Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2053

 

МАГАДЛАЛ

 

2016.12.14                                                 Дугаар 2053                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/00773 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: ХХХХ нь Монгол Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаад 2012 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “ХХХХ" ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 288/12 тоот тушаалын дагуу Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 015/59 тоот тушаалаар Зөвлөх албан тушаалд шилжин ажилласан. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр намайг ажлаас халсан гэж мэдэгдээд, компьютерээ авна гээд авсан. Харин албан ёсоор ажлаа хүлээж авах талаар надад юм хэлээгүй. Би Солонгос талын захирал албан ёсоор ажил хүлээж аваагүй, ажлаас халсан тушаал гардуулж өгөөгүй тул ажлаа хий гэхийг нь хүлээж байтал 15 хоног өнгөрсөн. Ингээд Намайг ямар үндэслэлээр ажлаас халсан бэ, тушаал танилцъя гэж утсаар асууж шаардахад чамайг халсан, өгөх тушаал байхгүй гэсэн хариу хэлсэн. Нийгмийн даатгалын дэвтэрээ 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн аваад үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16/018 тоот тушаалаар чөлөөлөв гэсэн үг бичигдсэн байна. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цуцалсан талаар надад мэдэгдээгүй ба хууль бус шалтгаангүйгээр ажлаас халсан байгаа. Миний нэг сарын тарифт цалин 7 900 ам.доллар байдаг тул энэ дүнгээс татвар хураамж тооцогдон төлж байсан. Харин сүүлийн үед Солонгос захирал ажилчдыг хүчээр амраах, цалинг хууль бусаар багасгах зэргээр дураараа загнаж байсан тул миний цалин хасагдсан байгаа. 2012 оны 5 дугаар сараас 2013 оны 4 дүгээр сарыг дуустал цалин аваагүй ажилласан ба Солонгос талын удирдлага “Чи ажлаа сайн хийгээд санхүүгийн энэ хүндрэлтэй байдлыг арилгах талаар гүйцэтгэх ажлаа хэрэгжүүлж бай, цалинг чинь сарын 10 000 ам.доллараар тооцоод нэг мөр олгоод, зохих журмын дагуу бичилт хийж өгнө гэж байнга амлаж байсан тул би ажлаа хийсээр байсан. Гэтэл надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч өмнө өгвөл зохих цалин хөлсөө ч бодож олгоогүй байна. Надад хөдөлмөрийн гэрээ, намайг ажилд авсан, халсан тушаал байхгүй бөгөөд зөвхөн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр ажил үүрэг гүйцэтгэж байсан, цалин хөлс авч байсан зэргээр нотлох болно. ХХХХ нь “ХХХХ" ХХК-ийн 6,5 хувийн хувьцааг “ХХХХ” ХХК-иар дамжуулах эзэмшдэг. Иргэний хэрэг үүсгэх захирамж нь хэргийн эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул гэм буруутай талаар нотлох баримт болохгүй. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 оны 08 дугаар сард компанийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гүйцэтгэх удирдлага ч солигдож, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааны тогтоолоор ХХХХыг “ХХХХ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлөн, орлогч захирлын албан тушаалд томилон өөрчилж, ХХХХ гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохоор шийдвэрлэж үүний дагуу холбогдох бүртгэлийг хийлгэсэн. ХХХХ орлогч захирлаар ажиллахыг хүсээгүй тул өөрийнх нь хүсэлтээр орлогч захирлаар улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бөгөөд дан ганц ХХХХ гүйцэтгэх захирлаар бичүүлж бүртгүүлсэн. Үүний дараагаар ХХХХ компанийн 6.5 хувийн хувьцааг өөрийн “ХХХХ” ХХК-иар эзэмшигч, Монгол талын түнш болохын нь хувьд, мөн монгол дахь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар илүү мэдээлэлтэй зэрэг байдлыг харгалзан үзэж, ХХХХыг “ХХХХ" ХХК-ийн зөвлөхөөр ажиллуулах тухай хэлцлийг байгуулсан байдаг. Уг хэлцлээр ХХХХ нь урьд гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеэс эхлүүлсэн, хариуцаж байсан зарим нэг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр тохиролцож, энэ хугацаанд ХХХХд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үеийн цалинтай дүйцэх хэмжээгээр хөлс олгож, нийгмийн даатгалын төлөлтийг хийж ирсэн. Гэтэл ХХХХ нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа өмгөөлөгч ХХХХ-тай 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, гэрээ байгуулснаас хойш 5 жилийн хугацаанд компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлэх, баримт бичиг, гэрээ хэлцлийг боловсруулах, хянах, мөн компанитай холбоотой хэрэг маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай нөхцөлийг тохиролцсон байх бөгөөд үүнийгээ Компанийн бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан байх бөгөөд уг гэрээний үнийн дүнд нийт 340 000 000 төгрөгийг өмнө байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр мэтээр тайлбарлаж, компаниас гаргуулж өмгөөлөгч ХХХХ-д олгосон байдаг. Мөн үүний дараагаар 2015 оны 9 дүгээр сарын 9, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай нэмэлт гэрээнүүдийг байгуулж, уг гэрээгээр тус компанид үзүүлсэн үйлчилгээндээ дахин их хэмжээний төлбөрийг давхар авч компанид хохирол учруулсан болохыг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн компанийн зарим хувьцаа эзэмшигчид болоод ХХХХ өмгөөлөгчтэй хийсэн уулзалтын үеэр олж мэдсэн. ХХХХ нь ийнхүү түншүүдийн хооронд итгэл эвдсэн зүй бус үйлдэл гаргаж, компанид их хэмжээний хохирол учруулан, өөрийн хариуцсан ажлаа гүйцэтгэж чадахгүй болох нь дээрх үйлдлээс харагдаж байх тул компанийн удирдлагын зүгээс цаашид ХХХХд ажлын өрөө тасалгаагаар ханган өгч, хамтран ажиллах боломжгүй болохоо илэрхийлсэн. Дээрх байдал нь ХХХХ-ын хувьцаа эзэмшиж буй байдалд нөлөөлөхгүй бөгөөд, компанийн 6.5 хувийн хувьцаа эзэмшигч хэвээр байгаа билээ. Эндээс үзэхэд, талуудын хооронд ХХХХ-ын гаргасан нэхэмжлэлд дурдсан шиг ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулдаг хөдөлмөрийн гэрээний харилцаа анхнаасаа бий болоогүй, гагцхүү хувьцаа эзэмшигчдийн хувиар хамтран ажиллах, нэг нь нөгөөдөө зөвлөх хүрээнд хэлэлцэж тохирсон бизнесийн түншлэлийн харилцаа л байсаар ирсэн. Иймд ХХХХ-ын ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

              Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч “ХХХХ" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ХХХХ-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ХХХХ нь "ХХХХ” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг тул ХХХХ ХХК-д удирдах, хяналт тавих шинжтэй ажил албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулан ажиллаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж дүгнэсэнээр хөдөлмөрийн гэрээ, контракт байгуулан ажиллаж байгаа гэдгийг дүгнээд байна. Иргэний хэргийн материалд зэрэгцсэн гэрээ контрактын талаар ямар ч баримт байхгүй харин ХХХХ ажлын байрны тодорхойлолт хавсаргасан байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай УДШ-ийн 2006 оны 33 дугаар тогтоолын 2-д “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэх бөгөөд харин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны буруугаас болсон нь тогтоогдвол маргааныг Иргэний хуулийн /369 дүгээр зүйлийн 369.3, гэм хор, гэх мэт/ дагуу” шийдвэрлэнэ. Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д заасан "гарын үсэг зурсан" гэдэг бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч иргэн, ажил олгогч хуулийн этгээд, байгууллагыг төлөөлж, эрх бүхий албан тушаалтан, мөн ажилд орохыг хүссэн эрх зүйн чадамж бүхий иргэн өөрөө гарын үсэг зурсан байхыг хэлнэ гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.11-д хөдөлмөрийи гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтньг торгох тухай заасан байна. Нэхэмжлэгч тал ажлаас халагдсан гэх тушаалыг гардаж аваагүй түүний утга агуулгатай 2016 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд танилцаагүй, танилцах боломжгүй байсанд шүүх дүгнэлт өгөөгүй.

Хариуцагч өөрийн давуу байдлаа ашиглаж 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16/018 дугаартай тушаалыг өөрийн үзэмжээр найруулан бичсэн гэж үзэж байна. Энэ тушаалд ХХХХыг компанийн удирдлага хөрөнгө оруулагч нарын итгэл алдсан, их хэмжээний үнийн дүн бүхий хэлцэл байгуулсаныг нуун дарагдуулсан учир хамтран ажиллах боломжгүй гээд орон тооны зөвлөхийн ажлаас чөлөөлсөн гэж заасан байна. Гэтэл ХХХХыг анх зөвлөхөөр томилохдоо орон •тооны бус гэсэн тушаал гарсан гэж хэлж мэдэгдээгүй болно. Эдгээр заалтаас дүгнэхэд ХХХХыг ажил олгогчийн итгэлийг алдсан гэж ажлаас чөлөөлсөн байна. Гэтэл итгэл алдсанг нотлосон баримт хэрэгт байхгүй байна. УДШ-ийн 2006 оны 33 дугаар тогтолын 19-д Хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т заасан "ажлаас халагдсан өдөр" -ийг ажил олгогчийн шийдвэрт заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно. Ажил олгогчийн шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заасан хугацаа ажилтны буруугаас хэтэрвэл уг шийдвэр /тушаал, захирамж гэх мэт/-т заасан өдрийг, харин ажил олгогчийн буруугаас хэтэрвэл ажил хүлээлгэн өгсөн өдрийг тус тус ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдөр гэж үзнэ гэж заасан байна.

“ХХХХ" компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Солонгос улсын иргэн ХХХХ нь Монголд ирж ажилласан үеэсээ эхлэн дураараа аашилж олон хүнийг ажлаас халсан бөгөөд маш их зальтай тул тушаал шийдвэр гаргахгүй анх ХХХХыг халсан гэж хэлээд ажлын байрнаас хөөж гаргасан юм. Нэхэмжпэгчийн хувьд “ХХХХ" компаниас нотлох баримт шаардвал тамга тэмдэгтэй, эрх мэдэлтэй давуу байдлаа ашиглаад тушаал шийдвэр нөхөж хийж өгөх байсан тул ямар нэг нотлох баримт шаардах боломжгүй тэнцвэргүй нөхцөлд ажил олгогчтой Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг үүсгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.15-д, ажил, албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт болон, албан тушаалын лавлах баталж мөрдөөгүй албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч торгоно гэж заасан байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаандах олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 015/59 тоот тушаалаар Зөвлөх албан тушаалд ажиллаж байхад хөдөлмөрийн гэрээ цуцлах шалтгаанаа мэдэгдэлгүйгээр хууль бусаар халсан...” гэсэн, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ “...нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцаа байхгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж тус тус тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч компанид 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс тус компанийн захирлын 015/59 тоот тушаалаар захирлын орон тооны бус зөвлөхөөр ажилласан баримт хэрэгт авагджээ.

Дээрх тушаалын 2-т компани нь ХХХХ-ын хүсэлтээр түүний нийгмийн даатгалын шимтгэлийг авч буй цалингийн хэмжээгээр үргэлжлүүлэн төлөх, хэрэглээний зардлыг зохих хэмжээнд нь сар бүр олгож байхаар шийдвэрлэсэн, энэ тушаалын агуулгын талаар зохигч маргаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын авч байсан хэмжээгээр цалинжиж байсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

Харин нэхэмжлэгч нь “зөвлөх” нь орон тооны ажил гэж, хариуцагч нь орон тооны бус албан тушаал гэж маргаж байна.

Хэргийн 121 дэх талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагч компанийн захирал болон нэхэмжлэгч нар ажил үүргээ хуваарилан тогтоосон гэхээр байгаа ба 2015 оны 2 дугаар сарын 23-наас өмнөх гүйцэтгэж ирсэн бүх ажлыг ХХХХ үргэлжлүүлэн гүйцэтгэх, уул уурхайн холбогдох бүх төрлийн ажил үүргийг /Засгийн газрын ажлын дараах холбогдох ажил гэх мэт/ нэхэмжлэгчид хариуцуулсан, энэ баримтын агуулгаар зохигчид маргаагүй.

Дээрх баримтад заасан ажлыг нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ, эсхүл хөлсөөр ажиллах гэрээгээр гүйцэтгэж байсан эсэхийг шүүх тодруулаагүй нь буруу байна.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсноор тухайн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэх хуулийн зохицуулалтыг оновчтой сонгон хэрэглэх боломжтой юм.

Тухайлбал шүүх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож байгаа, эсхүл хөлсөөр ажиллах гэрээг цуцалж байгаа эсэхийг тогтоосноор Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуульд заасан холбогдох журмыг хариуцагч хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан зөвтгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/00773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

 

                          ШҮҮГЧИД                                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             М.НАРАНЦЭЦЭГ