Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Хохирогч: Ч.Д,

Шүүгдэгч: Э.А-г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт Э-ын А-д холбогдох  2035000000036 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 30-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токерчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багт оршин суух Б овогт Э-ын А.

               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.А согтуугаар Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багт 2020 оны 01 дүгээр сарын 31-ний орой хохирогч Ч.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Э.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Э.А нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багт 2020 оны 01 дүгээр сарын 31-ний орой хохирогч Ч.Д-ыг зодсон болох нь:

Хохирогч Ч.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Болдоогийн дэлгүүрийн доод талд Э.А гэдэг залуутай тааралдаж юм яриад зогсож байтал Э.А шууд миний хамар, ам руу гараараа 2-3 удаа цохиод авсан. Тухайн үед миний хамар, амнаас цус гарч доошоо суусан. Тэгэнгүүт Э.А миний нуруу, бөгс рүү хөлөөрөө өшиглөж, толгойг минь гараараа цохиж байгаад яваад өгсөн. Тэгээд би босоод Э.А-ыг холдоод явахаар нь хараад гэрийнхээ гэрийнхээ зүг рүү алхаж байтал Гандангийн тэнд явж байтал Э.А миний араас гүйж ирээд намайг дахиад зодоод цохиод эхэлсэн ба би тухайн үед доошоо сууж нүүрээ хамгаалах үед миний толгой, нүүр лүү өшиглөх үед миний зүүн талын хөмсөг сэтэрч цус гарсан. Би тухайн үед би хүн байвал ирж аваарай гэж орилж хашхирсан. Тэр үед Э.А миний авсан архийг задлаад өөрөө нэг балгаснаа надад өгч “май энэ архийг уу пиздаа минь” гэхээр нь би “уухгүй” гэхэд тэр архиа шууд миний дээр асгачхаад гүйгээд яваад өгсөн. Тэгээд би гэр лүүгээ арай гэж орсон. Манай гэрт эхнэр Б.Л болон хүүхдүүд байсан ба болсон үйл явдлыг эхнэрт хэлсэн. Тэгээд эхнэр Б.Л миний дүү М-г дуудаж намайг сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн. Эмнэлэгт ирж зүүн талын хөмсөгний дээд талд оёдол тавиулж өвчин намдаах тариа, шингэн хийж, боолт хийсэн. Тэгээд гэртээ ирж амраад өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Э.Ат би нэг их юм хэлээгүй ба тааралдахдаа би “пизда минь” гэж хэлсэн ба тэгтэл Э.А намайг цохиод зодоод эхэлсэн. Тэр үед би Э.А-ыг нэг боож унагаахад Э.А чамд гар хүрэхгүй гэхээр нь би босгосон тэгтэл Э.А шууд намайг татаж унагаагаад миний дээр гарч байгаад миний нүүр, толгой, хамар луу гараараа нэлээн хэдэн удаа цохиж байгаад салаад явсан. Би Э.А-ыг цохиж гар хүрсэн зүйл байхгүй. Э.А намайг зодож байх үед бид хоёроос өөр хүн байгаагүй юм. Би тухайн үед гайгүй байсан ба өдөр нь архи уусан болохоос орой архи уугаагүй байсан юм. Надад гэмт хэргийн улмаас Цагаанхайрхан сумаас Улаангом суманд ирж Нэгдсэн эмнэлэгт эмч нарт үзүүлж анхан шатны эмчилгээ хийлгэх, шинжилгээ өгөх зэрэг зардалд 700.000 гаруй төгрөг гарсан. Э.А намайг эмнэлэгт үзүүлэх үед тухай бүрт зардал гаргаж өгсөн тул надад эмнэлэгт үзүүлэх үеийн зардал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчид үзүүлэх үед гарсан зардлыг бүрэн өгсөн тул надад хохирлын талаар баримт байхгүй. Э.А надаас уучлал гуйсан. Бид хоёр хоорондоо учраа олсон. Би сайн дураараа Э.А-тай эвлэрсэн. Би Э.А-т зодуулсны улмаас зүүнд нүдний доод талын өндгөн суурь яс хугарсан, хөмсөг 3 см язарч нүүрний хэсэг, толгойн хэсэгт гэмтэл учирч нүүрний гоо сайхан алдагдсан. Мөн намайг цаашид Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх, нүдний өндгөн яс хугарч зөрсөн байна, энийгээ хагалгаанд орж янзлуул гэсэн тул 2020 оны 3 дугаар сарын эхээр Улаанбаатар хот руу явах шаардлагатай байгаа юм. Би Э.Атай ярилцаж тухайн үед хот явж хагалгаанд орох зардал, замын зардлуудаа гаргуулж авахаар тохиролцсон юм. Иймд надад Э.А-тай холбоотой гомдол байхгүй болсон тул ямар нэгэн санал, хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4, 5-р тал/,

Гэрч Б.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний нөхөр Ч.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний орой 18 цагийн үед гэрээсээ гарч дэлгүүр орж тамхи авна гэж гарсан ба удахгүй 30 минутын дараа гэртээ орж ирсэн ба ирэхдээ нүүр, ам нь цус болчихсон хүнээр зодуулчихлаа гэж гэртээ мөлхөөд орж ирсэн. Гаднаас нь харахад хоёр нүд нь хоёулаа хавдаж хөхөрсөн, зүүн талын нүдний хөмсөг нь сэтэрсэн, хамар жоохон далийсан байдалтай хамар, уруулаас нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь айж сандраад эхлээд нөхрийн дүү Ч.М-ыг машинтайгаа хүрээд ирээч гэж дуудсан. Дараа нь нөхрийнхөө ам, хамарнаас гарч байсан цусын тогтоож цэвэрлэж угаасан. Тэгээд хадам дүү Ч.М машинтайгаа ирэхээр нь нөхөр Ч.Д-ыг Ч.М-ын машинтай сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн. Тэгээд Б эмч миний нөхрийг үзэж өвчин намдаах тариа, хаван буулгах тариа, шингэн хийж, зүүн талын нүднийх нь хөмсгөнд оёдол тавьсан юм...гэртээ зодуулж ирсний дараа би нөхрөөсөө хэн ингэж зодсон юм бэ гэж асуухад “Э.А” гэдэг залуу намайг зодлоо гэж хэлсэн. Миний үснээс зулгаасан, толгой, нүүр, нуруу, бөгс, бөөр лүү өшиглөж зодлоо гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй ба Бандгар гэх хүний хүүхэд гэж хэлсэн. Миний нөхөр Ч.Д анх гэрээс гарахдаа бараг эрүүл шахуу байсан ба өглөө ажлаас бууж ирсний дараа манай хажуу талын Энхээ гэдэг залуутай нэг шил архи хувааж уугаад гэртээ амарсан. Тэгээд орой босоод дэлгүүр орно гэж гарч яваад ирэхдээ зодуулаад ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 06-р тал/,

Гэрч Ч.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...“Ах чинь хүнд зодуулсан  байна, манай гэрт хүрээд ирээч, эмнэлэгт хүргэх шаардлагатай байна” гэхээр нь би тэдний гэр лүү яваад очсон. Тэгтэл Ч.Д ахын нүүр ам нь цус болчихсон зүүн талын хөмсөгний дээд тал нь сэтэрч, хамар, амнаас цус гоожсон байдалтай нүүр амныхаа цусыг угааж байсан. Мөн хоёр нүд нь хавдаж хөхөрчихсөн байхаар нь би Ч.Д ахаас хэнд зодуулсан юм бэ гэж асуухад Бандгарын хүү А намайг зодлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь бэр эгч Б.Лхамсүрэн бид хоёр ахыг миний машинд суулгаж сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн. Тухайн үед эмнэлэгт сувилагч Отгонханд байсан ба Ч.Д ахын ам, хамарнаас нь гарч байсан цусыг тогтоогоод Бурмаа эмчийг дуудаж үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд бид нар ахыг эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэчхээд аваад явсан. Тухайн үед ахыг зодсон залуу болох Э.А гэдэг залуу эмнэлэгт авч ирж ахын байгаа байдлыг үзүүлсэн юм. Ч.Д ах, Э.А нар хоёулаа согтуу байсан. Гэхдээ өөрсдийгөө аваад явах чадвартай байсан юм. Тэр хоёр  надтай зүгээр яриад байсан ба согтууруулах ундааны зүйл тэр хоёрын амнаас үнэртэж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/,

Гэрч Б.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед Ч.Д ах жоохон архи уучихсан, архи үнэртэж байсан. тэгээд би Ч.Д ах үлдэж би доошоо гэр лүүгээ харих гэж явж байхад үеэл дүү Э.А-тай тааралдахад Э.А жоохон халамцуу байхаар нь за хоёулаа харья, манайд очъё гэхэд Э.А за байж бай би Тогос ахтай уулзчихаад араас чинь яваад очъё гэж үлдсэн. Ч.Д-ын гэрийн нэр нь Тогос гэдэг юм. Тэгээд би гэртээ хариад байж байтал удалгүй Э.А манай гэрт ирсэн ба Тогос ахтай муудалцаад ирлээ гэж хэлж байсан. Тэгээд Э.А ороо засаж амрах гэж байтал олон нийтийн цагдаа Одбаатар манай гэрт ирж өөрийнхөө утаснаас Ч.Д-ын нүүрний зураг авсан байсныг Э.А-д болон надад үзүүлж Э.А-аас яагаад тийм аймар болтол Ч.Д-ыг зодсон юм бэ гэж асуухад Ч.Д намайг “ална, чи муу хасаг, чи том болжээ” гэж орилж хашхираад байхаар нь уур хүрээд зодчихлоо гэж хэлсэн. Өөр надад ямар нэгэн зүйл яриагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,

Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... “Эмнэлэг дээр бусдад зодуулсан байдалтай нэг хүн ирсэн байна.” Оёдол тавих шаардлагатай байна, та хүрээд ирэх үү гэж хэлэхээр нь би ажил дээр очсон юм. Тэгээд ажил дээр ирж үзэхэд Ч овогтой Д гэдэг 38 настай эрэгтэй хүн зүүн талын нүдний хөмсөгний хэсэг язарч, зүүн нүд хөхөрч хавдсан, уруул нь хавантай, толгой, хүзүүнд нь хүрэхэд эмзэглэлтэй, хөмсөгний шархнаас цус гарч гойжсон байдалтай байхаар нь цэвэрлэж шарханд анхны цэгцлэлт хийж 4 ширхэг оёдол тавьж ариун боолт хийсэн. Тэгээд өвчин намдаах, цус тогтоох, тархины хаван хөөх, үрэвсэл дарах бусад шинж тэмдгийн эмчилгээ хийсэн. Тухайн Ч.Д-д цаашид шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

Шүүгдэгч Э.А-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ч.Д надтай тааралдахад би “сайн байна уу Тогос ах” гэж гэрийн нэрээр нь мэндэлсэн. Тэгэхэд Ч.Д ах миний хажууд дөхөж ирээд “Чи юм уучихсан байгаа юм уу? Бацаан минь” гэхээр нь би Ч.Д-д “та юу яриад байгаа юм бэ? Танд ямар хамаатай юм бэ” гэж маргалдсан. Уг нь тэр хүн аав А.Э-ын найз болдог бөгөөд тухайн үед намайг загнахаар нь би Ч.Д-д та чимээгүй байлдаа, хүн амьтан сонсчихно, ийшээ цэцэрлэгийн тийшээ явъя гэж Ч.Д-ын хамт цэцэрлгийн хажууд ирэхэд “оо муу чи хүүхэд архи уудаг хэн бэ? Чамаас архи үнэртэж байна. Аавд чинь хэлнэ” гэхээр нь би Ч.Д ахаас “уучлаарай, миний буруу, та аавд битгий хэлээрэй, хэлж болохгүй” гэж гуйсан. Тэгтэл Ч.Д ах өөрөө нэг шил бариад явж байсныг задалж надад өгсөн, тэгэхээр нь би уг архийг амсчхаад буцаагаад Ч.Д-д өгсөн. Тэгтэл Ч.Д надад “чи муу дахиж архи уух юм бол аавд чинь хэлж алуулна шүү, чи надад томордог, миний үгнээс зөрдөг хэн бэ, арчаагүй баньд минь” гэж хэлэхээр нь би тухайн үед уурлаад Ч.Д-ын нүүр нь тус газар баруун гараараа 2 удаа цохисон. Тэгтэл Ч.Д ах тонгойгоод “цус” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ч.Д-ын задалсан архийг аваад тухайн газарт асгаж шилийг нь тэр хавьд шидээд яваад өгсөн. Тэгээд Гандангийн ар талд явж байхад миний араас Ч.Д “оо муу пизда минь чамайг ална, өглөө чамтай уулзана, явдаг газарт чинь явуулна, хасаг пизда” гэж орилж хашхирахаар би уурлаад эргэж гүйгээд ирээд “юу гээд байгаа юм бэ?” гэж хэлээд Ч.Д-ын хөлийг нь өшиглөж хавсаргаж унагааж гэдэс, нуруу руу хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Тэгтэл Ч.Д босож ирээд намайг заамдаж унагаагаад миний хоолойг боож унагааж миний дээр гарсан. Тэгэхээр нь би Ч.Д-ын нүүр лүү гараараа түлхэж салгах гэтэл миний эрхий хурууг шүдээрээ хазсан. Тэгэхээр нь арай гэж мултарч босч аваад “ямар их гар хаздаг юм бэ” гэж хэлээд Ч.Д-ын нүүр лүү нь гараараа цохиход Ч.Д доошоо сууж тонгойсон. Тэр үед би хөлөөрөө Ч.Д-ын нүүр, толгой хэсэг рүү нь дөрвөн удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед Ч.Д “болъё болъё ахын дүү” гэж хэлээд газарт уначихсан. Тэгэхээр нь би яваад өгсөн ба Ч.Д хэвтээд байхаар нь хашааны булан дээр очиж жоохон ажиглахад Ч.Д босоод гэр лүүгээ орсон. Тэгээд би 19 цаг болж байхад З ахын гэрт ирсэн. Тэгээд унтаж амрах гэж байтал олон нийтийн цагдаа О, М гэдэг хүний хамт ирж намайг эмнэлэг дээр авч очиж Ч.Д-ын нүүр амын үзүүлсэн. Ч.Д тухайн үед эмнэлэгт ирчихсэн зүүн талын хөмсөг нь сэтэрсэн гэж оёдол тавиулж байсан юм...Би хохирогч Ч.Д-д учруулсан хохирлоо барагдуулж өгсөн. Нийт бэлнээр 700.000 төгрөг өгсөн ба тэр хүнээс болсон асуудлын талаар уучлал гуйж учир зүйгээ олж эвлэрсэн юм. 2020 оны 3 дугаар сарын эхээр Ч.Д Улаанбаатар хотод явж зүүн нүднийхээ доод талын хугарсан ясыг хагалгаанд орж янзлуулна гэж хэлсэн. Тухайн үед би гарсан зардлыг Ч.Д-д гаргаж өгөхөөр амаар тохиролцсон ба гарсан эмчилгээний зардлыг гаргаж өгөх болно. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа үнэхээр их ойлгож хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа. Хэрвээ би архи уугаагүй, тухайн үеийн уур омгоо барьсан бол ийм зүйл болохгүй байсныг ойлгосон.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаартай “Ч.Д-н биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хана, зүүн гайморын хөндийн урд ханы зөрөө багатай цуурсан хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний алимны эргэн тойронд хий хуралт, зүүн нүдний алимны салтсад цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, эрүүний зүүн ирмэгт, хүзүүний баруун ар доод хэсэгт, баруун сарвууны ард зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд байна. Тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хана, зүүн гайморын хөндийн урд ханын зөрөө багатай цуурсан хугарал, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний алимны эргэн тойронд хий хуралт, зүүн нүдний алимны салтсад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтэл учир Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 17-р тал/-ээр хохирогч Ч.Д-ын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.А нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн нүүр, хамар, толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөсөн. Нуруу, гэдсийг нь өшиглөж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд хийсэн санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ч.Д-ын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Д-ын мөрдөн байцаалтын шатанд “...Э.А-тай эвлэрч надаас уучлал гуйж 700.000 төгрөг өгсөн. Миний бие цаашид гомдол саналгүй. 2020 оны 3 дугаар сарын эхээр Улаанбаатар хот руу явж нүдний хагалгаанд орох учир тухайн үед Э.А-аас гарах зардлыг авахаар болсон...” гэх тодорхойлолт /хх-ийн 60-р тал/ гаргаж өгсөн тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Э.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Э.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Г.М-ын өгсөн: “...Э.А нь даруухан зантай, тусархуу, хар ажилд сайн юм. Э.А найз нөхдийн дунд даруухан харьцдаг, нэр хүндтэй, найз нөхдөдөө зөв боловсон харьцдаг. Ямар нэгэн харилцааны доголдолгүй, төлөвшил сайтай. Найз нөхдөдөө тусархуу, манлайлалтай хүн юм. Э.А сүүлийн 3 жил аавтайгаа хамт мал хариулж амьдарч байгаа бөгөөд сумын төвд орж ирсэн болгонд уулзаж, заал авч тоглодог юм. Э.А нь надтай архи ууж байгаагүй, тухайн хэрэгт холбогдох үед пиво уусан гэж байсан. хааяа аав, ахаасаа нууж тамхи татаж байгаа харагддаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/, Гэрч Б.А-ын өгсөн: “...Э.А нь ер нь тусархуу зантай, хар ажилд сайн юм. Мөн эелдэг даруу зантай багаасаа амьдралын хатууг үзсэн, тэсвэр тэвчээртэй хүн юм. Э.А найз нөхдийн дунд нэр хүндтэй, найз нөхдөдөө зөв боловсон харьцдаг, ямар нэгэн харилцааны доголдолгүй, төлөвшил сайтай, тусархуу, манлайлалтай хүн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/, Гэрч А.Э-ын өгсөн: “...Э.А нь зан байдлын хувьд эелдэг даруухан, бусдад тусархуу, багаасаа хар ажил хийж өссөн, ямарваа нэгэн муу шударга бус, өөрийг нь доош хийсэн байдлыг тэвчдэггүй юм. Уг хүний зан нь хэвийн, хүнтэй зөв боловсон харьцаад байж чаддаг. Надтай бол догшин ширүүн харьцаад байсан удаа байхгүй. Бусад үед өөр хүмүүстэй ямар зангаар харьцдагийг мэдэхгүй. Намайг болон өөрөөсөө ах хүнийг хүндэлдэг...Э.А нь урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Ямар нэгэн хорт зуршилгүй бөгөөд тухайн хэрэг холбогдсон үед найзуудтайгаа пиво уусан гэж сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-т 600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Э.А нь хохиролд 700.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Ч.Д нь цаашид гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Э.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ