Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 8

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Дархан суманд 1981 оны 08 сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 4-р баг Мэргэн хошуу, Цант 1-р гудамжны 01 тоотод оршин суух, РД:СЮ81081379, Цоохор овогт Содномдаваагийн Баярсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хэнтий аймгийн Дархан суманд 1984 оны 09 сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, Цээлийн 02-03 тоотод оршин суух, Боржигон овогт Шархүүгийн Отгонжаргалд  холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 643714 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгч С.Баярсайхан, хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын дарга Ш.Отгонжаргал нар оролцов.

 

                                                                                          Т  О Д О Р Х О Й Л О Х  нь:

Нэхэмжлэгч С.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Баярсайхан миний бие 2012 оны 06 сарын 04-ний өдөр Дархан сумын Засаг даргын тамгын газарт няравын ажилд орсон. Гэтэл 2016 оны 11 сарын 14-ний өдөр Засаг даргын тамгын газрын даргын Б/11 тоот тушаалаар ажлаас халсан. Надад 2014 оны 2-р сард сахилгын шийтгэл ногдуулж, цалингийн 20 хувиар хассан. Мөн 2015 оны 3-р сард сахилгын шийтгэл ногдуулж байсан. Эдгээр сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад намайг ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 643714 төгрөгийг Засаг даргын тамгын газраас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын дарга Ш.Отгонжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дархан сумын 4-р багийн иргэн С.Баярсайхан нь Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 сарын 14-ний өдрийн Б/11 тоот тушаалаар няравын үүрэгт ажлаас халагдсан. С.Баярсайхан нь Засаг даргын тамгын газрын нярваас гадна сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын няравын үүрэгт ажлыг давхар хийдэг байсан. Үүрэгт ажлаа хийж байх хугацаанд нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нярав С.Баярсайхан нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь заалтыг зөрчиж байна” гэсэн утга бүхий албан тоот ирж байсан. Мөн албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан тул 2014 оны 2-р сар, 2015 оны 3-р саруудад сахилгын шийтгэл ногдуулж, ажлаа сайжруулах үүрэг даалгавар удаа дараа өгч ирсэн. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудад төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах зүйл заалтыг хуульчилсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нь тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулаад нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан байдаг. Харин Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй гэж заасан байдаг тул ажлаас халахдаа сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацааг үндэслэл болгоогүй болно. С.Баярсайхан нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, байгууллагын эд хөрөнгөнд хайнга хандсан, байгууллагын даргыг хамт олны өмнө худалч, хоёр нүүртэй гэх мэтээр доромжилж ёс зүйгүй үйлдэл гаргасан зэрэг нь Засаг даргын тамгын газрын Дотоод журмын 4.2.1, 4.2.2, 5.4 дэх заалтыг зөрчиж байгаа тул мөн журмын 13.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Засаг даргын тамгын газрын эд хөрөнгө, аж ахуйн тайлан тооцоо няравтай салшгүй холбоотой өөрийнх нь хийж гүйцэтгэх үндсэн ажил энэхүү үүрэгт ажлыг нь сайжруулах талаар үүрэг даалгавар удаа дараа өгсөн боловч ажлаа сайжруулсан зүйлгүй төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан гэжээ.

                                                                                            Ү Н Д Э С Л Э Х  нь:

Нэхэмжлэгч С.Баярсайхан нь хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 643714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Баярсайхан нь ажлаас халсан Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/11 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд буюу Дархан сумын Засаг даргын тамгын газрын няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин 643714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын дарга Ш.Отгонжаргал нь  2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/11 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 /хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан/, Засаг даргын тамгын газрын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1, 5 дугаар зүйлийн 5.4, 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг тус тус үндэслэн Хэнтий аймгийн Дархан сумын засаг даргын тамгын газрын няравын үүрэгт  ажлаас нэхэмжлэгч С.Баярсайханыг чөлөөлжээ.

Нэхэмжлэгч С.Баярсайхан нь 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/ 09 тоот тушаалаар Дархан сумын засаг даргын тамгын газрын няравын ажилд томилогдсон байх бөгөөд 2014 оны 02 дугаар сар, 2015 оны 03 дугаар сард тус тус сахилгын шийтгэл хүлээж байсан байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ.

Дээрхи сахилгын шийтгэлүүд нь  хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байх тул нэхэмжлэгч С.Баярсайханыг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа болсон байх бөгөөд хариуцагч Ш.Отгонжаргалын гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 14 ний өдрийн Б/11 тоот тушаал нь хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн заалттай нийцээгүй байна. Мөн хариуцагч Ш.Отгонжаргал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан авах шаардлагагүй гэж заасан байдаг тул нэхэмжлэгч С.Баярсайханыг ажлаас халахдаа сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацааг үндэслэл болгоогүй гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгч С.Баярсайхан нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.4 дэх хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчийн ангилалд багтаж байгаа ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь “төрийн жинхэнэ албан хаагчид” хамаарах заалт байгаа юм.

Иймд нэхэмжлэгч С.Баярсайханыг Хэнтий аймгийн Дархан сумын засаг даргын тамгын газрын няравын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч С.Баярсайхан нь ажилгүй байсан хугацааны цалин болох 643714 төгрөг нэхэмжлэж байгаа ба /хамрах хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 14-нөөс 2016 оны 12 дугаар сарыг дуустал/ болно. Нэхэмжлэгч С.Баярсайханы ажилгүй байсан нийт хугацаа нь ажлын 33 хоног байх бөгөөд сард 416527 төгрөг байх тул нэг өдрийн хөдөлмөрийн хөлс нь 19647 төгрөг болж байна. Үүнийгээ ажилгүй байсан 33 хоногоор үржүүлж нийт 648351 төгрөгийг хариуцагч Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний урьд эрхэлж байсан няравын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоох  нь зүйтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 

115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Баярсайханыг Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгч С.Баярсайханд ажилгүй байсан хугацааны цалин олговорт 648351 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар С.Баярсайханы ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 19961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 648351 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 20100 төгрөгийг гаргуулан 19961 төгрөгийг нэхэмжлэгчид, үлдэх 139 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

5.  Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                                            С.БАЙГАЛЬМАА