Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00367

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03243 дугаар шийдвэр,

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2431 дүгээр магадлалтай,                                                                                                                                                              

            Н.Т-ын нэхэмжлэлтэй,

            Ш.Л, Л.Э нарт холбогдох

            Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 45.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агар-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Х.Одонтуяа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч Н.Т-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Т- нь өөрийн үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 5а гудамж, 9а тоот хаягт байрлах, улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээний 000129939 дугаартай, 321.6 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 50 м.кв талбайтай гэрчилгээний 000275368 дугаартай хувийн сууцыг бусдад худалдан борлуулахаар Ш.Лд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр итгэмжлэл олгосон болно. Ш.Л нь Н.Т-оос олгосон итгэмжлэлийн дагуу дээрх газрыг 40.000.000 төгрөг, хувийн сууцыг 5.000.000 төгрөгөөр Л.Энхбатад нийт 45.000.000 төгрөгөөр үнэлэн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр худалдсан байдаг. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар Ш.Лгийн Л.Энхбаттай хийсэн хэлцлээс үүсэх эрх нь Н.Т-од бий болсноор худалдан авагч Л.Энхбатаас үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ 45.000.000 төгрөгийг шаардсан боловч хэлцэлд төлөөлсөн Ш.Лд шилжүүлсэн, та хоёр учраа ол гэсэн тайлбарыг өгдөг. Мөн Ш.Лгээс шаардсан боловч холбогдох утсаа авахгүй, зугатааж алга болсон. Ш.Л болон Л.Энараас үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 45.000.000 төгрөгөө шаардахад хэн аль нь бие бие рүүгээ чихэж, нэхэмжлэгчийг төөрөгдөлд оруулж, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хохироож байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас Иргэний хуулийн 186, 243 дугаар зүйлүүдийг үндэслэн 45.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Ш.Л, н.Энхбаяр нарт Н.Т- нь зээлтэй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч нарын тайлбарыг үндэслэн Н.Т-ын төлөх байсан “Актив капитал” ББСБ-д төлсөн 12.306.795 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа 32.693.205 төгрөг болгон багасгаж байна гэжээ.

            Хариуцагч Л.Энхбатын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ш.Лтэй Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Дэнжийн 5а гудамж, 9а тоотод байрлах газар болон байшинг худалдах-худалдан авах гэрээ байгуулж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тус өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үед 13.000.000 төгрөгийн барьцаанд байсан бөгөөд миний бие Ш.Лтэй хамт очиж зээлийг төлж үлдэгдэл мөнгийг иргэн Ш.Лд өгсөн. Ш.Л нь мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Ш.Л гэх хүн цааш нь Н.Т-од өгсөн гэх боловч одоо нэхэмжлэгч аваагүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Н.Т- нь тухайн үед Ш.Л гэх хүнийг над дээр дагуулж ирээд “би энэ хүнд өртэй байгаа, итгэмжлэл хийгээд өгье миний газрыг, байшинтай минь худалдаж аваач” гэж ирсэн. Би энэ хүсэлтийг хүлээн авч мөнгөө бүрэн төлж тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Гэтэл одоо ийм нэхэмжлэл гаргаж байгаад их гайхаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн намайг хариуцагчаар татан оруулж байгааг хасч өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ш.Л, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Н.Т-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Н.Т- нь тухайн үед надаас мөнгө зээлж аваад өгч чадахгүй удаа дараа хөөцөлдсөний эцэст өөрийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 7-254 тоот хашаа байшингаа миний нэр дээр итгэмжлэн нотариатаар орж гэрээ хийсэн. Н.Т- нь бусдаас худлаа ярьж мөнгө зээлэн хугацаандаа төлөхгүй байнга хохирол учруулдаг байсан. Н.Т- нь Ш.Лд 6.000.000 төгрөгийн, н.Энхбаярт 7.000.000 төгрөгийг, “Актив капитал” ББСБ-д 12.306.795 төгрөгийн өртэй байсныг Ш.Л нь н.Энхбаяр болон “Актив капитал” ББСБ-д зээлийг төлж, өөрийн зээлүүлсэн мөнгийг авсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн 2 хувийн татварт 900.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 18.793.205 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрч н.Алтанзаяагийн хамт Н.Т-ыг хөдөө явж байхад нь очиж өгсөн бөгөөд одоо 45.000.000 төгрөгийг бүхлээр нь нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Иймд Н.Т-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

           Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03243 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч Ш.Лгээс 32.693.205 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-од олгож, хариуцагч Л.Энхбатад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Лгээс улсын тэмдэгтийн хураамжид 321.416 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-од олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2431 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03243 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.3” гэснийг “400 дүгээр зүйлийн 400.3” гэж, “32.693.205“ гэснийг “19.693.205” гэж, “Н.Т-од олгож”, гэсний дараа “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.000.000 төгрөгийг болон” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “321.416.03 төгрөгийг гэснийг “256.416 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 27-ны өдрийн 2431 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхэд хариуцагчийн хүсэлтээр гэрч оролцуулан гэрчүүдээс мэдүүлэг авсан байдаг. Гэрч Ж.Энхбаяр нь “Н.Т-оос 7.000.000 төгрөг зээлснийг Ш.Лгээс авсан”, гэрч У.Алтанзаяа нь “...Н.Т- Ш.Лгээс 6.000.000 төгрөг зээлж авсан байсан” гэх мэдүүлгүүд байдаг. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гэрч Ж.Энхбаяр, У.Алтанзаяа нарын мэдүүлгийг үндэслэлтэй хэмээн үзэн тэдний гаргасан тайлбарын дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 13.000.000 төгрөгийг хасч, шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын түвшинд үнэлэн хэргийг шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь гэрчийн мэдүүлэг нь бичмэл бусад нотлох баримтаар нотлох ёстой. Мөн гэрч нь хэрэгт хувийн ашиг сонирхолгүй, хэргийн бодит үйл баримтыг мэдэж буй этгээдийг ойлгож байна. Гэрч Ж.Энхбаяраас Н.Т- нь 7.000.000 төгрөг зээлсэн гэх ба түүнийгээ Ш.Лгээс авсан гэдэг. Энэ нь гэрч нь зээлийн гэрээ болон бусад мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгөх ёстой билээ. Бусад бичмэл нотолгоогоор батлагдаагүй, гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч Ш.Л, Л.Энарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 45,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 32,693,205 төгрөг болгон багасгасан ба Н.Т-ын “Актив капитал” ББСБ-д төлөх зээлээс 12,306,795 төгрөгийг хариуцагч нар төлсөн тухай хариуцагч Ш.Лгийн тайлбарыг зөвшөөрсөн байна.

Хариуцагч Ш.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Н.Т-ын үл хөдлөх эд хөрөнгийг нь худалдаад бусдад өгөх зээлийг нь төлж, үлдсэн мөнгийг нь түүнд өгсөн нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан бол үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, “Актив капитал” ББСБ-д Н.Т-ын төлөх зээлийн үлдэгдлийг төлж, үлдсэн мөнгийг нь Ш.Лд өгсөн бөгөөд би хариуцахгүй, хариуцагч биш гэж Л.Энь маргасан байна.       

Нэхэмжлэгч Н.Т- нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 5а гудамж, 9а тоотод байрлах, 50 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206005932 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц болон газрын өмчлөгч байсан болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000275368 дугаартай гэрчилгээ, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогджээ.

Н.Т- нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиран зарцуулах болон бусад эрхийг Ш.Лд 2 жилийн хугацаатайгаар итгэмжлэл олгосон ба Ш.Л нь энэхүү итгэмжлэлийн дагуу Л.Энхбаттай 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, хувийн сууцыг 5,000,000 төгрөгөөр, газрыг 40,000,000 төгрөгөөр, нийт 45,000,000 төгрөгөөр Л.Эхудалдан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргасангүй.

2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Н.Т- нь “Актив капитал” ББСБ-тай Б075/150209 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг 4,5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж, мөн өдрөө Барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 5а гудамж, 9а тоотод байрлах, 50 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206005932 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, 321 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2206000145 дугаарт бүртгэгдсэн, газрыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн авсан зээл болон барьцаа хөрөнгийг Ш.Л, Л.Энар нь чөлөөлж, зээлийн үлдэгдэл 12,306,795 төгрөгийг Л.Энь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Актив капитал” ББСБ-д төлсөн болох нь орлогын ордер, зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан Л.Энь Ш.Лд 45,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна.

“...өөрөөс нь Н.Т- 6,000,000 төгрөг зээлснийг дээрх 45,000,000 төгрөгөөс суутган авсан, түүнчлэн Ж.Энхбаяраас нэхэмжлэгчийн зээлсэн 7,000,000 төгрөгийг Ж.Энхбаярт төлсөн, мөн үл хөдлөх эд хөрөнгийн 2 хувийн татварт 900,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 18,793,205 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр У.Алтанзаяагийн хамт Н.Т-ыг хөдөө явж байхад нь очиж өгсөн, Ш.Л нь Н.Т-од төлөх төлбөргүй” гэх хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй буюу тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Гэрчээр асуугдсан иргэн Ж.Энхбаяр, У.Алтанзаяа нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдоогүй байх тул хариуцагчийн тайлбар, татгалзлыг үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Н.Т- нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлийг хариуцагч Ш.Лд олгож, Ш.Л нь Л.Энхбатад худалдаж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 45,000,000 төгрөгийг хүлээн авсан боловч тэрээр Н.Т-од үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шилжүүлээгүй байх тул нэхэмжлэгч Н.Т-ын хувьд шаардах эрх үүсч, хариуцагч Ш.Лг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэн, түүнээс 32,693,205 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-од олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Хариуцагч Л.Энхбатын хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх бөгөөд энэхүү Н.Т-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч болох үндэслэлгүй гэж дүгнэн, Л.Энхбатад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа   “...хариуцагч нь 6,000,000 төгрөгийг өөрийн авлагад суутган авч, 7,000,000 төгрөгийг Ж.Энхбаярт өгсөн гэх Ш.Лгийн татгалзлыг гэрчийн мэдүүлгээр нотлогдсон” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 13,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байх тул “... гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдох ёстой” гэсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг  хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2431 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наянтайгаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 222.950 /хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН