| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0015/э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгч П.Б-ын өмгөөлөгч: Ө.Нарантуяа,
Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Т.Б, С.Б, П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт С-ийн Б, Т овогт Т-ийн Б, Ш овогт П-ийн Б нарт холбогдох эрүүгийн 1935003820232 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Ш овогт С-ийн Б.
Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, ХАБ-ын менежер мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн ажилгүй, Ш овогт П-ийн Б.
Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Т овогт Т-ийн Б.
Хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч П.Б, Т.Б, С.Б нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын сүүлчээр үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр буюу тус аймгийн Улаангом сумын 12-р багийн нутаг, Итгэлт барааны зах дотор үйл ажиллагаа явуулдаг "Алт мөнгөний дархан"-ны газарт хууль бусаар нэвтэрч 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгний үнэ бүхий 5.5 хэмжээтэй мөнгөн аяга-1 ширхэг, 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгний үнэ бүхий 6 хэмжээтэй мөнгөн аяга-1 ширхэг хулгайлж, хохирогч Ө.Б-д 600.000 төгрөгний хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч П.Б, Т.Б, С.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч П.Б, Т.Б, С.Б нар 2019 оны 7 дугаар сарын 28-нд Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Итгэлт” зах дотор байрлах алт мөнгөний дарханы газарт нэвтрэн орж 2 /хоёр/ ширхэг мөнгөн аяга авсан болох нь:
хохирогч Ө.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хохирогч Ө.Бийн “Би Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Итгэл" хүнс барааны захын үүдэнд алт мөнгөний дарханы газрыг 2017 оноос хойш байна. 2019 оны 7 дугаар сарын сүүлээр Б гэх айлд архи ууж байгаад Н, С.Б нарын хамт өөрийн алт мөнгөний дарханы газар дээр очиж Н, С.С.Б нарт тус бүр нэг нэг мөнгөн аяга зээлээр өгсөн. Тухайн үед 2 аяга үлдсэн. Тэндээс яваад бид 3 Саяана зочид буудалд орж архи уусан. Би тэндээ хоносон бөгөөд өглөө босож эд зүйлээ бүртгэж үзэхэд ажлын өрөөний хоёр түлхүүрийн нэг нь байгаагүй. Хоёр хоногийн дараа ажил дээр очиход үлдээсэн хоёр мөнгөн аяга байгаагүй. Алдагдсан хоёр мөнгөн аяга нь 5.5 разтертэй, 110 грамм буюу 3 лан мөнгө орсон, харин нөгөөх нь 6 размертэй 160 грамм буюу 4 лан мөнгө орсон, дунд гарын дунд хэсэгт цайвар бор өнгийн модон тагш харагддаг, хүний захиалгатай мөнгөн аяганууд байсан. Миний дарханы газарт ямар нэгэн цонх байхгүй, гаднаас зөвхөн хаалгаар орж, гарах боломжтой бөгөөд 2 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдах үед хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, намайг дарханы газартаа очиж хаалга онгойлгоход хаалга цоожтой байсан. Би аягануудыг сүүлд буцааж авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 30-р тал/,
иргэний нэхэмжлэгч Г.М-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт “Гурван Эрдэнэ” 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дэлгүүртээ ганцаараа зогсож худалдаа хийж байтал гаднаас манай дэлгүүр лүү П ахын хүү П.Б гэх залуу хоёр ширхэг мөнгөн аяга барьчихсан орж ирээд “Сайн байна уу та? Эрдэнэт хотод ажиллаж байгаад амралтаар ирж байна. Найзуудтайгаа гадуур жаахан юм уугаад явж байна. Та миний энэ хоёр ширхэг мөнгөн аягыг барьцаалаад дүүдээ архи, идэх, уух зүйл өгөөч. Би 4 хоногийн дараа ирээд мөнгийг нь өгөөд аягаа авчихмаар байна” гэхээр нь би “Тэг тэг” гэж хэлэхэд надаас 77.500 төгрөгний архи, идэх уух зүйл аваад явсан. Тэндээс хойш П.Б манай дэлгүүрт дахиж ирээгүй. Тухайн үед П.Б-ын авсан эд зүйлийг тоо ширхэг хэмжээгээр нь орлого зарлагын дэвтэртээ сар, өдөртэй нь биччихсэн байгаа. Тухайн үед Бургаагийн дүү Баяраа гэж байгаад бичсэн. Надаас 0,75 литрийн Ерөөл нэртэй архи 3 ширхэг, загасны килка-3 ширхэг, талх-1 ширхэг зэргийг зээлээр авсан. Тэгээд П.Б ирж авахгүй болохоор нь дэлгүүртээ байлгаж байхад Цагдаагийн ажилтан ирээд хураагаад авчихсан. П.Б надаас архи согтууруулах ундааны зүйл болон бусад бараа авах үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан. Согтуу байсан боловч надтай хэвийн харилцаж байсан, П.Б нь мөнгөн аяга өгч дэлгүүрээс эд зүйл авахдаа ганцаараа орж ирсэн, хэн нэгэнтэй явсан талаар би мэдэхгүй. Надад 80.000 төгрөг өгч миний хохирлыг барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32, 33, 34-р тал/,
гэрч Х.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 7 дугаар сард С.Б, П.Б, Т.Б нар шөнө болж байхад манайд архи уучихсан байдалтай ирээд авч ирсэн архиа уусан. Миний санаж байгаагаар 1-2 шил архи уусан байх. Тэгээд би явцгаа гээд хөөгөөд явуулсан юм. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/,
гэрч И.Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би С.Б, П.Б гэх хүмүүсийг танина. Ө.Б, С.Б хоёртой 64 айлд байдаг Б-гийн гэрт 2019 оны 07 дугаар сарын сүүлээр хамт архи ууж байгаад танилцсан. П.Б “Итгэл” хүнс барааны захын үүдэнд алт мөнгөний дарханы ажил хийдэг гэж хэлж байсан. Харин С.Б нь хар толгойд хадлантай гэж хэлж байсан. Тэр цагаас хойш би Ө.Б, С.Б нарыг таних болсон. Бид гурав Б ахын гэрт архи ууж байгаад танилцаж хоорондоо ярьж байгаад Ө.Б-оос мөнгөн аяга авахаар болж зах дээр байдаг алт, мөнгөний дарханыхан газар руу Ө.Б, С.Б нартай явж 1 ширхэг мөнгөн аяга авсан. Ө.Б, С.Б бид гурав гарч зах ороод би өөрийн хадам эгчээс 100000 төгрөг авч, Б.Ө.Бт 60000 төгрөгийг нь өгөөд үлдэгдлийг нь дараа өгье гэж хэлсэн. Тэндээс гараад манай гэрт очьё гэхээр нь “Манайд нялх хүүхэд байгаа болохгүй” гэхэд Ө.Б “Саяана буудалд очиж хононо” гээд тэнд очсон. Буудал очоод бид гурав 0.5 литрийн архи ууж байгаад би гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн орчим Ө.Б надтай таарчихаад “шар тайлах юм байна уу?” гэхээр нь “чамд мөнгө байхгүй юм уу” гэж асуухад Ө.Б “Юу ч алга. Дарханы өрөөний түлхүүр ч алга” гэж хэлсэн. Тухайн үедээ би Ө.Б халамцуу байсан болохоор нэг их ойшоож үзээгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,
- хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10-р тал/,
- эд зүйл /2 ширхэг мөнгөн аяга/ хураан авсан “Г.М-аас 13.5 см-ийн диаметртэй эдэлгээнд ороогүй мөнгөн аяга 1 ширхэг, 15 см-ийн диаметртэй эдэлгээнд ороогүй мөнгөн аяга 1 ширхэг аяганд үзлэг хийж, хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16-р тал/,
-эд зүйл /2 ширхэг мөнгөн аяга/-д үзлэг хийж хүлээлгэн өгсөн “Г.М-аас хураан авсан 13.5 см-ийн диаметртэй эдэлгээнд ороогүй мөнгөн аяга 1 ширхэг, 15 см-ийн диаметртэй эдэлгээнд ороогүй мөнгөн аяга 1 ширхэг аяганд үзлэг хийж, хохирогч П.Бт хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19-р тал/,
-эд зүйл /Гурван Эрдэнэ” дэлгүүрийн орлого, зарлагын дэвтэр/-д үзлэг хийсэн “Уг дэвтэр нь А3 хэмжээтэй, ямар нэгн хаяггүй, урагдаж бохирлогдсон дэвтэр байна. Уг дэвтэрийн арын хуудсанд “7/28, Бургаа дүү Баяраа, хараа 0.75-3-12500-37500, пиво 2.5-2ш- 15000, ундаа 2-2ш- 7000, парламент 1ш- 5000, калап-2ш- 5400ш килка-3ш-6600, талах-1ш-1000” гэх бичиг байв. Уг нүүрийг хуулбарлан хэрэг хавсаргахаар тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21, 23-р тал/,
- хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “Есөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрийн вакум цонхны зүүн доод хэсгийн 40х45 см хэмжээтэй цонхны шил хагарсан байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12-р тал/,
шүүгдэгч С.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 7 дугаар сарын сүүлээр Н, Т.Б, П.Б, Ө.Б, Б нартай Б-гийн Улаангом сумын 3-р багийн 64 айлд байрлах гэрт нь 4-5 хоног архи ууцгаасан юм. Архи ууж байгаад Ө.Б 2 ширхэг мөнгөн аяга зарна гэхээр нь би нэгийг нь пресс өвсөөр авахаар болсон. Нэгийг нь Н худалдаж авахаар болсон. Тэгээд Ө.Б, Н бид 3 хамтдаа Итгэлт зах дотор байрлах Ө.Б-ийн алт, мөнгөний дарханы газарт очиж, лангуун дээр нь байсан 2 ширхэг мөнгөн аягыг авч, Н 1 аягыг, би 1 аягыг нь авсан. Н явж мөнгө авч ирж өгсөн бөгөөд Ө.Б 90.000 орчим төгрөг өглөө гэж надад хэлсэн. Би 100 пресс өвсөөр авахаар тохиролцсон. Тэндээс гараад Нын гэрт очьё гэхэд Н “Манайд нялх хүүхэд байгаа” гэхээр нь Ө.Б “Саяана буудал очиж хононо” гээд тэнд очсон. Буудал очоод 0.5 литрийн архи авч тал хүртэл нь уучихаад Н бид хоёр гарч яваад Бгийн гэрт ирэхэд ойролцоогоор 21-22 цаг болж байсан. Тэнд хоноод өглөө босоход Н миний авсан мөнгөн алга болсон байхаар нь хайж байгаад сандал дээрээс 1 ширхэг оосоргүй түлхүүр олсон бөгөөд Ө.Б-ийн алт, мөнгөний дарханы газрын түлхүүр мөн гэдгийг таньсан. Миний аягыг Н аваад явчихсан байсан. Тэр өдрөө Бгийн гэрт архи ууж байгаад орой харанхуй болж байхад П.Б, Т.Б хоёрт “Ө.Б-ийн дарханы газрын түлхүүр байна” гэж хэлээд бид гурав “Тэндээс 2 ширхэг мөнгөн аяга аваад дэлгүүрт тавиад 2, 3 хоногоос буцаагаад аваад өгчихье” гэж ярилцаад бид гурав гарч Ө.Б-ийн дарханы газар луу алхаж очоод би хаалгыг нь онгойлгоод гурвуулаа ороод П.Б лангууны араас тойрч очоод 2 ширхэг мөнгөн аяга авсан. Тэндээсээ гараад би хаалгыг нь цоожлоод бид гурав такси бариад хоёр аягаа тавьчих таньдаг дэлгүүр байна уу? гэж ярилцахад П.Б “М ахын дэлгүүрт очьё” гээд Улаангом сумын 12 дугаар багт байрлах М гэдэг хүний дэлгүүрийн гадна очиж зогсоод П.Б 2 ширхэг мөнгөн аягаа авч ороод архи, пиво, тамхи, загасны мах, талх зэрэг зүйл авч гарч ирсэн. Тэндээсээ Ц-ын гэрт очиж 1 шил архи, 1 сав пиво уучихаад Б-гийн гэрт очиж үлдсэн зүйлээ хэрэглээд тэндээ хоносон. Дарханы газраас гараад ямар такси барьж явснаасаа санахгүй байна. Маамуугийн дэлгүүрээс авсан зүйлийг үнийг би төлж өгсөн. Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Надад хөнгө ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Прокурор яллах дүгнэлтэнд хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нарийвчлан заагаагүй боловч хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Г.М-гийн мэдүүлэг, “Гурван Эрдэнэ” дэлгүүрийн орлого, зарлагын дэвтэрт үзлэг хийсэн “Уг дэвтэр нь А3 хэмжээтэй, ямар нэгэн хаяггүй, урагдаж бохирлогдсон дэвтэр байна. Уг дэвтэрийн арын хуудсанд... гэх бичиг байв” гэх тэмдэглэлүүдээр гэмт хэрэг 2019 оны 8 дугаар сарын 28-нд үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хохирогч П.Б, иргэний нэхэмжлэгч Г.М, гэрч И.Н, Х.Ц нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар нотлогдож байгаа тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэргийн бодит байдлыг тусгасан эргэлзээгүй, үнэн зөв гэж үнэлсэн болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь хохирогч П.Б-ийн ажлын байр болох алт, мөнгөний дарханы газарт хууль бусар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын хулгайлсан эд зүйл нийтдээ 600.000 төгрөгийн үнэтэй болох нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт/хх-ийн 56-р тал/-ээр тогтоогдсон тул 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.
Алт, мөнгөний дарханы газар нь гар урлалын үйлчилгээ эрхэлдэг хүний байнгын ажлын байр тул уг байрыг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэж үзэх бөгөөд Прокуророос үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь “Би Ө.Бийн дарханы газар луу ороогүй. Хулгай хийж байгааг мэдээгүй. Дарханы газарт такситай очсон. Би таксинаас бууж дарханы газар луу ороогүй” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Шүүгдэгч П.Б нь “Архи олон хоногоор уусан байсан учраас болсон явдлыг санахгүй байна” гэж мэдүүлж байгаа нь түүнийг гэмт хэрэг үйлдэснийг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч нар “Дарханы газраас мөнгөн аяга авч дэлгүүр барьцаанд тавьж архи авч уух талаар ярилцаж, хамтдаа дарханы газар луу орж 2 ширхэг мөнгөн аяга авсан. Уг аягыг П.Б дэлгүүр барьцаанд тавьж архи болон бусад зүйл авсан. Авсан зүйлээ хамтдаа хэрэглэсэн” нөхцөл байдал тогтоогдож байгаа тул тэднийг бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх тул шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Д.Бунжаа, П.Б-ын өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын “Бидний үйлчлүүлэгч нар бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй тул холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна
Иймд шүүгдэгч С.Б, Т.Б, П.Б нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч П.Б нь мөрдөн байцаалтын шатанд “Би аягануудыг буцааж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэж, иргэний нэхэмжлэгч Г.М “Надад 80.000 төгрөг өгч миний хохирлыг барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж ирүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах гэж дүгнэв.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Б, Т.Б, П.Б нар нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 154-158-р тал/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, Ховд аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай захирамжаар 4 сар 05 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаацаар хяналтын хугацаа тогтоожээ. Хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж 4 сар 05 хоногийн хугацаацаар тогтоосон хяналтын хугацаа нь 2019 оны 8 дугаар сарын 27-нд дууссан байна.
Шүүгдэгч С.Б, П.Б нар урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 101, 115-р тал/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг буюу 2-оос 8 жил хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх ял хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Шүүгдэгч П.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүгдэгч Т.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлэн ял эдлэж, ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж, тогтоосон хяналтын хугацаа 2019 оны 7 дугаар сарын 27-нд дуусмагц буюу 2019 оны 7 дугаар сарын 28-нд дахин гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч П.Б, Т.Б нарт ялгамжтай байдлаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б, П.Б, Т.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч нарын хулгайлж авсан 2 ширхэг мөнгөн аяганы үнэ болох 600.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 600.000 төгрөгийг хурааж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б, П.Б, Т.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт С.Б, Т овогт Т-ийн Б, Ш овогт П-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 1/нэг/ жил хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д 2/хоёр/ жил хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Б, С.Б, П.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 600.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн хурааж улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч С.Б, П.Б, Т.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, П.Б, Т.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ