Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч 1967 оны 09 дүгээр сарын 10 ний өдөр төрсөн эрэгтэй,халх,49 настай,дээд боловсролтой,уулын инежнер мэргэжилтэй,ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар БаянЗүрх дүүргийн 22 дугаар хороо,48 байр 31 тоотод оршин суух / РД:ЧК67091071 / Хариад овогт Гэлэнгийн Ёндонгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 36-06 тоотод оршин суух, “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал ажилтай байсан,ам бүл -6, / РД:ЖЙ80032776 /, 1980 оны 03 дугаар сарын 27 ний өдөр төрсөн, эрэгтэй, халх, дээд боловсролтой,уулын инежнер мэргэжилтэй Цахар овогт Сэр-Одын Ган-Очирт холбогдох “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 880к тушаалыг хууль бусад тооцуулан, ажлаас үндэслэлгүй халагдсан,ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ болон контракт хоёроор тохиролцсон цалингийн зөрүү 2.200.000 төгрөг, 3875 ам доллар гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа, нэхэмжлэгч Г.Ёндон, түүний өмгөөлөгч Л.Баасан, хариуцагч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал ажилтай байсан С.Ган-Очир нар оролцов.

Т  О Д О Р Х О Й Л О Х  нь:

Нэхэмжлэгч Г.Ёндон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 08 сарын 25-ны өдөр тус үйлдвэрийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Ган-Очир 880к тушаал гарган намайг Баргилт цехийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, үйлдвэрлэл техникийн хэлтсийн уулын ажлын хяналтын ахлах инженерээр ажиллуулах шийдвэр гаргав. Эл тушаалаар миний ажлын байрны нөхцөл, цалин зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд дурдсан нөхцөл бүрмөсөн өөрчлөгдсөн. Үндсэн цалин 440000 төгрөгөөр, ур чадварын нэмэлт цалин 775 ам.доллараар буураад байна. Миний хувьд өмнө дурдсан 880к тушаал Хөдөлмөрийн хуулийг зөрчиж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчив хэмээн шүүхэд хандаж байна. 880к тоот тушаалаас үзэхэд Г.Ёндон би ямар зөрчил гаргасан учраас ажлаас халагдаж байгаагаа ойлгохгүй өдий хүрэв. “Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 26-ны 23к тушаалын заалтаар тус үйлдвэрт гарсан үйлдвэрлэлийн осолд намайг буруутгах байдал ажиглагддаг. Миний хувьд Монголросцветмет ХХК-ийн ерөнхий захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулж уг захирлын тушаалаар ажилд авсан байхад намайг анх ажилд авах тушаал гаргаагүй, надтай хөдөлмөрийн хэлэлцээр байгуулаагүй Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Ган-Очир тушаал гаргахын сацуу өнөө үед хүчин төгөлдөр үйлчилж буй миний хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгосон нь ойлгомжгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаа болно. Хөдөлмөрийн гэрээ бол ажилтан, ажилтны хүсэл зоригийн илэрхийлэл, тохиролцоо байхад аль нэг тал буюу ажил олгогч тушаал гарган хүчингүй болгох зохицуулалт Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй тул захирлын үүрэг түр гүйцэтгэгч С.Ган-Очир нь энэ тушаалаараа хуулийн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж байна. Надтай зөвшилцөхгүйгээр ахлах инженерийн ажилд тохоон томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд буй хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэсэн хэм хэмжээг зөрчсөн юм. Тушаал гарсанаас хойш миний бие хөдөлмөрийн нөхцөлийг хэтэрхий дордуулсаныг 2016.08.19, 2016.08.29-ний өдрүүдэд бичгээр мэдэгдсэн боловч надтай уулзах, зөвшилцөхийн оронд цехийн даргын ажлаас халж, хяналтын ахлах инженерээр томилсон. Миний хувьд удирдлагаа хүндэтгэх, хувийн амьдралаа зохицуулахын тулд хууль бусаар шилжүүлсэн ажилд очиж ажиллаж байна. Энэ нь миний болон байгууллагын аль алинд нь хохиролтой зүйл болно. 880к тоот тушаалд миний ажлыг өгч авалцах асуудлыг орхигдуулсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн бөгөөд Баргилт цехийн даргын үүрэгт ажлаас намайг яаравчлан зайлуулах бодлого явагдсан байна. Ажил олгогчийн энэ зохисгүй хандлагаас шууд шалтгаалан миний хөдөлмөрлөх эрх ашиг зөрчигдөж байна. Иймд “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 880к тушаалыг хууль бусад тооцуулан, Бор-Өндөрийн УБҮ-ийн Баргилт цехийн даргаар эгүүлэн тогтоож, 2016 оны 8 дугаар сарын 25-наас хойш шүүхээр асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалингийн зөрүү болох 2.200.000 төгрөг, 3875 ам доллар хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч талаас 2016 оны 08 дугаар сарын 15-нд 871 тоот албан бичгээр хүргүүлсэн саналыг Г.Ёндон хүлээн авч зөвшөөрсөн гэдэг тайлбар ирүүлсэн нь үндэслэлгүй гүтгэлгийн агуулгатай байна. Дээрх албан бичиг буюу ажлын байрны санал бүхий албан бичгийг би гар дээрээ хүлээн авлаа гэсэн цохолт хийсэн. Энэ бол санал болгосон ажилд ажиллахыг зөвшөөрнө гэсэн утгыг огт агуулаагүй бөгөөд харин бичгээр ирүүлсэн ажлын байрны саналыг гардан хүлээн авлаа гэсэн агуулга илэрхийлж байсан болно. Үүнийг хариуцагч талаас өөрт ашигтайгаар тайлбарлажээ. Бор-Өндөр УБҮ-ийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 880к тушаалд Г.Ёндонтой зөвшилцсөн тул Үйлдвэрлэл техникийн хэлтсийн уулын ажлын хяналтын ахлах инженерийн ажилд шилжүүлсэн тухай дурдсан байна. Би энэ ажилд ажиллана гэдэг шийдвэрийг амаар болон бичгээр гаргаагүй. Харин ч хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлүүдийг маань дордуулсан ажлын байран дээр ажиллах боломжгүй байгаа тухайгаа 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Монголросцветмет” ХХК-ийн Ерөнхий захирлын нарийн бичиг Д.Отгонжаргалд хүлээлгэн өгсөн албан бичигтээ тодорхой дурдсан. Д.Отгонжаргал уг албан бичгийг бичиг хэрэг хөтлөлтийн журмын дагуу хүлээн авсан бөгөөд надад үлдсэн хувь дээр хүлээн авлаа гэж гарын үсгээ зурсан. “Монголросцветмет” ХХК-ийн дотоод ажил, албан хэрэг хөтлөлтийн журмаар ирж буй албан бичгүүд Ерөнхий захирлын цохолтын дагуу холбогдох албан тушаалтнуудад /энэ тохиолдолд Бор-Өндөр УБҮ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Ган-Очирт/ тэр даруй тараагдаж хүргэгддэг болно. Мөн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 880к тушаалаар надтай хэлэлцэж байгуулсан 2015 оны 07 сарын 30-ны өдрийн MR-15-05-077 тоот хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгох эрх хэмжээг ажил олгогч тал эдэлсэнд гайхаж байна. Надтай байгуулсан дээрхи гэрээ нь 2016 оны 07 дугаар сарын 01-нд цуцлагдаагүй тул автоматаар сунгагдсан гэж ойлгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. Дээрх 880к тушаалыг гаргах үедээ Бор-Өндөр УБҮ-ийн зүгээс надтай Үйлдвэрлэл техникийн хэлтсийн уулын ажлын ахлах инженерээр ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан бөгөөд энэ талаар дээрх тушаалын 2 дахь заалтанд тодорхой бий. ЭМНХ-ын сайдын 2000 оны 213-р тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журам боловсруулах журмын 8.1.8 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн тухай асуудлаар дарга тушаал /захирамж, тогтоол/ гаргах журмыг дээрх 880к тоот тушаал зөрчсөн. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хэлэлцээр хийгээгүй байж Г.Ёндон намайг Үйлдвэрлэл техникийн хэлтсийн уулын ажлын хяналтын ахлах инженерийн ажилд томилсон ба тушаалд гэрээ байгуулахыг хүний нөөцийн асуудал хариуцсан дарга Ж.Энхтуяад даалгасан байна. Аливаа зохицуулалтанд хууль дээдлэх нь аль ч байгууллага, албан тушаалтны үүрэг болно. Үүнийг маргах зөрчих эрх Бор-Өндөр УБҮ-ийн удирдлагуудад байхгүй нь тодорхой. Бор-Өндөр УБҮ-ийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1079 тоот албан бичиг буюу тайлбарт Г.Ёндон намайг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлөөр хангах, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг, аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоох” үүрэгтэй талаар дурдсан байна. Тухайн осол гардаг өдөр Баргилт цех дээр тэсэлгээний ажилтай уурхай руу явах ёстой байсан боловч “Монголросцветмет” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал А.С.Югов, Бор-Өндөр УБҮ-ийн захирал С.Ичинноров нарын шийдвэрээр Бор-Өндөр УБҮ-ийн захирлын өрөөнд БНХАУ-ын “ПенгФей” /НьюСиян/ ХХКомпанитай хийсэн хэлэлцээрт оролцож тэдэнд нийлүүлж буй хүдрийн үнэ чанарын асуудлаар ярилцаж байсан тул дээр дурдсанчлан тухайн осол болох үеийн аюултай нөхцөл байдал сөрөг үйл ажиллагааг яаралтай таслан зогсоох ямар нэгэн боломж бололцоо надад болон С.Ичинноров, А.С.Югов нарын хэнд ч байгаагүй болно. Тус үйлдвэрт гарсан осолд Г.Ёндон намайг ямар хэмжээгээр буруутай гэж үзсэн мөн гэм буруугийн хэм хэмжээг нарийвчлан тогтоосон ямар нэгэн акт, шийдвэр, баримт байхгүй байхад хамгийн гол буруутан мэтээр авч үзэн цөөхөн хэдэн хүний үзэмжээр шат дараалан авах ёстой арга хэмжээг алгасан өөр ажилд хөдөлмөрийн гол нөхцөлийг бууруулан шилжүүлсэнийг зөвшөөрөх боломжгүй. 2012 оны 10 дугаар сараас анх бие даасан Баргилтын уулын үйлдвэр байхаас 2016 оны 05 сарын 19-нийг хүртэл Баргилт уулын үйлдвэрийн ерөнхий инженер, захирлын үүрэг гүйцэтгэгч, Баргилт цехийн дарга гээд 4 жил 7 сар орчим тус хэсэгт удирдах ажил, алба хашиж байх хугацаанд  2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн осол, зөрчилтэй адилтгах хэмжээний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зөрчил, ажилтан бие эрүүл мэндээрээ хохирсон явдал гарч байгаагүй болно  гэжээ.

 Хариуцагч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал ажилтай С.Ган-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлдвэрийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 880к тоот тушаалд Г.Ёндонг ажлаас халсан заалт огт байхгүй болно. Тушаалын ерөнхий агуулга нь “Монголросцветмет” ХХК-ын Ерөнхий захирлын 2016 оны 23к тоот тушаалаар Г.Ёндонг үүрэгт ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож сунгахгүй болохыг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн /цахим хаягаар хүргүүлсэн/, үүнтэй холбогдуулан “Бор-Өндөр” УБҮ-ээс санал болгосон ажлын байранд шилжин ажиллахыг Г.Ёндон өөрөө зөвшөөрсөн хариуг бичгээр өгсөн зэргийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлж, өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар томилсон шийдвэр юм. Иймээс 880к тушаалын агуулгад Хөдөлмөрийн тухай хуулийн 37-43, 40 дүгээр зүйлүүдийн заалт хамааралгүй болно. “Монголросцветмет” ХХК-ийн удирдлага харьяа үйлдвэрийн онцлох албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй тусгайлан гэрээ байгуулж ажиллаж ирсэн. Энэ зарчмын дагуу Баргилт цехийн дарга Г.Ёндонтой MR-15-05-077 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан учир Ерөнхий захирал  23к дугаар тушаалд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дурьдан, гэрээг дуусгавар болгох мэдэгдэл өгөх итгэмжлэлийг “Бор-Өндөр” УБҮ-ийн захиралд олгосон байдаг. Энэ шийдвэрийн дагуу Г.Ёндонгийн гэрээний хугацаа 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс дуусгавар болсон юм. Тухайн үед Г.Ёндон ээлжийн амралттай, өвчтэй байсан хугацааг тооцон 8 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тушаалд тэмдэглэсэн. Г.Ёндон нь “Бор-Өндөр” УБҮ-ийн захирлын 2014 оны 03 дугаар сарын 20-ны 223к тоот тушаалаар “Баргилт” цехийн даргын үүрэгт ажилд томилогдсон юм. Энэ тушаалын дагуу үүрэгт ажлыг 3 жил гаруй хугацаанд гүйцэтгэж ажилласан тэрээр “намайг анх ажилд авах тушаал гаргаагүй этгээд” хэмээн үл мэдэгдэгчийн дүрээр нэхэмжлэлд дурдсан нь ойлгомжгүй байна. С.Ган-Очир миний бие 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 880к тоот тушаал гаргах үед “Бор-Өндөр” УБҮ-ийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу Г.Ёндонг анх ажилд томилсон субъектын байр сууринд ажиллаж байсан болно. “Бор-Өндөр” УБҮ-ийн Үйлдвэр техникийн хэлтсийн Уулын ажлын чиглэл хариуцсан хяналтын ахлах инженерээр ажиллахыг санал болгон “Ажлын санал тавих тухай” албан бичгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Г.Ёндонд хүргүүлсэн ба 17-ны өдөр ажлын байрны саналыг хүлээн авлаа гэсэн хариуг тэрээр бичгээр өгсөн. Энэ албан тушаалыг тэрээр хүлээн авч Компанийн ерөнхий захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Г.Ёндон тухайн үед надтай уулзах, зөвшилцөх талаар ямарч хүсэлт ирүүлээгүй атал 2 удаа бичгээр мэдэгдсэн гэх гүтгэлгийн шинжтэй асуудлыг нэхэмжлэлд дурдсан байгаа нь ойлгомжгүй байна. “Бор-Өндөр” УБҮ-ийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 880к дугаар тушаал нь Г.Ёндонг ажлаас халах агуулгагүй бөгөөд өөртэй нь зөвшилцсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл хамаарахгүй болно. Иймд Г.Ёндонгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оршил болгож хэлэхэд энэ хэрэг шүүхийн харъяаллын хэрэг мөн үү гэвэл, Хөдөлмөрийн хуулийн 128.2-т зааснаар харъяаллын асуудал мөн. Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдөх ёстой гэж улсын тэмдэгтийн хураамжийн хуулинд заасан байгаа. Гомдлоор үүсэх процесс, Г.Ёндон бол хөдөлмөрийн хуулинд заасан хугацаандаа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан гэдгийг хэлмээр байна. 2016 оны 8 дугаар сарын 25-ны 880К тушаал бол хөдөлмөрийн хуулийг илтэд зөрчсөн. Үүнийг би дараах 5 зүйлээр тайлбарлаж ярья. 1-рт, Г.Ёндонг ажлаас чөлөөлөх гээд байгаа, бодит байдал дээр чөлөөлөх биш, ажлаас нь халсан. Тэгэхдээ чухам ямар үндэслэлээр халсан бэ гэдгийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны 880К тушаалаар дурьдаагүй. Тушаалыг би одоо хараад сууж байна. Тийм тийм үүргийг биелүүлээгүй учраас Г.Ёндонг цехийн даргын ажлаас чөлөөлж, уулын инженерийн ахлах инженэрээр ажилуулсугай, гээд халчихсан. Эрдэнэчулууний осолд Г.Ёндонг буруутгаад байх шиг байгаа юм энэ дээр тэр 2016 оны 8 дугаар сарын 25-ны 880К тушаал байж байна, үйлдвэрийн ослын акт байж байна, техникийн зөвлөлийн тэмдэглэл ч байна. Энэ дээр Г.Ёндон тийм буруутай, С.Ган-Очир ч гэсэн тийм буруутай гэсэн үйл баримт, энэ дээр байхгүй. Зүгээр бүхэлд нь лантуудаад шийтгэл ногдуулчихсан байгаан. Ер нь хуулинд гэм буруутай нь нотлогдож, тэр нь батлагдаж байж тэрийг нь энэ тушаалд оруулж батлах ёстой. 2-рт, энэ тушаалыг гаргахдаа хөдөлмөрийн хуулийг баримталж гаргах ёстой. Эднийх 4 зүйлийг баримталсан байна лээ. Энэ бол хууль биш. Уул нь хөдөлмөрийн хуулийн 40.1-ийн 4 сахилгаар тэнцэхгүй, эсвэл сахилгын ноцтой зөрчил гаргасан. Эсвэл 40.1.2 мэргэжил чадварын  хувьд тэнцэхгүй гэх мэтээр яг хуулиа баримтлах ёстой. Нэхэмжлэлд харин тодорхой дурьдсан байна лээ. Дээд Шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15-д байгаа. Тэр тогтоолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэгийг нь заавал баримталсан байвал зохино гэж заасан байдаг. 3-рт, Г.Ёндонтой зөвшилцөхгүйгээр Уулын Үйлдвэрийн ахлах инженерийн ажилд оруулсан. Тэгээд хөөрхөн үнэгэн заль гаргаад тэр мэдээллийг хүлээж авлаа, гардаж авлаа гэсэн санааг далимдуулсан. Хэрвээ Г.Ёндон гүтгэж байгаа гэвэл 2016 оны 8 дугаар сарын 17, 8 дугаар сарын 19-нд Г.Ёндон бичгээр саналаа явуулаад байсан. Энэ чинь зөвшөөрөөгүйн шинж шүү дээ. Ингэснээрээ хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулинд, хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Гэрээндээ байхгүй юмыг шууд ингэж лантуудаад нэг талын үзэмжээр хийж байгаа бол үнэхээр илтэд хууль бус ажиллагаа шүү дээ. 4-рт, тушаалын хаяглах дээр 2015 оны MR-15-05-077 тоот хөдөлмөрийн гэрээ хүчингүй болгосугай гэсэн байгаа, энэ бол үнэхээр хууль бус асуудал шүү дээ, би яагаад ингэж байна вэ гэвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйл дээр байгаа шүү дээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл хөдөлмөрийн гэрээ гээд тэр тодорхойлох хэсгийн тодорхойлолтон дээр Хөдөлмөрийн гэрээ бол хоёр талын тохиролцоо гэж байгаа шүү дээ. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн хоёр талын нэгийг байхгүй болгох гэсэн ямар ч зүйл Хөдөлмөрийн тухай хуулинд байдаггүй. Энэ бол илтэд нэг талаар хууль бусаар асуудлыг шийдсэн буруу ажиллагаа байгаа юм. Харин С.Ган-Очир жаахан тийм соёлтой маягтай яриад байна лээ дуусгавар болгосугай гээд, хэрэв дуусгавар болгосон бол арай өөр маягтай байх байсан, тэгтэл тушаалд болвол дуусгавар болго гэсэн үг байхгүй. Нөгөө талаар 2016 оны 5 дугаар сарын 31-нд уг гэрээний хугацаа дууссан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дахь заалтад, гэрээний хугацаа дуусгавар болоход, гэрээний хугацааг дуусгах талаар аль аль нь санал тавиагүй бол гэрээг автоматаар мөн хугацаагаар сунгагдана гээд заасан байгаа. Энэ байдлаас аваад үзэхэд тушаалын хоёр дахь заалт бол хуулиас гадуурх тушаал байна лээ. 5-рт, энэ тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл болон 43 дугаар зүйлийг зөрчсөн байдаг. Гэхдээ их сонин. Хөдөлмөрийн гэрээг эхэлж хэлэлцэж тохиролцоод тэр үндсэн дээр ажил олгогчийн тушаал гарах ёстой. Ямар норматив байна гэхээр энэ үйлдвэр албан тушаалын хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам гэж байгаа юм. Эрүүл мэнд нийгмийн хамгаалалын сайдын 2000 оны 4 дүгээр сарын 22-ны 213 дугаар тушаал, хөдөлмөрийн дотоод журам болох загвар гэж байдаг үүний 8 дугаар зүйлийн 8 дээр байдаг. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн тухай асуудлаар дарга тушаал, захирамж гаргана. Тэгэхээр цаг хугацааны дэс дараалалтай үзэхэд, эхлээд гэрээгээ байгуулчихаад дараа нь үүнийхээ дагуу тушаалаа гаргах ёстой. Гэтэл энэ тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хүний нөөцийн дарга Энхтуяад даалгасугай гэсэн байдаг. Энэ чинь юмыг эхлээд суурийг нь тавиагүй байж, тэгээд дараа нь тушаал гаргасан. Ийм сонин эсэргээр юмыг зохицуулж, захиран тушаах системээр шийдсэн зохицуулалт энэ дээр яригдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 зүйлд ажил өгч, авалцах хугацааг, ажил олгогчийн тушаалд зааж өгнө гэж байдаг. Гэтэл  2016 оын 8 дугаар сарын 25 ны өдрийн 880К тушаал дээр ажил өгч авалцах хугацааны талаар нэг ч үг байхгүй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2-т нэг заалт байдаг. Үүнд: Ажил өгч авалцаж дууссан сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдрөөр тооцсугай гэж заасан байдаг. Гэтэл одоо ажил хүлээлцэх комисс нарт тэдэн сарын тэдэнд ажил хүлээлцэж авалцахыг даалгасан зүйл байхгүй. Энэ дээр захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оын 8 дугаар сарын 25 ны өдрийн 880К тушаал бол байгууллагын ажил олгогчийн нэрийн өмнөөс гаргасан ийм хууль бус тушаал юм байна лээ. Тийм учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар албан тушаалтнууд байгууллагынхаа өмнөөс гүйцэтгэж байсан үүргээ хөсөрдүүлж хууль зөрчсөн тохиолдолд, учирч байгаа бүх гэм хор хохирлын асуудлыг ажил олгогч хариуцах буюу Бор-Өндөрийн Уулын Баяжуулах Үйлдвэр хариуцах ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл Бор-Өндөр Үйлдвэр бол  Монголросцеветмет компаний харъяа, тушаал акт гаргах эрхтэй, тушаал актыг нь С.Ган-Очир гаргасан байгаа юм. Сүүлд нь хэлэхэд 2016 оын 8 дугаар сарын 25 ны өдрийн 880К тушаал ямар ч талаас ямар ч үйлдлээр аваад үзсэн илтэд, Монгол Улсын хуулийг зөрчиж, удирдлагын шийдвэр, дээд байгууллагын шийдвэр гэсэн нэг тийм босоо удирдлагын маягын асуудлаар шийдсэн юм байна лээ. Тийм учраас шүүхэд хандаж хүсэлт гаргахад 2016 оын 8 дугаар сарын 25 ны өдрийн 880К тушаалыг хууль бусад тооцож, Г.Ёндонг Баргилт цехийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох асуудлыг шийдэж өгөөч гэж хүсэж байна. 2-рт нь 2016 оын 8 дугаар сарын 25 ны өдрөөс өнөөдрийг хүртэлх цалингийн зөрүүг хариуцагчаас гаргуулж өгөөч гэж хүсэлт гаргаж байна. 3-рт 2016 оын 8 дугаар сарын 25-аас хойш Баргилт цехийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байснаар тооцож, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг зохицуулахыг хариуцагч талд үүрэг болгох ёстой. Эцэст нь тайлбарлаж хэлэхэд хувь хүнийхээ хувьд С.Ган-Очирыг буруутгаж байгаа асуудал биш, албан тушаалтны хувьд, эрх хэмжээ үйл ажиллагаа явуулж байгаа хүнийх нь хувьд энэ тушаал буруу байна гэж бид үзэж байгаа юм. Ер нь хуулийн дагуу асуудалд бид ингэж хандах ёстой гэв.

 

                                                                                            Ү Н Д Э С Л Э Х  нь:

Нэхэмжлэгч Г.Ёндон нь хариуцагч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал ажилтай С.Ган-Очирт холбогдох “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 880к тушаалыг хууль бусад тооцуулан, Хөдөлмөрийн гэрээ болон контракт хоёроор тохирсон цалингийн зөрүү болох 2200000 төгрөг, 3875 ам доллар гаргуулах, Бор-Өндөрийн УБҮ ийн Баргилт цехийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Бор-Өндөр УБҮ ийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ган-Очирын 2016 оны 08 дугаар сарын 25 ний өдрийн 880к “Үүрэгт ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

1. МR-15-05-077 дугаартай хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь Монголросцвемет ХХК нийн ерөнхий захирал Д.Ганболд, мөн хуулийн 3.1.2 дэх хэсэгт заасан ажилтан нь нэхэмжлэгч Г.Ёндон байх бөгөөд талуудын хооронд хийгдсэн хөдөлмөрийн гэрээ байна. Монголросцветмет ХХК ний ерөнхий захирал Д.Ганболд нь 2016 оны 05 дугаар сарын 26 ний өдрийн 23к “Сахилгын арга хэмжээ авах тухай” тушаалаараа Баргилт цехийн дарга Г.Ёндонг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Бор-Өндөр УБҮ ийн захирал С.Ичинноровт үүрэг болгосон байна. Мөн Монголросцветмет ХХК ний ерөнхий захирал Д.Ганболд нь 2016 оны 05 дугаар сарын 31 ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01 ний өдөр хүртэл / нэг хоногийн / хүчинтэй итгэмжлэлээр надтай хөдөлмөрийн гэрээ, вальютын контракт байгуулсан ажилчдын гэрээг сунгах, цуцлах эрхийг Бор-Өндөр УБҮ ийн захирал С.Ичинноровт олгосон боловч Баргилт цехийн дарга Г.Ёндонгийн ажлаас чөлөөлж өөр ажилд шилжүүлэх тухай 880к тушаал нь 2016 оны 08 дугаар сарын 25 ний өдөр гарсан байна.Иймд  Бор-Өндөрийн УБҮ ийн захирал нь нэхэмжлэгч Г.Ёндонг тус үйлдвэрийн Баргилт цехийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх эрх бүхий субъект, Хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрөөр хэлбэл: ажил олгогч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Мөн 2016 оны 08 дугаар сарын 25 ний өдөр гарсан “ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилох тухай” 880к тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, ямар үндэслэлээр Г.Ёндонгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тухайгаа тодорхой заагаагүй байх ба улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг зөрчин ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах шийдвэртээ заана гэсэн заалтыг зөрчсөн байх тул 2016 оны 08 дугаар сарын 25 ний өдрийн Бор-өндөр УБҮ-ийн даргын 880к тушаалыг хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэгч Г.Ёндонг Бор-Өндөрийн УБҮ ийн Баргилт цехийн даргын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

3. Нэхэмжлэгч Г.Ёндон нь МR-15-05-077 дугаартай хөдөлмөрийн гэрээ, МR-16-05-172 дугаартай контрактаар тохирсон цалингийн зөрүү болох 2.200.000 төгрөг, 3875 ам доллар зэргийг нэхэмжилж байгаа боловч энэ талаар шүүхэд нотлох баримтаа ирүүлсэн нь ИХШХШТухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын хуульд тавьсан шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй мөн цалинг хэлэлцээгүй болно.

Иймд нэхэмжлэгч Г.Ёндонг Монголросцветмет ХХК ний харъяа Бор-Өндөр УБҮ ийн Баргилт цехийн даргын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоож, 2016 оны 08 дугаар сарын 25 ний өдрийн 880к тушаалыг хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгч Г.Ёндон нь хөдөлмөрийн гэрээ, контракт зэргээр тохирсон цалингийн зөрүү болох 2.200.000 төгрөг, 3875 ам доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн цалин хөлсөө иргэний журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Мөн нэхэмжлэгч Г.Ёндон түүний өмгөөлөгч Л.Баасан нар нь хариуцагчаар 2016 оны 08 дугаар сарын 25 ний өдөр гарсан Бор-Өндөр УБҮ ийн захиралын 880к тушаал гаргасан С.Ган-Очирыг тодорхойлсон ба хариуцагч С.Ган-Очир нь тус үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сараас ажлаа өгсөн учир уг хэргийн хариуцагч би  биш гэж тайлбарлаж байгаа ба нэхэмжлэгч Г.Ёндон түүний өмгөөлөгч Л.Баасан нар нь ИХШХШ тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 25 ний өдрийн 880к тушаалыг С.Ган-Очир гаргасан бөгөөд уг тушаалыг хууль бус  болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа учраас хариуцагчийг солихгүй гэснийг дурьдах зүйтэй байна.

 Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 

115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Бор-Өндөр УБҮ ийн захиралын 2016 оны 08 дугаар сарын 25 ний өдрийн 880к тушаалыг хууль бусад тооцож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Гэлэнгийн Ёндонг Монголросцветмет ХХК ийн харъяа Бор-Өндөр Уулын Баяжуулах Үйлдвэрийн Баргилт цехийн даргын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоосугай.

2. Нэхэмжлэгч Гэлэнгийн Ёндонгийн Монголроцветмет ХХК нийн ерөнхий захиралтай байгуулсан МR-15-05-077 дугаартай хөдөлмөрийн гэрээ,МR-16-05-172 дугаартай контракт зэргээр тохирсон цалингийн зөрүү болох 2.200.000 төгрөг,3875 ам доллар гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

3. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт зааснаар Г.Ёндонгийн ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу бичилт хийхийг Бор-Өндөр УБҮ-ийн захиргаанд даалгасугай.

4. Нэхэмжлэгч Г.Ёндон нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд өөрөө ирж шийдвэрийг гардан авахыг танилцуулсугай.

             6. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                             С.БАЙГАЛЬМАА