Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 270

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч А.Одбаярын нэхэмжлэлтэй хариуцагч О.Алтаншагайд холбогдох 120.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016  оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

                                                                                            Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч А.Одбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Алтаншагай нь 2016 оны 06 дугаар сард тэмцээнд орно гэх шалтгаанаар боронзон саарал өнгөтэй Nike брэндийн 120.000 төгрөгний үнэтэй пүүзийг 2016 оны 07 дугаар 10-ны дотор өгнө гэж зээлээр авсан. О.Алтаншагай нь одоог хүртэл зээлээр худалдаж авсан барааны үнэ 120.000 төгрөгийг өгөөгүй. Иймд 120.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Бор-Өндөрийн 9-8 тоотод оршин суух РД:СЩ 95051217, Товх овогт Осгончимэгийн Алтаншагай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие А.Одбаярын нэхэмжилсэн 120.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч А.Одбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч О.Алтаншагайгийн  тайлбартай танилцлаа. Төлбөр төлөх хугацааг нь хүлээн зөвшөөрч байна ” гэжээ.

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х нь:

            Нэхэмжлэгч А.Одбаяр нь хариуцагч О.Алтаншагайгаас 120.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч О.Алтаншагай нь 120.000 төгрөгийн барааг нэхэмжлэгч А.Одбаяраас худалдан авсан бөгөөд үнийг төлөх үүрэгтэй болох нь  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,  хариуцагчийн хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч О.Алтаншагай нь нэхэмжлэлийн шаардлага 120.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.    

 Иймд хариуцагч О.Алтаншагай нь нэхэмжлэлийн шаардлага 120.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар    зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

1. Нэхэмжлэгч А.Одбаярын нэхэмжлэлийн шаардлага 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийг хариуцагч Товх овогт Осгончимэгийн Алтаншагай нь  төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Одбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгний тавин хувь 2275 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 2275 төгрөгийг хариуцагч О.Алтаншагайгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Одбаярт олгосугай.

3.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Р.БАТБАЯР