Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 111

 

        2020/ШЦТ/111

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал

Шүүгдэгч: А.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт А Сд холбогдох 1912006930080 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймаг Хотонт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, 2 ах, дүүгийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Харанхуй гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ч овогт А С /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг Хар тарианы мухар гэх газар 21-16 УБӨ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас зорчигч Б.Н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 1912006930080 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Н мэдүүлсэн: ...Би тухайн үед арын суудал дээр зорчиж явсан бөгөөд гар утсаараа тоглоод явж байхад миний зорчиж явсан автомашин хүчтэй донслох шиг болсон. Тэгээд тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа. Нэг сэрсэн чинь машины дотор жолоочийн эсрэг талын суудал дээр суучихсан байсан. Тэгээд Х.Саас юу болсон талаар асуухад намайг машинаас хол шидэгдчихээр нь би чамайг машин дотор оруулж суулгасан гэсэн. А.С гайгүй юу гэж асуухад өндийж харчихаад эргээд хэвтчихсэн гэж надад хэлсэн. Яг ямар шалтгааны улмаас тухайн зам тээврийн осол гарсныг би мэдэхгүй байгаа. Тухайн автомашин хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Сүүлд нь Х.Саас асуухад ямар ч байсан 80 км цагийн хурдтай явж байсан гэж хэлсэн. Бид хоёр аль аль нь хамгаалах бүсээ зүүгээгүй байсан. Бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад гэвэл миний биеийн байдал гайгүй болсон. Мөн тухайн автомашиныг жолоодож явсан жолооч А.Сын биеийн байдал нь сайжрахгүй байгаа учир нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Б мэдүүлсэн: ...Сын биеийн байдал нь хүнд байгаа. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж Хотонт сумын эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирээд одоог хүртэл одоог хүртэл Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн гавал тархины тасагт ухаан ороогүй эмчилгээ хийлгэж байна. Би хэргийн талаар сайн мэдэхгүй. Ямар байсан С, Н нарын хамт явж байгаад зам тээврийн осолд орсон байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Сын мэдүүлсэн: ...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед А.С над руу залгаад хаана байна гэж асуухад нь би гэртээ байна гэж хэлсэн чинь удалгүй манай гадна ирээд би гарч нохой хорьж өгөөд манайд орсон. Гэрт С орж ирээд Хотонт сумын төв орж хүнтэй уулзаад ирэх ажил байна, гялс орчихоод ирье гээд байхаар нь би явахгүй адуу байхгүй унага уяатай байна гэж хэлсэн чинь явахаа больсон. Хэсэг юм ярьж сууж байгаад Б.Н очоод гялс хүрээд ирье гэхээр нь аав, ээж чинь ирэх болоогүй юм чинь гэхээр нь за за гээд Б.Нд очсон. Б.Нд очиход ээж нь бид хоёрт айраг хийж өгөхөөр нь бид 2 амсаад л өгсөн. Тэгээд Б.Нг аваад бид 3 Хотонт сумын төв рүү 22 цагийн үед явсан. Сумын төв орчихоод нргээд 00 цагийн орчим хөдөө байдаг гэр рүү гээ явж байгаад тус сумын Бургалтай багийн Хар тарианы мухар гэх газар явж байгаад өндөр дэрсэн дээгүүр харайлгаж улмаар онхолдсон юм. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Бид гурав Приус-20 маркийн улсын дугаарыг нь сайн мэдэхгүй машинтай явж байсан. Ямар ч байсан А.Сын ах О гэх хүний машинтай явж байсан. А.С машин жолоодож харин хажуу талын суудал дээр нь би, арын суудал дээр Б.Н зорчиж явсан. Өөр хүн зорчиж яваагүй. Бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн машин хэдэн км цагийн хурдтай явж байсныг би мэдэхгүй, ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байсан. Машиныг дэрсэн дээгүүр харайлгаж улмаар онхолдсон. Тухайн үед толгойдоо бага зэргийн гэмтэл авсан. Өөр ямар нэгэн гэмтэл аваагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад гэвэл миний эрүүл мэндэд гэмтэл бэртэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Сын мэдүүлсэн:...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт тайлбар байхгүй. Миний үйлдэл тохирч байна. Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын төвөөс хөдөө байдаг Хотонт сумын Бургалтай багийн Харанхуй гэх газар руу гэртээ харих гээд Хар тарианий мухар гэх газар 21-16 УБӨ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай Х.С, Б.Н нарын хамт явж байгаад дэрсний хажуугаар гарах гэтэл автомашины баруун талын урд дугуй дэрсэн дээгүүр харайж улмаар миний жолоодож явсан автомашин онхолдсон юм. Тэрнээс хойш юу болсон талаар огт санахгүй байгаа. Би яг юунаас болж осол гарсныг мэдэхгүй байна. Баруун талын урд дугуйгаар дэрсэн дээгүүр харайлгасан чинь онхолдсон...гэх мэдүүлэг /хх-ийн 139-142 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 88 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Б.Н биед цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, цээжний баруун хөндийд хий, зүүн хөндийд шингэн хуралдалт, баруун уушигны бүрэн авчилт, зүүн уушигны бүрэн бус авчилт, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, тархи доргилт, баруун өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Цээжний баруун хөндийд хий, зүүн хөндийд шингэн хуралдалт, баруун уушигны бүрэн авчилт, зүүн уушигны бүрэн бус авчилт гэмтлүүд нь 3.1.12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зээрг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, баруун өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 6. Б.Н нь дээрх гэмтлийн дараа Улсын 1-р төв эмнэлгийн уушигны эмгэгийн тасагт 2019 оны 11 сарын 30 хүртэлх хугацаанд баруун уушигны буглаа өвчин, амьсгалын дутагдал оношоор хэвтэж эмчлүүлсэн байна...гэх дүгнэлт /хх-ийн 56-61 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 90 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. А.Сын биед, гэмтэл учирчээ. 2. А.Сын биед, их тархины баруун тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн ар хэсэгт, духны дэлбэнгийн урд хэсэгт, чамархайн дэлбэнгийн тархины эдэд, зүүн тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн урд хэсэгт цус хуралт, няцралт, баруун зулай, чамархайн хэсэгт тархины хатуу бүрхүүл хальсан доорхи цусан хураа, тархины аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалт гэмтүүд учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Хэрэг гарах үед уг гэмтлүүд үүсэх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3-1-3-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 6. Баруун хөл, нуруу гэмтсэн талаар эмнэлгийн бичиг баримтанд тусгагдаагнүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 95-96 хуу/

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Жолооч А.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Жолооч А.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Уг осол жолооч А.Сын буруутай үйлдлийн улмаас гарсан гэж үзэв. 4. Осол гарахад замын гадарга байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлөөгүй байна. 5. Жолооч А.Сыг / АМ00253016 / регистрийн дугаараар жолоочийн мэдээлэл лавлагааны сангаас шүүхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 120 хуу/ 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-08 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-11 хуу/

Зам тээврийн осол дээр акт /хх-ийн 12 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 13 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 158 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг Хар тарианы мухар гэх газар зам тээврийн осол гарч, зорчигч Б.Н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч А.С нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч А.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг Хар тарианы мухар гэх газар 21-16 УБӨ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас зорчигч Б.Н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Н мэдүүлсэн “Би тухайн үед арын суудал дээр зорчиж явсан бөгөөд гар утсаараа тоглоод явж байхад миний зорчиж явсан автомашин хүчтэй донслох шиг болсон. Тэгээд тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа. Нэг сэрсэн чинь машины дотор жолоочийн эсрэг талын суудал дээр суучихсан байсан. Тэгээд Х.Саас юу болсон талаар асуухад намайг машинаас хол шидэгдчихээр нь би чамайг машин дотор оруулж суулгасан гэсэн. А.С гайгүй юу гэж асуухад өндийж харчихаад эргээд хэвтчихсэн гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Сын мэдүүлсэн “Сумын төв орчихоод эргээд 00 цагийн орчим хөдөө байдаг гэр рүүгээ явж байгаад тус сумын Бургалтай багийн Хар тарианы мухар гэх газар явж байгаад өндөр дэрсэн дээгүүр харайлгаж улмаар онхолдсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/, мөрдөн байцаалтын шатанд А.Сын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын төвөөс хөдөө байдаг Хотонт сумын Бургалтай багийн Харанхуй гэх газар руу гэртээ харих гээд Хар тарианий мухар гэх газар 21-16 УБӨ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай Х.С, Б.Н нарын хамт явж байгаад дэрсний хажуугаар гарах гэтэл автомашины баруун талын урд дугуй дэрсэн дээгүүр харайж улмаар миний жолоодож явсан автомашин онхолдсон юм. Тэрнээс хойш юу болсон талаар огт санахгүй байгаа. Баруун талын урд дугуйгаар дэрсэн дээгүүр харайлгасан чинь онхолдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 139-142/, хохирогч Б.Н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 88 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-61/, зам тээврийн ослын шалтгааны нөхцлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 120/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч овогт А Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч А.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Сын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Шүүгдэгч А.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагч А.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 2.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хорих ялаас чөлөөлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах санал гаргасныг яллагдагч А.С нь хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт А Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч А.С нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Сын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ