Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2021/0677

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  З.Б-гийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа, хариуцагч Ч.М нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, З.Б-гийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Орхон сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, 5 дахь заалтыг тус тус баримтлан З.Б-гийн гомдолтой хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.М-ийн гаргасан 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 0001615 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдолдоо: Дархан-Уул аймгийн Орхон суманд оршин суугч З.Б нь Дархан-Уул аймгийн Орхон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 0001615 дугаар шийтгэлийн хуудсанд гомдол гаргасан.

Тухайн зөрчилд иргэн З.Б-г Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тариалангийн талбай шинээр бий болгосон гэж буруутгасан. Энэ зөрчлийг шалгахдаа дутуу шалгасан.

Тухайн газар Газрын тухай хуульд зааснаар аль ангиллын газар вэ гэдгийг тогтоогоогүй, хөдөө аж ахуйн газар, хот, тосгон, бусад суурин газар, зам шугам сүлжээний газар, ойн сан бүхий газар, усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар гэдгийг тогтоогоогүй.

Шинжээчийн дүгнэлтэд онолын үүднээс төмс, хүнсний ногоо тариалахад 25 см гүн байдаг гэж тооцоолсон байдал нь бодит байдалд нийцээгүй. З.Бямбасүрэн өвөлжөө барихын тулд газрын дэрс бутыг тэгшилж янзалсан гэдэг. Зөрчлийг шалгахдаа газрыг хагалсан уу, дэрс бутыг тэгшилж янзалсан уу гэдгийг тогтоох шаардлагатай байсан. Тогтоосон бол зорилго тодорхой байсан.

Ямар нэг хүнсний ногоо, тариа тариалаагүй, тариалалтын хугацаа өнгөрсөн байсан. Зөвшөөрөлгүй хийсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрдөг, зорилго нь өвөлжөө барих, ямар нэг тариалалтын үйлдэл хийгээгүй болно. Зөрчлийн хэрэгт зохих газраас зөвшөөрөл аваагүй гэдэг нь тогтоогдсон нотлох баримт байдаг боловч төмс хүнсний ногоо тарьсан гэх нотлох баримт байхгүй байна.

Тариалангийн талбай бий болгосон гэж үзэх үндэслэлгүй байх тул Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 0001615 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээв.

Гомдол гаргагч З.Б-гээс Дархан-Уул аймгийн Орхон сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан “...Дархан-Уул аймгийн Орхон сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 0001615 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах...”-аар гомдлын шаардлага гаргажээ.

Маргаан бүхий 0001615 дугаар шийтгэлийн хуудсаар З.Б-г эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар 300,000 төгрөгөөр торгож, байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт нийт 4,382,031 төгрөг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шинжээчийн зардалд хамаарах 1,034,165 төгрөгийг тус тус гаргуулж байгаль хамгаалах сангийн дансанд тушааж биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын гомдлоор З.Б-д холбогдуулан “эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон” гэх гомдлын үндсэн дээр хариуцагч улсын байцаагчаас Зөрчлийн хэрэг /2118000358/ нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд тус зөрчлийн хэрэгт авагдсан 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн З.Б-гийн Экологийн асуудал хариуцсан байцаагчтай ярилцсан тэмдэглэл, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, “Ж” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ”-ний тайлан зэргээс үзвэл, З.Б нь Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн нутаг Шар дэрс гэх газарт газар ашиглах, эзэмших хүсэлт гаргаагүй, ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, энэ талаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ гаргаж аваагүй атлаа тухайн газарт атар газар хагалж, байгаль орчинд хохирол учруулсан нь тогтоогдож байх тул байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг гомдол гаргагч З.Б-гээр төлүүлэхээр тогтоосон шийтгэлийн хуудас хууль зөрчөөгүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “... хуулийн 29.2, 29.3, 29.5-д зааснаас бусад тохиолдолд шинээр тариалангийн талбай бий болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3-т энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна, 4-т энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно, мөн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, 49.4.5-т газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж тус тус хуульчилсан байна.

Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11/-д “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн ... аливаа үйлдэл, эс үйлдэхүйг, 13/-д ”байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг” гэж тодорхойлсоноор эрх бүхий захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр маргаан бүхий газарт гомдол гаргагч З.Б атар газар хагалж, байгаль орчинд хохирол учруулсан байх тул хариуцагч байгаль орчны улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д “Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасантай нийцсэн тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “...аль ангиллын газар вэ гэдгийг тогтоогоогүй, ... шинжээчийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН