| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0072/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2020-04-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 88
2020/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
Хохирогч: А.Г, Ч.А
Шүүгдэгч: А.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт А Мд холбогдох 1912004640010 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Займгийн У суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Ухотын С дүүргийн .. дугаар хорооны Х хорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт А М /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.М нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед А аймгийн Ц сумын А багийн нутаг Ц гэх газар 22-04 УНД улсын дугаартай Тоёото Чейзер маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас Ч.Аын биед хүндэвтэр, А.О биед хүнд хохирол учирч, зорчигч А.Н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: Би эгч, ах, дүү нарын хамт Завхан аймаг руу явж байгаад эгчийнхээ амь насыг хохироосондоо маш их гэмшиж байна. Миний буруу гэв.
Шүүх хуралдаанд хохирогч А.Г мэдүүлэхдээ: Манай дүү нар бүгдээрээ нутаг явж байгаад нэг дүү маань нас барсан. Нэг дүү маань хүнд байдалд орсон байна. Миний дүүд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний хувьд гомдолгүй гэв.
Шүүх хуралдаанд хохирогч Ч.А мэдүүлэхдээ: Би тухайн осол гарахын өмнөх шөнө нойр муутай хоносон байсан учраас замд явж байхад ядраад байхаар нь М эгчийг машин бариад яваач гэсэн. Тухайн үед унтаж байхад нэг хүн дугуй буудлаа гэхээр нь сэрэхэд машин замын хажуу руу орсон гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1912004640010 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гын мэдүүлсэн:...Би амь хохирогч А.Н төрсөн ах нь байгаа юм. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өглөө миний гар утас руу миний дүү болох М яриад би зам тээврийн осолд орчихлоо, Н эгч маань нас барчих шиг боллоо гээд уйлаад утсаа тасалсан. Тэгээд би Архангай аймгийн эмнэлгийн утас руу залгаад миний дүү болох Н нь нас барсан талаар мэдээд Улаанбаатар хотоос Архангай аймаг руу хөдөлсөн. Зам тээврийн осолд орсон машин хэрэг болох үед хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар би мэдэхгүй. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.О мэдүүлсэн: ...Би тухайн үед болсон асуудлыг санахгүй байгаа. Ах, дүү, төрөл садан нарынхаа хамт Завхан аймгийн Яруу сум руу явж байгаад зам тээврийн осолд орж өөрийн төрсөн эгч А.Н маань амь насаа алдсан болохоор энэ талаар би ярьмааргүй байна. Тухайн зүйлийг мартах гэж хичээж байгаа болохоор надад ярихад хэцүү байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Аын мэдүүлсэн:...2019 оны 07 дугаар сарын 25-ны өглөө Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт жолоо барьж явж байгаад нойр хүрээд өөрийн эгч болох Мд жолоогоо шилжүүлсэн. Тэгээд би жаахан нойрмоглоод явж байтал машинд сууж явсан хүмүүс дугуй буудлаа гэх шиг болсон. Тэгээд нэг мэдэхэд машин замын ирмэг дээр ирээд унаж байсан бөгөө машин дээшээ хараад унаад би цонхоор гараад машины хажууд хэвтэж байхад эмнэлгийн машин ирээд аваад явсан. Бид нар Улаанбаатар хотоос Завхан аймаг руу явж байсан. 5 хүн байсан. Миний ээж болох Б, ээжийн дүү О, дүүгийн хүүхэд Т, талийгаач Н, М нар явж байсан. Хэрэг болох үед би хойд суудлын захад нь сууж байсан. Осол болох үед М зогсоох арга хэмжээ авсан. Ослын улмаас миний нуруу гэмтсэн. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Н.Тийн мэдүүлсэн:...А.О, А.Г, А.Б, Ч.А нарыг танина. А.О нь манай эмээгийн төрсөн дүү, А.Г нь манай эмээгийн төрсөн ах, Ч.А нь манай ээж Нандинцэцэгийн төрсөн ах, А.Б нь манай эмээ байгаа юм. Харин С.Санчир гэх хүнийг танихгүй. Манай ах Ч.Ат автомашин зарсан хүн гэж хэлж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, гаргах санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч А.Бгийн мэдүүлсэн:...Би өөрийн төрсөн дүү нарын хамт Улаанбаатар хотоос Завхан аймаг руу явж байгаад Архангай аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч С.С мэдүүлсэн:...22-04 УНД улсын дугаартай Чейзер маркийн автомашин нь миний эзэмшлийн автомашин байсан бөгөөд би 2019 оны 06 дугаар сард өөрийн найз Ат 5.000.000 төгрөгөөр зарсан. Тэр үедээ Аын нэр дээр шилжүүлэх гэж байгаад больсон. Тухайн үед А миний данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. А миний сайн найз болохоор ямар нэгэн гэрээ байгуулаагүй хоорондоо тохиролцоод зарсан. Бид хоёр сайн найзууд болохоор тухайн үедээ машиныг Аын нэр дээр шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 40-44 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бгийн мэдүүлсэн:...Бид нар 2019 оны 07 дугаар сарын 24-ний орой Улаанбаатар хотоос Завхан аймгийг зориод гарсан. Тухайн хэрэг болох үед би унтаж байсан бөгөөд гэнэт сэрсэн чинь машин онхолдсон, дотор нь сууж явсан хүмүүс бүгд машинаас гараад хэвтэж байсан. Тэгээд тухайн замаар явж байсан үл таних нэг залуу ирээд бид нарт тус болсон. Тэр залуу эмнэлэгт дуудлага өгсөн. Би унтаж байсан болохоор машин хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй. Эхлээд манай хүү болох Ч.А машин жолоодож байснаа жаахан амарна гээд миний дүү болох А.Мтай жолоогоо сольж барьсан. Яг хаана жолоогоо солисон талаар мэдэхгүй. Миний зээг оролцуулаад машинд 6 зорчигч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Ц мэдүүлсэн:...2019 оны 07 дугаар сарын 24-ний орой 20 цагийн үед Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд хөдөлсөн. 2019 оны 07 дугаар сарын 25-ны шөнийн 02 цагийн үед Төв аймгийн нутаг дэвсгэрт явж байхдаа замдаа унтаж амраад өглөө 05 цагийн үед цаашаа хөдөлсөн. Тэгээд бид нар Архангай аймгийн Цэнхэр сум өнгөрөөд явж байхад үл таних хүн миний гар утас руу залгаад та нартай хамт явж байгаа машин осолдчихсон байна гэж хэлэхээр нь бид нарын урд явж байгаад осолд орсон байна гэж бодоод цаашаа жаахан явж байгаад байхгүй болохоор буцаж эргээд явсан. Буцаад явж байтал өөдөөс ирж байсан түргэний машин бензин клонкоос бензин авах үед нь очоод асуутал манай хамт явж байсан хүмүүс дотор нь байсан. Тэгээд бид нар түргэний машинтай хамт Архангай аймгийн төвийн эмнэлэг рүү хөдөлсөн. Тэгээд эмнэлэгт очоод болсон явдлын талаар сонссон. Би хэргийн газар очоогүй. Бид нар 2 машинтай хөдөлсөн. Нөгөө машинд 5 хүн, бид нарын машинд бас 5 хүн байсан. Хэрэг болоход бид нар нөгөө машины урд нь явж байсан. Осолд орсон машинд явсан хүмүүс дунд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Хэрэг болох үед миний эгч М машиныг жолоодож байсан. М нь машин жолоодох эрхийн үнэмлэхтэй бөгөөд машин бариад нилээн хэдэн жил болж байгаа. Ер нь машин гайгүй жолооддог. Мын жолоодож байсан машин миний дүү болох Аын эзэмшлийн машин байгаа юм. Гэхдээ эзэмшигчийн нэрийг нь солиулж амжаагүй байсан гэсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Ж мэдүүлсэн: ...2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ээлжийн амралтаа аваад тухайн өдрийн орой 19 цагийн үед Улаанбаатар хотоос Завхан руу явах гээд 2 машинтай гэр бүлийн гишүүдийн хамт гарсан. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сум өнгөрөөд явж байтал манай хадам ээж болох Ц гар утас руу үл таних хүн залгаад цагаан өнгийн Чейзер маркийн машинтай хүмүүстэй хамт явж байгаа хүн мөн үү, энд осолд орчихсон байна гээд залгаж хэлсэн. Тэр үед миний хадам ээж Ц итгэхгүй ямархуу хүмүүс байна гэж асуутал утсаар ярьж байсан залуу нөгөө машинд байсан хүмүүсийн нас, хүйс зэргийг яг хэлээд байсан. Тэгээд бид нарын урд явж байгаад осолд орчихсон юм байна гэж бодоод цааш замаараа яваад бараг Архангай аймгийн төв Цагаан хаалга ороод байхгүй болохоор нь буцаад явж байтал өөдөөс эмнэлгийн машин явж байхаар нь зогсоогоод асуутал манай нөгөө машинд явж байсан хүмүүс суучихсан явж байсан. Тэгээд бид нар шууд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Миний жолоодож байсан машинд миний эхнэр болох Тэмүүлэн, дүү Мишээл, хадам ээж Ц, манай эхнэрийн талын хамаатнууд байсан. Харин нөгөө машинд эгч М, Б, А ах, бага насны хүүхэд Т, амь хохирогч Н нар байсан. Хэрэг болох үед манай машин зам тээврийн осолд ордог машины хойно нь явж байсан юм шиг байна лээ. Тэд нар замын хажуу руу унаад харагдаагүй, бид нар хажуугаар нь харалгүй өнгөрөөд явчихсан юм шиг байсан. Хэргийн газрын хажуугаар өнгөрөх үед нөгөө машинтай хэдийг осолд орсон гэдгийг нь ч мэдээгүй байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүн байхгүй байсан. Хэрэг болох үед М эгч жолоо барьж байсан. Уг нь А ах анх жолоодож явж байгаад М эгчийг олон жил жолоо барьсан, туршлагатай болохоор нь хэрэг болохоос өмнө бид нар зогсож бие засчихаад хөдлөхөд М эгч тухайн автомашиныг бариад хөдөлсөн. Миний жолоодож явсан автомашины өмнө түрүүлж хөдлөөд явсан бөгөөд яг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг анзаараагүй. М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, насаараа тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүн байгаа юм. Тухайн автомашин нь дугуй муутай байсны улмаас дугуй нь хагарсан гэж М эгч надад ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 68 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Талийгаач А.Н биед их тархины аалзан бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, хуйхан доор цус хуралт, баруун, зүүн талын 2-р хавирганы эгэмний дунд шугамаарх, 1,2-р хавирганы нугалмын хажуугийн шугамаарх зөрөөгүй шууд хугарал, бүсэлхийн 3,4-р нугалмын их биеийн салсан хугарал, нугасны эдийн няцрал, хатуу хальсан доорх цус харвалт, голтод цус хуралт, зүүн нүдний доод зовхи, баруун бугалга, зүүн шууны гадна доод хэсэг, зүүн сарвуу, хэвлийн зүүн хажуу доод хэсэг, хүйсний доод хэсэгт цус хуралт, зүүн гарын сарвуу, баруун гарын чигчий хуруунд шарх, духны баруун дээд хэсэг, зүүн шагайн дотор хажууд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Их тархины аалзан бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, бүсэлхийн 3,4-р нугаламын их биеийн салсан хугарал, нугасны эдийн няцрал, хатуу хальсан доорх цус харвалт нь 3.1.6, хоёр талын олон хавиргануудын хугарал гэмтэл нь 3.1.10-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийтдээ 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, доргих үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүснэ. 4. Талийгаач А.Н нь хавсарсан гэмтэл болон бүсэлхийн 3,4-р нугалмын их биеийн салсан хугарлын улмаас нугас гэмтэж нугасны шокын улмаас нас баржээ. 5. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна. 7. Талийгаач А.Н нь нас барах үедээ согтолтгүй байжээ...гэх дүгнэлт /хх-ийн 61-62 хуу/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9529 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ч.Аын биед бүсэлхийн 4-р нугалмын их биеийн бяцарч, шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 95 хуу/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9530 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. А.О биед зүүн шилбэ ясны ил хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, 2 дал ясны хугарал, зүүн гуя, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 101 хуу/
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 86 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Жолооч А М /ИХ69012117/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 2. Жолооч А М /ИХ69012117/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөнөөс зорчигч А.Н амь нас хохирсон байна. 3. Зам тээврийн осол гарахад зам орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх зүйл илрээгүй байна. 4. Жолооч А М /ИХ69012117/ регистрийн дугаартай А Мийн жолоочийн лавлагаа, мэдээллийн сангаас шүүхэд В ангиллын 305131 дугаарын жолооны эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна. Хуулбарыг хавсаргав...гэх дүгнэлт /хх-ийн 108хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Мын мэдүүлсэн:...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэл тохирч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би одоо мэдүүлэг өгөхөд хэцүү байна. Яагаад гэвэл сэтгэл санаа тавгүй, өөрийн төрсөн эгчээ алдсан болохоор надад ярихад үнэхээр хэцүү байна...гэх мэдүүлэг /хх-ийн 135-137 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Мын дахин мэдүүлсэн:...Би яллагдагчаар татсан тогтоолыг уншиж өгснийг ойлголоо. Миний барьж явсан тээврийн хэрэгслийн ослын улмаас эгчийн минь амь нас хохирсон болохоор надад харамсаад барахгүй байна. Би зүйлчлэл хуулийн талаарх асуудлыг мэдэхгүй байна. Эгчийнхээ амь насыг хохироосон нь үнэн. Би 2019 оны 07 дугаар сарын 24-ний орой Улаанбаатар хотоос эгч, дүү нарынхаа хамт өөрийн төрсөн нутаг Завхан аймаг руу орох гээд Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд замдаа явж байхдаа шөнө хэсэг амарцгаасан бөгөөд амарчихаад хөдлөөд хэсэг явж байгаад манай дүү А эвшээгээд нойр хүрээд байна гэхээр нь би аюулгүй байдлаа бодоод би өөрөө жолооч болохоор тухайн автомашиныг жолоодсон. Тэгээд Архангай аймгийн Цэнхэр сум гэсэн самбар өнгөрөөд явж байтал миний барьж явсан автомашин баруун гар тал руу замын шороо хэсэг рүү орохоор нь буцаагаад хариулаад дарсан боловч миний барьж явсан автомашин замын далан руу унасан. Ийм л зүйл болсон. Би одоо болтол тухайн зам тээврийн ослоос болсон айдас гарч өгөхгүй байна. Би нэг их хурдан явдаггүй. Ойролцоогоор 70 км цагийн хурдтай явж байсан. Миний барьж явсан автомашин гэнэт баруун гар тал руу рул булаагаад орчихсон бөгөөд би буцааж хариулж чадалгүй замын хажуу руу орсон. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй бөгөөд 2003 онд анх жолооч болж байсан. Тухайн машинд зорчиж явсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний ах, эгч, дүү нар архи согтууруулах ундааны зүйлээс хол байдаг бөгөөд огт хэрэглэдэггүй. Би өөрөө зам хараад явж байсан. Миний барьж явсан автомашины дугуй хагарсан юм уу, мөн өндгөн тулгуур нь мултарсан байж магадгүй гэж бодож байна. Үүний улмаас зам тээврийн осол гарсан гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 139-141 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-09 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 хуу/
Архангай аймгийн Цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 13хуу/
Ослын газрын схем зураг /хх-ийн 14 хуу/
Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээлэл /хх-ийн 111 хуу/
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121 хуу/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 114, 117 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 157, 161, 163 хуу/
Хүсэлт /хх-ийн 159 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 143 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед Ааймгийн Цсумын А багийн нутаг Ц гэх газар 22-04 УНД улсын дугаартай Тоёото Чейзер маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас Ч.Аын биед хүндэвтэр, А.О биед хүнд хохирол учруулсан, зорчигч А.Н амь насыг хохироосон нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч А.М нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед А аймгийн Ц сумын А багийн нутаг Ц гэх газар 22-04 УНД улсын дугаартай Тоёото Чейзер маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас Ч.Аын биед хүндэвтэр, А.О биед хүнд хохирол учруулсан, зорчигч А.Н амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гын мэдүүлсэн “2019 оны 07 дугаар сарын 25-ны өглөө миний гар утас руу миний дүү болох М яриад би зам тээврийн осолд орчихлоо, Н эгч маань нас барчих шиг боллоо гээд уйлаад утсаа тасалсан. Тэгээд би Архангай аймгийн эмнэлгийн утас руу залгаад миний дүү болох Н нас барсан талаар мэдээд Улаанбаатар хотоос Архангай аймаг руу хөдөлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.О мэдүүлсэн “Би тухайн үед болсон асуудлыг санахгүй байгаа. Ах, дүү, төрөл садан нарынхаа хамт Завхан аймгийн Яруу сум руу явж байгаад зам тээврийн осолд орж өөрийн төрсөн эгч А.Н маань амь насаа алдсан болохоор энэ талаар би ярьмааргүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Аын мэдүүлсэн “2019 оны 07 дугаар сарын 25-ны өглөө Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт жолоо барьж явж байгаад нойр хүрээд өөрийн эгч болох Мд жолоогоо шилжүүлсэн. Тэгээд би жаахан нойрмоглоод явж байтал машинд сууж явсан хүмүүс дугуй буудлаа гэх шиг болсон. Тэгээд нэг мэдэхэд машин замын ирмэг дээр ирээд унаж байсан бөгөө машин дээшээ хараад унаад би цонхоор гараад машины хажууд хэвтэж байхад эмнэлгийн машин ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Бгийн мэдүүлсэн “Бид нар 2019 оны 07 дугаар сарын 24-ний орой Улаанбаатар хотоос Завхан аймгийг зориод гарсан. Тухайн хэрэг болох үед би унтаж байсан бөгөөд гэнэт сэрсэн чинь машин онхолдсон, дотор нь сууж явсан хүмүүс бүгд машинаас гараад хэвтэж байсан. Тэгээд тухайн замаар явж байсан үл таних нэг залуу ирээд бид нарт тус болсон. Тэр залуу эмнэлэгт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/, мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Ц мэдүүлсэн ”бид нар Архангай аймгийн Цэнхэр сум өнгөрөөд явж байхад үл таних хүн миний гар утас руу залгаад та нартай хамт явж байгаа машин осолдчихсон байна гэж хэлэхээр нь бид нарын урд явж байгаад осолд орсон байна гэж бодоод цаашаа жаахан явж байгаад байхгүй болохоор нь буцаж эргээд явсан. Буцаад явж байтал өөдөөс ирж байсан түргэний машин бензин клонкоос бензин авах үед нь очоод асуутал манай хамт явж байсан хүмүүс дотор нь байсан. Тэгээд бид нар түргэний машинтай хамт Архангай аймгийн төв эмнэлэг рүү хөдөлсөн. Тэгээд эмнэлэгт очоод болсон явдлын талаар сонссон. Хэрэг болох үед миний эгч М машиныг жолоодож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Ж мэдүүлсэн “2019 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сум өнгөрөөд явж байтал манай хадам ээж болох Ц гар утас руу үл таних хүн залгаад цагаан өнгийн Чейзер маркийн машинтай хүмүүстэй хамт явж байгаа хүн мөн үү, энд осолд орчихсон байна гээд залгаж хэлсэн. Тэр үед миний хадам ээж Ц итгэхгүй ямархуу хүмүүс байна гэж асуутал утсаар ярьж байсан залуу нөгөө машинд байсан хүмүүсийн нас, хүйс зэргийг яг хэлээд байсан. Тэгээд бид нарын урд явж байгаад осолд орчихсон юм байна гэж бодоод цааш замаараа яваад бараг Архангай аймгийн төв Цагаан хаалга ороод байхгүй болохоор нь буцаад явж байтал өөдөөс эмнэлгийн машин явж байхаар нь зогсоогоод асуутал манай нөгөө машинд явж байсан хүмүүс суучихсан явж байсан. Тэгээд бид нар шууд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Хэрэг болох үед М эгч жолоо барьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/, амь хохирогч А.Н үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 68 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62/, хохирогч Ч.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9529 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95/, хохирогч А.О биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 9530 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101/, зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 86 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 108/, А.Мын шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...Миний барьж явсан тээврийн хэрэгслийн ослын улмаас эгчийн минь амь нас хохирсон болохоор надад харамсмаад барахгүй байна. Эгчийнхээ амь насыг хохироосон нь үнэн. Замдаа явж байхдаа шөнө хэсэг амарцгаасан бөгөөд амарчихаад хөдлөөд хэсэг явж байгаад манай дүү А эвшээгээд нойр хүрээд байна гэхээр нь би аюулгүй байдлаа бодоод өөрөө жолооч болохоор тухайн автомашиныг жолоодсон. Тэгээд Архангай аймгийн Цэнхэр сум гэсэн самбар өнгөрөөд явж байтал миний барьж явсан автомашин баруун гар тал руу замын шороо хэсэг рүү орохоор нь буцаагаад хариулаад дарсан боловч миний барьж явсан автомашин замын далан руу унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 135-137, 139-141/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-09/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С овогт А Мыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч А.М бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба шүүгдэгч А.М нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт А Мыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч А.Мын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч А.Мын 305131 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шүүгдэгч А.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ