Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00842

 

Н.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02795 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 402 дугаар магадлалтай

Н.А-ын нэхэмжлэлтэй

М-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.А- нь М-ийн захирлын 2009 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 505 тоот тушаалаар М-ийн Биологи, биотехнологийн сургуулийн Ургамал судлалын тэнхимд туслах ажилтнаар томилогдон, 2015 оноос М-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны бүртгэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ чанартай сайн гүйцэтгэж ирсэн бөгөөд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл М-ийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/296 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 43 дугаар зүйл, М-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2-д заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

М-ийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/296 тоот тушаалаар М-ийн сургалтын журмын 4.6.12.6, 4.6.12.8-д заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. М-ийн Сургалтын журмын 4.6.12.6-д шалгагч багш дүнгээ шалгалт авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор мэдээллийн системд оруулах үүрэгтэй. Шалгагдвал зохих суралцагчийн нэрс, өөрийн тавьсан дүн бүхий хуудсыг хэвлэн, хянан, гарын үсгээр баталгаажуулан сургалтын албанд хүлээлгэн өгнө. Сургалтын албаны бүртгэл хариуцсан мэргэжилтэн хүлээн авч баталгаажуулна. Гараар хийсэн шалгалтын хуудас хүчингүй, 4.6.12.8-т хүндэтгэх шалтгаангүйгээр улирлын шалгалтад ирээгүй суралцагчид F буюу хангалтгүй үнэлгээ тавина. Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол нотлох баримтыг үндэслэн E тэмдэглэгээ хийнэ. Нотлох баримтыг өргөдлийг хамт шалгалт авснаас хойш 3 хоногийн дотор багшид өгнө. Багш нотлох баримт өргөдлийг дүнгийн жагсаалтын хамт сургалтын албанд өгнө. I, E тэмдэглэгээтэй суралцагч дараагийн улирлын эхний 1 сард багтаан шалгуулахгүй бол сургалтын албанаас F дүн тавина гэж тус тус заасан байдаг бөгөөд миний ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгтэй огт хамааралгүй юм.

Миний хувьд сургалтын системд өөрийн хүсэл, ашиг сонирхлоор дур мэдэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй, зөвхөн гүйцэтгэх албан тушаалтны хувьд багшийн гарын үсэг, сургалтын албаны эрхлэгчийн зөвшөөрлийн дагуу дүнг системд оруулсан нь үнэн бөгөөд үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил гэж үзэхгүй. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.4.2-т хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж заасантай нийцэхгүй байна.

М-ийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/296 тоот тушаалаар 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 19-т хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан ажлаас халагдсан өдрийг ажил олгогчийн шийдвэрт заахдаа тухайн ажилтны ажилласан хугацаанд нь оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, түүн дээр ажил хүлээлцэхэд зориулж тогтоосон хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно гэж заасантай нийцээгүй бөгөөд улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн тушаал болсон.

Иймд М-ийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны бүртгэл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М-ийн Хууль Зүйн сургуулийн сургалтын мэдээллийн санд нэвтэрч дүн зассан асуудал үүссэн. Ингээд Хууль зүйн сургуулиас эрх бүхий албан тушаалтнууд томилогдож Сургалт, оюутан хариуцсан дэд захирал н.Очирхуяг, Хууль Зүйн сургуулийн захирал н.Эрдэнэбулган, Сургалтын нэгдсэн албаны дарга н.Одонтуяа гэсэн бүрэлдэхүүнтэй дүн зассан асуудал дээр хяналт тавьж ажилласан. 2017 оны 3, 4, 5, 6 дугаар сард Хууль Зүйн сургуулийн сургалтын албанаас 93 сурагчийн 151 дүнг мэдээллийн системд сургалтын журам зөрчиж оруулсан зүйл гарсан. Ажлын хэсэг дүгнэлтээрээ 5 оюутны 8 дүнг огт зөвшөөрөгдөхгүй байна гэж дүгнэсэн. Хууль Зүйн сургуулийн сургалтын албаны ажилтан Н.А-, н.Баярсайхан нарыг ажлаас чөлөөлөх, н.Амарбаясгаланг сургалтын албаны даргаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг сургуулийн захирал н.Төмөрбаатарт уламжилсан байдаг. Үүний дагуу Н.А-ыг ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02795 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.А-ыг М-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны бүртгэл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М-иас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4 393 160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.А-ын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг М-д даалгаж, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.А- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 85 240 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 402 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 155 441 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 402 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс “Н.А-ын чухам ямар буруутай үйлдэл тогтоогдсоныг тухайлан тогтоосон баримтгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Үүнийг эс зөвшөөрч байна.

М-ийн Сургалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.2.5.1-т заасны дагуу бакалаврын өдөр, орой, эчнээ хөтөлбөрийн элсэлтийг жилд 1 удаа зохион байгуулж М-ийн захирлын тушаалаар элсүүлдэг.

Хэрэгт авагдсан баримтууд буюу Ажлын хэсгийн дүгнэлт, Хууль зүйн сургуулийн 2017 оны 3 дугаар сараас хойш хөтөлбөр өөрчлөлт оруулсан оюутнуудын мэдээлэл, Хууль зүйн сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилд засагдсан дүнгийн жагсаалтаас үзэхэд Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны мэргэжилтнүүд дүн засварлахын тулд өдрийн ангийн оюутнуудыг эчнээ ангид суралцдаг болгож өөрчилж мэдээллийн системд хуурамч бүртгэл оруулсан буюу хуурамч баримт бичиг үйлдсэн ноцтой зөрчил гаргасан. Ямар учраас Н.А-ыг журам зөрчсөн гэж үзэж байна вэ гэхээр дүн өөрчилсөн бүртгэл оруулах эрх гагцхүү нэхэмжлэгчид олгогдсон байдаг. Иймээс хуурамч бүртгэл мэдээллийг оруулж, дүн заасан нь тогтоогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.А-ыг Сургалтын журам зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шүүхээс “...сургалтын журам зөрчсөн бол гэрээг дуусгавар болгох талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй тул ажлаас халсан нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн М-ийн Сургалтын журмын 4.6.12.8-д зааснаар “...суралцагч дараагийн улирлын эхний 1 сард багтаан шалгуулахгүй бол сургалтын албанаас F дүн тавина...” гэж заасан. Үүний дагуу дараагийн улирлын эхний 1 сараас хойш дүн оруулах сиси мэдээллийн систем хаагддаг. Гэтэл Хууль зүйн сургуулийн сургалтын албанаас эдгээр журамд заасан хугацааг хэтрүүлэн дүн оруулснаас гадна хаалттай мэдээллийн системд хуурамч бүртгэл хийж дүн засварласан. Иймд Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны мэргэжилтэн Н.А- нь М-ийн Сургалтын журмыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан болно. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй бол ямар ч зөрчил гаргасан ажлаас халж болохгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Энэ бүх хөтөлбөр сольсон буюу мэдээллийг өөрчилсөн зорилго нь суралцагчдын дүнг засварлахын тулд өөрчилсөн болохыг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрсөн байдаг. М-ийн Дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-т М нь Шинжлэх ухаан, технологийн ололт, сургалтын нийтлэг шаардлага, нийгмийн эрэлтэд тулгуурласан бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхэлж, мэргэжлийн болон иргэний өндөр боловсролтой мэргэжилтэн бэлтгэж, чадавхижуулах үндсэн чиг үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл сургалтын үйл ажиллагаа эрхлэх нь М-ийн үндсэн чиг үүрэг байдаг.

Гэтэл оюутнуудын бүртгэл мэдээллийг хуурамчаар үйлдэх, дүнг засварлах зэрэг нь М-ийн үнэт зүйл үндсэн чиг үүрэгт ноцтой харш үйлдэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлж чадаагүй, шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02795 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 402 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч М-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж  маргажээ.

М-ийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/296 тушаалаар “...Н.А- нь М-ийн Сургалтын журмын 4.6.12.6., 4.6.12.8 дахь заалтыг зөрчсөн нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон...” гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., М-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2. дахь заалт, Ажлын хэсгийн дүгнэлт, Захиргааны зөвлөлийн хуралдааныг тус тус үндэслэл болгон ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Зөрчлийг шалгаж тогтоосон ажлын хэсгийн дүгнэлтэд “...Н.А- нар нь Сургалтын журмын 4.6.12.6., 4.6.12.8, дахь заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон...” гэжээ. Сургалтын журмын дээрх заалтад сургалтын албаны бүртгэл хариуцсан мэргэжилтэн шалгагч багшийн гарын үсэг зурж баталгаажуулсан дүнгийн хуудсыг хүлээн авч бүртгэлд оруулж баталгаажуулна, I, E тэмдэглэгээтэй суралцагч дараагийн улирлын эхний 1 сард багтаан шалгуулахгүй бол сургалтын албанаас F дүн тавина гэжээ.

Ажлын хэсгийн шалгалтаар “...дүнгийн гомдол гаргах хугацаа дууссан хойно Хууль Зүйн Сургуулийн сургалтын албанаас 93 суралцагчийн дүнг сургалтын мэдээллийн системд оруулж баталгаажуулсан, 64 суралцагчийн суралцах төлөвийг өөрчлөх замаар дүнг оруулсан нь тогтоогдсон, зөрчилтэй нийт 151 дүнгээс 143 дүнг тодорхой нөхцөл шалтгааныг харгалзан үзэж, оюутны эрх ашгийг хохироохгүйн үүднээс зөвшөөрсөн, 8 дүнг зөвшөөрөөгүй...” гэжээ.

Эдгээр зөвшөөрөөгүй 8 дүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь журамд заасан ямар зөрчил гаргасныг хариуцагч нотлоогүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан.

Ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж тайлбарлах боловч Сургалтын журмыг зөрчсөн нь ноцтой зөрчилд тооцогдохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг  өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Н.А-ыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй тул “...нотлох баримтыг үнэн зөв үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хуульд нийцсэн, үндэслэл бүхий болж чадаагүй...” гэх  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02795 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 402 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч М-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155 441 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН     

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД