Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 86

 

2020/ШЦТ/86

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: С.Батсүх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг

            Хохирогч: Д.С, Д.Н

Шүүгдэгч: М.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М Бд холбогдох 1912002800218 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Т сумын Б багийн А гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогтой М Б /РД:../

                                    Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Ааймгийн Х сумын Ө багийн С гэх газраас Д.Нын эзэмшлийн 1 тооны зээрд морийг хулгайлж, 825.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө А аймгийн Тсумын Хбагийн Ө гэх газраас Д.Сын унагатай 1 тооны гүүг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Н мэдүүлэхдээ: Манайх Архангай аймгийн Хотонт сумын Богино гэх газраас адуугаа алдсан. Манай морь гэрийн хажуугаас холддоггүй морь байгаа юм. Манай гэрийнхэн ойр хавиар сайн хайсан, мөн ойр хавын хүмүүстэй нийлж хайсан. Тухайн үед шүлхий өвчин гараагүй. Харин сар гаруй хугацааны дараа шүлхий өвчин гарсан. Хүүхдийн унадаг номхон морийг хүн унах аргагүй болгоод жигшээсэн байсан. Манайх адуугаа алдаагүй байсан бол зардал гарахгүй байсан. Би одоо хохирол 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд баримт байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.С мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сард адуугаа алдсан. Манайх 22 тооны адуутай. Манай адуунаас 2 унагалсан гүү алга болсон. Манай адуу урдаасаа ганзага имтэй, унага нь хумсан сартай, эр хонгор унага байсан. Сүү дутмаг гэмээр туранхай хонгор унага байсан. 2019 оны хавар цагдаа нар танай адуу байна гэж хэлсэн. Би адуугаа хайж их явсан. Адууны толгойг бид нар өөрийн адууны толгой мөн гэж бодож байна. Одоо гүүгээ унага, даагатай авна. Би хохирлоо авчихвал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд 1912002800218 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Нын мэдүүлсэн:...2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булаг Богино хамар гэх газар оршин суух гэрийн гаднаас манай аав болох Д манай хүүд бэлэглэсэн их сайхан номхон морь буюу өнгөрсөн хаваржин гэрийнхээ гадаа тэжээж унадаг байсан, гэрийн хаяанаас огт хөдөлдөггүй зээрд зүсмийн морь маань хөлдөө чөдөртөй, толгойдоо саарал өнгийн мяндсан ногттой алга болсон. Манайх уг морио орой нь идүүлэхээр орхиод маргааш өглөө нь буюу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өглөө үзэхэд ор сураггүй алга болсон байсан. Тухайн өдөр манай нөхөр Бморьтой Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булаг гэх газраас эхлээд доошоо талаа бариад хүн амьтнаас асуугаад Суварганы хойд ам буюу ойролцоогоор 7-8 км орчим яваад унаж байсан морь нь эцээд гэртээ эргэж ирээд морио солиод дахиад Богино хамрын урд модноос эхлээд Зурайн хамар орчмын модоор өдөржингөө явсан. Дараа өдөр нь мотоцикльтой манай дүү Б хамт гэрийнхээ эргэн тойронд 15 км орчим газарт эрж хайсан боловч ямар нэгэн сураг гараагүй. 3 дахь өдөр нь модоор байж магадгүй гэж манай тэр хавийн хүмүүс бодоод манай нөхөр, дүү Б, Ц, Бгэсэн хүмүүс морьтой ойр орчмын модыг бүгдийг нь самнаж явсан.  Хэрвээ манай чөдөртөй морь модонд орсон эсвэл хээр яваа бол нэг шөнийн дотор явах байтугай 3 өдрийн дотор идээд бэлчих бэлчээр хангалтай байсан. Бид нар сайн хайсан боловч сураг чимээ гараагүй учраас хулгай авсан гэж бодсон ч түүнээс хойш өдөр бүр л бензин тос, нэгж үрж хайсаар өдийг хүрсэн. Манайх зээрд морио алдах үед манай зээрд морь их өлөн, олон хоног унуулсан байдалтай байсан бөгөөд мөн ногоо ургасан байсан учраас хүн л авч явахгүй бол адуу мал дагаж явах эсвэл бороонд цохиулж уруудах зэрэг зүйлд явахгүй өвс рүүгээ дайраад байж байх ёстой. Тэрнээс гадна хөлөөрөө явах байсан бол бүтэн нэг хаваржингаа унаж хэрэглэж байхад нэг удаа ч гэсэн гэрийнхээ хаяанаас огт холдож үзээгүй. Тиймээс манай адууг хүн хулгайлж авч явсан нь гарцаагүй. 2019 оны 05 дугаар сарын эхээр манай хулгайд алдсан адуу маань зөв талынхаа гуян дээр давхар саран дэвсгэртэй монгол “Б” үсгэн тамга даруулсан бас нэг даагатай хамт өөрийн ижил сүрэгтээ гүйж ирсэн бөгөөд манай адуу нөгөө даага хоёрын хойноос элдэв хүмүүс ирсээр байгаад хамгийн сүүлд анх зарж борлуулсан эзэн нь манайхтай худ ургийн холбоотой манай нутагладаг газраар байнга шахуу явж байдаг М.Б манай адууг зарсан байсан. Тиймээс эхний ээлжинд М.Бг манай адууг хулгай хийсэн гэж үзэж байна. Тэр үед адуугаа хайсан, мөн хүн амьтанд мөнгө төгрөгөөр үзүүлж харуулсан гээд эрэлд зарцуулсан нийт мөнгө болох 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тэр үед ирж хайж байх үедээ зарим баримтыг нь авч байсан. Харин заримыг авалгүй үлдээсэн. Хэрвээ тухайн адууг манайх хулгайд алдаагүй байсан бол гэр бүлээс маань ингэж их зарлага гарахгүй байх байсан. Өөрийн адуугаа хараад шууд таньсан. Манай морь зөв талдаа тамга даруулсан байсан ч гэсэн зөв талын чих нь үзүүрээсээ цуулбар имтэй, гэдсэнд нь үүссэн олоор, мөн зүсээр нь сайн таньж байна. Надаас гадна манай голын хүмүүс хараад бүгд танина. Тиймээс надаас өөр хүмүүсээс асуухад бүгд хэлээд өгнө. Манай морь хурдан удмын угшилгүй, нас нийлсэн морь байсан учраас 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. М.Бг таньдаг бөгөөд манай худ ургийн хүмүүс байж манай адуунаас хулгай хийсэн гэж үзэж байна. Тэр үед байгалийн үзэгдэл огт болоогүй, налайсан сайхан шөнө байсан. Манай адуу алдсан шөнийн маргааш өдөр нь манай хамаатны айл зуны эхэн сарын шинийн 03-ны сайн өдөр хүүхдээ угаасан юм. Тиймээс зуны эхэн сарын шинийн 03-ны өдөр нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байсан. Манай морь гэрийнхээ хаяанаас огт холдож байгаагүй бөгөөд номхон болохоор нь чөдөртөй, чөдөргүй холдох ёсгүй адуу байгаа юм. Ногтондоо суран сагилдаргатай, сагилдаргийг нь манай нөхөр уясан гэж байсан. Зээрд морь алга болохын урд орой нь манай нөхөр идүүлсэн. 3ээрд морийг чөдөрлөсөн чөдөрийг Архангай аймгийн төвөөс адуугаа алдахаас 5 хоногийн өмнө шинээр нь худалдаж авсан. Адууны өөрийн зөнгөөр бол тасрах эсвэл тайлагдах боломжгүй, аятайхан сайхан хийсэн чөдөр байсан. Тиймээс манай адууг хүн л авсан. Хэрвээ хөлөөрөө явж байгаад модонд орсон бол модны хаяанд ороод ногтны үзүүр модонд орооцолдоод эсвэл чөдөр нь модны унаангид, байгалийн бартаанд тээглээд зогсох ёстой. Тэгтэл М.Бгийн хэлж байгаагаар модоор манай адуу тэнэж явж байгаад тэдний адууг олсон эсвэл адуутай нь нийлсэн гэсэн.  Хүн тайлж өгөхгүй бол өөрөө тайлах боломжгүй ногт, чөдөртөй байж ууланд модолсон адуутай сар модонд байна гэж ямар юм байх юм. Уг адуу манай нөхөр болох Б.Бгийн нэр дээр данслагдсан. Харин би хэрэгт нь хохирогчоор мэдүүлэг өгч оролцоно. Манайхыг адуу алдахад хорио цээр байтугай, малын шүлхий өвчин ч гараагүй байсан. Миний санаж байгаагаар адуу алдсанаас хойш 20 орчим хоногийн дараа шүлхий өвчний талаар яригдаж эхлээд хорио цээр тогтоох болсон. Би адуугаа эрж хайхад зарцуулсан 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрвээ тухайн мөнгийг нь гаргаж өгвөл гомдол санал гэхээр зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-20 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Нын дахин мэдүүлсэн: ...Манайх нэг тооны зээрд зүсмийн тамгагүй, зөв талын чих нь цуулбартай имтэй нас гүйцсэн морио алдсан. Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булаг Богино зурай гэх газраас 2018 оны 05 дугаар сарын 17-ноос 18 шилжих шөнө би морио хулгайд алдсан. Миний хулгайд алдсан морь хаанаас ирснийг нь мэдэхгүй. Ямар ч байсан адуун сүрэгтэй нийлчихсэн байсан бөгөөд адуундаа нийлэхдээ хонгор зүсмийн даага дагуулчихсан ирсэн байсан. Манай өөрийн эзэмшлийн зээрд зүсмийн морины зүүн гуян дээр давхар саран дэвсгэртэй монгол “Б” үсгэн тамга даруулсан байсан. Хамт ирсэн хонгор зүсмийн дааганых нь тамгыг би сайн мэдэхгүй байна. Манай зээрд зүсмийн морь зөв талын чих нь цуулбар имтэй, буруу талын бөөрөндөө цагаан өнгийн олойртой байсныг нь таньсан. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд аваагүй. Тухайн зээрд зүсмийн морио хулгайд алдсаны дараа эрэл хайгуул хийж нийт 1.500.000 төгрөгийн бензин тосны мөнгө зарцуулсан. Бид нар өөрсдийн гэсэн унаа тэрэггүй болохоор хүн хөлсөж эрэл хайгуул хийсэн юм. Хулгайд алдсан морио эрж хайсан баримт нь байхгүй. Тухайн үедээ алга болсон байсан. Би гомдолтой байна. Би хулгайд алдсан морио хайж эрэл хайгуул хийж явсан бензиний мөнгөө авчихвал гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Сын мэдүүлсэн:...2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай өөрийн унаган адуу болох хязаалан насны хонгор байдас маань анх унагалаад адуутай хамт явдаг байсан. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед би өөрийн эхнэрийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Өлзийт голын Бумба толгой гэх газарт адуун дээрээ очиж адуугаа харахад манай зээрд азаргатай адуу бүрэн байсан. Харин нөгөө унагалсан улаан хонгор зүсмийн байдсан гүү маань адуундаа унага нь сүүндээ цадахгүй байгаа бололтой, үс, ноос нь арзайсан, өнгө зүс муутай байсан. Тэр өдрөө адуугаа татах гэж байгаад орхиод гэртээ ирцгээгээд маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд зээрд азаргатай адуугаа гэр рүүгээ ойртуулах гээд урд өдөр нь очсон малын бэлчээр дээр ирэхэд Бумба толгойн урд энгэрт адуу гарсан байдалтай байсан бөгөөд зээрд азаргатай 16 тооны адуун дундаас духан дээрээ хумсан сартай, эр, улаан хонгор зүсмийн биеэр жижиг нялх унагатай, зөв талын чих нь урдаасаа босоо сүйх имтэй, зөв талын гуяндаа дөлтөй саран тамгатай улаан хонгор зүсмийн хязаалан насны гүү байхгүй болсон байсан. Тэгээд унагатай гүү алга болсон тэр өдрөөс хойш эргэн тойронд нь гэрээ тойроод морьтой мотоцикльтой хүмүүс 30 км орчим радус дотор хайсан боловч ямар нэгэн сураг чимээ гараагүй. 2018 оны өвөл манайхтай саахалт нутагласан Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн иргэн Б, Бгэх хүмүүст алга болсон унагатай гүүгээ захисан байсан чинь 2018 оны 05 дугаар сарын 20-д нилээн өнгөрөөгөөд Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багаас Бнь над руу залгаад танайхаас алга болсон унагатай гүүтэй адилхан гүүний сураг Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Халзангийн намаг гэх газарт Ч.Б гэх айлд ирсэн байна гэж сураг дуулаад би Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багт Ч.Б гэх айлын адуунд нь унагатай гүүгээ үзэх гээд Ч.Бын адууг олж чадаагүй буцсан. Түүнээс хойш сураг чимээ тавиад байсан чинь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орсон хүйтэн бороонд хумсан сартай эр хонгор унага нь үхсэн. Харин улаан хонгор гүү нь адуутай холбоотой байгаа сураг гарсан. Би хүн бүл муутай учраас дахиж доошоо эрэлд явж чадаагүй. 2019 оны 05 дугаар сарын 10-ны үеэр Архангай аймгийн Хотонт сумын цагдаа дээр ирж алдсан адуугаа бүртгүүлэх гэхэд миний хулгайд алдсан унагатай гүүний маань толгой Цагдаагийн газарт цагаан өнгийн шуудайтай байхаар нь толгойг сайн нягталж үзэхэд имтэй талынх нь чихийг юм идсэн ч юм шиг эсвэл хэргээр имтэй талынх нь чихийг огтлоод хаясан ч юм шиг байдалтай байсан. Тэгээд би цагдаагаас нарийн тодруулахад миний унагатай гүү очсон гэх Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Халзангийн намаг гэх газарт нутагладаг Ч.Б гэх айлаас авчирсан байсан. Нөгөө хонгор толгойг дахин, дахин олон удаа үзэхэд яалт ч байхгүй манайхаас хулгайд алдагдсан гүүний толгой мөн байсан. Би гомдолтой байна. Би унаган наснаас нь малласан учраас өөрийнхөө адууны толгойг танихтайгаа байна. Тэгээд ч гүүний маань зүс нь мөн, дээрээс нь шүдийг нь үзэхэд яалт ч үгүй хязаалан насны адууны шүд мөн байсан. Уг адууны нас нь зөв, мөн манай адуунд түүний ээж нь байгаа бөгөөд тэдгээр адууны удам нь мөлгөрдүү жижиг, хувдуу чихтэй их содондуу адуунууд байгаа юм. Хэрвээ боломжтой бол манай адуунд байгаа эхийг нь үзээд чихийг нь харьцуулаад харахад л мэднэ. Мөн манай гүүний толгой мөн болохыг манай саахалт айлын хүмүүс толгойг нь хараад л мэднэ. Манай алдсан адуу хурдан удмын угшил гэхээр зүйл байхгүй. Гэхдээ өнгөрсөн жил бүх нутгаар гүүний хээл муутай байсан учраас унагатай гүү цөөхөн байхад унагатай байсан хэд нь маш үнэтэй байсан учраас 2 сая төгрөгөөр үнэлж байна. Унаганы ээж нь хязаалан насны гүү байсан бөгөөд анх унагалсан. Тэр үед ногоо ургаж байсан, мөн эхийнхээ сүүнд цаддаггүй байсан болохоор гэдэс нь жижгэвтэр бондойсон, үс ноос нь арзайсан, тунай муутай гэмээр харагддаг, духныхаа яг гол дундаа хумсан сартай, эр, зүс нь улаан хонгор зүсмийн зүсмийн, им, тамгагүй унага байсан. Би Хотонт суманд айлд очоод бороонд унага нь үхсэн гэж сонсоход манай гүү мөн гэж бодсон. Учир нь гэвэл хязаалан гүүний унага маань тунай муу, тарга тэвээрэг сайн авч махалж амжаагүй нялхдуу унага байсан болохоор л үхсэн байх. 2018 оны 06 дугаар сарын 02-ны үед бороо орох нь орсон. Гэхдээ тарга тэвээрэг сайтай мал бол үхээд байхаар байгаагүй. Харин жаахан муу орсон тунай муутай мал л үхэхээр байсан. Өнгөрсөн жил ногооноор хязаалсан насны анх унагалсан, улаан голтой, улаан хонгор зүсмийн биеэр дунд зэргийн биетэй, тарга тэвээрэг тааруухандуу, зөв талын чих нь урдаасаа босоо сүйх имтэй, зөв талын гуяндаа дөлтэй саран тамгатай адуу байсан. Гэхдээ тамга нь унага байхад нь дарсан учраас хараад мэдэгдэхгүй бараг эдгэсэн байсан. Харин им нь чихэндээ их мөчидхөн эмнэсэн байсан учраас гараар барьж байж л им нь мэдэгдэх байх. Тэрнээс биш хараад сайн анзаарагдахгүй адуу байгаа юм. М.Бг зүс мэддэг бөгөөд өнгөрсөн зун манай гүү алга болдог өдрийн дараахан манай тэнд оторт гарч ирээд буусан байсан. Д гээд манайхаас дээш ойрхон нутагладаг айлын охин байгаа юм. Манай унагатай хонгор гүү алдсан шөнө тэдний гэрийн гаднаас чөдөртэй нэг морь алга болсон гээд тэднийхээс нэг хүн сураад явж байсан. Миний бодлоор тэдний морь алга болдог шөнө тэр гүү алга болсон учраас тэр алга болсон адуунууд нэг гараар алга болсон гэж бодож байсан. Манай эхнэр адуу алдсан өдрөө өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэж байсан. Тухайн тэмдэглэлийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бичсэн байсан. 2015 оны хавар манай адууны хонгор гүүнээс унагалсан унага буюу 2016 оны даага, 2017 оны шүдлэн байдас, 2018 оны хязаалан байдас болсон, хэрвээ энэ жил байсан бол соёолон гүү болох байсан. Манай азарга гүү, унага зэргийг хасаад байдаггүй. Харин өөрийнхөө адуунд явж байгаа даага, шүдлэн зэргийг л хасдаг. Тэрнээс биш хураасан гүүгээ бол огт хасдаггүй юм. Манай алдсан гүү манай унаган адуу учраас огт салдаггүй. Тэглээ ч азарга нь юу гэж салгах юм. Алдсан адуу миний нэр дээр тоологдсон байсан. Би өөрийнхөө алдсан адуугаа 2 сая төгрөгөөр үнэлж байна. Харин адуугаа эрж хайх, наашаа цаашаа олон дахин явсан зардал болох 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн адуу хулгайлсан явдалд маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 92-96 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Сын дахин мэдүүлсэн:...Би хонгор зүсмийн хумсан сартай хонгор унагатай гүүгээ хулгайд алдсан. Би гүүгээ Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Өлзийт голын Бумба толгой гэх газраас 2018 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хулгайд алдсан. Тухайн адууны толгойг хараад манай адууны өнгө зүс төрхтэй ижилхэн бөгөөд тухайн адууны толгойны имтэй чихийг нь авчихсан байгаа нь надад их сэжигтэй байгаа юм. Мөн тухайн адууны нас нь яг миний алдсан хонгор зүсмийн адуутай тохирч байгаа. Миний хулгайд алдсан адуу хязаалан насны адуу байсан. Миний хулгайд алдсан хонгор зүсмийн гүүний хоёр чих нь хулгардуу шовх биш байсан бөгөөд тухайн адууны толгойны чих хулгар байсан болохоор би өөрийн эзэмшлийн адуу гэдгийг таньж байгаа юм. Миний хулгайд алдсан хонгор зүсмийн адуу зөв талын гуян дээр дэлтэй саран тамгатай, зүүн талын чих нь урдаасаа ганзага имтэй адуу байсан. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд аваагүй. Би гомдолтой байна. Хэрвээ миний хохирол төлбөрийг барагдуулчихвал надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 97-99 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч А.Г мэдүүлсэн:...2018 оны 11 дүгээр сарын үед Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Буйлан гэх газарт нутагладаг Бгийн О гэх хүнээс зөв талын гуян дээрээ давхар саран дээр монгол “Б” үсгэн тамгатай, зөв талын чих нь үзүүрээсээ цуулбар имтэй, гэдсэндээ цагаан өнгийн олойртой нас нийлсэн зээрд зүсмийн морийг манай аав болох О нь 700.000 төгрөгөөр дансаар шилжүүлж, худалдаж авсан. Түүнээс хойш гэрийн гаднаас тавилгүй байнга тэжээж унаж эдэлж байсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс тавиад тэжээгээд байсан. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө зээрд морь маань манай аавын танил Архангай аймгийн Хотонт сумын иргэн З.Х ахын манай адуунд хураалгасан байсан бор гүүнээс унагалж манай дүүд бэлэглэсэн энэ хаврын ногооны буурал халзан даагатай хамт алга болсон. Түүнээс хойш эрэл сурал болоод 4 өдөр яваад сураг чимээ гараагүй байсан чинь З.Х ах 2019 оны 05 дугаар сарын 09-ний орчимд Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булаг гэх газарт сураг гаргаад манай аав О С гэж дууддаг ахын хамт Хотонт сум явсан. Манайх тухайн зээрд морийг Б.О ахтай аав наймаа хийсэн. Харин зээрд морийг алдсаны дараа Б.О ахаас танайхаас авсан зээрд морь даага дагуулаад алга болчихлоо, адуугаар чинь ирсэн үү гэж асуухад үгүй гэхээр нь би тэгвэл тэр зээрд морь өөр тийшээ явах уу гэхэд манай унаган морь байгаа юм, адуундаа л ирвэл ирнэ гэж хэлж байсан. Манайх Б.О гэх айлаас худалдаж аваад унаж байсныг мэднэ. Тэрнээс өөр зүйлийн талаар мэдэх зүйл алга байна. Би өөрийнхөө даагийг зээрд морьтой олсон учраас эхний ээлжинд даагаа авна. Яагаад гэвэд тухайн даага бол зээрд морьтой ямар нэгэн байдлаар хамаагүй. Манайх худалдаж авснаас хойш им, тамга огт хийгээгүй. Харин Б.О ахын эзэмшлийн адууны давхар саран дэвсгэртэй монгол “Б” үсгэн тамгатай ирсэн. О манай унаган морь гээд байсан. Тэрнээс биш хүнээс худалдаж авсан гэж надад огт яриагүй. Харин аавд ямар зүйл ярьсан талаар мэдэхгүй. Би тэр хоёрыг сураглаж явахад Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хүрэн хоолой гэх газарт хөлөөрөө явж байсан гэж сураг дуулсан. Тиймээс зээрд морь нутаг руугаа гүйж явсан байх. Би Б.О гэх хүнээс 700.000 төгрөгөөр зээрд морийг худалдаж авч байсан учраас тухайн мөнгөө нэхэмжилж байна. Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булаг гэх газар гүйж очсон хоёр адуу манайхаас гүйсэн 2 адуу дүрээрээ мөн байсан. Тухайн зээрд морийг худалдаж авснаасаа хойш 2-3 хоногийн дараа адууны мөнгийг Архангай аймгийн төвд махны ченж хийдэг Нямаа гэж дууддаг ахын данснаас Б.О эхнэрийнх нь данс уруу явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бмэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булаг Богино хамар гэх газар оршин суух гэрийн гаднаас манай аав болох Д манай хүүд бэлэглэсэн их сайхан номхон, өнгөрсөн хаваржингаа би өөрөө унаж эдэлсэн, гэрийнхээ гадаа байнга тэжээж унадаг зээрд зүсмийн нас нийлсэн морио гэрийнхээ хаяанд 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн оройны 21 цагийн орчим чөдөрлөөд толгойд нь ногттой, цулбуурыг чиргүүлээд идүүлсэн юм. Харин урьд өмнө нь гэрийнхээ хаяанаас хөлдөө чөдөртэй, чөдөргүй байсан ч огт хөдөлдөггүй байсан. Зээрд морь маань 2018 оны 05 дугаар сарын 18-ны өглөө ор сураггүй алга болсон. Тухайн өдөр би морио хайгаад Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булагаас авахуулаад доошоо тал газраа бариад хүн амьтнаас асуугаад Суварганы хойд ам буюу ойролцоогоор гэрээсээ 7-8 км орчим яваад зээрд морио олохгүй буцаж гэртээ ирээд унаж байсан морио солиод дахиад Богино хамрын урд модноос эхлээд Зурайн хамар орчмын модоор өдөржингөө явсан. Дараа өдөр нь мотоцикльтой дүү Б хамт гэрийнхээ эргэн тойронд 15 км орчим газарт ирж хайсан боловч ямар нэгэн сураг гараагүй. 3 дахь өдөр нь модоор байж магадгүй гээд дүү Б, Ц, Бгэсэн хүмүүсийн хамт морьтой ойр орчмын модыг бүгдийг нь нэгд нэгэнгүй самнаж явцгаасан боловч ямар нэгэн сураг чимээ гараагүй. Миний бодлоор манай зээрд морь чөдөртөй модонд орсон, эсвэл хээр яваа бол нэг шөнийн дотор явах байтугай 3 өдрийн дотор идээд бэлчих бэлчээр хангалтай сайн байсан. Бид нар өчнөөн хайсан боловч сураг чимээ гараагүй учраас хулгай авсан гэж бодсон ч эрж хайж байна. Манайх зээрд морио алдах үед манай зээрд морь их өлөн, олон хоног унуулсан, дээрээс нь ногоо ургасан байсан учраас хүн л авч явахгүй бол адуу мал дагаж явах эсвэл бороонд цохиулж уруудах зэрэг зүйлд явахгүй өвс рүүгээ дайраад байж байх ёстой. Бүтэн хаваржингаа унаж хэрэглэж байхад нэг удаа ч гэсэн гэрийнхээ хаяанаас огт холдож үзээгүй учраас манай адууг хүн хулгайлж авч явсан нь гарцаагүй. 2019 оны 05 дугаар сарын эхээр манай хулгайд алдсан адуу маань зөв талынхаа гуян дээр давхар саран дэвсгэртэй монгол “Б” үсгэн тамга даруулсан бас нэг даагатай хамт өөрийн ижил сүрэгтээ гүйж ирсэн. Харин манай адуу нөгөө даага хоёрын хойноос элдэв хүмүүс ирсээр байгаад хамгийн сүүлд анх зарж борлуулсан эзэн нь манайхтай худ ургийн холбоотой, манай нутагладаг газраар байнга шахуу явж байдаг М.Б нь хүнд адуугаар сольж зарсан байсан. Манай адуу зөв талын чих нь цуулбар имтэй, гэдсэндээ олойртой байсан учраас бараг хараад л танина. Тэр ч байтугай адууны сэлтээнээс нь хүн бариад зогссон ч ямар нэгэн ааш авир гаргахгүй, буруу зөвгүй мордуулдаг их номхон сайхан адуу байгаа юм. Адуугаа алдсан шөнө тэнгэр хангай сайхан тогтуухан, салхи, бороо гэхээр зүйл байгаагүй. 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр буюу адуу алдсаны маргааш өдөр нь зуны эхэн сарын шинийн 3-ны сайн өдөр байсан бөгөөд тэр хавийн хүмүүс хүүхдийн угаалга их хийж байсан. Манай зээрд морь гэрийнхээ хаяанаас огт холдож байгаагүй, номхон бөгөөд чөдөртөй ч, чөдөргүй ч холдох ёсгүй адуу байгаа юм. Хэрвээ зээрд морь хөлөөрөө хол явлаа гэж бодоход хөлдөө чөдөртөй, толгойдоо ногттой адуу модны захад ороод л зогсоно. Хээр бэлчээрт явлаа гэхэд шөнөдөө гэрийнхээ хаяанаас доод ам л орж чадна. Тэгтэл бид нар олуулаа нийлж олон хоног морьтой, мотоцикльтой яваад ч сураг чимээ гаргаж чадаагүй. Хээр морийг ногтолсон ногтондоо суран сагилдаргатай байсан бөгөөд сагилдаргийг нь би идүүлэхийн өмнө нэг амыг нөгөө амаар нь даруулж ногт нь мултрахаас сэргийлж маш сайн уяж бэхэлсэн. Чөдөрийг нь манай эхнэр хэд хоногийн өмнө худалдаж авчирсан байсан. Би тэр чөдөрний чагтага бэхэлсэн оосорыг бэхэлж сайн оёсон. Тэгээд зээрд морио идүүлэхдээ маш сайн чөдөрлөөд дээрээс нь чагтагийг нь сайн шахах чангалсан бөгөөд гараар л хүн тайлахаас биш өөр зүйлд бол тасрахгүй байх. Манайхыг адуугаа алдахад хорио цээр байтугай, малын шүлхий өвчин ч гараагүй байсан. Миний санаж байгаагаар адуу алдсанаас 20 орчим хоногийн дараа шүлхий өвчний талаар яригдаж эхлээд хорио цээр тогтоох болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Х мэдүүлсэн:...2017 оны хавар би өөрийнхөө эзэмшлийн бор зүсмийн гүүгээ Архангай аймаг Цэнхэр суманд оршин суудаг өөрийн танил О гэж дууддаг залуугийн хурдан зээрд азарганд нь хураалгаад 2018 оны хавар манай бор гүүнээс бууралдуу зүстэй халзан зүсмийн унага унагалсан бөгөөд тэр унагийг нь би өөрийнхөө танил Обага бандид нь бэлгэнд өгөөд Цэнхэр суманд ээжтэй нь адуунд нь үлдээгээд ирсэн. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумаас О над руу залгаад өвөл миний худалдаж авсан зээрд зүсмийн морь чиний бэлэглэсэн даагийг аваад алга болчихлоо, чи сураг чимээ тавьж байгаарай гэсэн. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант баг Сайхан булаг гэх газарт Огийнхоос гүйсэн гэх зээрд морь, буурал халзан даага хоёрын сураг гарч О, Огийнд хотоос ирсэн нэг хүн, бид гурав Сайхан булагт нөгөө хоёр адуугаа авах гээд очиход цагдаа сэргийлэх болоод явсан. Надад тэр зээрд морины талаар мэдэх зүйл байхгүй. Би хараа ч үгүй. О өнгөрсөн өвөл 11 дүгээр сарын сүүлээр над руу залгаад гэрийн гадаа унах номхон морь хэрэгтэй байна, зарах адуу байна уу гэж надаас асуухаар нь би байхгүй гэдгээ хэлсэн. Түүний дараа нэг утсаар яриад хуучилсан чинь О гэж хүнээс нэг зээрд морийг 700.000 төгрөгөөр худалдаж авсан, гаднаа морьтой болсон гэж надад ярьж байсан. Би түүнээс өөр зүйл мэдэхгүй. 2019 оны 04 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Цэнхэр суманд Огийнд очиж тэднийхээс сартай хээр зүсмийн азарган үрээ олж ирсэн. Тэрнээс өөр очоогүй. Тэр үед намайг очиход зээрд морьтой алддаг миний бор гүүнээс унагалсан буурал халзан даага малынх нь байрны ард харагдаж байсан. Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн иргэн Оогоо гэж дууддаг залуугаас сураг чимээ сонссон ба зээрд морины эзэнтэй айл шахуу нутагладаг юм байна лээ. Би Архангай аймгийн Цэнхэр сумаас манай нэг найз зээрд морь, буурал халзан даага хоёр гүйлгээд алдчихлаа гэж Оогоогоос асуусан чинь манай энд ирсэн байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд О.Г гэрчээр мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын үед Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Буйлан гэх газарт нутагладаг Бгийн О гэх хүнээс зөв талын гуян дээрээ давхар саран дээр монгол “Б” үсгэн тамгатай, зөв талын чих нь үзүүрээсээ цуулбар имтэй, гэдсэндээ цагаан өнгийн олойртой нас нийлсэн зээрд зүсмийн морийг манай аав болох О нь 700.000 төгрөгөөр дансаар мөнгийг нь шилжүүлж худалдаж авсан. Түүнээс хойш гэрийн гаднаас тавилгүй байнга тэжээж унаж эдэлж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс тавиад тэжээгээд байсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө зээрд морь маань манай аавын танил Архангай аймгийн Хотонт сумын иргэн З.Х ахын манай адуунд хураалгасан байсан бор гүүнээс унагалж манай дүүд бэлэглэсэн энэ хаврын ногооны буурал халзан дааганы маань хамт алга болсон. Түүнээс хойш 4 өдөр яваад сураг чимээ гараагүй байсан чинь З.Х ах 2019 оны 05 дугаар сарын 09-ний орчимд Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булаг гэх газрын орчимд сураг гаргаад манай аав О нь С гэж дууддаг ахын хамт Хотонт сум явсан. Манайх тухайн зээрд морийг авахаар Б.О ахтай аав наймаа хийсэн. Харин зээрд морийг алдсаны дараа Б.О ахаас танайхаас авсан зээрд морь даага дагуулаад алга болчихлоо, адуугаар чинь ирсэн үү гэж асуухад үгүй гэхээр нь би тэгвэл өөр тийшээ явах уу гэхэд манай унаган морь учраас адуундаа л ирвэл ирнэ гэж хэлж байсан. Тухайн морийг манайх Б.О гэх айлаас худалдаж аваад унаж байсныг л мэднэ. Өөр зүйлийн талаар мэдэх зүйл байхгүй. Миний зүүн талаас худалдаж ирсэн хурдан угшлын азарганы эр төл манай унаган адуу бөгөөд бүдүүн адуу дагаад гүйсэн байна лээ. Тиймээс би өөрийнхөө даагыг зээрд морьтой олсон учраас эхний ээлжинд даагаа авна. Яагаад гэвэл тухайн даага зээрд морьтой ямар нэгэн байдлаар хамаагүй. О манай унаган морь гээд байснаас биш хүнээс худалдаж авсан гэж надад огт яриагүй. Буурал дааганд им, тамга гэхээр зүйл байхгүй бөгөөд хийж амжаагүй байсан. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хүрэн хоолой гэх газарт хөлөөрөө явж байсан гэж сураг дуулсан учраас зээрд морь нутаг руугаа гүйж явсан байх. Би Б.О гэх хүнээс 700.000 төгрөгөөр зээрд морийг худалдаж авч байсан учраас тухайн мөнгөө нэхэмжилж байна. Надад мөнгийг гаргуулж өгнө үү. Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булаг гэх газар гүйж очсон хоёр адуу манайхаас гүйсэн 2 адуу дүрээрээ мөн байсан. Тухайн зээрд морийг худалдаж авснаасаа хойш 2-3 хоногийн дараа Архангай аймгийн төвд махны ченж хийдэг Нямаа гэж дууддаг ахын данснаас Б.О эхнэрийнх нь данс руу явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Р мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн Сайхан булаг Богино зурай гэх газраас өөрийнхээ гэрийн гаднаас тэр жилийнхээ хаваржин унасан номхон сайхан зээрд морио алдсан бөгөөд гэрийнхээ гадаа манай хүргэн Бчөдөрлөж тавиад ногттой нь үлдээсэн. Тэгсэн чинь маргааш өглөө нь боссон чинь гэрийнхээ гаднаас холддоггүй зээрд морь маань байхгүй болсон байсан. Тэгээд хүргэн Бмордоод олоогүй. Ижил адуу нь гэрийнхээ гадаа шахуу доод жалганд байхад нийлээгүй байсан. Тэр өдрийнхөө үдээс хойш эхлээд хэд хоног морьтой, мотоцикльтой хайгаад олж чадаагүй. Жил орчмын дараа 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр ижил сүрэгтээ нэг даага дагуулсан гүйж ирсэн бөгөөд ирэх үедээ зөв талын гуян дээрээ тамгатай болсон гүйж ирсэн. Тэгээд цагдаад хандах болсон. Манай морь өөрөө адуунаасаа салж явах нь битгий хэл адуунаасаа салдаггүй. Гэрийн гадаа чөдөрлөсөн бол огт хөдөлдөггүй. Адуу хэрвээ гэрийн гаднаас өөрөө хөдөлсөн бол адуун дээрээ очих ёстой. Бүр жилийн дараа ижил сүрэг дээрээ гүйж ирж байна. Манай адуу айлын адуу дагах учиргүй. Тиймээс манай гэрийн гаднаас хулгайч хулгайлж авч явсан. Манай зээрд морь алга болсноос хойш маш их мөнгө төгрөг зарцуулж эрж хайсаар байсан. Би зээрд морио өөрийнхөө охины хүүд бэлэглэсэн адуу байсан. Манай морийг алга болоход бороо, шороо, салхи гэх зүйл огт болоогүй. Харин зээрд морь байгаа зүгт нохой их боргоогоод хуцаад байсан. Гэхдээ арай ч гэрийн хаяанаас морь хулгайлна гэж бодоогүй болохоор гарч хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Д мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булаг Богино зурай гэх газраас гэрийнхээ гаднаас чөдөрлөсөн ногттой адуугаа хулгайд алдсан. Алдсан гэх адуу маань миний унаган адуу буюу 1 тооны сайхан зээрд морь байсан. Тухайн шөнө гэрийн гаднаас өөрөө хөлөөрөө явах учиргүй адуу байгаа юм. Тэр морь алддаг шөнө манай нохой зээрд морь аргамжсан зүгт хуцаад байсан. Түүнээс үзэхэд аргагүй л хүн хулгайлсан байх. Хэрвээ манай зээрд морь тэр шөнө чөдөрөө тасдаад явлаа гэж бодоход чөдөр нь бэлчээрт үлдэнэ, харин чөдөртэйгээ зогсохгүй шөнө нэг зүгт явлаа гэж бодоход малын бэлчээрийн зайтай л явна. Тэрнээс биш 2-3 хоног 3-4 хүн эрж хайж байхад олдохгүй байх учиргүй. Тухайн үед ямар ч адуу мал огт ирээгүй. Нохой л их хуцаж боргоогоод байсан. Манай морь нэг их хол яваад байдаггүй, уяа нь алдуурлаа гэхэд адуун дээрээ л очсон зогсож байдаг унаган  адуу байсан. Энэ хавар гүйж ирэхдээ дөнгөж сулраад л гүйсэн байх. Аргагүй л миний морь зүсээрээ, имээрээ мөн байсан. Одоо ч гэсэн өөрийнхөө адуунд байгаа. Харин гүйж ирэхдээ тамгатай болсон байсан. Бид гэрийнхээ эргэн тойрны бүх модоор, мөн аж ахуй, Өндөрсант, Хужирын гол, Ар гичгэнэ гээд л морины хөлөөр очиж болох бүхий л газраар явсан... гэх мэдүүлэг /хх-45-46 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цийн мэдүүлсэн:...2018 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө манай гэрийн гаднаас номхон зээрд морь алга болсон. Маргааш нь би морьтой зээрд морио уулын модоор 4 хоног хайгаад сураг гараагүй. Уг нь манай алдсан зээрд морь хөлдөө чөдөргүй байсан ч холдоггүй, адууныхаа захад л очих ёстой адуу байсан. Тэгээд огт олж чадаагүй. Бид нар зээрд морио хайгаад гэрийнхээ эргэн тойрны бүх модыг самнасан. Хэрвээ манай морь өөрөө модонд орсон гэж бодоход бид олж авч чадахаар хайсан. Яагаад гэвэл зээрд морь алга болох үедээ хөлдөө чөдөртэй, толгойдоо ногттой байсан бөгөөд модны захад ороод л модноос орооцолдохоор байсан. Тиймээс манай зээрд морийг хулгайч авсан. Модонд адуу хайж байхад Саянаа гэх хүний адуу л модонд байсан бөгөөд тэр адуунд манай зээрд морь байгаагүй. Зээрд морио алдсанаас хойш бид нар маш олон хоног эрэл хайгуул хийгээд огт олж чадаагүй. Харин энэ хавар нэг тооны даага дагуулсан гүйж ирсэн. Хаанаас нь ч харсан манай зээрд морь мөн байсан бөгөөд содон шинж гэвэл буруу тал дээрээ цагаан үсэн олойртой адуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн: ...2018 оны 05 дугаар сарын дундуур зээрд зүсмийн их сайхан морио эгчийн хүүд бэлэглэсэн. Өнгөрсөн хавар буюу 2018 оны хаваржин унаж хэрэглэсэн морь байсан. Тэгээд нэг шөнө гэрийнхээ хажууд шахуу чөдөрлөөд толгойд нь ногттой үлдээсэн байсан чинь тэр шөнөө алга болсон. Зээрд морь алга болсон шөнө манай нохой нилээн их хуцаж хоносон бөгөөд өглөө нь зээрд морь алга болсон байсан. Манай гэрийнхэн морь, мотоцикль нийлсэн 4 хүн 4-5 өдөр модоор, талаар хайгаад олоогүй. Хэрвээ зээрд морь өөрөө хөлөөрөө явсан бол хэзээ ч тэгж явахгүй байсан бөгөөд явсан ч олохоор хайсан. Тиймээс тухайн зээрд морийг хүн л хулгайлсан байх. Тэгээд өнгөрсөн хавар өөрийнхөө адуунд нэг тооны даага дагуулсан гүйж ирсэн. Харин ирэх үедээ зөв талынхаа гуян дээр давхар саран дээр монгол “Б” үсгэн тамгатай болсон байсан. Өөрийнхөө унаган адууг хараад л танихгүй яах юм. Манай алдсан морь зүсээрээ мөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Б мэдүүлсэн:...2018 оны 05 дугаар сарын дундуур шиг санаж байна, манай саахалт айлын Бах намайг морь эрэлцээд өг гэж гуйсан. Тэр үед Бах гэрийнхээ гаднаас чөдөртэй морио алдсан гэж ярьж байсан. Тэгээд би түүнд зөвшөөрч 4 хоног эрэл хийхэд нь тусалсан бөгөөд би эрэлд явахдаа нутагладаг газрынхаа эргэн тойрны модоор хайгаад олж чадаагүй. Тэгсэн чинь харин энэ хавар бид нарын хайгаад байсан зээрд морь нэг даага дагуулсан гүйж ирсэн байсан. Бид нар зээрд морийг алдахад зээрд морь хөлөөрөө өөрөө явсан бол олохоор байсан боловч олдоогүй өнгөрсөн. Би 4 хоног модоор адуу хайхад зээрд морь байгаагүй ба ганцхан айлын нэг азарга адуу л таарсан. Тэрнээс өөр адуу огт таараагүй. Таарсан айлын адуу нь С ахын адуу л байсан. Би алдсан морийг мэддэг байсан бөгөөд их сайхан морь байсан. 2018 оны хаваржин гэрийнхээ гадаа унуулсан, хаяандаа л харагдаж байдаг адуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ч мэдүүлсэн:...2018 оны 08 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Буйлан нуур гэх газар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харъяат Л.Б адуугаа хужирлаж яваад манай нөхөртэй наймаа хийгээд нэг зээрд морь зарсан байсан ба тэр моринд нь манай нөхөр өөрийнхөө эзэмшлийн давхар саран дээр монгол “Б” үсгэн тамгатай тамгаа дарсан байсан. 2018 оны 12 дугаар сарын дунд үеэр Цэнхэр сумын Буйлан багийн иргэн О гэх хүнд 700.000 төгрөгөөр зарсан. Бгаас худалдаж авсан зээрд морь их номхон байсан учраас хүүхдэд унуулах гэж авсан бөгөөд өвөл мөнгөний хэрэг болоод Од зарсан. Им, тамгыг нь мэдэхгүй. Гэхдээ зээрд зүсмийн нас нийлсэн морь байсан бөгөөд хулгайн морь болох талаар манай гэр бүл бол огт мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.О мэдүүлсэн:...2018 оны 08 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Буйлан нуур гэх газар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харъяат Л.Б адуугаа хужирлах гэж ирээд 1 хоноод явсан. Тухайн үед би Л.Бгийн адуун дотор байсан зээрд зүсмийн морийг нь сувай гүүгээр худалдаж авсан. Би тэр морийг нь 2018 оны 12 дугаар сарын дунд үеэр Цэнхэр сумын Буйлан багийн иргэн О гэх хүнд 700.000 төгрөгөөр зарсан. Бгаас худалдаж авсан зээрд морь их номхон байсан учраас хүүхдэд унуулах гэж авсан юм. Тэгээд өвөл мөнгөний хэрэг болоод Од зарсан. Миний худалдаж авсан морь хүрэн зээрд зүсмийн, нэг чих нь цуулбар имтэй байсан бөгөөд аль чих нь байсныг нь санахгүй байна. Би худалдаж авсныхаа дараа өөрийнхөө давхар саран дэвсгэртэй монгол “Б” үсгэн тамгаар тамгалсан. Би тэр морийг хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй. Би зээрд морийг өөр дээрээ байлгахдаа өдөртөө сул тавьдаггүй, шөнөдөө адуундаа нийлүүлж тавьдаг байсан. Зээрд морь их номхон учраас намар тэжээж унадаг байсан. Тэгээд нутгийн О нь надад хандаад танай зээрд морь их сайхан хөрстэй морь байна, зарчих гээд гуйгаад байхаар нь түүнд зарсан. О надаас худалдаж авсныхаа дараа тэр зээрд морийг 2019 оны хавар гүйлгээд алдсан байсан. Архангай аймгийн Хотонт сумаас тэр морины эзэн нь гарахад нь би тэр морийг хулгайн адуу гэдгийг нь мэдсэн. 3ээрд морийг алдаад О.Г хайгаад ирэхээр нь холдохгүй байх гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Бгийн мэдүүлсэн:...Би хулгай хийгээгүй. Тухайн зээрд морь манай адуунд нийлчихсэн байсныг би зарсан нь үнэн. Би бусдын малыг хулгайлаагүй. Харин тухайн 1 тооны зээрд зүсмийн морь манай адуунд нийлчихсэн байсан. Би адуугаа ололгүй сар гаруй болсон бөгөөд тухайн үед манай суманд шүлхий өвчин гарч хорио цээр тогтоосон байсан болохоор адуундаа явж чадаагүй. Тухайн зээрд зүсмийн морь хэдэн сарын хэдний өдөр манай адуунд нийлснийг мэдэхгүй. Намайг адуугаа хужирлаад явж байхад О ах таарсан чинь О ах жаахан хүүхдэд унуулчих номхон морь байна уу гээд манай адуунд байсан зээрд зүсмийн морийг зарах уу гэхээр нь зарна гээд орны гүүнээс нь өгсөн. Би өөрийн бугуйлаар барьж О ахад зарсан. Буруу талын чих нь цуулбар имтэй, тамгагүй, нас нийлсэн морь байсан. Хохирогчийн морь эзэндээ очсон байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 72-75 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн:...2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай зээрд азаргатай адуунд явдаг улаан хонгор зүсмийн хязаалан байдас унагалж түүнээс духан дээрээ хумсан сартай, эр, улаан хонгор зүсмийн унага гарсан юм. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед би өөрийн нөхрийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Өлзийт голын Бумба толгой гэх газарт адуун дээрээ очиж адуугаа харахад манай зээрд азаргатай адуу бүрэн байсан бөгөөд нөгөө унагалсан улаан хонгор зүсмийн байдсан гүү маань адуундаа байсан. Харин унага нь сүүндээ цадахгүй байгаа бололтой, үс ноос нь арзайсан өнгө зүс муутай байхаар нь би нөхөртөө хандаад адуугаа татаж гэрийнхээ ойролцоо аваачихгүй юм уу, хулгай гайгүй байгаа гэсэн чинь манай нөхөр нэг их тоолгүй буцсан. Маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд манай нөхөр болох Д.С зээрд азаргатай адуугаа гэр рүүгээ ойртуулах санаатай яваад нилээн орой ганцаараа гэртээ ирээд зээрд азаргатай 16 тооны адуун дундаас духан дээрээ хумсан сартай, эр, улаан хонгор зүсмийн биеэр жижиг нялх унагатай зөв талын чих нь урдаасаа босоо сүйх имтэй, зөв талын гуяндаа дөлтөй саран тамгатай улаан хонгор зүсмийн хязаалан насны гүү байхгүй болсон байна гэхээр нь би нөхөртөө хандаж нөгөө 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр унагалсан хонгор хязаалан гүү юм уу гэхэд манай нөхөр тийм гэж байсан. Тэгээд би тэр үедээ нэг гүү алга болсон гэж өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж тэмдэглэж байсан. Унагатай гүүгээ алга болоход хүмүүст захиж байсан. 2018 оны өвөл манайхтай саахалт нутагласан Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн иргэн Б, Бгэх хүмүүсээс манай нөхөрт сураг чимээ ирээд нөхөр маань Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Халзангийн намаг гэх газарт Ч.Б гэх айлын адуунд унагатай гүүгээ очиж үзэхээр явсан боловч тэр айлынх нь адууг огт олж чадаагүй ирсэн. Түүнээс хойш сураг чимээ тавиад байсан чинь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орсон хүйтэн бороонд хумсан сартай, эр, хонгор унага нь үхсэн харин улаан хонгор гүү нь адуутай холбоотой байгаа сураг гарсан ч бид хүн бүл муутай учраас дахиж доошоо эрэлд явж чадаагүй байсан. 2019 оны 05 дугаар сарын 10-ны үеэр Архангай аймгийн Хотонт сумын цагдаа дээр ирж алдсан адуугаа бүртгүүлэх гэхэд манай алдсан хязаалан гүүний толгой цагдаагийн газарт байсан. Тухайн гүүний толгой нь манай алдсан адууны толгой мөн. Яагаад гэвэл манай унаган адуу учраас үхсэн ч гэсэн шууд толгойг нь хараад таньсан. Дээрээс нь нэг үлдсэн чих нь сайн ажиглах юм бол хувдуу, мөлгөр чихтэй адуу байсан. Манай нөхөр шүдийг нь үзэж насыг нь тоолоход хязаалан насны адуу мөн байсан учраас тухайн хонгор адууны толгой манай алдсан гүүний толгой яах ч аргагүй мөн. Хулгайд алдсан унаганы ээж нь хязаалан насны анх унагалсан гүү байсан. Тэр үед ногоо ургаж байсан. Алдсан гүүний унага нь их хөөрхөн цовоо сэргэлэн, үс ноос нь энгийн, духныхаа яг гол дундаа хумсан сартай, эр, зүс нь улаан хонгор зүсмийн им, тамгагүй унага байсан. Д.Ныг танина. Тэднийх манайхаас дээш нутагладаг айл бөгөөд манайхыг унагатай гүү алдсанаас хойш тэднийх чөдөртөй морио алдсан гээд хайж явахаар нь өөрийнхөө унагатай гүүг бас давхар захиж байсан. Унагатай гүү алга болсон шөнө налайсан сайхан шөнө байсан. Би унагатай гүүгээ алдсаныхаа маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр он, сарыг нь бичиж тэмдэглэж байсан. 2015 оны хавар манай адууны хонгор гүүнээс унагалсан унага буюу 2016 оны даага, 2017 оны шүдлэн байдас, 2018 оны хязаалан байдас болсон байх бөгөөд хэрвээ энэ жил байсан бол соёолон гүү болох байсан. Манай азарга гүү, унага зэргийг хасаад байдаггүй. Харин өөрийнхөө адуунд явж байгаа даага, шүдлэн зэргийг л хасдаг. Тэрнээс биш хураасан гүүгээ огт хасдаггүй юм. Манай унаган адуу учраас огт салдаггүй. Тэглээ ч азарга нь юу гэж салгаж хөөх юм. Хэрвээ энэ жил тэр гүү байсан бол өнгөрсөн жилийн алдсан унага нь даага болсон, энэ хавар унагалсан унагатай, өөрөө соёолон болсон байх учраас би тухайн хулгай хийсэн хүнээс нь тухайн зүйлсийг барагдуулахыг нэхэмжилж байна. Манай гэр бүл маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 100-103 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Д мэдүүлсэн:..Өнгөрсөн хавар хулгайд алдсан гэх хонгор зүсмийн гүүг би мэднэ. Би өөрийнхөө охин болох Д.Быг 2009 онд гэр бүл болоход нь өмчинд би өөрийнхөө адуунаас саарал зүсмийн гүү бэлэглэж байсан. Би өнгөрсөн хавар хүргэнийдээ ирсэн байж байхад манай хүргэн болох Д.С хумсан сартай, эр, улаан хонгор унагатай, улаан хонгор зүсмийн хязаалан насны байдсыг адуун дотроос надад зааж өгөөд таны бид хоёрт өгсөн саарал гүүнээс унагалсан хонгор гүү байгаа, тэрний хамгийн анхны төл мал энэ байдсан гүү байгаа юм, энэ жил хязаалан насандаа унагалсан гэж ярьж байсан. 2019 оны 05 дугаар сар гараад манай хүргэн Д.С нь цагдаа дээр очоод адууны толгой үзээд өгөөч гэхээр нь хамт ирэхэд нэг хонгор адууны толгой байхаар нь үзэхэд өнгөрсөн хавар манай хүргэний надад зааж харуулж байсан хонгор гүүний толгой мөн байсан ба шүдийг нь үзэхэд хязаалан насны энэ жил хэрвээ амьд байсан бол ногооноор соёолох адууны толгой байсан. Би насаараа мал маллаж байсан хүн бөгөөд малаа нас, хүйсээр нь ялгаж байхын тулд малын насыг тоолж мэддэг байх хэрэгтэй учраас хар бага наснаасаа малын насыг тоолж мэддэг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 104-106 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн:...Д.С манай хоёрынх өвөлжөө, хаваржаагаараа нутаглаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд нэгнийхээ эзгүй үед мал идээг нь хардаг, хээр явж байхад эргүүлж тойруулдаг. Ер нь бол тэдний адуу гэлтгүй бүх малыг нь би таньдаг. Д.С 2018 оны 05 дугаар сарын дундуур унагатай хонгор гүү хулгайд алдсан гэж дуулсан. Түүнээс хойш адуугаар нь орж үзэхэд тэдний нэг хонгор гүүний төл болох хязаалан насандаа унагалсан улаан хонгор зүсмийн гүү нь өөрийнхөө духан дээрээ сартай, эр, улаан хонгор унагатайгаа байхгүй болсон байсан. Ер нь тэгээд ч манай хоёрын адууны бэлчээр нэг болохоор байнга л нэгнийхээ адуутай таарч байдаг. Д.С адууны толгой үзээд өгөөч гээд нэг хонгор адууны толгойг үзүүлэхэд тэдний адуунаас алга болсон гэх хонгор гүүний толгой дүрээрээ мөн байсан бөгөөд шүдийг нь үзэхэд хязаалан насны адуу гэдэг нь тодорхой байсан. Хонгор гүүний содон шинж нь гэвэл чих нь хулгардуу мөлгөр чихтэй адуу байсан бөгөөд толгойд нь үлдсэн чих нь яг мөн байсан. Харин унагыг нь нялх байхад нь харж байхад духан дээрээ хумсан сартай, эр,  улаан хонгор зүсмийн унага байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 107-109 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ц мэдүүлсэн:..Д.С манай хоёрынх айл аймаг байдаг учраас адууг нь сайн мэддэг. 2018 оны 05 дугаар сарын дундуур тэдний зээрд азаргатай адуунаас нь хонгор гүүнийх нь унага өнгөрсөн жил хязаалан насандаа унагалсан улаан хонгор зүсмийн байдсан гүүний хамт хулгайд алдагдаад олдоогүй. Би унагыг нь хараагүй учраас унаганы талаар мэдэх зүйл байхгүй. Харин хязаалан насны улаан хонгор гүүг сайн мэддэг байсан. Д.С цагдаа дээр очоод адууны толгой үзүүлэхэд өнгөрсөн жил тэдний адуунаас алга болсон хонгор гүүний толгой дүрээрээ мөн байсан. Харин имтэй талынх нь чих байхгүй болсон байсан. Гэхдээ яалт ч байхгүй Д.Сын хонгор гүүний толгой мөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 110-112 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Гмэдүүлсэн:...Намайг морь мал уядаг болохоор Д.С адууны толгой үзээд насыг нь хэлээд өгөөч гэхээр нь нэг хонгор адууны толгой үзэж насыг нь тоолоход хязаалан насны адууны толгой байсан. Өнгөрсөн хавар Д.Сынх нэг унагатай гүү хулгайд алдсан гээд хайгаад явж байсан. Тэр адууны толгой Д.Сынх гэж ярьцгааж байсан. Би 1992 оноос хойш мал маллаж байна. Мөн тухайн үеэс л морь мал уяж эхэлсэн бөгөөд одоо бодоход 28 жил орчим мал маллаж, морь уясан байна. Адууны толгойг хязаалан настай гэж мэдсэний учир нь гэвэл адуу соёолон настай бол урд талын 6 шүд нь ижил хэмжээтэй жигд байдаг, харин тухайн хонгор толгой болохоор голын 4 шүд бол жигд харин хоёр захын шүд нь дунд дөрвөө бодвол жижгэвтэр хэмжээтэй байгаагаас харахад хязаалан хэрвээ соёолон бол захын хоёр жижгэвтэр шүд унаад дунд 4 шүдтэй нь жигд хэмжээтэй шүд ургах ёстой...гэх мэдүүлэг /хх-ийн 113-115 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бын мэдүүлсэн:...2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өнгөрөөгөөд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Ар гичгэнэ гэх газар нутагладаг Бгэх айлаас хонгор зүсмийн, өнгөрсөн жил манайд ирэхдээ соёолон насны, им, тамгагүй, духан дээрээ дугуй хумсан сартай, эр, улаан хонгор зүсмийн жижиг биетэй сүүндээ цадаагүй байдаг унага шиг үс ноос нь арзайсан унагатай нь 650.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Тэр үед манайд мөн улаан хээр зүсмийн гүү, улаан унагатай нь хамт өөрсдөө авчирч өгсөн. Түүнээс хойш манай худалдаж авсан хонгор гүүний унага нь бороонд осгож үхсэн. Харин ээж нь сувайраад тарга тэвээрэг сайн авсан байсан бөгөөд адуунд өшиглүүлж хөл нь зоогоороо доголсон учраас 2018 оны 11 дүгээр сарын дундуур идшиндээ хэрэглэхээр тэр хавийнхаа Э, Г, Ц нарын хамт гаргаж янзалсан. Тэрнээс биш өөр ямар нэгэн хонгор зүстэй адуу гаргаж идээгүй. Идшиндээ гаргаж янзалсан хонгор гүүнийхээ ширийг Ш гэх хүнтэй хамт ачиж аваачаад Өвөрхангай аймгийн Хархорин суманд тушаасан. Хонгор гүүний унага нь зунаар үхсэн. Унага нь духныхаа голдоо дугуй жижгэвтэр хумсан сартай, эр, биеэр жаахан үс нь арзайсан унага байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 120-122 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бын дахин мэдүүлсэн:...Б тухайн гүүг надад зарахдаа соёолон насны гүү гэж хэлээд 650.000 төгрөгөөр бодож өгсөн. Би 20 орчим жил мал маллаж байна. Тиймээс адууны шүдийг үзээд насыг нь тогтоож чадна. Гэхдээ тухайн улаан хонгор зүсмийн гүүний шүдийг үзээгүй. Бгаас худалдаж авсан гүүний толгой дүрээрээ мөн байна. Духан дээрээ жижиг хумсан сартай, эр, улаан ч гэмээр юм уу цагаан ч гэмээр зүстэй унага байсан. 2018 оны 05 дугаар сарын 20-нд гарсан байхад М.Б авчирч өгсөн. Түүнээс өмнө ирээгүй. Ямар ч байсан 20-д гарсан байсан. Б өөрийн эзэмшлийн гүү гэж хэлж зарсан. Түүнээс биш хулгайн адуу гэж огт хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Эын мэдүүлсэн...Би 2018 оны идэшний үеэр саахалт айлын Б гэх айлд эхнэрийн хамт идэшний адууг нь гаргаж янзалж өгсөн. Б ах гаргаж янзалсан адуугаа 2018 оны 05 дугаар сарын сүүлээр хүнээс худалдаж авсан байсан бөгөөд улаан хонгор зүсмийн байдсан гүүг хумсан сартай, улаан хонгор зүсмийн хөөрхөн бондойсон унагатай нь худалдаж авсан гэж байсан. 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бороо орж нутгийн хүмүүсийн адуу нь Орхон голыг дагаж өгсөх үед тухайн гүүний унага нь үхсэн гэж ярьж байсан. Харин нөгөө улаан хонгор гүүг адуундаа байлгаж байгаад идэшний үеэр гаргаж янзалсан. Улаан хонгор зүсмийн, улаан хүрэндүү голтой байсан бөгөөд би им, тэмдгийг сайн анзаараагүй. Мөн насыг нь сайн мэдэхгүй бөгөөд харахад биеэр дунд зэргийн залуу байдсан гүү байсан. Б ахынд ирэхэд тарга тэвээрэг муутай байсан. Харин идэшний үеэр тарга тэвээрэг сайтай байсан. Би гаргаж янзалсан малынхаа толгойг сайн танина. Миний гаргаж янзалсан адууны толгой улаан хонгор зүстэй байсан бөгөөд зүсээрээ мөн байна. Харин зөв талын чих нь байхгүй болсон байна. Надтай хамт адуу гаргаж байсан Г доод эрүүг нь зааж янзалсан. Гэхдээ Г нь хэлгүй ярьж чаддаггүй. Би яг хурдан морь ажиж байгаа юм шиг ажаагүй. Гэхдээ адууны бэлчээр дээр адууных нь захаар гарахад улаан хонгор зустэй, духан дээрээ жижиг хумсан сартай, үс ноосоо гүйцэд сайн хаяагүй, үс нь арзайсан жаахан унага байсан. Би тэр унагыг эр, эмийг нь анзаарч чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 125-127 хуу/           

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.А мэдүүлсэн:...2018 онд цас ихтэй зудтай байсан учраас манай гүү нилээн их үхсэн. Тэгээд хавар 2 унагатай гүү худалдаж авахаар шийдэж хүмүүс рүү ярьсан. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргаад 2 унагатай гүү худалдаж авъя, залуу гүү авъя гэхэд зөвшөөрч түүнээс төд удалгүй буюу 2018 оны 05 дугаар сарын 20-ны үе гаргаад эхнэр, хүүхдийн хамт улаан хонгор зүсмийн унагатай гүү, хээр зүсмийн унагатай гүү гэсэн 2 тооны гүү авчраад хоёр гүүг нь соёолон гүү гэж тооцож худалдаж авсан. Төд удалгүй халтар гүүнийх нь унага үхсэн байсан. Харин гүүг нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үед идшинд хэрэглэсэн. Им тамгыг нь сайн анзаараагүй. Гэхдээ хонгор зүстэй залуу байдсан гүү байсан. Анх ирэхдээ тарга тэвээрэг муутай биеэр дунд зэргийн биетэй гүү байсан. Унага нь ээжтэйгээ адилхан хонгор зүстэй, сүүндээ цацдаггүй бололтой, үс ноос нь бурзгар, тааруухан хонгор унага байсан. Харин би им, сар зэрэг бусад зүйлийг нь анзаараагүй. Манайд ирээд төд удалгүй унага нь үхсэн. Шууд л залуу гүү гэж тооцоод 650.000 төгрөгөөр авсан. М.Б нь зарахдаа өөрийн гүү гэж ярьж байсан. Мөнгийг нь дансаар шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Шын мэдүүлсэн:...2018 оны 12 дугаар сарын эхээр шиг санаж байна, би өвлийн идэшний адууны ширнүүдээ тушаах гээд Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явах гэхэд манай саахалт айлын Б идэшний үеэр өөрийнхөө идшинд идсэн хонгор адууны ширийг ачаад надтай хамт яваад зарж борлуулсан. Харин тухайн үед надад ярихдаа тухайн хонгор адууг хүнээс хямдхан худалдаж авсан гэж ярьж байсан. Тухайн адууны ширийг хуйлаад бөөрөнхийлсэн байсан учраас ямар шир байсан талаар сайн мэдэхгүй. Ямар ч байсан хонгор зүстэй адууны шир байсан. Тэр үед Г гаргалцсан. Гэхдээ Г хэл яриа муутай, ярьж чаддаггүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 130-131 хуу/              

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07, 09, 84 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08, 10-11, 85 хуу/

“Хас үнэлгээ “ ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 55 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 60 хуу/

“Хас үнэлгээ “ ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 63 тоот хохирлын үнэлгээ /хх-ийн 139 хуу/

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 143 хуу/

Иргэн Д.Сын тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 88-89 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 168 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 177/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн 2 хуудас баримт зэрэг болно.

 

            Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2018 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Ааймгийн Хсумын Ө багийн С гэх газраас Д.Нын эзэмшлийн 1 тооны зээрд морь хулгайлагдаж, Д.Нд 825.000 төгрөгийн хохирол учирсан, 2018 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө А аймгийн Тсумын Хбагийн Ө толгой гэх газраас Д.Сын унагатай 1 тооны гүү хулгайлагдаж, Д.Ст 1.600.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.       

Шүүгдэгч М.Б нь дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай, шүүгдэгч М.Б нь 2018 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө А аймгийн Х сумын Өбагийн С гэх газраас Д.Нын эзэмшлийн 1 тооны зээрд морийг хулгайлж, 825.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Нын мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булаг Богино хамар гэх газар оршин суух гэрийн гаднаас манай аав болох Д манай хүүд бэлэглэсэн их сайхан номхон морь буюу өнгөрсөн хаваржин гэрийнхээ гадаа тэжээж унадаг байсан, гэрийн хаяанаас огт хөдөлдөггүй зээрд зүсмийн морь маань хөлдөө чөдөртөй, толгойдоо саарал мяндсан ногттой алга болсон. Манайх уг морио орой нь идүүлэхээр орхиод маргааш өглөө нь буюу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өглөө үзэхэд ор сураггүй алга болсон байсан. 2019 оны 05 дугаар сарын эхээр манай хулгайд алдсан адуу маань зөв талынхаа гуян дээр давхар саран дэвсгэртэй монгол “Б” үсгэн тамга даруулсан бас нэг даагатай хамт өөрийн ижил сүрэгтээ гүйж ирсэн бөгөөд манай адуу нөгөө даага хоёрын хойноос элдэв хүмүүс ирсээр байгаад хамгийн сүүлд анх зарж борлуулсан эзэн нь манайхтай худ ургийн холбоотой манай нутагладаг газраар байнга шахуу явж байдаг М.Б нь манай адууг зарсан байсан. Тиймээс эхний ээлжинд М.Бг манай адууг хулгай хийсэн гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 16-20, 21-23/, мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч А.Г мэдүүлсэн “2018 оны 11 дүгээр сарын үед Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Буйлан гэх газарт нутагладаг Бгийн О гэх хүнээс зөв талын гуян дээрээ давхар саран дээр монгол “Б” үсгэн тамгатай, зөв талын чих нь үзүүрээсээ цуулбар имтэй, гэдсэндээ цагаан өнгийн олойртой нас нийлсэн зээрд зүсмийн морийг манай аав болох О 700.000 төгрөгөөр дансаар шилжүүлж, худалдаж авсан. Түүнээс хойш гэрийн гаднаас тавилгүй байнга тэжээж унаж эдэлж байсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс тавиад тэжээгээд байсан. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө зээрд морь маань манай аавын танил Архангай аймгийн Хотонт сумын иргэн З.Х ахын манай адуунд хураалгасан байсан бор гүүнээс унагалж манай дүүд бэлэглэсэн энэ хаврын ногооны буурал халзан даага маань хамт алга болсон. Түүнээс хойш эрэл сурал болоод 4 өдөр яваад сураг чимээ гараагүй байсан чинь З.Х ах 2019 оны 05 дугаар сарын 09-ний орчимд Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булаг гэх газарт сураг гаргаад манай аав О С гэж дууддаг ахын хамт Хотонт сум явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бмэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булаг Богино хамар гэх газар оршин суух гэрийн гаднаас манай аав болох Д манай хүүд бэлэглэсэн их сайхан номхон, өнгөрсөн хаваржингаа би өөрөө унаж эдэлсэн, гэрийнхээ гадаа байнга тэжээж унадаг зээрд зүсмийн нас нийлсэн морио гэрийнхээ хаяанд 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн оройны 21 цагийн орчим чөдөрлөөд толгойд нь ногттой, цулбуурыг чиргүүлээд идүүлсэн. Зээрд морь маань 2018 оны 05 дугаар сарын 18-ны өглөө ор сураггүй алга болсон. 2019 оны 05 дугаар сарын эхээр манай хулгайд алдсан адуу маань зөв талынхаа гуян дээр давхар саран дэвсгэртэй монгол “Б” үсгэн тамга даруулсан бас нэг даагатай хамт өөрийн ижил сүрэгтээ гүйж ирсэн. Харин манай адуу нөгөө даага хоёрын хойноос элдэв хүмүүс ирсээр байгаад хамгийн сүүлд анх зарж борлуулсан эзэн нь манайхтай худ ургийн холбоотой, манай нутагладаг газраар байнга шахуу явж байдаг М.Б нь хүнд адуугаар сольж зарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32/, мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Х мэдүүлсэн “2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумаас О над руу залгаад өвөл миний худалдаж авсан зээрд зүсмийн морь чиний бэлэглэсэн даагыг аваад алга болчихлоо, чи сураг чимээ тавьж байгаарай гэсэн. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант баг Сайхан булаг гэх газарт Огийнхоос гүйсэн гэх зээрд морь, буурал халзан даага хоёрын сураг гарч О, Огийнд хотоос ирсэн нэг хүн, бид гурав Сайхан булагт нөгөө хоёр адуугаа авах гээд очиход цагдаа сэргийлэх болоод явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Р мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөр сант багийн Сайхан булаг Богино зурай гэх газраас өөрийнхээ гэрийн гаднаас тэр жилийнхээ хаваржин унасан номхон сайхан зээрд морио алдсан бөгөөд гэрийнхээ гадаа манай хүргэн Бчөдөрлөж тавиад ногттой нь үлдээсэн. Тэгсэн чинь маргааш өглөө нь боссон чинь гэрийнхээ гаднаас холддоггүй зээрд морь маань байхгүй болсон байсан. Тэгээд хүргэн Бмордоод олоогүй. Жил орчмын дараа 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр ижил сүрэгтээ нэг даага дагуулсан гүйж ирсэн бөгөөд ирэх үедээ зөв талын гуян дээрээ тамгатай болсон гүйж ирсэн. Тэгээд цагдаад хандах болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Д мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн Сайхан булаг Богино зурай гэх газраас гэрийнхээ гаднаас чөдөрлөсөн ногттой адуугаа хулгайд алдсан. Алдсан гэх адуу маань миний унаган адуу буюу 1 тооны сайхан зээрд морь байсан. Тэр морь алддаг шөнө манай нохой зээрд морь аргамжсан зүгт хуцаад байсан. Түүнээс үзэхэд аргагүй л хүн хулгайлсан байх. Харин гүйж ирэхдээ тамгатай болсон байсан” гэх мэдүүлэг /хх-45-46/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цийн мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө манай гэрийн гаднаас номхон зээрд морь алга болсон. Маргааш нь би морьтой зээрд морио уулын модоор 4 хоног хайгаад сураг гараагүй. Харин энэ хавар нэг тооны даага дагуулсан гүйж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын дундуур зээрд зүсмийн их сайхан морио эгчийн хүүд бэлэглэсэн. Өнгөрсөн хавар буюу 2018 оны хаваржин унаж хэрэглэсэн морь байсан. Тэгээд нэг шөнө гэрийнхээ хажууд шахуу чөдөрлөөд толгойд нь ногттой үлдээсэн байсан чинь тэр шөнөө алга болсон. Зээрд морь алга болсон шөнө манай нохой нилээн их хуцаж хоносон бөгөөд өглөө нь зээрд морь алга болсон байсан. Манай гэрийнхэн морь, мотоцикль нийлсэн 4 хүн 4-5 өдөр модоор, талаар хайгаад олоогүй. Тэгээд өнгөрсөн хавар өөрийнхөө адуунд нэг тооны даага дагуулсан гүйж ирсэн. Харин ирэх үедээ зөв талынхаа гуян дээр давхар саран дээр монгол “Б” үсгэн тамгатай болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Б мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын дундуур шиг санаж байна, манай саахалт айлын Бах намайг морь эрэлцээд өг гэж гуйсан. Тэр үед Бах гэрийнхээ гаднаас чөдөртэй морио алдсан гэж ярьж байсан. Тэгээд би түүнд зөвшөөрч 4 хоног эрэл хийхэд нь тусалсан бөгөөд би эрэлд явахдаа нутагладаг газрынхаа эргэн тойрны модоор хайгаад олж чадаагүй. Тэгсэн чинь харин энэ хавар бид нарын хайгаад байсан зээрд морь нэг даага дагуулсан гүйж ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ч мэдүүлсэн “2018 оны 08 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Буйлан нуур гэх газар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харъяат Л.Б адуугаа хужирлаж яваад манай нөхөртэй наймаа хийгээд нэг зээрд морь зарсан байсан ба тэр моринд нь манай нөхөр өөрийнхөө эзэмшлийн давхар саран дээр монгол “Б” үсгэн тамгатай тамгаа дарсан байсан. 2018 оны 12 дугаар сарын дунд үеэр Цэнхэр сумын Буйлан багийн иргэн О гэх хүнд 700.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.О мэдүүлсэн “Тухайн үед би Л.Бгийн адуун дотор байсан зээрд зүсмийн морийг нь сувай гүүгээр худалдаж авсан. Би тэр морийг нь 2018 оны 12 дугаар сарын дунд үеэр Цэнхэр сумын Буйлан багийн иргэн О гэх хүнд 700.000 төгрөгөөр зарсан. Би худалдаж авсныхаа дараа өөрийнхөө давхар саран дэвсгэртэй монгол “Б” үсгэн тамгаар тамгалсан. О надаас худалдаж авсныхаа дараа тэр зээрд морийг 2019 оны хавар гүйлгээд алдсан байсан. Архангай аймгийн Хотонт сумаас тэр морины эзэн нь гарахад нь би тэр морийг хулгайн адуу гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/, мөрдөн байцаалтын шатанд М.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн” Тухайн зээрд морь манай адуунд нийлчихсэн байсныг би зарсан нь үнэн. Намайг адуугаа хужирлаад явж байхад О ах таараад жаахан хүүхдэд унуулчих номхон морь байна уу гээд манай адуунд байсан зээрд зүсмийн морийг зарах уу гэхээр нь зарна гээд орны гүүнээс нь өгсөн. Би өөрийн бугуйлаар барьж О ахад зарсан. Буруу талын чих нь цуулбар имтэй, тамгагүй, нас нийлсэн морь байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72-75/ зэрэг нотлох баримтуудаар,

            Шүүгдэгч М.Б нь 2018 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө А аймгийн Т сумын Х багийн Ө гэх газраас Д.Сын унагатай 1 тооны гүүг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Сын мэдүүлсэн “2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай өөрийн унаган адуу болох хязаалан насны хонгор байдас маань анх унагалаад адуутай хамт явдаг байсан. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед би өөрийн эхнэрийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Өлзийт голын Бумба толгой гэх газарт адуун дээрээ очиж адуугаа харахад манай зээрд азаргатай адуу бүрэн байсан. Тэр өдрөө адуугаа татах гэж байгаад орхиод гэртээ ирцгээгээд маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд зээрд азаргатай адуугаа гэр рүүгээ ойртуулах гээд урд өдөр нь очсон малын бэлчээр дээр ирэхэд Бумба толгойн урд энгэрт адуу гарсан байдалтай байсан бөгөөд зээрд азаргатай 16 тооны адуун дундаас духан дээрээ хумсан сартай, эр, улаан хонгор зүсмийн биеэр жижиг нялх унагатай, зөв талын чих нь урдаасаа босоо сүйх имтэй, зөв талын гуяндаа дөлтөй саран тамгатай улаан хонгор зүсмийн хязаалан насны гүү байхгүй болсон байсан. Тэгээд унагатай гүү алга болсон тэр өдрөөс хойш эргэн тойронд нь гэрээ тойроод морьтой, мотоцикльтой хүмүүс 30 км орчим радус дотор хайсан боловч ямар нэгэн сураг чимээ гараагүй. 2018 оны өвөл манайхтай саахалт нутагласан Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн иргэн Б, Бгэх хүмүүст алга болсон унагатай гүүгээ захисан байсан чинь 2018 оны 05 дугаар сарын 20-д нилээн өнгөрөөгөөд Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багаас Бнь над руу залгаад танайхаас алга болсон унагатай гүүтэй адилхан гүүний сураг Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Халзангийн намаг гэх газарт Ч.Б гэх айлд ирсэн байна гэж сураг дуулаад би Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багт Ч.Б гэх айлын адуунд нь унагатай гүүгээ үзэх гээд Ч.Бын адууг олж чадаагүй буцсан. Түүнээс хойш сураг чимээ тавиад байсан чинь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орсон хүйтэн бороонд хумсан сартай эр хонгор унага нь үхсэн. Харин улаан хонгор гүү нь адуутай холбоотой байгаа сураг гарсан. 2019 оны 05 дугаар сарын 10-ны үеэр Архангай аймгийн Хотонт сумын цагдаа дээр ирж алдсан адуугаа бүртгүүлэх гэхэд миний хулгайд алдсан унагатай гүүний маань толгой Цагдаагийн газарт цагаан өнгийн шуудайтай байхаар нь толгойг сайн нягталж үзэхэд имтэй талынх нь чихийг юм идсэн ч юм шиг эсвэл хэргээр имтэй талынх нь чихийг огтлоод хаясан ч юм шиг байдалтай байсан. Гүүний маань зүс нь мөн, дээрээс нь шүдийг нь үзэхэд яалт ч үгүй хязаалан насны адууны шүд мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 92-96, 97-99/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б мэдүүлсэн “2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай зээрд азаргатай адуунд явдаг улаан хонгор зүсмийн хязаалан байдас унагалж түүнээс духан дээрээ хумсан сартай, эр, улаан хонгор зүсмийн унага гарсан. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед би өөрийн нөхрийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Өлзийт голын Бумба толгой гэх газарт адуун дээрээ очиж адуугаа харахад манай зээрд азаргатай адуу бүрэн байсан бөгөөд нөгөө унагалсан улаан хонгор зүсмийн байдсан гүү маань адуундаа байсан. Маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчимд манай нөхөр болох Д.С зээрд азаргатай адуугаа гэр рүүгээ ойртуулах санаатай яваад нилээн орой ганцаараа гэртээ ирээд зээрд азаргатай 16 тооны адуун дундаас духан дээрээ хумсан сартай, эр, улаан хонгор зүсмийн биеэр жижиг нялх унагатай зөв талын чих нь урдаасаа босоо сүйх имтэй, зөв талын гуяндаа дөлтөй саран тамгатай улаан хонгор зүсмийн хязаалан насны гүү байхгүй болсон байна гэхээр нь би нөхөртөө хандаж нөгөө 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр унагалсан хонгор хязаалан гүү юм уу гэхэд манай нөхөр тийм гэж байсан. Тэгээд би тэр үедээ нэг гүү алга болсон гэж өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж тэмдэглэж байсан. 2018 оны өвөл манайхтай саахалт нутагласан Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн иргэн Б, Бгэх хүмүүсээс манай нөхөрт сураг чимээ ирээд нөхөр маань Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Халзангийн намаг гэх газарт Ч.Б гэх айлын адуунд унагатай гүүгээ очиж үзэхээр явсан боловч тэр айлынх нь адууг огт олж чадаагүй ирсэн. Түүнээс хойш сураг чимээ тавиад байсан чинь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орсон хүйтэн бороонд хумсан сартай, эр, хонгор унага нь үхсэн, харин улаан хонгор гүү нь адуутай холбоотой байгаа сураг гарсан ч бид хүн бүл муутай учраас дахиж доошоо эрэлд явж чадаагүй байсан. 2019 оны 05 дугаар сарын 10-ны үеэр Архангай аймгийн Хотонт сумын цагдаа дээр ирж алдсан адуугаа бүртгүүлэх гэхэд манай алдсан хязаалан гүүний толгой цагдаагийн газарт байсан. Тухайн гүүний толгой нь манай алдсан адууны толгой мөн. Яагаад гэвэл манай унаган адуу учраас үхсэн ч гэсэн шууд толгойг нь хараад таньсан. Дээрээс нь нэг үлдсэн чих нь сайн ажиглах юм бол хувдуу, мөлгөр чихтэй адуу байсан. Манай нөхөр хүртэл шүдийг нь үзэж насыг нь тоолоход хязаалан насны адуу мөн байсан учраас тухайн хонгор адууны толгой манай алдсан гүүний толгой яах ч аргагүй мөн” гэх мэдүүлэг /хх-ийн 100-103/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Д мэдүүлсэн “Өнгөрсөн хавар хулгайд алдсан гэх хонгор зүсмийн гүүг би мэднэ. Би өөрийнхөө охин болох Д.Быг 2009 онд гэр бүл болоход нь өмчинд би өөрийнхөө адуунаас саарал зүсмийн гүү бэлэглэж байсан. Би өнгөрсөн хавар хүргэнийдээ ирсэн байж байхад манай хүргэн болох Д.С хумсан сартай, эр, улаан хонгор унагатай, улаан хонгор зүсмийн хязаалан насны байдсыг адуун дотроос надад зааж өгөөд таны бид хоёрт өгсөн саарал гүүнээс унагалсан хонгор гүү байгаа, тэрний хамгийн анхны төл мал энэ байдсан гүү байгаа юм, энэ жил хязаалан насандаа унагалсан гэж ярьж байсан. 2019 оны 05 дугаар сар гараад манай хүргэн Д.С нь цагдаа дээр очоод адууны толгой үзээд өгөөч гэхээр нь хамт ирэхэд нэг хонгор адууны толгой байхаар нь үзэхэд өнгөрсөн хавар манай хүргэний надад зааж харуулж байсан хонгор гүүний толгой мөн байсан ба шүдийг нь үзэхэд хязаалан насны энэ жил хэрвээ амьд байсан бол ногооноор соёолох адууны толгой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 104-106/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Б мэдүүлсэн “Д.С нь 2018 оны 05 дугаар сарын дундуур унагатай хонгор гүү хулгайд алдсан гэж дуулсан. Түүнээс хойш адуугаар нь орж үзэхэд тэдний нэг хонгор гүүний төл болох хязаалан насандаа унагалсан улаан хонгор зүсмийн гүү нь өөрийнхөө духан дээрээ сартай, эр, улаан хонгор унагатайгаа байхгүй болсон байсан. Д.С адууны толгой үзээд өгөөч гээд нэг хонгор адууны толгойг үзүүлэхэд тэдний адуунаас алга болсон гэх хонгор гүүний толгой дүрээрээ мөн байсан бөгөөд шүдийг нь үзэхэд хязаалан насны адуу гэдэг нь тодорхой байсан. Хонгор гүүний содон шинж нь гэвэл чих нь хулгардуу мөлгөр чихтэй адуу байсан бөгөөд толгойнд нь үлдсэн чих нь яг мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 107-109/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ц мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын дундуур тэдний зээрд азаргатай адуунаас нь хонгор гүүнийх нь унага өнгөрсөн жил хязаалан насандаа унагалсан улаан хонгор зүсмийн байдсан гүүний хамт хулгайд алдагдаад олдоогүй. Д.С цагдаа дээр очоод адууны толгой үзүүлэхэд өнгөрсөн жил тэдний адуунаас алга болсон хонгор гүүний толгой дүрээрээ мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 110-112/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Гмэдүүлсэн “Намайг морь мал уядаг болохоор Д.С адууны толгой үзээд насыг нь хэлээд өгөөч гэхээр нь нэг хонгор адууны толгой үзэж насыг нь тоолоход хязаалан насны адууны толгой байсан. Өнгөрсөн хавар Д.Сынх нэг унагатай гүү хулгайд алдсан гээд хайгаад явж байсан. Тэр адууны толгой Д.Сынх гэж ярьцгааж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 113-115/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бын мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өнгөрөөгөөд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Ар гичгэнэ гэх газар нутагладаг Бгэх айлаас хонгор зүсмийн, өнгөрсөн жил манайд ирэхдээ соёолсон соёолон насны, им, тамгагүй, духан дээрээ дугуй хумсан сартай, эр, улаан хонгор зүсмийн жижиг биетэй сүүндээ цадаагүй байдаг унага шиг үс ноос нь арзайсан унагатай нь 650.000 төгрөгөөр бодож худалдаж авсан”, “Б өөрийн эзэмшлийн гүү гэж хэлж зарсан. Түүнээс биш хулгайн адуу гэж огт хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 120-122, 123-124/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Эын мэдүүлсэн” Б ах гаргаж янзалсан адуугаа 2018 оны 05 дугаар сарын сүүлээр хүнээс худалдаж авсан байсан бөгөөд улаан хонгор зүсмийн байдсан гүүг хумсан сартай, улаан хонгор зүсмийн хөөрхөн бондойсон унагатай нь худалдаж авсан гэж байсан. 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бороо орж нутгийн хүмүүсийн адуу нь Орхон голыг дагаж өгсөх үед тухайн гүүний унага нь үхсэн гэж ярьж байсан. Харин нөгөө улаан хонгор гүүг адуундаа байлгаж байгаад идэшний үеэр гаргаж янзалсан. Улаан хонгор зүсмийн, улаан хүрэндүү голтой байсан бөгөөд би им, тэмдгийг сайн анзаараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 125-127/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.А мэдүүлсэн “2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргаад 2 унагатай гүү худалдаж авъя, залуу гүү авъя гэхэд зөвшөөрч түүнээс төд удалгүй буюу 2018 оны 05 дугаар сарын 20-ны үе гаргаад Б эхнэр, хүүхдийн хамт улаан хонгор зүсмийн унагатай гүү, хээр зүсмийн унагатай гүү гэсэн 2 тооны гүү авчраад хоёр гүүг нь соёолон гүү гэж тооцож худалдаж авсан. Төд удалгүй халтар гүүнийх нь унага үхсэн байсан. Харин гүүг нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үед идшинд хэрэглэсэн. Хонгор зүстэй залуу байдсан гүү байсан. Анх ирэхдээ тарга тэвээрэг муутай биеэр дунд зэргийн биетэй гүү байсан. Унага нь ээжтэйгээ адилхан хонгор зүстэй, сүүндээ цацдаггүй бололтой, үс ноос нь бурзгар, тааруухан хонгор унага байсан. М.Б нь зарахдаа өөрийн гүү гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 128-129/, шүүгдэгч М.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Би бусдын 2 тооны адууг хулгайлснаа зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б овогт М Бг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулж, шүүгдэгч М.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн мяндсан олс 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч М.Бгаас хохирогч Д.Нын алдсан адуунд байсан ногтны үнэ 25.000 төгрөг, хохирогч Д.Сын унагатай гүүний үнэ 1.600.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Гос худалдаж аваад буцааж өгсөн морины үнэ 700.000 төгрөгийг тус тус гаргуулж олгуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн ба шүүгдэгч М.Б нь завсарлага авч дээрх хохирол төлбөрийг төлсөн болох нь хохирогч Д.Сын мэдүүлэг, төрийн банкны орлогын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч О.Г тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч Д.Н нь хохиролд 1.500.000 төгрөг, хохирогч Д.С нь алдсан малаа эрж хайсны зардал 500.000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй тул хохирогч Д.Нын 1.475.000 төгрөгийн /ногтны үнэ 25.000 төгрөгийг шүүгдэгч М.Б төлсөн/, хохирогч Д.Сын 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

             Шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

            Шүүгдэгч М.Б нь 2018 оны 05 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө бусдын 2 тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн ба энэ хугацаанд Монгол Улсын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болж хэрэглэсэн болно.

            Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээлийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч М.Бд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх боломжтой гэж дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М Бг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч М.Бгийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн мяндсан олс 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Нын нэхэмжилсэн 1.475.000 төгрөгийн, хохирогч Д.Сын нэхэмжилсэн 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ