Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,

Шүүгдэгч: Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-н Ө-д холбогдох эрүүгийн 1935004240020 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7-р хорооны байрны  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт Д-н Ө.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Ө нь 2019 оны 10 дугаар 17-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 73-96 УНЧ улсын дугаартай “Ланд Круйзер” прадо-120 загварын автомашин жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.4б, 12.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Ө.Ч-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Д.Ө-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.Ө нь 2019 оны 10 дугаар 17-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 73-96 УНЧ улсын дугаартай “Ланд Круйзер” прадо-120 загварын автомашин жолоодож яваад  зам тээврийн осол гаргасан болох нь:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 06 цаг өнгөрч байхад Д.Ө, хүү Ө.Ч-ийн хамт өөрийн эзэмшлийн 73-96 УНЧ улсын дугаартай “Ланд Круйзер” прадо-120 загварын автомашинтай Увс аймаг руу явсан. 2019 оны 10 дугаар сарын 17-нд гэртээ унтаж байтал өглөө 05 цаг өнгөрч байхад миний нөхөр Д.Ө над руу залгаад “Би хүүгээ алчихлаа. Яанаа?” гээд орилоод байхаар нь “Яасан бэ? юу болсон бэ?” гэж асуухад “Би машин барьж яваад зүйрмэглээд замын хажуугаар ороод осол хийчихлээ” гээд утас нь тасарсан. Би 2019 оны 10 дугаар сарын 18-нд Улаангом эмнэлэгт хүү дээрээ ирэхэд шанаа, нүүр хэсэг нт нэлэнхүйдээ шалбарч шарх болсон байдалтай ухаангүй байсан. Ө.Ч-ийн тархинд цус хуралт, няцралт гэмтэл учирсан учраас Увс аймгийн нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвүүдэд эмчилгээ хийлгэсэн. Цаашид бүрэн эдгэрэх боломжтой гэж эмч нар хэлсэн. Одоо бие нь сайжирч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27, 28-29-р тал/

гэрч Н.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн “2019 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 06 цаг өнгөрч байхад Д.Ө, хүү Ө.Ч-н хамт ирж намайг аваад замдаа Ө.Б-г аваад Увс аймаг руу гарсан. Зам явж байгаад Ө Тосонцэнгэлд  ирээд эм сан дээр зогсоод эмийн сан руу орох хооронд нь би дэлгүүр орж идэх, уух зүйл авахдаа 100 граммтай Ерөөл архи нэгийг авсан юм. Тэндээс хөдлөөд явж байгаад Ө машинаа Б-д бариулчихаад арын суудалд миний хажууд ирж суухаар нь ууж байсан архинаасаа нэг удаагийн аяганд хийж өгөхөд уучихсан. Би үлдсэн архиа уучихаад унтчихсан юм. Нэг мэдэхэд машин уначихсан миний баруун хөл сандалд дарагдчихсан байсан. Би машинаас гарч ирэхэд Б Чийг цээжээр нь тэвэрчихсэн хөдөлгөж болохгүй гээд Ө дээл, хувцас авч ирээд хучиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45-р тал/,

гэрч Ө.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 16-ны өглөө Д.Ө ах, Ө ахын хүүхэд Ө.Ч, М ах бид 4 Улаанбаатараас Увс аймаг руу гарсан. Замдаа би Ө ахтай  машин ээлжилж барьж явсан юм. 2019 оны 10 дугаар сарын 17-ны үүрээр Уушгийн улаанаас зөрөөд Хяргас нуур арай хүрээгүй байхад Ө ах машинаас надаас аваад өөрөө барьж явсан. Энэ үед Ч урд суудалд суугаад сандлаа хойшоо налуулчихсан унтаж байсан. Би арын суудалд сууж унтсан бөгөөд миний хажууд М бас унтаж явсан. Нэг сэрэхэд машин өнхөрч байсан бөгөөд би машины таазанд нэг хүрээд, сандалд нэг хүрээд байсан. Машин 4 дугуй дээрээ тогтоход урд сандал руу харахад Ч байхгүй болохоор нь би цонхоор гараад хайж байтал Ө ах машины хаалгыг онгойлгож бууж ирээд бид хоёр орилоод Ч-ийг хайж байтал машинаас 3 метр орчим зайд дээш хараад хэвтэж байсан. Очоод харахад нүүр, шанаа нь цус болчихсон, бага зэрэг амьсгаатай байсан бөгөөд Ө ах очоод тэврэх гэхээр нь би “хөдөлгөж болдоггүй гэсэн” гэж хэлээд хөдөлгөөгүй юм. Тэгтэл машин дотор М машин дотор “Миний хөл” гээд орилоход нь би гүйж очиж хөлийг нь татаж гаргаж ирээд машины сандал дээр хэвтүүлчихээд Ч-ийг цээжээр нь тэврээд байж байтал Ө ах машины араас цүнх, хайрцагтай хувцас гаргаж цацаж байгаад куртик, цамц авч ирж хучсан юм. Өлзийхүү ах зам дээр гарч машин зогсоогоод тусламж хүсэхэд фургон болон жижиг машин зогсоод эмч, цагдаа дуудаж өгөхөөр явах шиг болсон. Удалгүй Наранбулаг сумын эмч, цагдаа нар ирээд Ч, М, Ө нарыг аваад явсан. Манай аав Д.Ө, хүргэн ах Д нар ирэхээр нь би Наранбулаг сумын эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-49-р тал/,

гэрч Д.Ө-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 16-ны өглөө миний дүү Д.Ө, өөрийн хүү Ө.Ч, манай хүү Ө.Б, М нарын хамт Б-ийн найранд оролцохоор Улаанбаатараас Улаангом руу гарсан юм. Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 8-р цэцэрлэг дээр харуулын ээлжтэй байтал манай дүү Ө миний утас руу залгаад “” Би хүүгээ алчихлаа. Яаралтай түргэн тусламж, цагдаа дууд. Та хурдан хүрээд ир” гэхээр нь “Хаана байна?” гэж асуухад мэдэхгүй байна. Хар тэрмэс өнгөрсөн юм шиг байна” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би 103 дугаарт залгаж яаралтай тусламжийн дуудлага өгөөд, цагдаа руу залгаж хэлсэн. Тэр үед 5 цаг өнгөрч байсан юм. Би хүргэн дүү Д-г дуудаад 07 цагийн үед хэргийн газарт очиход машин нь онхолдсон байдалтай байсан бөгөөд Н сумын цагдаа, манай хүү Б хоёр тэнд байсан. Ө, Ч, М нарыг Наранбулаг сумын эмнэлэг рүү авч явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,

гэрч О.А /Наранбулаг сумын эрүүл мэндийн төвийн их эмч/-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Хэргийн газарт дуудлагаар очиход авто машин замаас гарч онхолдсон байдалтай, 3 том хүн, 1 хүүхэд байсан. 3 том хүний биеийн байдал дунд зэрэг, хүүхдийн баруун шанаа зулгарч цус гоожсон, баруун чихний сувгаас цус гарсан, баруун талын гар гэмтэлтэй, асуултанд хариулах ухаангүй комын байдалтай, хэл хазсан байдалтай, хүүхэн хараа гэрлийн урвал сул байсан. Эмнэлэгт авч ирж эмчилгээ биеийн байдлыг нь тогтворжуулаад Увс аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэхээр хүзүүнд нь чиг тавьж тээвэрлүүлэн шилжүүлсэн юм. ” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,

гэрч Г.Г /Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Мэдээгүйжүүлэх, эрчимт эмчилгээний тасгийн их эмч/-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр Ө.Ч гэдэг хүүхэд ухаангүй, биеийн байдал маш хүнд манай тасагт шилжиж ирсэн. Тархиндаа цус хуралттай байсан. Манай тасагт 4 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн боловч бие нь муудсан тул эмч нарын зөвлөгөөнөөр хэлэлцээд 3-р шатлалтын эмнэлэг буюу Гэмтэл согог судлалын Үндэсний төв рүү шилжүүлэхээр шийдвэрлэж, би онгоцоор авч явж Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн эмч нарт хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

Шүүгдэгч Д.Ө-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 16-ны өглөө өөрийн хүү Ө.Ч болон Ө.Б, М нарын хамт Б-ийн найранд оролцохоор Улаанбаатараас Улаангом руу гарсан юм. Би шөнө замдаа машинаа барьж яваад Б-д бариулчихаад арын суудалд М-ын хажууд суухад М надад нэг удаагийн аяганд архи хийж өгөхөөр нь уучихаад унтчихсан юм. Энэ үед Ч миний хажууд урд суудалд, М, Б нар арын суудалд суугаад бүгдээрээ унтаж явсан. Нэг сэрээд Б-ээс машинаа аваад өөрөө бариад Хар тэрмэс өнгөрөөд явж байгаад би зүйрмэглээд машин замын хажуугаар өнхөрсөн. Машин хөндлөнгөөрөө 3 өнхөрөх шиг болоод дугуйн дээрээ зогссон. Хажуугийн суудалд байсан Ч байхгүй болохоор нь буугаад хүүгээ хайж байтал Б бууж ирсэн. Ө.Ч машинаас 3-4 метр орчим зайд нүдээ аньсан, нүүр нь шалбарч цус гарсан байдалтай, дээшээ хараад хэвтэж байсан. Би очоод тэврээд авахад Б гүйж ирээд “Битгий хөдөлгө. Битгий авч яв” гээд тэвэрч аваад газарт хэвтүүлсэн. Энэ үед сандраа орилоод хучих юм олж ирээд хүүгээ хуччихаад зам дээр гарч утсаараа хүмүүс рүү ярьж болон замаар явж байсан машин зогсоож түргэн тусламж, цагдаа дуудуулсан. Би ийм хэрэг үйлдэж, хүүгээ хүнд гэмтээсэндээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Авто машинд  үзлэг хийсэн  тэмдэглэл үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9, 10-12, 13-17-р тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138,А/131 дугаартай тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам” –ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль /%/ илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж журамласан байх бөгөөд шүүгдэгч Д.Өг зам тээврийн осол гаргасны дараа буюу Наранбулаг сумаас  Улаангом суманд ирэхэд нь согтуурал шалгах багажаар амьсгал дахь спиртийн агууламжийг шалгахад 0.33 промиль /%/ спирт илэрсэн болох нь гэрч Ц.Ц /Увс аймаг дахь цагдаагийн газрын ЗЦТ-ийн зохицуулагч цагдаа/-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр Зам тээврийн осолд орсон гэж Нэгдсэн эмнэлэгийн Яаралтай тусламжаар хүргэгдэж ирсэн Д.Ө-г согтуурал шалгах багажаар шалгахад 0.33 хувийн согтолттой гарсан. Тухайн үед ЗЦТ-ийн зохицуулагч цагдаа, ахлах ахлагч Д.Г-г тэмдэглэл үйлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р тал/, гэрч Д.Г /Увс аймаг дахь цагдаагийн газрын ЗЦТ-ийн зохицуулагч цагдаа/-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 17-ны  өдөр Зам тээврийн осолд  орж Нэгдсэн эмнэлэгийн Яаралтай тусламжаар хүргэгдэж ирсэн Д.Ө-г согтуурал шалгах багажаар шалгахад 0.33 хувийн согтолттой гарсан. Тухайн үед гэрэл зургаар бэхжүүлээгүй, гараар тэмдэглэл үйлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/-үүдээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Ө-г согтуу байсан гэж үзэх бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “...Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Согтуугаар 73-96 УНЧ улсын дугаартай “Ланд Круйзер” прадо-120 загварын автомашин жолоодсон нь энэ гэмт хэрэг гаргах шалтгаан нөхцөл болсон байна.

Мөн зорчигч болох хохирогч Ө.Ч нь хамгаалалтын бүс зүүгээгүй явснаас авто машинаас шидэгдэж хүнд гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б-д “...хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Энэ талаар гаргасан Увс аймаг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18 дугаартай дүгнэлт /хх-ийн 82-р тал/ үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Д.Ө нь 2019 оны 10 дугаар 17-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 73-96 УНЧ улсын дугаартай “Ланд Круйзер” прадо-120 загварын автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.б-д заасныг тус тус зөрчисний улмаас зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогч Ө.Ч-ийн биед “Тархины хүнд хэлбэрийн няцралт, тархины цус харвалт, баруун талын хацар, шагайны хэсэг, баруун мөр, ташаа, цээжний баруун талд зулгаралт гэмтлүүд үүссэн бөгөөд уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д заасан гэмтлийн  хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 718 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-р тал/, шинжээчийн мэдүүлэг /хх-ийн 70-71-р тал/-үүдээр тогтоогджээ.

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн , Засгийн газраас батлаж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхитэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхитэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч Д.Ө нь согтуугаар өөрийн эзэмшлийн 73-96 УНЧ улсын дугаартай “Ланд Круйзер” прадо-120 загварын автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа хор уршигт хүргэсэн байх тул Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Ө нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.б дахь заалтуудыг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д “Согтуугаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

Насанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М мөрдөн байцаалтын шатанд  “Нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Д.Ө бид хоёр хүүхэддээ шаардлагатай бүх эмчилгээг нь хийлгэж байгаа ” гэж мэдүүлснийг  үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

2. Шүүгдэгч Д.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.Ө нь согтуугаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг  хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч цаашид эцгийн үүргээ биелүүлж, хохирогч болох өөрийн хүү Ө.Ч-т эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Ө-гийн 357460  дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д-н Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан согтуугаар автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчисний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Ө-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Д.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Ө-ийн 357460 дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ё.Мөнхгэрэлд даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Өд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ