Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 271

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төрийн банк Хэнтий салбар, Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 48 дугаар байрны 38 тоотод оршин суух Боржигин овогт Санчирын Угтахбаяр мөн хаягт оршин суух Халх овогт Очирхуягийн Эрдэнэтуяа нарт холбогдох

“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 157.214.493.33 төгөрг, үндсэн хүүгийн төлбөр 11.663.519.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10.560.98 төгрөг нийт 168.888.573.61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, нотариатын үйлчилгээний хөлс 6300 төгрөг  гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Минжмаа, хариуцагч С.Угтахбаяр, О.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

                 Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Төрийн банк Хэнтий салбар, Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Угтахбаяр, О.Эрдэнэтуяа нар нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус банкнаас 09/02 тоот Зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр 160.000.000 төгрөгийг сарын 2.3 хувь, жилийн 27.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 157.214.493.33 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 11.663.519.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10.560.98 төгрөг болж хуримтлагдсан. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж, зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдлүүдийг өгсөн. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 157.214.493.33 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 11.663.519.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10.560.98 төгрөг, нийт 168.888.573.61 төгрөгийг, нотариатын үйлчилгээний хөлс 6300 төгрөгийг, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Мөн мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, 6.2.2-т зааснаар зээлийг зориулалт бусаар ашигласан, 6.2.3-т зааснаар зээлдэгчийн санхүүгийн чадвар муудсан гэх үндэслэлүүдээр гэрээг цуцалж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 172.486.165.69 төгрөг болгож байна” гэв.

Хариуцагч С.Угтахбаяр, О.Эрдэнэтуяа нар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Бид нар авсан зээлээ төлнө. Бид нар хөрөнгө оруулалт хийх гээд 150.000.000 төгрөгийг Төрийн банкнаас зээлсэн. Гэрээнийхээ дагуу 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл найдвартай төлж байсан. 2016 оны 2 дугаар сарын 5-нд үлдэгдэл 100.000.000 орчим төгрөг дээр нэмж бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор нэмж зээл авсан. Нийт 160.000.000 төгрөгийн зээл авсан. Бидний тооцоолоогүй санхүүгийн асуудлаас болж бэлэн мөнгөний асуудалд орсон” гэв.

Ү Н Д Э С Л ЭХ  нь:

Нэхэмжлэгч Төрийн банк Хэнтий салбар, Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч С.Угтахбаяр, О.Эрдэнэтуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөр 157.214.493.33 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 11.663.519.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10.560.98 төгрөг, нийт 168.888.573.61 төгрөг, наториатын үйлчилгээний хөлс 6300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 172.486.165.69 төгрөг болгосон байна.

Хэнтий аймгийн Төрийн банкны Хэнтий аймаг дахь салбар “Бор-Өндөр” тооцооны төв нь  хариуцагч С.Угтахбаяр, О.Эрдэнэтуяа нартай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 09/02 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 160.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 27.60 хувийн хүүтэй олгож, зээлдэгч зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг удаа дараа зөрчсөн тохиолдолд банк гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах эрхийг эдлэхээр тус тус тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбараар нотлогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.2.1-т Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, 6.2.2-т Зээлдэгч зээлийг гэрээнд зааснаас өөр зориулалтаар ашигласан, 6.2.3-т Зээлийн хяналтын явцад зээлдэгчийн санхүү, төлбөрийн чадвар муудсан тохиолдолд зээлийн гэрээ цуцлах үндэслэл болохоор заасан бөгөөд хариуцагч нар нь зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь хэрэгт авагдсан гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл, зохигчдын тайлбараар тогтоогдож энэ нь нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, зээлийг эргэн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй болсон байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэхийг нэхэмжлэгч урьдчилан сануулсан боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нотариатын үйлчилгээний хөлс болох 6300 төгрөг нь зээлийн гэрээтэй холбоогүй боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдон гарсан зардал тул дээрх мөнгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

           Хариуцагч нар нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 172.486.165.69 төгрөг төлөхийг зөвшөөрч зөвшөөрч байгаа, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар талууд маргаагүй   болно.

            Нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 09/02 тоот хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 48 дугаар байрны 38 тоот дахь 62.2 м2 талбайтай, Ү-1804000458 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Төв захын хойд талд байрлалтай 576 м2 талбайтай Ү-1804000778 улсын бүртгэлийн дугаартай худалдаа, үйлчилгээний барилгыг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан барьцааны гэрээ болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. 

            Дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.  

            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Хэнтий аймгийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 3.597.592 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд энэхүү үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 72.511 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О ГТ О О Х нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, дэх хэсэгт зааснаар хариуцагч Боржигин овгийн Санчирын Угтахбаяр, Халх овгийн Очирхуягийн Эрдэнэтуяа нараас 172.492.465.69 /нэг зуун далан хоёр сая дөрвөн зуун ерөн хоёр мянга дөрвөн зуун жаран таван төгрөг жаран есөн мөнгө/ гаргуулан Төрийн банк Хэнтий салбар, Бор-Өндөр тооцооны төв олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Угтахбаяр нь улсын тэмдэгтийн хураамж 1.002.424 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хариуцагч С.Угтахбаяр, О.Эрдэнэтуяа нараас 3.597.592 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 72.511 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
  3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.Угтахбаяр, О.Эрдэнэтуяа нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ү-1804000458 тоот улсын бүртгэлийн дугаартай Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 48 дугаар байрны 38 тоот дахь 62.2 м2 талбайтай орон сууц, Ү-1804000778 тоот улсын бүртгэлийн дугаартай Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төв захын хойд талд байрлалтай худалдаа, үйлчилгээний зориулалтай 576 м2 талбайтай барилгыг  худалдан борлуулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Р.БАТБАЯР