| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2016/00271/И |
| Дугаар | 285 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 285
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Саранзаяад холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.895.039 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр №BU-15-АГ-89 тоот халаалт, халуун, хүйтэн усаар хангах гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй болно. Иймд халаалт, халуун хүйтэн усны төлбөр болох 1.895.039 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 52 дугаар байрны 06 тоотод оршин суух РД:СК73082638, Боржигон овогт Содномдашийн Алтанзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие уг хүнсний дэлгүүрийг худалдан авсан бөгөөд Уулын баяжуулах үйлдвэрт төлөх халаалтын төлбөрийн үлдэгдэл 1.758.398 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын халаалтын төлбөр 136.700 төгрөгийг би төлж барагдуулна. Үүнээс 136.700 төгрөгийг Төрийн банкны 320000207580 тоот дансанд тушаасан. 200.000 төгрөгийг нэхэмжлэх тараадаг Цацралд өгсөн. Ингээд үлдэгдэл 1.558.329 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 12-ны дотор төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батчулуун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С.Алтанзулын 1.558.329 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 12-ны дотор Уулын баяжуулах үйлдвэрт төлж барагдуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр нь хариуцагч Л.Саранзаяад холбогдуулан халаалт, халуун хүйтэн усны төлбөр болох 1.895.039 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Л.Саранзаяаг “Дэвтээрийн булаг” хүнсний дэлгүүрийн эзэн С.Алтанзулаар сольжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Алтанзул нь халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 136710 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлж биелүүлж, үлдэгдэл 1.558.329 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Мөн нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 1.895.039 төгрөгийн зарим хэсэг болох 200.000 төгрөгөөс татгалзсан болно.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцэж гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрсэн дүн болох 1.695.039 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42.071 төгрөгийн тавин хувь 21.035 төгрөгийг төрийн сангийн данснаас, 21.035 төгрөгийг хариуцагч С.Алтанзулаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1. Нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр хариуцагч С.Алтанзул нар нь 1.895.039 төгрөгнөөс 1.695.039 /нэг сая зургаан зуун ерэн таван мянга гучин ес/ төгрөгөнд зохигч эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 1.695.039 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42.071 төгрөгийн тавин хувь 21.035 төгрөгийг төрийн сангийн данснаас, 21.035 төгрөгийг хариуцагч С.Алтанзулаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгосугай.
3.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР