Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,

Шүүгдэгч: Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Д-гийн Ц-д холбогдох  2035000210024 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын  05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Цагаанхайрхан сумын Эрүүл мэндийн төвд сантехникч ажилтай, ам бүл 3, ээж дүү нарын хамт Увс аймгийн ... багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй Б овогт Д-ийн Ц /РД:/.

                             Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.Ц нь согтуугаар Увс аймгийн Ц сумын Арбулаг багийн нутаг дэвсгэрт 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн Г.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж иргэн Б.Эын баруун гуя тус газар, иргэн Г.Оын зүүн чихний ар хэсэгт тус тус хутгалж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Д.Цийг гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.Ц нь согтуугаар Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн нутаг дэвсгэрт 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн Г.О-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа иргэн Б.Э-ын баруун гуя тус газар, иргэн Г.О-ын зүүн чихний ар хэсэгт тус тус хутгалсан болох нь:

хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.О ах Д.Ц руу “чи ганц найзыгаа тоохгүй байна” гэж хэлэхэд Д.Ц “чи харин намайг тоохгүй байна. Чи баян болохоор намайг тоохгүй байна уу?, би тэгвэл чамтай хатуу ярина. Хоёулаа зодолдох уу?” гэж байснаа тэр хоёр барьцалдаад эхэлсэн. Би тэр хоёрыг салгаж байтал Д.Ц ах миний баруун талын гуя руу хурц үзүүртэй зүйл зоогоод авсан. Би тэр үед газарт унаж орилсон. Тэр үед Д.Ц ах Г.О ахын толгойн тус газар цохих шиг болсон. Тэгээд Г.О ах бас унаж ухаан алдсан. Тэр үед Д.Ц ах ирж “би дүүгээ хутгалчихлаа” гэж хэлээд намайг босгож гэртээ орсон. Тэгээд би “Лууяа” гэж  Лувсаншаравыг дуудахад Лувсаншарав, Г.О ахын хамт гэрт орж ирсэн ба тухайн үед Г.О ахын зүүн талын чихний ар талаас цус гарч байсан. Мөн миний хөлнөөс гарч байсан цус тогтохгүй болохоор нь эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Миний баруун талын хөл их зовиуртай байна. Алхаж гишгэж, явж чадахгүй байна...Д.Цтай эвлэрч учир зүйгээ олсон бөгөөд надад учруулсан 150.000 төгрөгийг гаргаж өгөхөөр болсон тул хохирол нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 14, 15-р талд/,

хохирогч Г.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Ц-ын хашаан дотор бие засаж байтал Д.Ц надад хандаж “чи баян цатгалан” гэж хэлэхээр нь би Д.Ц-ад “миний найз, чи жоохон үгээ бодож хэлээрэй. Хоёулаа адилхан байж” гэж хэлсэн. Тэгтэл Д.Ц миний араас алхаж ирж байсан ба Б.Э, Д.Ц-ад хандан “Д.Ц ах та болио, найзууд байж битгий маргалд” гэж хэлээд удалгүй “би хутгалуулчхлаа” гэж Б.Э орилсон. Би тухайн үед бие засаж байгаад юу болсон бол гээд эргээд хартал Б.Э газарт унасан байдалтай байсан ба тэрхэн зуур миний зүүн талын чихний хажуу талаар ямар нэгэн зүйлээр цохих шиг болсон ба миний зүүн талын чихний доод талаас цус гараад эхэлсэн. Тэрнээс хойш жоохон ухаан балартаж хэсэг манарч зарим үйл явдлыг санахгүй байна. Нэг мэдэхэд Д.Ц-ын гэрт Л-ар түшүүлээд орж байсан ба тэдний гэрийн баруун талд байх орон дээр Б.Э хэвтэж байсан. Түүний баруун талын гуяны дээд талаас цус гарч байсан. Тэр үед Д.Ц “би дүүгээ хутгалаад алчихлаа, найзыгаа хутгалаад алчихлаа” гээд уйлаад сууж байсан. Би тэр үед Д.Ц-ад “чи юу яриад байгаа юм бэ? Яаралтай дуудлага дуудаач ээ” гэхэд Л сумын эрүүл мэндийн төвийн утас руу залгаж дуудлага өгсөн. Д.Ц-тай эвлэрч учир зүйгээ олсон тул хохирол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 19, 20-р талд/,

гэрч Б.Л-н мөрдөн байцаалтад өгсөн: “Би гадна морьны хажууд байтал Б.Э “Лууяа хурдан ирээч ээ” гэж миний нэрийг дуудаж муухай хашхирсан. Тэр үед би гүйгээд Д.Ц ахын хашаа руу ороход нолийн хажуу талд Г.О ах ухаан алдсан байдалтай хэвтэж байхаар нь би эхлээд Г.О ах гэж татаж сэгсэрэхэд Г.О ахын зүүн талын чихний ар талаас цус гарч байсан. Отгонбат ахыг босгоод Д.Ц ахын гэр лүү түшээд оруулсан. Б.Э гэрийн баруун талд байдаг орон дээр баруун хөлөө бариад орилоод хэвтэж байсан ба баруун хөлийнх нь өвдөгний дээд хэсэг цус болчихсон байсан. Г.О ахын чихнийхээ ар талаас гарч байсан цусыг тогтоох гээд нолийн цаасаар дараад сууж байгаад Б.Эаас юу болсон талаар асуухад “Д.Ц ах хутгалчхлаа” гэж хэлсэн. Г.О ах бид хоёр Б.Э-ын баруун хөлийн гуянаас гарч байсан цусыг тогтоох гэж үзээд чадахгүй болохоор эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгтэл эмнэлгийн ажилтан бид нарыг өөрсдөө хүрээд ир гэхээр нь сумын эрүүл мэндийн дээр очиж Б.Э, Г.О хоёрыг үзүүлсэн. Б.Э эмнэлэг дээр ирж хөлийн хутгалуулсан хэсэгт оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р талд/,

гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б.Э нэртэй 21 орчим насны эрэгтэй хүн баруун хөлийн гуяны урд хэсгээр бусдад хутгалуулсан байдалтай, шархных нь амнаас цус гарч бүлэгнэсэн байдалтай байхаар нь цэвэрлэж шархны гүнийг нь хэмжихэд 12 см гүнтэй байсан. Шарханд анхны цэгцлэлт хийж 4 ширхэг оёдол тавьж ариун боолт хийгээд өвдөлт намдаах, цус тогтоох, үрэвсэлийн эсрэг, шингэн сэлбэх зэрэг эмчилгээг хийсэн. Хоёр дахь иргэн болох Г.О гэдэг нэртэй залуу 27 орчим насны эрэгтэй хүн байсан. Зүүн чихний арын доод хэсэгт 1 см орчим зүсэгдсэн шархтай байсан ба 1 ширхэг оёдол тавьж ариун боолт хийж үрэвсэл дарах, өвдөлт намдаах эмийг гэрээр уух талаар эмийн эмчилгээ бичиж өгсөн. Тухайн иргэдийн биеийн байдал дунд зэрэг байсан. Өөрсдийнх нь хэлж байгаагаар бусдад хутгалуулсан гэж хэлсэн ба авсан шархных нь байдлыг харахад хутгалуулсан байдалтай харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р талд/,

гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 14-ний 03 цаг өнгөрч байтал хутгалуулсан хоёр залууг манай эмнэлгийн сантехникч Д.Ц, анх ирж дуудлага өгсөн Л хоёр авч ирсэн. Тэр хоёр иргэнийг зүс таньдаг Б.Э, Г.О  гэдэг залуучууд байсан юм. Эхлээд Б.Э-ын баруун талын гуяны урд хэсгээр авсан шархын үзэж цэвэрлэж эмч Д.Б-г дуудаж та ирэхгүй бол болохгүй юм байна, оёдол тавих шаардлагатай байна гэж хэлсэн. Дараа нь Г.О-ын шархыг үзэхэд чихнийх арын доод хэсгээр зүсэгдсэн шархтай байхаар нь цусыг нь тогтоох арга хэмжээ авсан. Удахгүй эмч ирээд тэр хоёр хүнд оёдол тавьж эмчилгээ бичиж өгсөн. Анх Б.Э эмнэлэгт хүргэгдэж ирэхэд шарх нь их гүн байсан ба их хэмжээгээр цус гарч дотуур өмд, гадна өмд нь нэлээн цус болчихсон байсан юм. Би тэгээд тэр хоёр иргэнд өвчин намдаах тариа, дусал зэргийг хийж, харж хоносон ба өглөө Д.Б эмч гайгүй болохоор нь тэр хоёр иргэнд эмчилгээ бичиж өгч явуулсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р талд/,

Шүүгдэгч Д.Ц-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн үед би найзуудтайгаа уусан архиндаа маш их согтсон манралтын байдалтай явсан. Г.О хажуудаа Б.Э, Л хоёртой цуг явсан. Бид дөрөв ярилцаад зогсож байсан чинь Г.О намайг “ядуу” гээд доромжлоод бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би Г.Оад “янз бүрийн юм яриад хэрэггүй, манайд очъё” гээд дагуулаад явсан.  Г.О бид хоёр дахиад маргалдаж эхэлсэн. Маргалдааны явцад гэрээс гарч маргалдсан. Гэрээс гарч байх үед гэрт зуухны хажууд байсан хутгыг би авч гарсан. Уг нь би хутгаар Г.Оыг айлгая гэж бодож байсан юм. Гадна гарч  Г.О бид хоёр маргаанаа үргэлжлүүлсэн ба үүнээс хойш манараад согтож юу ч санахгүй байгаа юм. Гэнэт ухаан ороход Б.Э газар хэвтчихсэн надад “Д.Ц ахаа гуянаас цус гараад болохгүй байна, гуяруу хутгалчих шиг боллоо” гэж хэлж байсан. Үүнийг сонсоод би цочролд ороод Б.Э-ыг аваад гэр лүү орж орон дээр хэвтүүлсэн. Бид хоёрын араас Г.О, Л хоёр орж ирсэн ба Г.О надад “миний найз хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Үүнийг сонсоод би шоконд орж “хүн хутгалчихлаа” гэж орилж хашхирч  эхэлсэн. Г.О-тай маргалдсан шалтгаан нь Г.О-тай анх таарахад л намайг “ядуу, эхнэр, хүүхэдгүй” гээд доромжлоод байсанд уурлаж бид хоёр хэрэлдэж маргалдсан. Уг маргаан манай гэрт очиж үргэлжилж болсон юм. Б.Э, Л хоёртой би тухайн үед юу ч яриагүй Г.О-тай л зөвхөн маргалдсан. Би хохирогч нараас уучлалт гуйсан. Учирсан хохирлыг барагдуулж хохиролгүй болгох талаар ярилцсан. Бүх хохирлыг барагдуулж уг хүмүүсийг хохиролгүй болгоно. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хийсэн үйлдлийнхээ гэм бурууг ойлгосон, надад үнэхээр хэцүү байна. Тухайн үед яах гэж архи хэтрүүлж уусан юм бэ? л гэж бодож харамсаж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа. Хэрвээ би архи хэтрүүлж уугаагүй байсан бол ийм зүйл болохгүй байсныг ойлгосон.” гэх мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101 дугаартай “Б.Э-ын баруун гуяны урд дунд хэсэгт дээрх хэмжээтэй хутгалагдсан шарх үүсэж оёдол тавигдаж боолт хийгдсэн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг тодорхой хугацаанд сарниулах гэмтэл учир Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 59-р тал/-ээр,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаартай “Г.О-ын Зүүн чихний арталын төвгөрт дээрх хэмжээтэй зүсэгдсэн шарх үүсэж оёдол тавигдаж боолт хийгдсэн, зүүн чамархайд тав тогтсон зулгаралттай, зүүн хацар шанайны хэсэгт дээрх хэмжээтэй зурагдалт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Уг гэмтэл нь /зүүн чихний ар талын зүсэгдсэн шарх/ эрүүл мэндийг тодорхой хугацаанд сариулах гэмтэл учир Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 59-р тал/-шүүгдэгч Д.Ц нь хохирогч Б.Э, Г.О нарыг хутгалсаны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж байсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт “хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн бол...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Д.Ц нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байгаа тул  түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ц нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Г.О нь хохирол нэхэмжлэхгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул хохирогч Г.О-д төлөх хохиролгүй гэж үзнэ. Хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Д.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.Ц нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ц-ын хувийн байдлын талаар гэрч Б.М-ын өгсөн: “...Д.Ц нь эелдэг даруу зантай, хүнд тусархуу хүн бөгөөд ахуй амьдрал нь хэцүү хүнд юм. Өөрийнхөө хариуцсан ажилдаа сайн, хүний үгэнд их оромтгой, бусдад уруу татагддаг. Хааяа баяр ёслолын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг бөгөөд зан аашийн хувьд гайгүй, хүн амьтантай маргалдаад агсам согтуу тавиад байдаг зүйл байхгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/, гэрч Ц.Т-ын өгсөн: “...Д.Ц-тай найзлаад 4 жил болж байна. Д.Ц ер нь хүнд тусархуу зантай. Өөрөө ямар их ажилтай байсан ч гэсэн өөрийнхөө ажлаа хойш тавиад хүмүүст тусалдаг юм. Мөн эелдэг даруу зантай бөгөөд ямарваа нэгэн муу шударга бус, өөрийг нь доош хийсэн байдлыг тэвчдэггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/, гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Ц нь багийн иргэдийн дунд нэр хүнд гайгүй. Урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй сайн оролцдог. Ямар нэгэн сайшаал шагнал авч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/, гэрч Д.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.Ц ах бол даруухан, ямар ч хүний үгэнд оромтгой, тусархуу, зөөлөн сэтгэлтэй хүн юм...ах Д.Ц нь надад аавын оронд аав болж, ахын оронд ах болж зөвлөж явдаг юм. Ер нь бол миний ахын хамт нийлдэг хүмүүс нь дээрэлхэж, доромжилдог болохоор уур бухимдлаа барьж чаддаггүй юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/, гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хүү Д.Ц нь надтай хамт амьдардаг. Хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд хүний үгэнд оромтгой эелдэг даруу зантай юм. Д.Ц нь өвлийн улиралд сумын эрүүл мэндийн төвд гэрээгээр сантехникчээр ажилладаг. Зуны цагт барилга дээр, хар ажил хийж мөнгө олдог...Д.Ц нь намайг асарч харж ханддаг юм. Д.Ц-ын зан нь хэвийн, хүнтэй зөв боловсон харьцдаг. Надтай нэг ч удаа уурлаж догшин, ширүүн харьцаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/-үүд хэрэгт авагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл заасан эрүүгийн ял хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг болох хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц.д 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Г.О нь хохирол нэхэмжлээгүй гэснийг дурдаж, хохирогч Б.Э  нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Цад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ