Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 15

 

Зохигчийн эвлэрлийг баталж

       хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа би нэхэмжлэгч Д.Уртнасангийн нэхэмжлэлтэй хариуцагч “Батжин-Уул” ХХК-д холбогдох 416000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад       

                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

           Нэхэмжлэгч Д.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Уртнасан миний бие “Батжин-Уул” ХХК-д 2016 оны 08 сарын 23-нд ажилд орж 2016 оны 12 сарын 03-нд харуулын ажлаас халагдсан тул 2016 оны 11 сарын цалин 390000 төгрөг, мөн 12 сарын 01-ний өдрийн 1 гарааны 26000 төгрөг, нийт 416000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.           

                                                                       Ү Н Д Э С Л Э Х нь:

 

 Нэхэмжлэгч Д.Уртнасан нь хариуцагч “Батжин-Уул” ХХК-иас 416000  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Батжин-Уул” ХХК-иас нэхэмжлэгч Д.Уртнасанд 400000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16000 төгрөгнөөс нэхэмжлэгч Д.Уртнасан татгалзсан байна.

Иймд зохигч нэхэмжлэлийн шаардлага 416000 төгрөгнөөс 400000 төгрөг дээр эвлэрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Д.Уртнасангийн нэхэмжлэлтэй хариуцагч “Батжин-Уул” ХХК-д холбогдох  416000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 400000 төгрөг дээр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Уртнасангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13130 төгрөгийн тал хувь болох 6565 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 6565 төгрөгийг, хариуцагч “Батжин-Уул” ХХК-иас зохигчийн эвлэрсэн 400000 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 12650 төгрөгийн тал хувь болох 6325 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Уртнасанд олгосугай.    

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                                           С.БАЙГАЛЬМАА