Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 282

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Хүсэлт гаргагч: Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багт оршин суух, РД: СГ66052704 регистрийн дугаартай Равдан овогт Осгоны Оюунчимэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нэргүй нар оролцов.

Т О ДО Р Х О Й Л О Х нь:

Хүсэлт гаргагч О.Оюунчимэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Хэнтий аймгийн Баянмөнх сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны жижүүрээр 1982 оны 09 дүгээр сарын 01-нээс 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тасралтгүй 12 жил 29 хоног ажилласан. 1992 онд Баянмөнх сумын архив шатаж холбогдох баримт бичиг устсан. Мөн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Баянмөнх сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.                                               

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нэргүй нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оюунчимэг нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүрээр 1982 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарыг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Оюунчимэг нь тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Баянмөнх сумын захиргааны архив шатсан. Тэгээд шүүхэд хандсан” гэв.

 

Ү Н Д Э С Л Э Х нь:

           Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хүсэлт гаргагч О.Оюунчимэг нь 1982 оны 09 дүгээр сараас 1994 оны 10 дугаар сарыг хүртэл Хэнтий аймгийн Баянмөнх сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан байдал нь түүний шүүхэд ирүүлсэн 1994 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай, 1994 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай, 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаартай Хэнтий аймгийн Баянмөнх сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын тушаалууд, тушаалын хавсралтууд, /хх-н 4-8 дугаар хуу/, 1993 оны 09 сараас мөн оны 12 сарын дуусталх ажлын цагийн баланс /хх-н 9-13 хуу/, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын “Осгон овогтой Оюунчимэг нь 1982 оны 09-р сарын 01-нээс 1994 оны 09-р сарын 30-ныг хүртэл ЕБСургуулийн дотуур байранд үйлчлэгчээр ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт /хх-н 15 хуу/, гэрч Д.Нэргүйгийн “О.Оюунчимэг нь 1982 оноос Хэнтий аймгийн Баянмөнх сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүрээр 1994 он хүртэл ажиллаж байсан. Би Баянмөнх сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд угаагчаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 30 хуу/, гэрч Х.Жаргалсайханы “О.Оюунчимэг нь 1979 онд Багшийн сургууль төгсөөд Баянмөнх суманд ирэхэд 7 дугаар ангид сурч байсан. 1981 онд 8-р ангиа төгсөөд ээж нь тэтгэвэрт гарч ээжийнхээ оронд дотуур байранд жижүүрээр 1982 онд ажилд орж байсан. 1982-1994 он хүртэл хамт ажиллаж байсан. Би Баянмөнх сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 32 хуу/. хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн Баянмөнхийн эрдмийн их өргөө номын зурагт хуудас, ажилчдын нэрс /хх-ийн 22-23 дугаар хуу/  зэргээр нотлогдож байна.

Иймд О.Оюунчимэгийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О.Оюунчимэгийг Хэнтий аймгийн Баянмөнх сумын Ерөнхий боловсролын сургуульд 1982 оны 09 дүгээр сараас 1994 оны 09 дүгээр сарыг дуустал дотуур байрны жижүүрээр  ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон Т О Г ТО О Х нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Равдан овогт Осгоны Оюунчимэгийг 1982 оны 09 дүгээр сараас 1994 оны 09 дүгээр сарыг дуустал Хэнтий аймгийн Баянмөнх сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар О.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                                      ДАРГАЛАГЧ                                Р.БАТБАЯР