Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2021/0564

 

 

 

 

 

 

 

Н.Агийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-А, хариуцагч Ч.Д нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Н.Агийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Агийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр:

“...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Н.Агаас Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Бугат сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаар захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Нэхэмжлэгч Н.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Бугат сумын Засаг дарга нь 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 тоот захирамжийг гаргахдаа тухайн газрын өв залгамжлагчдаас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, улмаар гомдол хүсэлтээ шийдвэрлүүлэх, эрх ашгаа хамгаалах эрхийг ноцтой зөрчсөн байтал анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “газар эзэмшигч нас барсан тохиолдолд уг иргэний хууль ёсны төлөөлөгч өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж болох” талаар заасан боловч “нэхэмжлэгч Н.А нь газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй байна” гэжээ. Уг үндэслэл нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаар газар эзэмшигч болон өв залгамжлагчийн эрхийг хамгаалах тухай заалт тул шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Шүүхийн үзлэг хийгдсэн байгалийн унаган төрхөөрөө байгаа гэх газар нь анх газрын даамлын зааж өгсөн газар биш, харин Б.Б, Ш.Б, Ш.Б нарын хамтран газар тариалан эрхэлж байгаа газраас өөр унаган төрхөөрөө байгаа газрыг хэмжүүлсэн, газрын даамал нь тухайн газар очиж үзээгүй, өмнөх даамлаас газрын эргэлтийн цэгийг хүлээлгэж өгөөгүй олон жилийн өмнө тухайн газрыг хэмжүүлж авах үед газрын даамлын хэмжиж өгсөн газар одоогоор газар тариалангаа эрхэлж байгаа тухайн газрын зөрүүтэй байдал нь төрийн албаны хариуцлагын асуудал болохоос төрийн албаны хариуцлагагүй асуудлын улмаас иргэн бид хохирох ёсгүй.

Газар эзэмшигч нь заавал өөрөө газар дээрээ аж ахуйгаа эрхлэн явуулах шаардлагагүй тул өөрийн ойр дотны хүмүүсээр, эсхүл хөлсний ажилтнаар аж ахуйгаа эрхлэн явуулах боломжтой байхаар хуульчилсан. Иймд газар эзэмшигчийн зүгээс өөрийн хамаатан садны хүмүүсээр дамжуулан аж ахуйгаа эрхэлж байсан чацарганы мод, хүнсний ногоо, хадлан тариалж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байхад шүүх үүнийг буруу дүгнэсэн.

Б.Б нь Говь-Алтай аймгийн Бугат сумын Бижийн хөх ам, Хөх хошуу гэх газарт газар тариалангийн зориулалтаар 10 га газрыг Бугат сумын Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 41 тоот шийдвэрээр 40 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. Газар эзэмшигч нь амьд ахуйдаа тухайн талбайд 10.000.000 төгрөгөөр хашаа хатгаж, өөрийн хамаатан Ш.Бээр дамжуулан чацарганы мод тарьсан бөгөөд бидний хувьд тус талбайд одоог хүртэл Б агсны хамаатан Ш.Б, Ш.Б нартай хамтран хадлан, тэжээл, хүнсний ногооны чиглэлээр ашиглаж үр шимийн хүртсээр байгаа.

Гэтэл Бугат сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг.

Газар эзэмшигч нь 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр өвчний улмаас нас барсан, үүнээс хойш түүний хамаатан садны хүмүүс Ш.Б, Ш.Б нараар дамжуулан түүний үр хүүхдүүд нь хүнсний ногоо, хадлан тариалсаар өдийг хүрсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Мөн 2018 оноос хойш үндсэн газар эзэмшигч нь өөрөө нас барсан учраас зарим тохиолдолд талбай дээрх газар тариалангийн ажил цалгардсан байж болох ч энэ нь өөрөө өв залгамжлагч болох эхнэр, хүүхдүүдийнх нь тухайд хүндэтгэн үзэх шалтгаан болно.

Учир нь тухайн газрыг Иргэний хуульд заасны дагуу өв залгамжлагч нь шууд нэр дээрээ шилжүүлэн авахад хугацаа орно, мөн газар эзэмшигч нас барснаас шалтгаалан цаашид уг газар дээрх аж ахуйг хэн, хэрхэн удирдан авч явах зэргийг шийдвэрлэх үйл явц энэ хугацаанд явагдсан учир газар эзэмшигч өөрөө нас барсан нь өв залгамжлагчийн тухайд хүндэтгэн үзэх шалтгаан юм.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй байх тул Говь-алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, …тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэж заасан, гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг дутуу үнэлж, хуулийн дээрх заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Агийн тухайд өөрийн нас барсан нөхөр Б.Бд анх сумын Засаг даргын 2004 оны 41 дүгээр захирамжаар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн 10 га газрын эзэмших эрхийг дээрх хуулийн дагуу шилжүүлэн авах эрхээ маргаан бүхий захирамжийн улмаас эдэлж чадсангүй гэж, мөн 2004 оноос хойш бодитоор эзэмшиж байсан газар нь газрын мэдээллийн санд бүртгэгдсэн нэгж талбарын 060400160 дугаартай байршлын хувьд өөр байгаад нэхэмжлэгч буруугүй гэж, түүнчлэн газраа өөрсдийн нөөц бололцооны хэмжээнд ашигласаар ирсэн гэж тус тус маргажээ.

            1.Б.Б 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр өвчний улмаас нас барсан, үүнээс хойш 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноос үзэхэд тэрхүү ашиглаагүй гэх хугацаанаас өмнө газар эзэмшигч нэгэнт нас барсан байх тул энэ тохиолдолд хуулийн дээрх заалт хэрэглэгдэхгүй.

            Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зохицуулсан тул нэхэмжлэгч Н.Агийн тухайд Б.Бын эхнэр байх нь түүний газрыг эзэмших эрхийг бий болгохгүй. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхгүй этгээд юм.

            Харин нэхэмжлэгчийн тухайд Газрын тухай хуулиар олгогдсон ганц “эрх” нь нас барсан нөхрийнхөө 2004 оноос хойш эзэмшиж ирсэн тариалангийн зориулалтай 10 га газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч эзэмших явдал. Гэвч энэ тохиолдолд хариуцагчаас түүнд хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг олголгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

            2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор заасан. 

            Гэвч газар эзэмшигч Б.Б 2018 онд нас барсныг “хүндэтгэн үзэх шалтгаангүй” гэдэгт хамааруулж үл болно. Хуулийн дээрх заалтад 2 жил дараалан ашиглаагүй байх нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй” гэсэн нөхцөлтэй уялдаж байж хэрэгжих зохицуулалт.

            Иймд хууль ёсны газар эзэмшигч нь нас барснаас хойш биелэгдэх ямар ч боломжгүй шаардлага тавьж буй Засаг даргын шийдвэр өөрөө хуульд нийцээгүй, хууль бус захирамж юм.

            3.Мэдээллийн санд бүртгэлтэй нэгж талбараас өөр байршилд газар эзэмшиж байсан нь Газрын тухай болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд тус тус нийцээгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн талаасаа үндэслэлтэй боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

            Тухайлбал Бугат сумын газрын даамал С.Бийн “…газрын байршлыг би хэмжиж өгөөгүй учир мэдэхгүй…” гэх, Д.Бдоржийн “…Б.Бын газар манай газартай зэргэлдээ байдаг, би газрынхаа 120 метрт тор татсан, тэднийх манай хажууд тор татсан…” гэх тайлбар, олон жилийн турш бодитоор хашаалж бүхэлд нь биш ч тор татсан газрыг бусад этгээдэд эзэмшүүлээгүй, өнөөдрийг хүртэл манай газартай давхцууллаа гэж маргаагүй энэ тохиолдолд Б.Бын 2004 оноос хойш нас барах хүртлээ 10 гаруй жилийн хугацаанд эзэмшиж байсан газрын байршлыг кадастрын зургийн дагуу зөвтгүүлэх, эсхүл бодитоор эзэмшиж байгаагаар нь кадастрын зурагт өөрчлөлт оруулах зэргээр зохих зөрчлийг арилгуулах арга хэмжээг хариуцагчаас огт авч байгаагүй, энэ талаарх баримт ч хэрэгт авагдаагүй байх тул үүнийг одоогийн нэхэмжлэлийн шаардлагад хамаатуулан, тэр тусмаа нэхэмжлэгчийг буруутгаж буй нь Газрын тухай хуульд нийцэхгүй.

            Түүнчлэн Засаг даргын захирамжаар зөвхөн Б овогтой Бын эзэмшиж буй 0040564 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээнээс гадна Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсон, гэтэл 41 дүгээр захирамжаар нийт Б.Баас гадна 44 иргэнд газар эзэмших эрх олгосон байхад бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасан заалтуудыг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Н.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаар захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Д.Агийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ

  ШҮҮГЧ                                                         Д.ОЮУМАА

  ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН