Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 278

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч П.Булганцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Отгонгэрэлд холбогдох 868.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016  оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

                                                                                            Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч П.Булганцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Отгонгэрэл нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 14-ний хооронд манай дэлгүүрт ажиллах хугацаандаа 401.850 төгрөгний бараа дутагдуулсан. Үүн дээр манай дэлгүүрээс 316.950 төгрөгийн бараа, надаас 150.000 төгрөгний утас авсан. Нийт 868.800 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байрны 3-12 тоотод оршин суух РД:СК 93090609, Боржигон овогт Гомбын Отгонгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие аав, охины хамт ам бүл гурвуулаа амьдардаг бөгөөд Цээл ресторанд 300.000 төгрөгийн цалинтай бармен ажилтай. П.Булганцэцэгийн нэхэмжилсэн мөнгийг сар бүр 40.000-50.000 төгрөгөөр тогтмол төлж барагдуулах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч П.Булганцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.Отгонгэрэлийн сар бүр 50.000 төгрөгөөр барагдуулах тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна ” гэжээ.

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х нь:

            Нэхэмжлэгч П.Булганцэцэг нь хариуцагч Г.Отгонгэрэлээс 868.800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Отгонгэрэл нь нэхэмжлэгч П.Булганцэцэгийн дэлгүүрт ажиллах хугацаанд 401.850 төгрөгийн бараа дутагдуулсан, мөн тус дэлгүүрээс 316.950 төгрөгийн бараа, нэхэмжлэгч П.Булганцэцэгээс 150.000 төгрөгний гар утас зэргийг тус тус худалдан авсан бөгөөд дээрх дутагдуулсан мөнгө болон барааны үнийг төлөх үүрэгтэй болох нь  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,  хариуцагчийн хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч Г.Отгонгэрэл нь нэхэмжлэлийн шаардлага 868.800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.    

 Иймд хариуцагч Г.Отгонгэрэл нь нэхэмжлэлийн шаардлага 868.800 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар    зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

1. Нэхэмжлэгч П.Булганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага 868.800 /найман зуун жаран найман мянга найман зуун/ төгрөгийг хариуцагч Боржигон овогт Гомбын Отгонгэрэл нь  төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Булганцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 25.401 төгрөгний тавин хувь 12700 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 12700 төгрөгийг хариуцагч Г.Отгонгэрэлээс тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Булганцэцэгт олгосугай.

3.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Р.БАТБАЯР