Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2019/0767/З |
Дугаар | 221/МА2021/0646 |
Огноо | 2021-12-01 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2021/0646
Д.Ж-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2021/0601 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-ийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Ж-ийн нэхэмжлэлтэй, Монголбанкинд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2021/0601 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Д.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.Ж-ийн худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 1,173,605.88 төгрөг, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт 1,172,803.33 төгрөгийг суутган авсан Монголбанкны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоон” шийдвэрлэжээ.
Хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална гэсний дагуу Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ын 3.3-т “Монголбанк болон арилжааны банк иргэд, хуулийн этгээдийн тушаасан алт, мөнгөний борлуулалтын үнэлгээнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан тухай бүр суутгаж ажлын 10 хоногийн дотор улсын төсвийн дансанд шилжүүлэх”-ээр заасны дагуу Монголбанк Монголбанкинд алт тушаасан этгээдээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган улсын төсвийн дансанд шилжүүлсэн байна.
Энэ нь тус хэрэгт нотлох баримтаар хавсаргасан Татварын ерөнхий газрын дансанд ашигт малтмалын нөөц ашигласны татварыг шилжүүлсэн баримтаар нотлогдож байна. Гэтэл шүүхээс уг зохицуулалт буюу хэрэглэх ёстой зохицуулалтыг хэрэглээгүй хэргийг шийдвэрлэсэн.
Түүнчлэн анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Д.Ж-ийн худалдсан алтны үнийн дүнгээс Ашигт малтмалын нөөц ашигласны албан татварт суутган авч Монголбанкны үйлдлийг илт хууль бус гэж тогтоосон. Шүүхийн шийдвэрт “Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлох худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө гэж заасны дагуу зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгалийн нөөц ашигласны төлөө улсын төсөвт нөөц ашигласан төлбөр төлөх хуулийн зохицуулалттай байхад тусгай зөвшөөрөл эзэмшигч биш нэхэмжлэгчийн худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр суутган авсан Монголбанкны үйлдэл Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэлгүй, хууль бус” гэж дүгнэжээ. Шүүхийн уг дүгнэлтийг 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтыг үндэслэж гаргасан байх боловч нэхэмжлэгч алт тушаасан өдөр буюу 2019оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орсон өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Шүүхээс тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагүй зохицуулалтыг үндэслэж шийдвэр гаргасан нь шүүх хууль түүнтэй холбогдох хэм хэмжээг бүрэн судлаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралд “Монголбанк хариуцагч биш учир нь суутгасан бүх татварыг Татварын ерөнхий газрын төрийн сангийн дансанд шилжүүлдэг тул Татварын ерөнхий газрын оролцоо байгаа” гэж тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал” бодит байдалд хэрхэн хэрэгждэг тухай тогтоох ёстой гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримт дутуу цуглуулснаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Иргэн Ж-ээс “ Монголбанк миний худалдсан алтны үнийн дүнгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 1,173,605.88 төгрөг, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрт 1,172,803.33 төгрөгийг суутган авсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргажээ.
1. Монгол банк нь хуульд заасан бүрэн эрх, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд татварыг суутган аваагүй, нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутгасантай холбоотой татварын эрх зүйн харилцааны хүрээнд маргаан үүссэн байх тул Монголбанк дангаараа Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан захиргааны байгууллага гэж үзэхэд хангалтгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчаар Монголбанк гэж татсан боловч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаар татварын зохих байгууллагыг хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжтой атал уг ажиллагааг явуулаагүй байна.
Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг гаргасны улмаас Монголбанк нь татварын суутгагчийн үүрэг гүйцэтгэсний хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэггүй гэх маргаанд тус хууль болон Татварын хуулийг хэрхэн хэрэгжүүлэх, холбогдох баримтыг цуглуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эрхийг хэрэгжүүлж оролцох боломжгүйгээс гадна шүүхийн шийдвэр биелэгдэх буюу нэхэмжлэл хангагдсан тохиолдолд суутгасан татварыг буцаан олгох боломжгүй.
2. Нэхэмжлэгч нь “... Монголбанкинд тушаасан алтыг би олборлоогүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч биш тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэггүй, бусдаас худалдан авч тушаасан. Хаанаас авснаа хэлж чадна ...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласантай холбогдуулан тухайн алтыг хэнээс худалдан авсан, тухайн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлсөн эсэхтэй холбоотой баримтыг цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой байна.
Учир нь нэхэмжлэгчийг алт тушаах өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасны дагуу Монгол Улсаас олборлосон ашигт малтмал буюу алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох бөгөөд уг төлбөрийг олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан этгээдийн аль нэг нь давхардуулахгүйгээр ногдуулан төлөх үүрэгтэй тул тухайн алтыг худалдсан этгээдийг тодорхой болгож, тухайн төлбөрийг төлсөн эсэхийг тогтоосноор нэхэмжлэгч Д.Ж-ээс төлбөрийг суутгасан үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байна.
Иймд дээрх баримтыг цуглуулж, хамтран хариуцагчаар татварын зохих байгууллагыг татан оролцуулах ажиллагаа хийх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2021/0601 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ