Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 111/ШШ2018/0010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:*******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт холбогдох “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3/06, 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгох,Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/598, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээд *******, нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.                                                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ******* нь 2016 оны 2 сарын 7-ноос эхлэн Бөмбөгөр сумыг засаг даргаар хууль журмын дагуу сонгогдон ажиллаж, хариуцсан ажилдаа идэвхи зүтгэл гарган, улс төржихгүйгээр албан үүргээ сайн гүйцэтгэж байгаа гэж өөртөө дүгнэлт хийдэг. Гэтэл тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 3-р хуралдаан 2017 оны 6 сарын 30-ны өдрөөс эхлэн хуралдаж нээлттэй орхиж байгаад 2017 оны 8 сард үргэлжлүүлэн хуралдаж 1.Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг дугнэсэн тухай", 2.Сумын Засаг даргыг огцруулах тухай, 3. Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай тогтоолыг тус тус гаргасан. Энэ тогтоолуудыг үндэслэн Баянхонгор аймгийн Засаг даргаас 2017 оны 08 сарын 15-ны өдөр Б/598 тоот захирамж гаргаж мөн намайг огцруулсан тухай шийдвэрүүдийг тус тус гаргасан.

Эдгээр иргэдийн хурлын тогтоолууд, засаг даргын захирамж нь миний хөдөлмөрлөх эрх, төрийн байгууллагад сонгогдож, томилогдож ажиллах эрхийг бүдүүлгээр зөрчиж, ямар нэгэн улстөрийн үйл ажиллагааны нөлөөнд автахгүй байх, хууль, төр, засгийн хуульд нийцсэн бодлого, шийдвэрийг биелүүлэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах эрх үүргийг хаасан хууль бус тогтоол шийдвэрүүд гарсан тул шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрч байна.

1.Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3/06 тоот 2017 оны 06 сарын 30-ны өдрийн тогтоолын талаар:

Сумын засаг даргын "Сумын нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн үндсэн чиглэлийн хэрэгжилт"-ийн талаар хурлаар оруулахдаа хэрэгжүүлсэн ажил дээр ямар нэгэн санал шүүмжлэл байхгүй, ямар ажлыг дүтуу хийсэн, ямар ажлыг хийгээгүй гэх талаар ярилцаагүй, ажлын хэрэгжилт явц сайн байхад энэ талаар нэг ч зүйлийг тус хурлаар хэлэлцээгүй учраас хурлаар хэлэлцээгүй асуудлаар тогтоол гаргасан гэж миний бие үзэж байна.

Харин намайг улс төрийн талаас нь харж тухайн тогтоолыг гаргасан нь хууль тогтоомж, хурлын дэгээ зөрчиж намайг нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх бололцоогүй болгосон. Мөн хурлаас сумын Засаг даргын хувьд хийх ёстой, ажил хэргийн хувьд гүйцэтгэх зэрэг хуулиар хүлээсэн аймаг орон нутгаас ирсэн төрийн өндөр албан тушаалтан хүмүүсийг хүлээн авах, бодлого, шийдвэр, үйл ажиллагааг нь сонсох, хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үндсэн ажлыг хийлгэхгүй "МАН-аас орлогч авсан, МАН-аас гарсан УИХ-ын гишүүн хуралд оролцсон, АН-ын бодлого баримталж ажилладаггүй" гэсэн үндэслэл гаргаж, хагас жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт хангалтгүй гэж үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь бүтэн жилээр төлөвлөгдсөн, төлөвлөгөөтэй, хугацаатай, зарим ажил нь эхлээд дууссан, зарим ажил нь эхэлсэн зэрэг нөхцөл байгааг тус хурлаар оруулж хэлэлцээгүй нь энэ тогтоол хууль бус гарсан гэж үзэх үндэслэл юм.

Мөн ажлын тайландаа биш, намайг огцруулах гэж зохион байгуулсан, түүнийгээ баталгаажуулах гэж зориудаар миний хийсэн ажлыг хангалтгүй гэж үнэлсэн нь Монгол улсын Үндсэн хуулинд заасан шударга ёсны зарчим, Төрийн албаны хуульд заасан шударга ёсны зарчим, төрийн албан хаагчийн ард түмэндээ үйлчилж, төрдчин үнэнчээр зүтгэхэд орших зарчмыг зөрчсөн.

2.Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 сарын 04-ний өдрийн 03/01 тоот тогтоол, Бөмбөгер сүмын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 сарын 04-ний өдрийн 03/02 тоот тогтоолыг эс зөвшөөрсөн үндэслэлийн талаар:

Тус сумын хурал нь 2017 оны 06 сарын 30-ны өдөр эхэлж хуралдсан хуралдааныг нээлттэй орхисон гэдэг нэрээр 2017 оны 08 сарын 04-ны өдөр "Сумын Засаг даргыг огцруулах түхай" 03/01 тоот тогтоол, 03/02 тоот тогтоолуудыг гаргасан нь миний хөдөлмөрлөх эрх, төрийн байгууллагад сонгогдож, томилогдож ажиллах эрхийг зөрчсөн.

Хурал 2017 оны 06 сарын 30-ны өдрийн хуралдааныг нээлттэй орхиж, 2017 оны 08 сарын 04-ний өдөр ээлжит бус хуралдаан гэж намайг огцруулах тухай хоёр тогтоол гаргахдаа хэлэлцэх асуудлыг нийт хуралдааны төлөөлөгчид хуульд заасан хугацааны дотор хүргээгүй, хуралдааны дэгээ зөрчиж, хуралдаан явуулах хуулинд заасан шаардлага, хурлын дотоод дэгээ зөрчиж тус хуралдааныг хийсэн тул хууль зөрчсөн хуралдаанаас гаргасан хууль бус тогтоол гэж үзэж байна.

Тус хурлыг хийхдээ орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүдэд албан ёсоор мэдэгдээгүй, хэлэлцэх асуудлаар хуульд заасан хугацааны өмнө мэдэгдээгүй юм. Би өөрөө засаг дарга ч тус хурлын төлөөлөгчийн хувьд тус хуралдаан болох тухай зарыг мэдээгүй, энэ хуралдаанаар юу хэлэлцэх гэж байгааг ч ойлгоогүй.

Мөн тус тогтоолуудыг "Ээлжит бус 3-р хуралдаанаас тогтоох нь" гэжээ. Энэ хуралдаан бол 2017 оны 06 сарын 30-ны өдрийн ээлжит хуралдааны үргэлжлэл байхад ээлжит бус 3-р хуралдааны тогтоол гэж гаргасан нь өөрөө хууль бус байна.

Намайг огцруулах тухай тогтоол гаргахдаа Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.1.г заалт нь огцруулах тухай санал гаргах заалт болохоос биш тус хуулийн нарийвчилсан заалт болох 32 дугаар зуйлийн 32.2-д заасан аль үндэслэл гаргаж байгаа нь ойлгомжтой биш байна. Мөн тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-дахь заалтыг буюу төрийн албанд 3 жил ажиллаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд би тухайн үед төрийн байгууллага байсан 18-р баазад 3 жилээс илүү ажиллаж байсныг үгүйсгэж байгаа нь надаас өө хайсан хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй.

Тус хурал ээлжит хурлын үргэлжлэл байтал мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан ээлжид бус хуралдааны заалт барьсан зэрэг нь ойлгомжгүй, хууль зөрчсөн зөрчлийн шинжийг агуулж байгаа тул үндэслэлгүй заалт барьжээ.

Ер нь тус сумын хурлаас хэлэлцсэн асуудалтай холбогдолгүй шалтгаанаар хийж байсан ажлыг минь Ардчилсан намын гишүүд олонхи гарснаараа түрий барьж намчирхаж, хурлын төлөөлөгч нь эмэгтэй засаг дарга хэрэггүй эрэгтэй засаг даргатай болмоор байна гэж хүйсээр ялгаварлан хандсан, төрийн ажил явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж, ажлыг минь үндэслэлгүйгээр хангалтгүй гэж үнэлэн, улмаар Засаг даргыг огцруулах шийдвэр гаргаж, тухайн өдрийн хуралдаанаар шууд ******* гэх хүнийг засаг даргаар сонгож миний эрх тэгш байх, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

3.Баянхонгор аймгийн Засаг даргаас 2017 оны 08 сарын 15-ны өдөр Б/598 тоот захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар:

Баянхонгор аймгийн Засаг дарга нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасан эрхийн дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хууль зүйн үндэслэл үнэн зөв эсэх, сумын Засаг даргын хувьд хийж хэрэгжүүлж байсан ажил хийгээд бусад нөхцөл байдлыг хянаж огцруулах эсэх асуудлаа шийдвэрлэлгүйгээр сумын Хурлын тогтоол гарсны маргааш нь буюу 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/598 тоот захирамж гаргасан нь хууль зөрчсөн.

Аймгийн засаг дарга хуульд нийцүүлэн шийдвэр гаргах ёстой байтал хууль зөрчиж гарсан тогтоол гэдэг нь тухайн тогтоолын үндэслэлээс харагдаж байхад хууль бус тогтоолыг үндэслэн захирамж гаргасан нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, туүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасан "саналыг 5 хоногт хянаж" гэснийг зөрчиж захирамж гаргасан.

Мөн хууль бус хурлаас гарсан хууль бус тогтоолыг үндэслэсэн тул түс захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй юм.

4.Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 сарын 04-ний өдрийн хуралдаан нь хууль бус болох тухай үндэслэлийн тухай:

Бөмбөгөр сумын Хурлын 2017 оны 08 сарын 04-ний өдөр хийсэн хурал нь 2017 оны 06 сарын 30-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдааны үргэлжлэл болохоос биш ээлжит бус гуравдугаар хуралдаан болоогүй.

Хэрэв ээлжит бус гуравдугаар хуралдаан болсон бол хэн хэн гэдэг хэдэн гишүүн гарын үсэг зурж хуралд өргөн мэдүүлсэн, хэний санаачилгаар тус хуралдаан болоод байгаа, ямар асуудал хэлэлцэх гэж байгаа зэргийг нарийвчлан зохицуулсан хуулийн заалт байсаар байхад хуулийн энэ шаардлагыг хангалгүйгээр тус хуралдааныг явуулсан нь хууль зөрчсөн, хуралдаан хууль бус болсон гэх үндэслэл юм.

Тус сумын хурал нь эдгээр тоггоол шийдвэрүүдийг албан ёсоор бичгээр гаргахдаа надад албан ёсоор бичгээр ирүүлээгүй, хурлын ажлын албаа оролцуулдаггүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргатай харилцах хуулиар тавьсан шаардлагын хүрээнд бичгээр харилцах, албан ёсоор тамгын газарт гаргасан шийдвэрээ ирүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй, надад мэдэгдээгүй. Харин би хүнээс сонсоод энэ талаар мэдэж өөрөө 2017 оны 08 сарын 20-ны үед канондож авснаар ийм зүйл болжээ гэдгийг мэдсэн.

Иймд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 сарын 30-ны өдрийн 3/06 дугаар тогттоллыг хүчингүй болгох, 2017 оны 08 сарын 04-ний өдрийн хуралдаан нь хууль бус болохыг тогтоолгох, Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 сарын 04-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 08 сарын 15-ны өдөр 6/598 дугаар, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дугаар захирамжуудыг тус тус хүчингуй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3/06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд энэ хуралдааны тогтоол нь хууль бус байдлаар гарсан байгаа учир нь хавтаст хэрэгт авагдан тус өдрийн хурлын тэмдэглэл түүнд яригдсан яриа, хариуцагч талын хэлсэн тайлбар зэргээс дүгнэлт хийхэд нийгэм эдийн засгийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх биш харин ардчилсан намыг үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг дэмжиж ажиллагаагүй учраас *******-ыг Бөмбөгөр сумын Засаг даргын ажлаас огцруулсан гэдэг нь тогтоогдож байна. Энэ зүйлийг хариуцагч тайлбарлаж хэлсэн. Иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн Засаг даргынхаа хийсэн ажлыг тоо баримт дүгнэлтээр хянан шийдвэр гаргах чиг үүрэгтэй байгууллага, Засаг дарга нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар төрийг төлөөлөн ажиллаж байгаа тухайн орон нутгийн нийгэм эдийн засгийн асуудлыг бүхэлд нь мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлж ажиллах ёстой юм. Бөмбөгөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал *******-ыг ардчилсан намын бодлогыг хэрэгжүүлээгүй ардын намын хүнийг ажилд авсан гэсэн үндэслэлээр хуралдаан хийсэн боловч тогтоолоо гаргахдаа “нийгэм эдийн засгийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн” гэсэн гэж гаргасан нь хуульд нийцээгүй үндэслэлгүй гарсан, хууль бус тогтоол гэж үзэж байна. Дараагийн нэхэмжлэлийн шаардлага болох Бөмбөгөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааныг хууль болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэсэн хуулийн заалтыг баримтлан гаргасан. Учир нь тухайн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааныг тэргүүлэгчдийн тогтоолоор Монгол улсын Засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг үндэслэн ээлжит бус хуралдаан гэж зарласан. Энэ ээлжит бус хуралдааныг зарлахдаа *******тай холбогдох асуудал болон н.Мэндбаяртай холбоотой асуудлыг авч хэлэлцсэн. Мөн тус хуулийн 23.4-т зааснаар бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэсэн заалтыг баримталж 15-аас доошгүй хоногийн өмнө хурлын товыг зарлах ёстой байтал тухайн хурал болох өдөр хурлын товын зарласан, мөн хурал зарлах тогтоолыг гаргахдаа тус хуулийн 23.3-т заалтыг баримталсан боловч тухайн хурал зарлахыг шаардсан тэргүүлэгчдийн тоо гуравны хоёртоо хүрээгүй. Өөр өөр хэлбэл Бөмбөгөр сумын иргэдийн төлөөлөгчдийн гуравны хоёр нь 14 хүн байх ёстой байтал 11 хүн шаардсан учраас 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаан нь хууль бус гэж үзэж байгаа. Мөн Бөмбөгөр сумын тэргүүлэгчид хуралдааны тогтоол дээрээ дурдахдаа 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хурлын зарыг гаргасан боловч 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хуралдсан тэгээд 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэдэг зүйлээ 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэж үзгээр зассан. Иймд дээрх зүйлүүд байгаа учраа энэ хуралдаан хууль бус юм. Энэ хурал нь анхнаасаа хууль бус хуралдаан байсан учраас түүнээс гарч байгаа тогтоолууд нь мөн хууль бус байна.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 3/01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор *******ыг Засаг даргын ажлаас шууд огцруулсан хууль бус учир нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Засаг даргаа огцруулах тухай саналыг аймгийн Засаг даргад хүргүүлэх ёстой байтал сумын Засаг даргаа огцруулсугай гэсэн тогтоол гарган дараагийн тогтоол болох 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 3/02 дугаар тогтоолоор Д.******* Засаг даргаар томилох тухай тогтоол гаргасан нь хууль бус юм. Аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргыг томилох чөлөөлөх асуудлыг шийддэг хуулийн зохицуулалт байдаг болохоос сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь сумын Засаг даргыг томилж чөлөөлөх хуулийн заалт байхгүй. Мөн сумын Засаг даргыг огцруулах тухай саналын аймгийн Засаг дарга 5 хоногийн дотор шийдвэрлээд хариу хүргүүлэх ёстой байтал Бөмбөгөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь шууд Засаг даргыг огцруулаад дараагийн Засаг даргыг томилуулах тухай санал гаргасан нь хууль бус учраас Бөмбөгөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 3/01 болон 3/02 дугаар тогтоолууд нь хууль бус юм. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “заасан Засаг даргыг дараах үндэслэлээр огцруулна. Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл иргэдийн төлөөлөгчдийн хурал нь *******-ын ямар гэмт хэрэг хийсэн болон ямар хууль зөрчиж чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдгийг тогтоогоогүй байж дээрх хуулийн заалтыг зөрчиж тогтоол гаргасан. Мөн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 3/01 дугаар тогтоолыг гаргахдаа “3/07 дугаар тогтоолыг үндэслэн тухайн тогтоолыг гаргасан” гэж байгаа гэтэл 3/06 дугаар тогтоол гэж гарсан болохоос 3/07 дугаар тогтоол гараагүй учраас байхгүй тогтоол үндэслэн гаргасан нь хууль бус юм. Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжийн тухайд дээрх хууль бус тогтоолуудыг үндэслэж гарсан учраас хууль захирамж юм. Мөн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирсэн Засаг даргыг огцруулах, томилох асуудлыг аймгийн Засаг дарга нь ажлын 5 хоногийн дотор хянан хариу хүргүүлэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй мөн хууль зөрчиж захирамж гаргасан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.                                                                                                        

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан нь сумын Засаг даргын тухайн оны эдийн засгийн үндсэн чиглэлийн биелэлтийг жилд 2-оос доошгүй удаа биелэлтийг авч хэлэлцэхийг хуулиар заасан, тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх байдаг. Сумын Засаг дарга ******* нь сумын иргэдийн төлөөлөгчдийн дийлэнх олонхи суудалтай Ардчилсан намын 18 төлөөлөгчөөс сонгогдсон байдаг. Сумын иргэдийн хурлын төлөөлөгчийн Ардчилсан намын бүлгээс урд өмнө нь Засаг дарга *******-д ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг ажилдаа тусгаж ажиллах, ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчидтэйгээ хамтарч ажиллах, сумын Засаг даргын орлогч болон бусад ажлын байруудад Ардчилсан намын гишүүд дэмжигчдээс ажилд авах саналуудыг өгч байсан боловч Ардчилсан намын бүлгийн хуралд суудаггүй, суухаараа бүлгийн хурлын саналыг хүлээж авдаггүй байдлаас болж, улмаар иргэдийн төлөөлөгчдийн хуралтайгаа хамтарч ажиллахгүй, үл ойлголцох байдлыг бий болгосон гэж үзэж байна.

Иймд сумын Засаг даргын үндсэн чиглэлийн биелэлтийг дүгнэхдээ улс төрийн албан хаагчийн хувьд сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчдөөс бүрэн эрхийнхээ дагуу тавьсан шаардлагыг биелүүлдэггүй үл ойшоодог, ажлын биелэлтийн тухайд сумын үндсэн чиглэлийн биелэлтэндээ өөрийн мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудаас тусгаагүй, уул- уурхайн талаар сумын Засаг даргатай гэрээ байгуулж ажиллах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 16 тоот тогтоолыг биелүүлж ажиллаагүй, сумын газар тариалангийн бодлогыг алдагдуулсан, Засаг даргын Тамгын газар, байгууллагын дотоод ажлуудын тайлан төдий бичсэн учраас үндсэн чиглэлийн биелэлтийг агуулга, багцаар нь дүгнэхэд тухайн хурлын дэгийн дагуу төлөөлөгчдийн саналыг авахад хуралд суусан төлөөлөгчдийн дийлэнх олонхи нь хангалтгүй гэж дүгнэсэн.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаан хууль ёсоор болсон гэж үзэж байна.

Учир нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны ээлжит 3 дугаар хуралдаанаар сумын Засаг даргын 2017 оны эхний хагас жилийн биелэлтийг хангалтгүй гэж дүгнэж, тухайн өдрийн хуралдаанаар Засаг даргыг итгэл үзүүлэх, эс үзүүлэх талаар тогтоолд тусгасан бөгөөд Ардчилсан намын бүлгийн завсарлага авч хуралдан сумын Засаг дарга *******ыг огцруулах талаарх асуудлыг нээлттэй үлдээж, хурлын хуралдааныг дотоод журмын дагуу мөн өдөрт нь багтаан хаасан байна.

Мөн сумын иргэдийн төлөөлөгчдийн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад Засаг даргыг огцруулахаар 11 төлөөлөгчийн нэр бүхий гарын үсэгтэй албан хүсэлт ирсэний дагуу сумын Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг хуралдуулан ээлжит бус 3 дугаар хуралдааныг хуралдуулах тухай 2017 оны 07 дугаар сарын 31-ний 18 тогтоолоор 2017 оны 08 дугаар сарын 04-ний хурлын хуралдааныг хуралдуулсан нь хууль ёсны хурал болсон гэж үзэж байна.

Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, төлөөлөгчдийн гарын үсэг бүхий албан хүсэлтийн хуулбарыг баталгаажуулан хүргүүлж байна.

3.Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 03/01, 03/02 тоот тогтоолуудыг хүчингүй болгох.

2017 оны 06 дугаар сарын 30-ны хурлын хуралдааныг дотоод журам, хурлык дэгийн дагуу мөн өдөрт нь багтаан дуусгавар болгосон бөгөөд Засаг даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх талаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухайн өдрийн тогтоолын төслийг уншиж танилцуулан төлөөлөгчдийн олонхийн саналаар баталсан бөгөөд хурлын хуралдаанаас тухайн асуудлыг нээлттэй орхисон болно.

2017 оны 08 дугаар сарын 04-ний ээлжит бус хуралдаан болох хууль эрх зүйн үндэслэлтэй бөгөөд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 6 дахь заалтын дагуу Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, хурлын даргад өргөн мэдүүлсэн бол хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдуулан ээлжит бус 3 дугаар хуралдааныг хуралдуулсан нь хууль ёсны болсон гэж үзэж байна.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу сумын Засаг дарга *******-ыг огцруулж, дараагийн Засаг даргаар Д.******* томилуулахаар шийдвэрлэсэн болно” гэв.

Хариуцагч *******-ын өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн эхний шаардлагын тухайн би сая нэхэмжлэгчээс “Засаг даргыг ажлыг дүгнэх заавар журам байдаг уу” гэж асуухад нэхэмжлэгч нь “журам байхгүй” гэж хариулсан учраас ямар нэгэн дүрэм журам байдаггүй гэж ойлгож байна. Тийм учраас тухайн хуралдаанд оролцож байгаа төлөөлөгч нар өөрсдийн дотоод итгэлээрээ үнэлж дүгнэх нь нээлттэй байна гэж үзэж байна. Энэ Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэж үзэж байна. Иймд энэ улс төрийн шийдвэрээр хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн нь ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааныг хууль бус болгох шаардлага гаргасан байсан. Энэ шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан 7 үндэслэлд байхгүй байсан учраас энэ шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ шаардлагаа тайлбарлахдаа иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуулиар олгогдсон ажлыг иргэдийн хуралд халдааж бичсэн байсан. Тухайлбал Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хурлыг товлох бэлтгэх ажлыг хангах төлөөлөгч нарт мэдэгдэх эдгээр ажлууд нь хурлын хийж ажил биш хурлын Тэргүүлэгчдийн хийх ажил байгаа. Тийм учраас хурлын Тэргүүлэгчдийн энэ асуудлыг иргэдийн төлөөлөгчдийн хурал хариуцахгүй гэж үзэж байна. Тийм учраас энэ шаардлагын хариуцагч нь иргэдийн төлөөлөгчдийн хурал биш харин жинхэнэ хариуцагч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид юм. Тухайн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хурлыг 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр болох ёстой байсан гэж ярьж байна. Энэ асуудал нь ******* дарга нь техникийн шинжтэй асуудал байсан гэдгийг тайлбарласан гэхдээ хурлын тов өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгч *******-ын хуралдаанд оролцох эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. ******* нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хурлын товыг мэдсэн тус хуралдаанд оролцсон учраас энэ хууль бус хурал биш гэж үзэж байна. Дараагийн шаардлага болох 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 3/01,302 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд эдгээр тогтоол гарснаар нэхэмжлэгч ******* даргын хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй гэж үзэж байгаа харин түүний сонгогдох эрхтэй холбоотой асуудал хөндөгдөж байгаа. Гэхдээ сонгогдох эрхтэй холбогдуулан итгэл үзүүлэх үү гэдэг нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн асуудал юм. Мөн итгэл үзүүлэх эсэх асуудал нь улс төрийн шийдвэр гаргах асуудал үүнийг ямар нэгэн хуулиар иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх нь шалгуургүй байдаг учраас улс төрийн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн нарийвчилсан заалт болох 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг баримтлаагүй” гэж ярьж байна. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тогтоолоо гаргачхаад тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1г, 26 дугаар зүйлийн 26.5.2, 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг тус тус үндэслэл болгон тогтоол гаргасан учраас хууль бус тогтоол гаргасан гэх үндэслэлгүй учир нь Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 50 гаруй хувийн саналыг үндэслэн тухайн тогтоолуудыг гаргасан учраас Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг баримталсан. Мөн ******* даргын төрийн албанд 3 жил ажиллаж байсан тухайд ямар тохиолдолд төрийн албанд ажиллаж байсан гэж үзэх гэхээр төрийн өмчид аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтныг төрийн албанд ажиллаж байсан гэж үзнэ гэсэн Засгийн газрын тогтоол байдаг. Тийм учраас ******* даргыг төрийн албанд ажиллаж байгаагүй гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын захирамжтай холбоотой асуудал нь өөрийнх бүрэн эрхийн асуудал учраас мөн үндэслэлтэй гарсан акт гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/598 дугаартай захирамжийг гаргахдаа Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны 03/01 дүгээр тогтоолоор Бөмбөгөр сумын Засаг дарга *******-ыг албан тушаалаас огцруулж, мөн өдрийн 038/02 дугаар тогтоолоор Бөмбөгөр сумын Засаг даргад Д.******* томилуулахаар ирүүлснийг хүлээн авч хуулийн дагуу Нийтийн албанд нэр дэвшссэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж хянуулсан. Авлигатай тэмцэх газраас Ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн тул Аймгийн Засаг даргын Захирамжаар Д.******* Бөмбөгөр сумын Засаг даргаар томилсон.

Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж нь Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 03/02 дугаар тогтоолыг үндэслэсэн. Энэ нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлсэн тогтоолыг хүлээн авч 5 хоногийн дотор шийдвэр гаргах үүрэгтэй. Засаг даргын хувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын үндэслэлийг шалгах эрх хэмжээ байхгүй. Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хүчин төгөлдөр байгаа тохиолдолд захирамж гаргасан нь буруу биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүлээн авах боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд ******* шүүхэд болон шүүх хуарлдаанд гаргасан тайлбартаа: “******* овогтой М нь 36 настай, эрэгтэй, тус сумын 4 дүгээр багт аав, ээжийн хамт амьдардаг. Багш мэргэжилтэй.Бөмбөгөр сумын 9 жилийн дунд сургуульд 2004-2013 он хүртэл Биеийн тамирын багш, 2013-2016 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар тус тус ажиллаж байсан. 2012-2016 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 2016 онд дахин сонгогдон ажиллаж байгаа. Миний бие нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус II хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшиж, хуралд суусан төлөөлөгчдийн олонхийн саналаар сумын Засаг даргаар сонгогдсоны дагуу аймгийн Засаг дарга ******* томилсон юм.

******* миний бие нь сумын Засаг даргаар томилогдоход Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа болно” гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандаж, Баянхонгор аймгийн Засаг дарга болон тус аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3/06, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/598 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Шүүх хэргийн оролцогчдын болон тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хүлээн авахаас татгалзаж хянан шийдвэрлэсэн болно.

Нэг. “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг дүгнэсэн тухай” 3/06 дугаар тогтоолыг хүчингүй болгох” шаардлагын тухайд:

******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/745 дугаар захирамжаар 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс Бөмбөгөр сумын Засаг даргаар томилогдон ажиллажээ.

Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Сумын 2017 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн биелэлт”-ийг хэлэлцэн “хангалтгүй” гэж дүгнэж, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.д дэх заалтыг үндэслэн 3/06 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд энэхүү тогтоол нь хууль бус байна.

Учир нь: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд сумын Хурлын бүрэн эрхийг тусгасан ба 18.1.1.д-д “сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх”-өөр заасан нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 08 дугаар тогтоолоор баталсан “Бөмбөгөр сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хэмжээг зохицуулсан, харин мөн хуулийн 18.1.2-т “нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар” тусгасан ба 18.1.2.а-д “нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд хугацааны бодлого болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах”-аар, мөн хуулийн 22 дугаар зүйлд хурлын даргын нийтлэг бүрэн эрхийг тусгасан ба 22.1.11-д “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн жилийн зорилтын биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж биелэлтийг хангуулах арга хэмжээ авах”-аар заасан нь “Сумын нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг тус тус зохицуулжээ.

Гэтэл Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Сумын 2017 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн биелэлт”-ийг хэлэлцэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуульд заасан байтал “хангалтгүй” гэж үнэлэлт, дүгнэлт өгсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.д, 18.1.2.а дахь заалтуудыг тус тус зөрчжээ.

Хоёр. “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны “Сумын Засаг даргыг огцруулах тухай” 03/01 дугаар тогтоолыг хүчингүй болгох” шаардлагын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар... ...ээлжит бус хуралдаан хуралдуулж болно.”, мөн 24.1-т “Хурлын Төлөөлөгч… …асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.” гэж заасны дагуу 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий 11 төлөөлөгч “Сумын Засаг дарга ******* нь 2017 оны эхний хагас жилийн хуралдаанаар ажлаа хангалтгүй гэж дүгнүүлсэн, Монгол улсын Засаг захигаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 5.2-т заасан шаардлагыг хангаагүй ажиллаж байгаа тул огцруулах...” гэсэн санал гаргасныг тус Хурлын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт товлосон нь мөн хуулийн 23.4-т “…бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна…” гэж заасныг, мөн уг саналд холбогдох ямар нэгэн тооцоо, судалгаа, баримт хавсаргаагүй энэ талын баримт байхгүй зэрэг нь хуулийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 Түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт товлосон атлаа 05-ны өдрийг 04 гэж гараар засварласан нь албан хэрэг хөтлөлтийн стандартад нийцэхгүй бөгөөд хуралдааныг 8 дугаар сарын 04-ний өдөр хийж 3/01 дугаар тогтоол гарган сумын Засаг дарга *******-ыг албан тушаалаас нь огцруулсан нь мөн хуулийн 32.2-т “Засаг дарга… ...хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад... …хүргүүлнэ.” гэж заасантай нийцээгүй болно.

Мөн энэхүү тогтоолд “...сумын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит 3 дугаар хуралдааны 03/07 дугаар тогтоолыг үндэслэсэн...” гэсэн боловч тус Хурлаас 03/07 дугаартай тогтоол гараагүй, байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 03/02 дугаар тогтоолыг хүчингүй болгох” шаардлагын хувьд:

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “... сум, дүүргийн Засаг даргад тухайн… ...Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох”-оор заасны дагуу Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 03/02 дугаар тогтоолоор Д.******* сумын Засаг даргаар томилуулахаар уламжилж байгаа хэдий ч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 03/01 дугаар тогтоолоор сумын Засаг дарга *******-ыг огцруулж, уг тогтоолоо Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар аймгийн Засаг даргад хүргүүлж, аймгийн Засаг дарга мөн хуулийн 32.3-т зааснаар ажлын 5 хоногийн хугацаанд огцруулах эсэхийг шийдвэрлэхээр хуульчилсныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа сумын Засаг дарга *******-ыг огцруулсан 03/01 дугаар, Д.******* сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан 03/02 дугаар тогтоолуудыг нэг өдөр гаргаж, өмнөх Засаг даргын асуудлыг шийдвэрлээгүй байхад дараагийн Засаг даргын томилуулахаар уламжилсан нь буруу болжээ.

Дээрх нөхцөл байдлуудын улмаас дүгнэхэд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3/06, 03/01, 03/02 дугаар тогтоолууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”,Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална” гэсэн зарчмуудыг болон холбогдох хуулийн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны актууд байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Үүнээс гадна шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3/06, 03/01, 03/02 дугаар тогтоолуудыг хуульд заасан журмын дагуу гарсан эсэхийг анхаарснаас бус сумын Засаг даргыг огцруулах үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Дөрөв. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Бөмбөгөр сумын Засаг дарга *******ыг үүрэгт ажлаас огцруулах тухай” Б/598 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”, “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “*******ийн ******* Засаг даргаар томилох тухай” Б/664 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагуудын тухайд:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/598 дугаар захирамж нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.7 дахь заалт, Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 03/01 дугаар тогтоолыг үндэслэн Бөмбөгөр сумын Засаг дарга *******ыг үүрэгт ажлаас нь огцруулсан.

Харин Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дугаар захирамж нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 03/02 дугаар тогтоолыг үндэслэн Д.******* Бөмбөгөр сумын Засаг даргаар томилжээ.

Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 03/01, 03/02 дугаар тогтоолууд нь хүчингүй болох үндэслэл тогтоогдож байх тул уг маргаан бүхий актуудыг үндэслэж гарсан Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны Б/598, Б/664 дугаар захирамжууд нь хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй юм.

Тав. “Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэдэг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, хэлбэрийг тусгасан бөгөөд 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох…” гэж тодорхойлсон.

Үүнээс харахад “хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны акт, захиргааны гэрээ, эсхүл эс үйлдэхүй байхыг шаарджээ.

Тиймээс “Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хуульд заасан маргаан биш байх тул хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.3.1, 109 дүгээр зүйлийн 109.2, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 18 дугаар зүйлийн 18.1.1.д, 18.1.2.а, 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь заалтуудыг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3/06 дугаар тогтоол, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 03/01 дугаар тогтоол, мөн өдрийн 03/02 дугаар тогтоолыг тус тус, мөн Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/598, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/664 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА