Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 111/ШШ2018/0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/519 дугаар захирамжийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл цалингийн зөрүү 412.052 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар тутамд тооцож, нөхөн олгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******, нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие В-гийн Н нь 1990 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийг хүүхдийн их эмч мэргэжлээр төгсч, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн хэсгийн эмч, хүүхдийн эмч, өрхийн эмч, өрхийн эмнэлгийн дарга, 2001 оны 02 дугаар сарын 01-ээс Эрүүл мэндийн газарт хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, 2006 оны 10 дугаар сараас аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн зэрэг ажпуудыг хийж байгаад 2013 оны 10 дугаар сарын 02-нд зарлагдсан Эрүүл мэндийн газрын даргын удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж, 84,3 оноогоор нэгдүгээрт эрэмблэгдэн аймгийн Засаг даргын 2015 оны 679 дүгээр захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдон ажилласан.

Ажиллах хугацаандаа эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон аймгийн удирдлагуудад тавьж шийдвэрлүүлэхээс гадна аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд бодлого зорилт болгон тусгуулж, эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах, эх хүүхдийн өвчлөл эндэгдлийг багасгах, халдварт өвчин тэр дундаа бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах талаар аймгийн Засаг даргын захирамж, Эрүүл мэндийн газрын даргын албан даалгавар, тушаал, зөвлөмжүүдийг боловсруулан гаргаж, харьяа байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг тооцон эх хүүхэд, халдварт өвчний ноцтой хүндрэлүүдийг Эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөл, Нэгдсэн эмнэлгийн удирдлагын багаар хэлэлцэж, хамтран ажилласны үр дүнд энэ оны эхний хагас жилийн байдлаар эхийн эндэгдэлгүй, бага насны хүүхдийн эндэгдэл урд оноос 1,5 дахин, халдварт өвчний тохиолдол 2 дахин буурсан үзүүлэлттэй байгаа билээ.

Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Засаг даргын Б/519 дүгээр захирамжаар намайг Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн. Энэхүү захирамж нь намайг Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас чөлөөлөх үндэслэлгүй, Төрийн албаны тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн байна гэж үзэж байгаагаа илэрхийлж, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өргөдөл гаргасан боловч хариуг 30 хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 13-нд өгөхгүй болохоор нь Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Биндэряатай ярьж асуухад хурал хийж хэлэлцээгүй, даргаас асуугаад хариу хэлье гээд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний 173 дугаар албан бичгийг надад өгч, өргөдөл гомдлын хариу өгөх хугацааг 30 хоногоор сунгасан боловч өнөөдрийг болтол /2017 оны 10 дугаар сарын 23/ хариу өгөөгүй болно.

Мөн аймгийн Эрүүл мэндийн газрын даргын удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр явуулахаар зарлагдсан байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Миний бие нь 2016 оны 1 дүгээр сарын 4-өөс эхлэн Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээний ТЗ-9-ийн 5 дахь шатлал 864.211 төгрөгөөр тооцож, төрийн албанд удаан жил ажилласны 25 хувь, зэрэг дэвийн нэмэгдэл 20 хувь, нийт 45 хувийн нэмэгдэлтэй 1.253.105 төгрөгийн цалин хөлс, бусад нэмэгдэл буюу хоолны мөнгө дунджаар 128.000 төгрөг, дунджаар нийт 1381105 төгрөг авдаг байсан. Одоо Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар ажиллаж, цалинг ТЗ-6-гийн 4 дэх шатлалаар 645556 төгрөгөөр тооцож, удаан жил ажилласны 25 хувь, зэрэг дэвийн 20 хувь, нийт 45 хувийн нэмэгдэлтэй 936.052 төгрөгийн цалин хөлс, бусад нэмэгдэл буюу хоолны мөнгө 33000 төгрөг нэмэгдээд 969052 төгрөгийн цалин хөлс авахаар байна.

1.Ажил, албан тушаалаас эрх зүйн үндэслэлгүй чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2017 оны 519 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл цалин хөлсний зөрүү 412052 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ээс эхлэн сар тутамд тооцож, нөхөн олгуулж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Баянхонгор аймгийн Засаг даргын 519 дугаар захирамж нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт гарсан гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа. Ямар чиг үүргийг зөрчсөн гэж үзэж байгаа. Үүнийг юугаар нотолж байгаа талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн сонсох ажиллагааг явуулсан гэж тайлбарлаж байгаа боловч гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол улсын харьяатаас гарсан тохиолдолд ажлаас хална. Дээрх үндэслэлүүдийн аль нь ч харагдахгүй байна. Мөн санхүүгийн зөрчил гаргасан гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж болох байсан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан. Прокурорын тогтоолд гэмт хэргийн шинжгүй гэдгийг тогтоосон байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Үр дүнгийн гэрээ, гэрээний биелэлтийг гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасан. 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Баянхонгор аймгийн Засаг даргын 519 дугаар захирамжийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, цалингийн зөрүүг олгож өгнө үү” гэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/519 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл нь: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 буюу төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачлагаар албан тушаал бууруулж болно, 23.1.1 албан тушаал ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлжээ. ******* нь Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Эрүүл мэндийн яамны 2017 оны 02 дугаар сарын 20 ны өдрийн 1а/702 тоот албан бичгээр Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтын дагуу 2017 онд мөнгөн тэтгэмж авах 182 ажилчдын нэрс авах мөнгөн дүнгийн хамт жагсаалтаар ирүүлснийг өөрийн албан тушаалаа ашиглан мөнгөн тэтгэмж авах эрх үүсээгүй, мөнгөн тэтгэмж авах хүний нэрсийн жагсаалтанд ороогүй өөрөө болон нэр бүхий 8 мэргэжилтэнд 34,6 сая төгрөг, мөн Бөмбөгөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******* 3.353.220 /гурван сая гурван зуун тавин зурван мянга хоёр зуун хорь/ төгрөгийн тэтгэмж олгож тэдэнд давуу байдал бий болгож тэтгэмж авах ёстой эмч эмнэлгийн ажилчдын эрх ашгийг ноцтой зөрчсөн нь тогтоогджээ. Энэ нь өөрийн албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон хууль бус ажиллагаа гэж үзсэн. Иймээс дээрх санхүүгийн зөрчлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан болно. Бөмбөгөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга ******* нь сүүлийн 3 жил эрүүл мэндийн байгууллагад ажиллаагүй байхад тасралтгүй ажилласан гэж тэтгэмжийг олгосон нь хууль бус үйлдэл байгаа.

Дээрх зөрчлийн улмаас ажлаас халах тухай захирамж гарах болсон талаар сонсох ажиллагаа явуулах үед аймгийн Засаг даргатай удаа дараа уулзаж ярилцсаны эцэст албан тушаал бууруулан Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн улсын байцаагчаар ажиллахаар харилцан тохиролцон ажлаас чөлөөлөгдөхөө хүлээн зөвшөөрч захирамж гаргасан байна. Түүнчлэн нэгэнт би хүлээн зөвшөөрч ажлаа өгч байгаа тул надад тэтгэмж олгооч гэсний дагуу тэтгэмж олгохоор захирамжинд заалт оруулсан.

Захирамжийн 2 дугаар заалтад: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 д зааснаар 3 сарын тэтгэмж олгохоор заасан байна. Тэгэхээр төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл 23.1.1 д зааснаар ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 д зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хүуль зөрчсөн хууль бус заалт байгааг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* миний бие аймгийн Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны даргаар ажиллаж байгаад 2017 оны 7 дугаар сарын 19-нд аймгийн Засаг даргын захирамжаар Аймгийн эрүүл мэндийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон одоо хүртэл ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт 21 дэх жилдээ анхан шатны нэгж болох багийн бага эмчээс эхлэн сумын эмнэлэгт эх баригч, салбарын эрхлэгч, өрхийн эмч, аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасгийн эрхлэгч, хүүхдийн их эмч, тасгийн эрхлэгч, чанарын албаны дарга зэрэг ажлуудыг хийж ирсэн. Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан ******* захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн нэхэмжлэл гаргасны дагуу би уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцохоор болж хэргийн материалтай танилцахад намайг авлигатай тэмцэх газрын мөрдөгч комиссар ******* тэтгэмж авах ёстой хүмүүс авсан гэж хэлсэн мэтээр аймгийн ерөнхий прокурор ******* хэргийн материалд хэрэг үүсгэхээс татгалзаж байна гэсэн бичгийг оруулсан байсантай танилцсан. Би тэр хүнд мэдүүлэг өгөхдөө эдгээр хүмүүс нь авах ёстой байсан гэж хэлээгүй байхад ямар үндэслэлээр ингэж бичсэнийг ойлгохгүй байна. 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан “аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд хуулийг дагаж мөрдөх хүртэлх хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгоно гэсэн заалтыг баримтлаагүй. Эрүүл мэндийн газрын ажилчдад олгосон нь хууль бус үйлдэл байсан бөгөөд тэтгэмж авсан хүмүүс бүгд ондоо багтааж буцаан төлсөн болно. Учир нь тухайн жилд эрүүл мэндийн байгууллагуудаас тэтгэмжинд хамрагдах хүмүүсийн материалыг Эрүүл мэндийн яаманд явуулж хянуулан сайдын тушаалаар батлагдаж ирдэг хүмүүсийн нэрс дотор эдгээр хүмүүсийн хэний ч нэр байхгүй бөгөөд энэ хууль бус үйлдлээс болж авах ёстой хүмүүс нь цаг хугацаандаа тэтгэмжээ авч чадалгүй хохирч гомдол санал гаргаж байж зарим нь авсан. Мөн Эрүүл мэндийн газрын дээрх хүмүүс хамтарч ярьж сууж авья болохгүй гэвэл буцаагаад төлье гэж ярилцсан гэж ярьж байгаа учир энэ нь санамсаргүй хийсэн үйлдэл биш, хууль бус үйлдлийг санаатайгаар хийсэн албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл гэдэг нь батлагдаж байна. Иймд тэтгэмж авч буцаан төлсөн хүмүүсээс тайлбар мэдүүлэг авах ёстой гэж үзэж байна.

Мөн би Эрүүл мэндийн газрын ажилчид 2021 оноос тэтгэмжинд хамрагдана авах ёсгүй байсан буцаан төлж байгаа гэсэн мэдүүлэг өгснийг гуйвуулан хэргийн материалд оруулсныг эсэргүүцэж Улсын ерөнхий прокурорт болон Авилгатай тэмцэх газарт гомдол нэхэмжлэх болно. Энэ хэргээс болж миний бие ч гэсэн эдийн засгийн хувьд хохирч байна. Би нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхдаа үндсэн цалин, илүү цагийн хөлс гээд сардаа хамгийн бага нь 1200 000 төгрөгийн цалин авдаг байсан. Энэ ажилд түр томилогдож сард 779338 төгрөгийн үндсэн цалингаас өөр нэмэлт цалин урамшуулал авахгүй байгаа. Төрийн албаны сонгон шалгаруулалт хойшилсноос одоо хүртэл ажилласан жилийн нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл зэргийг авч чадахгүй байна.

Эрүүл мэндийн газрын ажил намайг авахад Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Засаг даргын Эрүүл мэндийн сайдтай байгуулсан гэрээний хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй, эрүүл мэндийн салбар байгууллагуудын ажлын уялдаа холбоо, ажлын хариуцлага сахилга бат муу, Эрүүл мэндийн газрын ажилтнуудын харилцаа хандлага, хамт олон ч уур амьсгал, сахилга бат хангалтгүй байсныг эрүүл мэндийн бүх шатны ажилтан, албан хаагчид мэдэж ярьж байгаа. 2017 онд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн салбарынхны уйгагүй хөдөлмөр, салбар байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, ажилтан албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд эхийн эндэгдэлгүй ажиллаж, нялхсын эндэгдэл өнгөрсөн онд 23,9 байсан бол 15,5 болж 8,4 пунктээр, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1.6 дахин буурсан, аймгийн Засаг даргын үндсэн чиглэлийн хэрэгжилт 100%-тай, Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилт 95%-тай, аймгийн Засаг даргын сайдтай байгуулсан гэрээ 96%-тай, Эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 95%, аймгийн Засаг даргын Тамгын газрын жилийн эцсийн хяналт үнэлгээгээр 92,4%-тай тус тус үнэлэгдсэн амжилттай ажиллаж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/519 дугаар захирамжийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл цалин хөлсний зөрүү 412052 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ээс эхлэн сар тутамд тооцож, нөхөн олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэргийн оролцогчдын болон тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/519 дугаар захирамжийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 679 дүгээр захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/519 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. Уг захирамжид Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.4, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5 дахь заалтуудыг үндэслэн *******г ажлаас чөлөөлөхдөө 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгожээ.

Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар төрийн захиргааны, 5.2-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаал бөгөөд хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулахаар заасан, харин мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заасан, мөн төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх үндэслэлийг мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол...”, мөн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-д “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 24.1.3-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” тохиолдолд чөлөөлөхөөр тус тус хуульчилсан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан “...миний хувьд ажлаа хангалттай сайн хийж байсан, 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт, 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ олгохгүй байгаа боловч би 2016 оны гэрээг “B” үнэлгээтэй дүгнүүлсэн, санхүүгийн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа ч ажлаас чөлөөлөгдөх хэмжээний зөрчил гэж үзэхгүй байгаа, аймгийн Засаг даргатай өөр ажилд томилогдох, тэтгэмж авах талаар зөвшилцсөн зүйл байхгүй...” гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...******* нь 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулаагүй бөгөөд санхүүгийн зөрчил гаргасан мөн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа хангалтгүй хийсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, аймгийн Засаг дарга *******-тай өөр ажлын байраар хангах, тэтгэмж олгох талаар ярилцсан байсан болохоор тэтгэмж олгох заалт нэмж оруулж, тэтгэмж олгосон...” гэх тайлбаруудыг өгснөөс харахад ажил олгогч нь *******г ажлаас чөлөөлсөн гэдгээ тодруулжээ.

Аймгийн Засаг даргаас *******тай 2016 онд үр дүнгийн гэрээг байгуулсан боловч уг гэрээний тайлан болон гэрээг дүгнэсэн илтгэх хуудас, мөн 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ, гэрээг дүгнэсэн баримтууд хэрэгт авагдаагүй, шүүхээс удаа дараа шаардаад ирүүлэхгүй байгаа, мөн талуудын “...2016 оны гэрээний биелэлт олгохгүй байгаа...” гэх, хариуцагч талын “...2017 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй...” гэх тайлбаруудаас харахад уг баримтуудыг байхгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн аймгийн Засаг даргын 2016 оны А/637 дугаар захирамж, удирдамж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлуудын дагуу ажлын хэсэг байруулагдаж, аймгийн Эрүүл мэндийн газрын 2016 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын тайлан, мөн санхүүгийн зөрчил гаргасан гэж үзсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2017 оны 290 дугаар Прокурорын тогтоол, Ерөнхий прокурорын газрын 2018 оны 1/97 дугаар Прокурорын тогтоол, мэдэгдэх хуудас, эрүүл мэндийн газрын нэр бүхий мэргэжилтнүүдэд мөнгөн тэтгэмж олгосон талаарх баримтууд хэрэгт авагдсан бөгөөд дээрх зөрчил нь нотлогдож байгаа тохиолдолд ажил олгогч буюу аймгийн Засаг дарга нь *******д хуульд заасны дагуу тохирох сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээтэй.

 Гэтэл аймгийн Засаг даргын 2017 оны Б/519 дугаар “*******-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 буюу ажил олгогчийн санаачилгаар албан тушаал бууруулах, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 буюу төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн хангагдах баталгааны заалтуудыг хамт хэрэглэж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон, түүнчлэн хуульд заасан чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь албан тушаал бууруулаад байна уу, төрийн байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан, өөрчлөн байгуулагдсан үед тэтгэмж олгоод байна уу, ажлаас чөлөөлөөд байна уу гэдэг нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл хэрэгжих үр дагавар нь өөр өөр байх заалтуудыг хамт хэрэглэсэн нь бодит байдалд нийцээгүй, хэрэгжих боломжгүй, хууль бус захиргааны акт болжээ.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй атал 2017 оны Б/519 дугаар захирамжийг гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн боловч захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, тайлбар авах, шийдвэр гардуулалт хийх гэх мэт ажиллагааг дутуу хийсэн, мөн төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв баримтлаагүй, хуулийг буруу хэрэглэсэн зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”,Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ...хууль дээдлэх зарчим баримтална” гэсэн зарчмуудыг болон холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Үүнээс гадна шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ аймгийн Засаг даргын 2017 оны Б/519 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхэд дүгнэлт өгсөн бөгөөд харин нэхэмжлэгч *******гийн гаргасан гэх зөрчлийг үгүйсгээгүй, зөрчлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр. “...шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл цалингийн зөрүү 412.052 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ээс эхлэн сар тутамд тооцож, нөхөн олгуулах...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ******* нь аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байхдаа ТЗ-9-5 дахь шатлалаар 864211 төгрөгөөр тооцож, төрийн албанд удаан жил ажилласны 25 хувь, зэрэг дэвийн нэмэгдэл 20 хувийн нэмэгдэл, бусад нэмэгдлийн хамт сард дунджаар 1373106 төгрөгийг цалин авч ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/519 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар *******г тус газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилж, цалинг ТЗ-6-4 шатлалаар 645556 төгрөгөөр тогтоож, удаан жилийн нэмэгдэл 25 хувь, дэс түшмэлийн тэргүүн зэргийн 20 хувь, бусад нэмэгдлийг нэмж олгохоор шийдвэрлэж, олгож байсан ба тус газрын даргын 2018 оны 1 сарын 03-ны өдрийн Б/03 дугаар тушаалын хавсралтаар түүний цалингийн зэрэглэлийг ТЗ-6-5 болгож, үндсэн цалин 677436, төрийн албан удаан жил ажилласны 25, зэрэг дэвийн 20 хувийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэж, мөн оны 1 сараас эхлэн олгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны *******гийн албан тушаалын цалингийн зөрүү 4302642 /дөрвөн сая гурван зуун хоёр мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний Б/519 дугаар захирамжийг хүчингүй болгож, В-гийн Н-г Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн ажиллаж байсан албан тушаалын цалингийн зөрүүг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэл тооцож, нийт 4302642 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА