу бас дайраад байна гэхээр нь би Н.Ч-д хандаж наад хоёроо чи мэдээрэй янз бүрийн асуудал болох бий гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр намайг чи харьж бай би энэ хүнийг тайвшруулаад учраа олчхоод очиноо гэхээр нь би за явлаа гээд гэрээс гараад яваад гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байтал их удалгүй манай эхнэр манай эхнэр гэрт орж ирсэн тэгээд цус болсон нүүрээ угаагаад харахад хумсаар маажсан шарх болсон байсан. Мөн үс нь 3 хэсэг газар зулгарч халцарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,
Шүүгдэгч Ц.Г-н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Т.Б эгч нөхөр бид хоёрт “О.С-ийг наадах янханаа зайлуулаач” гэж хэлэхээр нь би “О.С манай гэрт унтаж байгаа юм чинь танд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Т.Б эгч “Чи ингээд энэ янханыг өмөөрөөд байгаа биз дээ. Ийм болохоор хүмүүс чамайг О.С-тэй холбох нь аргагүй ш дээ янхан минь” гэж хэлээд над руу ирээд хувцасны захаар хоолой боож орон дээр дарж унагаад дараад байхаар нь би доороос нь аргалаад босчихоод Т.Б эгчид уурлаад “Та намайг янхан гэж хэлэхээр бусад нь бас янхан гэж хэлнэ шүү дээ” гээд нүүрийг нь маажаад үснээс нь гараараа татсан. Тэгээд бид хоёр нэг нэгнээсээ барьцалдаж зууралдахад миний нөхөр бид хоёрыг салгасан. Т.Б эгч надаас салаад хэвтэж байсан О.С-ийг гэрээс хөөж гаргачихаад буцаж орж ирээд надаас “уучлалт” гуйсан. Тэгээд Т.Б эгч надаас “Миний нүүрийг яаж маажив” гээд асуугаад байхаар нь “ингэж маажсан” гэж хэлээд дахиад 2 удаа маажсан. Тэгтэл Т.Б эгч намайг газарт дарж унагаад дээрээс дараад хөдөлгөхгүй болохоор нь би “Миний гинжийг тасалдаг хэн бэ чи” гэж орилоод байж байтал нөхөр маань над руу ус хийгээд би ч тайвширсан. Т.Б эгч бид хоёр анх барьцалдахад миний гинж тасарчихсан юмби хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 86 дугаартай “Т.Б-н биед Нүүр, цээжний баруун дээд хэсэгт дээрх хэмжээтэй олон тооны зурагдалт, баруун нүдний эвэрлэгт цус хуралт, духны дээд хэсгийн хуйх халцарсан хуйх халдвартай, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй байна. Уг гэмтэл алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн хоёр хувь орчим талбайг хамарч байгаа, эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтэл учир Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 33-р тал/-ээр хохирогч Т.Б-ийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Г нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн нүүрийг хэд хэдэн удаа маажсан, үснээс нь татаж зулгаасан үйлдэл нь хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд хийсэн санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Т.Бийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Б мөрдөн байцаалтын шатанд “Би Г-тэй хохирлын талаар тохиролцсон тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх тодорхойлолт /хх-ийн 76-р тал/ гаргаж өгсөн тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ц.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч С.Ж-ийн өгсөн: “...Манай бэр Ц.Г нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын хүн юм. Манай дүү Н.Чагнаадоржтой гэр бүл болоод 6 жил болж Өлгий суманд амьдарч байгаа. Хоёр хүүхэдтэй айл байдаг. Ц.Г нь шударга, шулуун зантай, догшин ширүүн зан авир гаргадаггүй. Манай бэр болсноос хойш хэрүүл маргаан, хэл ам гаргаж байгаагүй. Уг хүний зан чанар сайн, бусадтай яриасаг, эелдэг зөөлөн, ямар ч хүнтэй эв зүйг нь олоод харилцаж чаддаг. Өөрөө багш мэргэжилтэй хүн байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/, Гэрч С.С-ын өгсөн: “...Ц.Г нь шударга, шулуун зантай. Хэлье гэсэн үгээ чөлөөтэй хэлчихдэг. Элдэв муу догшин ширүүн зангүй. Гэр орны ажил сайтай, нөхөр хүүхдүүдтэйгээ эв зүйтэй байдаг. Урьд нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Анх удаа л хэрэгт холбогдож байгааг үзлээ. Уг нь хэрэг хурдан шийдэгдээсэй гэж бодож байна. Бага хүүхэд нь хатгаа тусаж сумынхаа эмнэлэгт хэвтэж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/ -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Цыын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Т.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Г өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ