Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 182/2016/00662/и |
Дугаар | 2045 |
Огноо | 2016-12-14 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2045
МАГАДЛАЛ
2016.12.14 Дугаар 2045 Улаанбаатар хот
ХХХХ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00662 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч "ХХХХ” ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: ХХХХ нь 2016 оны 3 дугаар сарын 25-нд "ХХХХ” ХХК-д хүний нөөц, аж ахуйн менежерийн ажилд томилогдон орж ажилласан юм. Хөдөлмөрийн гэрээг байгуулсан. ХХХХ нь ямар ажил хийж гүйцэтгэхийг танилцуулахгүй байхаар нь энэ талаар шаардахад туршилтын хугацаагаар ажиллаж байгаа учраас шаардлагагүй, жинхэлж ажиллах үед мэдэгдэнэ гэсэн хариуг өгдөг байсан. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 31-нд гэнэт чи ажлаа хийхгүй байгаа учраас хөдөлмөрийн гэрээг чинь цуцалсан гээд ажлаас халсан тушаал, мэдэгдлийг өгсөн. Ажлаас халсан тушаалд 6 дугаар сарын 30-наар тасалбар болгон заасан. Ингээд ХХХХ нь энэ хугацааг болтол ажиллах гэхэд та ажилдаа ирэх шаардлагагүй, цалинг чинь олгоно гэж хэлээд 6 дугаар сарын 02-нд хэлцэл гэх зүйлийг ХХХХ той байгуулсан байдаг. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээнд байх 4 гол нөхцлийг хангаагүй, ажлын байрны тодорхойлолтгүй гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.-т заасныг хангаагүй. Ажилтанд хөдөлмөрийн гэрээг танилцуулах, байгууллагын дотоод журам, дүрмийг танилцуулах үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 7.2-т хөдөлмөрийн гэрээг тодорхой ба тодорхой бус үндэслэлээр хугацаанаас өмнөцуцалж болно, хөдөлмөрийн гэрээнд заагаагүй бол компани нь 30 хоногийн өмнө мэдэгдэл өгч цуцлах ёстой, гэтэл 5 дугаар сарын 31-нд мэдэгдлээ өгөөд тэр өдрөө халсан тушаал гаргасан. Энэ нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийг заагаагүй байна. Хариуцагч нь ХХХХ ыг сахилгын зөрчил гаргасан гээд байна, Ууганбаяр гэдэг хүн 4 дүгээр сарын 11-нд гомдол гаргасан гэдэг, гэтэл үүнийг зөрчил гэж үзсэн юм бол 1 сарын хугацааны дотор арга хэмжээ авах ёстой. ХХХХ ыг өөрөө ажлын байрны тодорхойлолтоо гаргах ёстой гэж байгаа нь огт үндэслэлгүй. Ажил олгогч ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгөх үүрэгтэй. Хөдөлмөрийн дотоод журмын 2.2-т ажлын гүйцэтгэлйиг дүгнэх ёстой, гэтэл ингэж дүгнээгүй атлаа хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Байгууллага нь ажилтантай харилцан тохиролцсон зүйл байхгүй. Тэр хэлцэл гэдэг нь тушаал гарснаас хойш байдаг. ХХХХ-ыг сахилгын зөрчил гаргасан талаар шалгаж тогтоосон зүйл байхгүй байна. Нэхэмжлэгч нь ажилд томилогдсоноос хойш 6 дугаар сарыг дуустал хугацааны цалинг авсан. 1 300 000 төгрөгөөр тооцно. Иймд ХХХХ ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 3 дугаар сарын 25-нд хүний нөөц, аж ахуйн менежерийн албан тушаалд туршилтын хугацаагаар 6 сараар, сард 1 300 000 төгрөгийн цалинтайгаар томилогдсон. Хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 4.1-д зааснаар эхний 6 сар нь туршилтын хугацаа байх ба ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг сунгахгүй тухай мэдэгдлийг өгвөл хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор заасан. Ажилтан ХХХХ нь бусад хүмүүстэй зүй бусаар харьцдаг, ажлын цагийг дутуу ашигладаг, хамт олонтой харилцах чадваргүй, багаар ажиллах чадваргүй, харьцааны доголдолтой болох нь тогтоогдсон. Энэ талаар удаа дараа амаар болон бичгээр гомдол ирж байсан, түүнийг хэрэгт өгсөн. Иймд ХХХХ ыг хөдөлмөрийн гэрээний 14.4-ийн 18-д заасныг зөрчсөн гэж үзэж 2016 оны 5 дугаар сарын 31-нд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн тухай захирлын тушаалыг танилцуулсан. Тушаалд цалинг нь 6 дугаар сарын 30-ныг хүртэл олгохоор заасан, 1 сарын дараа тасалбар болгож ажил хүлээлцэхийг заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасны дагуу ажил олгогчоос ажилтанд гэрээ цуцлах тухайгаа 1 сарын өмнө мэдэгдсэн тушаал юм. ХХХХ нь өөрөө ажилдаа ирээгүй ба 6 дугаар сарын 02-нд ирээд надад 6 дугаар сарын цалинг өгчих, ямар нэгэн хэл ам хийхгүй гэж хэлээд өөрөө хэлцэл хийсэн. Тэрээр надад хүлээлгэж өгөөд байх ажил байхгүй, ажилчдын бичиг баримтууд хавтсандаа байгаа, файлууд компьютерт байгаа гээд ажлыг хүлээлгэж өгөлгүйгээр нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, тушаал зэргийг аваад явсан байдаг. ХХХХ нь 6 дугаар сард ажил хийгээгүй ч бид цалинг нь олгосон, энэ тухай баримтыг хэрэгт өгсөн. Үүнээс хойш ХХХХ нь ажил хийгээгүй байж цалин нэхэх эрхгүй, хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХ ыг “ХХХХ” ХХК-ийн хүний нөөц, аж ахуйн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас 3 722 727 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХ д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч ХХХХ-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 74 514 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль буруу хэрэглэсэн, талуудын хооронд болсон бодит нөхцөл байдал, хариуцагчтай хийсэн хэлцэлийг үнэлж дүгнээгүй, захиралын тушаалыг хэтэрхий нэг талыг баримталж нэхэмжлэгчид ашигтайгаар үнэлэж дүгнэсэн бөгөөд халагдаж байгаа бус хоёр талын хүсэл зоригийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж байгааг ялгаагүй, нотлох баримтыг дутуу үнэлсэнтэй холбоотой шүүхийн шиийдвэр бүхэлдээ буруу гарсан. Хөдөлмөрийн гэрээний 2 тал харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээгээ цуцалж байгаа явдал бөгөөд нэг талаас ажилтан ХХХХ нь өөрийн ажлын байрыг 2016 оны 6 дугаар сарын 02-ноор тасалбар болгон хүлээлгэн өгснөөр, нөгөө талаас ажил олгогч нь хөдөлмөрийн харилцааг 2016 оны 6 дугаар сарын 30-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн хөлсийг бүхэлд нь олгохоор тохиролцсон тохиролцоо байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан "Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл"-ийг ХХХХ д өгсөн байна. Хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэлийг 2016 оны 5 дугаар сарын 31-нд танилцуулсан, гарын үсэг зуруулсан байна. Энэ мэдэгдэл нь ХХХХ д хуульд заасан дараачийн ажлын байраа олох хугацааг олгосон байх бөгөөд хуульд нийцэж байна. Гэтэл ХХХХ нь тухайн мэдэгдэлийг хүлээн аваад халагдах тушаалаа давхар авья гэж захирал Доменико Даффанд хандаж авсан байдаг. Энэ талаар нэхэмжлэгч ХХХХ нэхэмжлэлдээ "...2016 оны 05 дугаар сарын 31-ны өдөр захирал намайг өрөөндөө дуудаж уулзаад ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөөд халлаа гэсэн болно. Ажлаас халах тушаалаа 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 21/16 тоотоор гаргахдаа 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болголоо гэсэн ...Ажлаас халсан тушаалаа хугацаа хоишлуулж он cap зөрүүтэй гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно." гэж дурьдсан байдаг. Энэ нь "хэзээ халагдах болсоноо мэдсэн" гэж үзнэ. Ингээд ХХХХ нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөө "Захиралын тушаал" №21/16-г гаргуулж аваад явсан байдаг бөгөөд ажлаас бүрэн халагдаагүй байхдаа он cap зөрүүтэй, хууль зүйн алдаатай тушаалыг гаргуулж авсан болно. Нэхэмжлэгч ХХХХ нь нэхэмжлэлээ шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байна. Гэтэл "ХХХХ" ХХК нь тус өдөр ажлаас чөлөөлж байсан нь хугацааны хувьд давхцаж байна. Энэ нь ХХХХ-ын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийснээр баталгаажиж байгаа бөгөөд цаг хугацааны алдагдал байхгүй байна. Ажлаас буруу халагдсан гэх гомдол 2016 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн тоологдох байтал шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хэргийг мэдсээр байж урьдчилан зохион байгуулсан, гэнэт халагдах тушаалаа аваад шүүхэд өгч байгаа биш хоног тоолон хүлээж байгаад шүүхэд хандсан зэрэгээс илт харагдаж байна. Захиралын тушаал процессын хувьд алдаагүй зохицуулагдсан байх бөгөөд харин доторхи агууламжын хувьд зөвхөн ажил олгогч талын хүсэл сонирхолыг илэрхийлсэн, ажилтаны хөдөлмөрийн гэрээгээ цуцлах тухай санаачлагыг тусгаагүйд байна. Иймд захиралын тушаалыг хуульд нийцүүлсэн байдлаар нөхөн гаргах боломжтой болохыг дурьдахын сацуу тус хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.
Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч "ХХХХ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч ХХХХ ыг хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 17/16 тоот тушаалаар “хүний нөөц, аж ахуйн менежер”-ийн ажилд 6 сарын туршилтын хугацаагаар ажиллуулсан, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 21/16 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг үндэслэн туршилтын хугацаа дуусахаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...ажлын байрыг шалгасан болон шалгалт авалгүйгээр халсан, ажлаас үндэслэлгүй халагдсан...” гэж үндэслэсэн.
Зохигдын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан хугацаатай гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээг хугацаанаас өмнө ажил олгогчийн санаачилгаар цуцлахад мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн зохицуулалт хамаарахгүй юм.
Түүнчлэн талууд 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1 дэх хэсэгт “...компаниас хөдөлмөрийн гэрээний хугацааг цаашид сунгахгүй тухай мэдэгдлийг туршилтын хугацаа дуусахаас өмнө мэдэгдвэл энэхүү гэрээ дуусгавар болно” гэж талууд тохиролцсон баримт хэрэгт авагдсан байна.
Иймд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэхгүй.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь буруу боловч давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтын хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.
Тухайлбал нэхэмжлэгчийн ажиллах туршилтын хугацаа нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болох ба туршилтын хугацаа тогтоосон хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болох нь тогтоогдож байгаа нөхцөлд нэхэмжлэгчийг өмнөх ажил албан тушаалд эгүүлэн томилох үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ХХХХ ыг хариуцагч байгууллагын хүний нөөц, аж ахуйн менежерийн ажилд эгүүлэн тогтоосон хэсгийг хасч өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулсан шүүхийн шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 74 515 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
М.НАРАНЦЭЦЭГ