| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0079/Э |
| Дугаар | 97 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 97
2020/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Хохирогч: М.С
Шүүгдэгч: М.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт М Эад холбогдох 1912003860351 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ааймгийн Өсумын Я багийн Б гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Г овогт М Э /РД:../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Э нь 2019 оны 02 дугаар сарын 15-наас 20-ны хооронд Ааймгийн Өсумын Ябагийн И гэх газраас иргэн М.Сын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.С мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 15-наас 20-ны үед нэг тооны эр үхрээ алдаад олоогүй. Эын гэрийн хаяанд манай үхэр байсан болохоор хардаж байсан. Тэгээд хавар нүүхээр нь адуунд явж байгаад байрных нь хажуугаар гарахад нохой юм ухахаар нь очиж үзэхэд үхрийн гэдэс, гүзээ байсан. Тэгээд байран дээрх банзнаас аваад ухаад үзэхэд манай үхэр мөн байхаар нь би утсан дээрээ зургийг нь дараад Эын гэрт очиж хэлэхэд аваагүй гэхээр нь цагдаагийн газраар шалгуулна гэхэд цагдаа гээд яах юм, хохирол төлбөрийг нь ах нь төлье гэсэн боловч хохирол төлбөрөө өгөхгүй, сүүлдээ утсаа авахаа болихоор нь цагдаад мэдэгдсэн гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1912003860351 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Сын мэдүүлсэн:...2019 оны 02 дугаар сарын 15-наас 20-ны үед нэг шөнө сартай хар нас гүйцсэн монголын эр үхрээ Өлзийт сумын Ямаат багийн Их дэрстэй гэх газраас бэлчээрээс хулгайд алдсан. Манай үхэр алга болсон газарт М Э ганц гэрээрээ өвөлжиж байсан. Тэгээд тэр үед би Эыг хулгайлсан байх гэж хардаад гэрт нь очиж чадахгүй алсаас дурандаад өнгөрсөн. Хавар болж Эынх нүүгээд явахаар нь малынх нь байрны хажууд малд явж байхдаа малын эзэнгүй хашааны өтөг доороос нохой юм ухаад идээд байсантай таарсан. Тэр үед би өөрөө очиж үзээд ухаж гаргахад хөлдүү үхрийн гэдэс, гүзээ нуугаад хийсэн байхаар нь гар утсаараа зургийг нь дараад үзэж харчихаад Эын гэрт нь очиж уулзахад эхлээд би хулгай хийгээгүй гэж ярихаар нь гар утсаараа дарсан зургийг нь үзүүлэхэд Э төлж өгье, ярьж тохирмоор байна, цагдаа гээд яахав гээд намайг гуйсан. Би тэр үед хохирол төлбөрөө авчихвал нутгийн хүмүүс юм чинь төвөг гэж бодсон. Түүнээс хойш хохирлоо авмаар байна гэж уулзсан. Сүүлдээ Э би хулгай хийгээгүй, манай ахын хоёр баньди хоёроос гурван баньдитай хамт хулгай хийсэн гэж ярьсан. Би аргаа бараад цагдаад өргөдөл өгсөн. Би тухайн үедээ 1.500.000 төгрөгөөр үнэлж хохирол авна гэж ярьсан. Одоо бол 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Манай үхэр дотор биеэр том ганц эр үхэр байсныг авсан байсан. Хохирол төлбөрөө авбал гомдолгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 11-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Сын дахин мэдүүлсэн:...Би Этай уулзахад танай үхрийг би авсан гэж ярьсан. Хохиролд 1 сая төгрөг өгсөн. Одоо 1 сая төгрөг дутуу байгаа. Үлдсэн хохирлоо төлнө гэж ярьсан. Үхэр хулгайд алдагдсан шөнийн маргааш өглөө нь Э ах гэрийнхээ гадаа зогсож байсан бөгөөд эхнэр, хүүхэд нь байсан үгүйг мэдээгүй. Намайг гэрийнх нь ойролцоо малаа хурааж явааг Э ах хараад зогсоод байсан. Би очиж уулзсан боловч үхрээ асуугаагүй. ...Гэхдээ Э ахын гэрийн гадаа малын хашааных нь өтгөн доороос их том үхрийн гэдэс дотор гүзээ гарсан. Уг малын дотор эрхтэн эд зүйл гарсан газар нь Эын гэрийнх нь хажууд гэрээс нь 20 орчим метрийн зайтай байсан. Э ах үлдсэн 1 сая төгрөгийг хавар ноолуур гарахаар өгнө гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Сын дахин мэдүүлсэн:...Э би танай нас нийлсэн 1 тооны үхрийг авсан, би таньд хохирол төлбөрийг төлнө, эхний ээлжинд 1.000.000 төгрөг өгч байгаа гээд намайг 2019 оны 10 дугаар сарын 20-ны үеэр бэлнээр ирээд авчих гээд би гэрээс нь очиж авсан. Дараа 1.000.000 төгрөг хавар ноолуур гарахаар өгнө гэж надад хэлсэн. Намайг зураг үзүүлэхэд ямар нэгэн юм яриагүй. Дуугүй байгаад байсан. Манай үхэр Эын гэрийн ойролцоо байсан. Би Эыг хулгай хийсэн байх гэж бодоод сэжиглэж байсан чинь хаваржааны урд газар ухаад малын гэдэс хийсэн байсныг нохой ухаж байхаар нь би хар аваад тэр дор нь зургийг нь дарж тухайн газрыг ухаж үзэхэд малын гэдэс гүзээ гарч ирсэн. Би бүрэн гүйцэд аваагүй. Би 2.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 1.000.000 төгрөгийг нь бэлнээр авсан. Харин үлдэгдэл 1.000.000 төгрөгийг хавар ноолуур гарахаар өгнө гэж надад хэлсэн. Тэгээд хавар авахаар хоорондоо тохиролцсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Г мэдүүлсэн:...2019 оны 02 дугаар сарын 20-ны үед манай дүү Сынх нэг тооны монголын нас гүйцсэн эр үхэр хулгайд алдсан. Манайх ойролцоо нутагладаг. Манай дүү үхрээ нилээд хайсан. Тэгтэл 2019 оны 05 дугаар сарын эхээр М Эын өвөлжсөн хашааны өтгийг нохой ухаад үхрийн хөлдүү гэдэс, дотор ухаад идэж байхыг нь хараад очиж ухаж үзсэн байсан. Дараа нь Этай уулзахад хохирлыг чинь төлнө гэж ярьсан байсан. Эынх ганц гэрээрээ өвөлжиж хаваржсан өвөлжөөний хашаа байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.У мэдүүлсэн: ...М.Э гуайнх Ямаат багийн Их дэрстэй хавьд хаваржаандаа өвөлжсөн бөгөөд ганц гэрээрээ байсан. Ойр хавьдаа айлгүй байсан. М.Э 2019 оны 02 дугаар сарын 15-наас 20-ны хооронд малын гарал үүслийн бичиг аваагүй. М.Эынх гэртээ 5 настай 1 хүүтэй. Өөр хүүхэд байхгүй. Уг хүүхэд нь сургуульд ороогүй бөгөөд ам бүл гурвуулаа байдаг. Би эднийхээр нэг их орж гараад байдаггүй. Эднийх ганц гэрээрээ байдаг бөгөөд саяхан Ямаат багаас нүүгээд Байшир багт отроор очсон байгаа. Би Өлзийт сумын Ямаат багийн засаг даргын ажлыг 3 жил хийж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Эын мэдүүлсэн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэл тохирохгүй байна. Учир нь би хулгай хийгээгүй. Намайг С гүтгэж хулгай хийсэн болгоод байгаа юм. Тухайн үеийн он, сар, өдрийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан надад С ярихдаа хавар цагаан сарын үеэр хязаалан насны 1 толгой үхэр манай гэрийн урд дэрсэнд байсан гэж ярьсан. Тэнд байж байгаад алга болчихсон гэж ярьсан. Тэгээд манайх өвөлжөөнөөсөө нүүгээд хаваржаандаа буусан. 2019 оны 05 дугаар сард манай өвөлжөөний урдаас газар булсан малын сэвс гарч ирлээ гээд манай гэрт С ирсэн бөгөөд та миний үхрийг авсан гэж гүтгээд намайг хулгай хийсэн болгосон. Манайх мал хийгээд тэр малынхаа гэдсийг гадуур хөглөрөөд байхаар нь өвөлжөөнийхөө урд газар ухаж байгаад нөгөө малынхаа гэдсийг булсан юм. Манай сумын хэсгийн төлөөлөгч та Ст 1.000.000 төгрөг өгчих гэхээр нь би 1.000.000 төгрөг өгсөн. С манай гэрээс өөрөө ирж авсан. Би тухайн үед айсандаа болоод хулгайн хэрэгт хэрэгт холбогдох юм байна гэж бодоод Ст танай 1 тооны үхрийг хулгай хийсэн гэж худлаа хэлсэн. Тэгээд намайг С та хулгай хийсэн гээд хэлчих гэхээр нь би хулгай хийсэн гэж хэлсэн юм. Мөн 1.000.000 төгрөг өгчих тэгвэл цагдаад хэлэхгүй гэхээр нь айгаад өгсөн. Намайг хулгай хийгээгүй байхад хулгай хийсэн болгож гүтгэсэн. Мөн надаас мөнгө хуурч авсан. Хэлсээр гүтгэж байгаад гомдолтой байна. Нэр төрөө сэргээж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-08 хуу/
2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 163 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 39 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 02 дугаар сарын 15-наас 20-ны хооронд Ааймгийн Ө сумын Ябагийн И гэх газраас иргэн М.Сын эзэмшлийн 1 тооны үхэр хулгайлагдаж, 1.800.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Э нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 02 дугаар сарын 15-наас 20-ны хооронд А аймгийн Ө сумын Я багийн И гэх газраас иргэн М.Сын эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Сын мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 15-наас 20-ны үед нэг тооны эр үхрээ алдаад олоогүй. Эын гэрийн хаяанд манай үхэр байсан болохоор хардаж байсан. Тэгээд хавар нүүхээр нь адуунд явж байгаад малынх нь байрны хажуугаар гарахад нохой юм ухахаар нь очиж үзэхэд үхрийн гэдэс, гүзээ байсан. Тэгээд байран дээрх банзнаас аваад ухаад үзэхэд манай үхэр мөн байхаар нь би утсан дээрээ зургийг нь дараад Эын гэрт очиж хэлэхэд аваагүй гэхээр нь цагдаагийн газраар шалгуулна гэхэд цагдаа гээд яах юм, хохирол төлбөрийг нь ах нь төлье гэсэн боловч хохирол төлбөрөө өгөхгүй, сүүлдээ утсаа авахаа болихоор нь цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг, “2019 оны 02 дугаар сарын 15-наас 20-ны үед нэг шөнө сартай хар нас гүйцсэн монголын эр үхрээ Өлзийт сумын Ямаат багийн Их дэрстэй гэх газраас бэлчээрээс хулгайд алдсан. Манай үхэр алга болсон газарт М Э ганц гэрээрээ өвөлжиж байсан. Тэр үед би Эыг хулгайлсан байх гэж хардаад гэрт нь очиж чадахгүй алсаас дурандаад өнгөрсөн. Хавар болж Эынх нүүгээд явахаар нь малынх нь байрны хажууд малд явж байхдаа малын эзэнгүй хашааны өтөг доороос нохой юм ухаад идээд байсантай таарсан. Тэр үед би өөрөө очиж үзээд ухаж гаргахад хөлдүү үхрийн гэдэс, гүзээ нуугаад хийсэн байхаар нь гар утсаараа зургийг нь дараад үзэж харчихаад Эын гэрт нь очиж уулзахад эхлээд би хулгай хийгээгүй гэж ярихаар нь гар утсаараа дарсан зургийг нь үзүүлсэн. Э төлж өгье, ярьж тохирмоор байна, цагдаа гээд яахав гээд намайг гуйсан. Э 1.000.000 төгрөгийг өгсөн. Одоо 1 сая төгрөг дутуу байгаа” гэх мэдүүлэг /1хх-ийн 11-13, 14-16, 17-18/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Г мэдүүлсэн “2019 оны 02 дугаар сарын 20-ны үед манай дүү Сынх нэг тооны монголын нас гүйцсэн эр үхэр хулгайд алдсан. Манайх ойролцоо нутагладаг. Манай дүү үхрээ нилээд хайсан. Тэгтэл 2019 оны 05 дугаар сарын эхээр М Эын өвөлжсөн хашааны өтгийг нохой ухаад үхрийн хөлдүү гэдэс, дотор ухаад идэж байхыг нь хараад очиж ухаж үзсэн байсан. Дараа нь Этай уулзахад хохирлыг чинь төлнө гэж ярьсан байсан. Эынх ганц гэрээрээ өвөлжиж хаваржсан өвөлжөөний хашаа байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-08/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г овогт М Эыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Э гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч М.Э нь 2019 оны 02 дугаар сарын 15-наас 20-ны хооронд бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэж, хэрэг шүүхээр шийдэгдэхийн өмнө Монгол Улсын Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт орж хэрэгжиж эхэлсэн байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч М.Эад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт М Эыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Эад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ