Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 153/2017/00541/И |
Дугаар | 001/ХТ2018/00843 |
Огноо | 2018-05-24 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2018/00843
В.Ү-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00627 дугаар шийдвэр
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар магадлалтай
В.Ү-ын нэхэмжлэлтэй
Х-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2 047 900 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гиймаа, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч В.Ү- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х-д нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн статистик судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажиллаж байсан. Х-йн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Дэлгэрсайхан нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тушаал хүчингүй болгох тухай Б/162 дугаартай тушаал гаргаж, намайг ажилд томилсон 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 133 дугаартай тушаал, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 136 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгосон.
Хөдөлмөрийн харилцаа бол ажил олгогч болон ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг харилцаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болдог. Гэтэл Х-йн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Дэлгэрсайхан нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр Б/162 дугаартай тушаал гаргаж, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгож намайг ажлаас халсан.
Иймээс Х-йн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 2,047,900 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулан гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/79 дугаартай тушаалаар Д.Баярмааг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон Х-йн захирлын ажлаас халсан. Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар Т.Дэлгэрсайхан намайг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Х-йн захирлын ажилд томилсон.
Д.Баярмаагийн Х-йн захирлын эрх, үүрэг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон байхад нэхэмжлэгч В.Ү-ыг нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан мэргэжилтний ажилд томилж, тушаал гаргасан байдаг. Иймд эрх үүрэг нь дуусгавар болсон байхдаа тушаал гаргасан этгээдийн гаргасан тушаалыг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00627 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Ү-ын хариуцагч Х-д холбогдуулан гаргасан Х-йн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан Х-йн нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,047,900 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
нэхэмжлэгч В.Ү- нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00627 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-т заасныг баримтлан Х-йн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаар тушаалын В.Ү-од холбогдох хэсгийг хүчингүй болгож, В.Ү-ыг Х-йн нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Х-оос түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2144865 төгрөгийг гаргуулж В.Ү-од олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Х-д үүрэг болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар В.Ү- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар хариуцагч Х-оос улсын тэмдэгтийн хураамжид 119 467 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.” гэж өөрчилж, нэхэмжлэгч В.Ү-ын давж заалдах гомдлыг хангаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2, заасан эрхийнхээ дагуу хариуцагч Х-йн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гиймаа, өмгөөлөгч Ж.Энхжаргал бид дараах гомдлыг гаргаж байна.
Дээрх магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.
...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан үүргийнхээ дагуу Х-йн Хөдөлмөрийн дотоод журам, Х-йн захирлын 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 83 дугаартай Тушаал, Х-йн захирлын 2017 оны 08 сарын 29-ний өдрийн 136 дугаартай Тушаал, Х-йн захирлын 2017 оны 08 сарын 25-ны өдрийн 133 дугаартай Тушаал, Х-йн захирлын 2017 оны 08 сарын 25-ны өдрийн 132 дугаартай Тушаал, Х-йн захирлын 2017 оны 06 сарын 13-ны өдрийн Б/111 дугаартай Тушаал, Х-йн захирлын 2017 оны 09 сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай Тушаал, хүчингүй болгосон Х-ийн захирлын тушаалын жагсаалт, Монгол Улсын Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 08 сарын 25-ны өдрийн Б/80 дугаартай Тушаал, Монгол Улсын нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 сарын 27-ны өдрийн А/21 дугаартай тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Х-йн удирдах зөвлөлийн 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 04 дугаартай Тогтоол, Х-йн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Х-йн удирдах зөвлөлийн 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 03 дугаартай Тогтоол, Х-йн удирдах зөвлөлийн дүрэм, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Х-йн удирдах зөвлөлийн 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 02 дугаартай тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Х-йн удирдах зөвлөлийн 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 01 дугаартай Тогтоол, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 08 сарын 18-ны өдрийн Б/79 тушаал, Х-йн захирлын 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 83 дугаартай тушаал зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 06 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт: “...ажил олгогч нь өмнөх тушаалыг хүчингүй болгох эрхтэй боловч 2017 оны 09 сарын 14-ний өдрийн Б/162 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т зааснаар хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэх үндэслэлээр ажилтан В.Ү-ыг ажлаас халсан нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна. Ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн дээрх тушаалын 2 дахь заалтад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар үндэслэлээр дуусгавар болгож байгаа нь ойлгомжгүй байна..., Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэг тохирох зүйл заалтыг заавал баримталж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан шийдвэр гаргаж байх хуулийн шаардлагыг тус сургуулийн захирал зөрчсөн байна...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2017 оны 08 сарын 18-ны өдрийн Б/79 дугаартай тушаалаар Д.Баярмааг 2017 оны 08 сарын 18-ны өдрөөр тасалбар болгон Х-йн захирлын ажлаас халсан бөгөөд ажил хүлээлцэх өдрийг 2017 оны 08 сарын 25-ны ажил хүлээлцэх өдрөөр тогтсон.
Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар Т.Дэлгэрсайханыг 2017 оны 08 сарын 25-ны өдрөөс эхлэн тус Х-ийн захирлын ажилд томилсон.
Захирал Д.Баярмаагийн Х-йн захирлын эрх, үүрэг нь 2017 оны 08 сарын 18-ны өдрөөс эхлэн дуусгавар болсон үедээ нэхэмжлэгч Б.Үл-Олдохыг 2017 оны 08 сарын 29-ний өдрийн 136 дугаартай Тушаалаар Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан мэргэжилтний ажилд томилсон. Захирал Д.Баярмаа нь 2017 оны 05 сарын 25-ны Удирдах зөвлөлийн хурлын 04-р тогтоолын 2-р хавсралтаар Маркетингийн албанд Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн, Сургалтын албанд Статистикийн мэргэжилтэн гээд 2 албанд хамаарагддаг одоо 2 хүн ажиллаж байгаа, ажлын байрны тодорхойлолтоор өөр өөр чиг үүрэг гүйцэтгэдэг орон тоог нэг болгосон байна. Тухайн үедээ Д.Баярмаа нь Үл-Олдохтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд Үл-Олдохын зүгээс 2 албаны ажил албан тушаалыг нэгэн зэрэг ажиллах боломжгүй, 2 өөр алба 2 өөр цалингийн сантай, бүтэц орон тоотой байтал нэхэмжлэгч Үл-Олдох нь дээрх 2 албан тушаалын талаар ямар ч ойлголт байхгүй байгаа нь тодорхой байна. Үл-Олдохыг ажил албан тушаалд нь эгүүлэн томилохдоо урьд нь ажиллаж байсан Маркетингийн албаны Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Бямбасүрэн, Сургалтын албаны Статистикийн мэргэжилтэн Я.Амарбаясгалан нарыг чөлөөлөөгүй, үндсэн орон дээр ажиллаж байхад нь Үл-Олдохыг дахин томилсон тушаал нь анхнаасаа хууль зөрчсөнийг нотлож байна.
Энэ нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11 сарын 06-ны өдрийн 401 дугаартай тушаалаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм”-ийн 3,15-д “Сургуулийн захирал өөрийн эрх хүрээний асуудлаар тушаал гаргана” гэснийг зөрчсөн тул эрх хэмжээ олгогдоогүй этгээдийн гаргасан тушаалыг хүчингүй болгож, хууль бус тушаалын үндсэн дээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс албан шаардлага, архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчаас дүгнэлт ирүүлсэн.
Х-йн захирлын эрх үүрэг нь дуусгавар болсон Д.Баярмаа нь тус Х-ийн захирлын 2017 оны 08 сарын 23-ны 123, 2017 оны 08 сарын 25-ны өдрийн 129, 2017 оны 08 сарын 25-ны өдрийн 133, 2017 оны 08 сарын 29-ний өдрийн 138, 2017 оны 08 сарын 29-ний өдрийн 139 дугаар тушаалуудад гарын үсэг зурсан. Энэ нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 11 сарын 06-ний өдрийн 401 дүгээр тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм”-ийн 3.15-т Сургуулийн захирал өөрийн эрх мэдлийн хүрээний асуудлаар тушаал гаргана” гэснийг зөрчсөн. Х-йн захирлын 2017 оны 128,129, 133,136,137,138,139 тушаалуудыг хүчингүй болгож, хууль бус тушаалын үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож хуулийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авна уу...” гэсний дагуу Х-йн захирлын 2017 оны 09 сарын 14-ний өдрийн Б/162 дугаар тушаал гарган дээрх хууль бус тушаалыг хүчингүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-ийг баримтлан Тушаал гаргасан хууль зөрчөөгүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр нэг талыг баримтлан шийдвэр гарган хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д: Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.
Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 дугаартай хөдөлмөрийн тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарт”...энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 заасан: “гарын үсэг зурсан” гэдэгт бичгээр баталсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч иргэн, ажил олгогч хуулийн этгээд, байгууллагыг төлөөлж, эрх бүхий албан тушаалтан, мөн ажилд орохыг хүссэн эрх зүйн чадамж бүхий иргэн өөрөө гарын үсэг зурсан байхыг хэлнэ”... гэжээ.
Х-йн захирлын 2017 оны 09 сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай “тушаал хүчингүй болгох тухай” Тушаалын 1-т “...Даваагийн Баярмаагийн Х-йн захирлын эрх, үүрэг нь 2017 оны 08 сарын 18-ны өдрөөс дуусгавар болсон байхдаа гарын үсэг зурж, албажуулсан энэхүү тушаалын хавсралтад дурдсан тушаалуудыг 2017 оны 09 сарын 14-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болгосугай...гэсэн нь хууль зөрчөөгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т: Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.... гэж заасны дагуу Х-йн захирал Д.Баярмаа нь 2017 оны 08 сарын 18-ны өдрийг түүнийг ажлаас халагдсан өдөр харин 2017 оны 08 сарын 25-ны өдрийг ажлаа хүлээлгэн өгсөн өдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл Х-ийн захирал Д.Баярмаагийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон, тушаал шийдвэр гаргах эрхгүй болсон гэдгээ мэдэж байж санаатайгаар В.Ү-ыг 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 128 дугаартай Тушаалаар сургалтын албаны арга зүйч ажилд томилсон.
Д.Баярмаа 2017 оны 08 сарын 25-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн Х-йн захирал Д.Баярмаагийн 2017 оны 08 сарын 25-ны өдөр гаргасан 133 дугаартай тушаалыг эрх, үүрэг дуусгавар болсон захирал албажуулан гаргасан гэж үзсэн хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д: “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл байхаар заасан тул дээрх эрх бүхий этгээдээс ирүүлсэн шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс Х-йн захирлын 2017 оны 09 сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай тушаалыг гаргасан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болно.
Хариуцагч Т.Дэлгэрсайханыг Монгол Улсын Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар ажилд орсон өдөр нь Д.Баярмаа гарын үсэг, зурж албажуулсан байсныг хариуцагч Т.Дэлгэрсайхан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасан хуулийн зүйл заалтыг зөв баримтлан тушаал гаргасан.
Засгийн газрын 2007 оны 12 сарын 26-ны өдрийн 354 дугаартай тогтоолын 7- р хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл”-ээр Сургалтын албаны арга зүйчийн ажилд ТҮМБ-4-1 ангилал зэрэглэлээр, Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан мэргэжилтэн ТҮ-7-1 ангилал зэрэглэлээр цалинждагаар батлагдаж байгаа.
Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 08 сарын 25-ны өдрийн Б/80 дугаар тушаалаар Т.Дэлгэрсайхан ажилд томилогдоод Д.Баярмаагийн гаргасан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлийг хариуцагч Т.Дэлгэрсайхан хэрэглэх шаардлагагүй бөгөөд нэхэмжлэгч Үл-Олдохын өмнө нь ажиллаж байсан орон тоо хадгалагдан үлдсэн байгааг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.4-д Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл нь байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.
Иймд Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 06 дугаартай Магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд гаргасан тайлбарт:
...Нэхэмжлэгч Б.Ү нь Х-ийн захирлын 2017 оны 09 сарын 14-ний өдрийн Б/162 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь 2017 оны 09 сарын 14-ний өдөр Б/162 дугаартай тушаал нь хүчин төгөлдөр бус, тушаалын үндэслэлд дурдсан Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4-т заасан үндэслэлд дурдсан “Хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага” биш, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч, Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох шаардлага гаргах эрхгүй гэж маргасан. Тэдгээр албан тушаалтанд Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай шаардлага гаргах эрх олгогдоогүй гэж нэхэмжлэгч талаас тайлбар гаргасан.
Давж заалдах шатны шүүх магадлалынхаа Үндэслэх хэсэгт: “...2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т зааснаар хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан үндэслэлээр ажилтан Б.Үл-Олдохыг ажлаас халсан нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ” гэж дүгнэсэн байдаг.
Хэрэв Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасныг үндэслэж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал гаргасан гэж үзэж байгаа бол хариуцагч Х нь өөрийн гаргасан 2017 оны 09 сарын 14-ний өдрийн Б/162 тоот тушаалыг хүчин төгөлдөр болохыг, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч, Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох шаардлага гаргах эрх бүхий этгээд болохыг нотлох ёстой юм. Гэвч үүнийгээ хариуцагч тал нотлож чадаагүй.
Мөн Давж заалдах шатны шүүх магадлалын Үндэслэх нь хэсэгт: “...Ажил олгогчийн санаачлагаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэг тохирох зүйл заалтыг заавал баримталж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталж шийдвэр гаргаж байх хуулийн шаардлагыг тус сургуулийн захирал зөрчсөн байна” гэж дүгнэсэн байдаг.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөвөөр, үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймээс Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 06 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч В.Ү- нь Х-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Х-йн захирлаар ажиллаж байсан Д.Баярмаа нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/79 тушаалаар мөн өдрөөс ажлаас халагдаж, үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөгүй байхдаа 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 136 дугаартай тушаал гаргаж, В.Ү-ыг Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан мэргэжилтний ажилд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн томилсон байна.
Хариуцагчийн төлөөлөгч Т.Дэлгэрсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 тушаалаар Х-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, Д.Баярмаагийн ажлыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээж авсан байна.
Т.Дэлгэрсайхан нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4., Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 89 дүгээр албан бичгээр ирүүлсэн албан шаардлага, Архив, албан бичиг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаар дүгнэлтийг үндэслэн Д.Баярмаагийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс хойш гарын үсэг зурж, албажуулсан хавсралтад нэр заасан тушаалуудыг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болгож, тушаалын хавсралтад дурдсан нэр бүхий ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, ажлын байрнаас халсан байна.
Хавсралтад нэр дурдсан тушаалуудад нэхэмжлэгч В.Ү-ыг ажилд томилсон 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 136 дугаартай тушаал багтсан тул В.Ү- нь ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж гомдол гаргасан үйл баримт тогтоогджээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4. дэх заалтыг үндэслэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-т “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан бол” хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор зохицуулсан байна.
Ажилтныг ажлаас нь чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагын шаардлага хэрэгт авагдаагүй тул ажил олгогчийн тушаалыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нь нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Түүнчлэн ажил олгогчоос гаргасан тушаал хууль зөрчсөнд ажилтныг буруутгах үндэслэлгүй тул ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгох нь ажилтныг ажлаас чөлөөлөх Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм.
Иймд В.Ү-ыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гиймаа, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Х улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД