Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2093

 

МАГАДЛАЛ

 

2016.12.19                                                  Дугаар 2093                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

ХХХХХ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, ХХХХ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2016/01078 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХХ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 8 600 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХХХ, ХХХХ нарын гаргасан 22 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч ХХХХ-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: ХХХХ,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Ховд аймгийн “ХХХХ” ХХК-нд ХХХХ түүний хүү ХХХХ нартай хамтран ажилладаг байсан. Эдгээр хүмүүс нь уг компаниас сар бүр ажил хийсэн, хийгээгүй тодорхой хэмжээний цалин, ногдол ашиг авдаг байсан. 2013 онд би өөрийн эхнэр ХХХХ-ийн нэр дээр Голомт банкнаас 20 000 000 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд уг зээлсэн мөнгөнөөсөө 2013 оны 02 дугаар сарын 8-ны өдөр 4 000 000 төгрөгийг ХХХХт, 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 600 000 төгрөгийг ХХХХ т, 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөгийг ХХХХ т тус тус зээлсэн. Нийт 8 600 000 төгрөгийг хариуцагч ХХХХ, ХХХХ нарт зээлсэн. Зээлийн гэрээ байгуулахдаа ямар нэгэн бичгийн гэрээ байгуулаагүй, хугацаа тогтоогоогүй юм. Хариуцагч нар нь уг мөнгөө компаниас болон цалингаасаа төлөх байсан боловч огт төлөлт хийгээгүй. Гэтэл “ХХХХ” ХХК нь тендерээр ажил авч чадаагүй, бидний хооронд хувьцааны маргаан үүсч уг асуудал нь одоо болтол шийдэгдээгүй байна. Иймд хариуцагч нарт зээлсэн 8 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ХХХХ-т мөнгөний өргүй, дээрх нэхэмжилсэн мөнгө нь “ХХХХ” ХХК-д ХХХХ-ийн зайлшгүй төлөх ёстой өр төлбөр байсан болно. Иймд 2013 оноос хойш биднээс нэг ч удаа мөнгө нэхэж, утасдаж байгаагүй тул бидэнд зугтах бултах шаардлага байхгүй. Мөн ХХХХ нь “ХХХХ” ХХК-ийн 8,4 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд манай гэр бүл 72,1 хувийн хувьцааг эзэмшдэг тул ХХХХ нь 2014 оноос хойш удаа дараа Иргэний болон Захиргааны шүүхэд гомдол гаргаж, бүх шатны шүүх манай талд бүрэн шийдвэрлэсэн болно гэжээ.

Хариуцагч ХХХХ, ХХХХ нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “ХХХХ” ХХК-ийн 52.1 хувийн хууль ёсны хувьцаа эзэмшигч мөн бөгөөд “ХХХХ” ХХК-ийн ТУЗ-ын даргаар 2008-2011 оны хооронд ажиллаж байсан. ХХХХ нь “ХХХХ” ХХК-ийн 10 хувийн хууль ёсны хувьцаа эзэмшигч, 2007-2008 оны “ХХХХ” ХХК-ийн ТУЗ-ын дарга, 2008-2011 он хүртэл тус компанийн менежерээр ажиллаж байсан. ХХХХ нь 1987 оноос эхлэн “ХХХХ” ХХК-ийн үүсэл болох Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт гидротехникч инженерээс эхлэн одоог хүртэл тасралтгүй “ХХХХ” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байгаа бөгөөд “ХХХХ” ХХК-ийн 8 хувийн хувьцаа эзэмшдэг. Сүүлийн жилүүдэд компанийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч ХХХХ нь компанийн удирдлагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр компанийн тусгай зөвшөөрөл, банкны харилцах данс, тамга тэмдгийг ашиглан хувиараа зарим тендер төслийг хийж гүйцэтгэдэг байсан. ХХХХ нь 2012 онд 360 000 000 төгрөгийн төсөвтэй Ховд аймгийн Политехникийн коллежийн Буянт суман дахь “Захын гуу” услалтын системийг шинэчлэн сэргээх ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Компанийн ТУЗ-ын 2012 оны 9 дүгээр сарын    19-ны өдрийн 2 дугаар тогтоолоор ХХХХ нь тендерийн гүйцэтгэлийн баталгаа болон нэмэгдсэн өртгийн албан татвар, техникийн хяналтын зардал, бүх шимтгэлийг өөрөө төлж, түүнээс гадна компанийн нэр, тусгай зөвшөөрөл, машин техник ашигласаны төлбөр 20 000 000 төгрөгийг компанийн Голомт банкин дахь 5601001131 тоот дансанд төвлөрүүлэхээр шийдвэр гарч, ХХХХ нь хүлээн зөвшөөрч уг ажлыг хариуцан гүйцэтгэхээр болсон. ХХХХ нь уг ажлыг гүйцэтгэж дуусаад, компанийн дансанд үлдээх ёстой байсан 20 000 000 төгрөгийг дараа шилжүүлнэ гэж худал хэлээд 2014 оны 1 дүгээр сарын 23-нд сүүлчийн санхүүжилт болох 69 300 000 төгрөгийг компанийн Голомт банкин дахь 5601001131 тоот данснаас бэлнээр гаргаж авсан. Сүүлчийн санхүүжилтийг бэлнээр гаргаж авсан өдөр болох 2014 оны 1 дүгээр сарын 23-д “ХХХХ” ХХК-ийн ТУЗ-ын дарга ХХХХийн шаардсаны дагуу 4 000 000 төгрөгийг ХХХХ ын данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш “ХХХХ” ХХК-ийн удирдлага болон нягтлан бодогч нар инженер ХХХХөөс компанид төлөх ёстой 16 000 000 төгрөгийн авлагыг удаа дараа нэхэж шаардаад авч чадахгүй өдийг хүргэлээ.

Бидний зүгээс ХХХХ түүний эхнэр ХХХХ нарыг 8 600 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан үйлдэлийг нь “ХХХХ” ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулж буй үйлдэл гэж үзэж байна. Учир нь компани хэвийн үйл ажиллагаа явуулах тендерт оролцох зэрэгт шүүхээс тодорхойлолт мэдээлэл лавлагаа шаарддаг ба тэр болгонд шүүх дээр маргаантай байна гэдэг үндэслэлээр компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учирдаг. Иймд “ХХХХ” ХХК болон хувьцаа эзэмшигчид, ажилчдын эрх ашгийг хамгаалж, хохиролгүй болгох үүднээс иргэн ХХХХөөс           16 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа Инженер ХХХХ нь тус компанид 29 жилийн турш ажиллаж байгаа бөгөөд 2010 онд ХХХХ ХХК-ийн Увс аймгийн “ХХХХ” ХХК-тай хамтран гүйцэтгэсэн Буянт суман дахь услалтын системийн ажилд манай компанийг төлөөлж ажилласан. Уг ажлын тендерийн барьцааны мөнгө болох 12 317 000 төгрөгийг тухайн үеийн ТУЗ-ын дарга ХХХХ хувийн данснаасаа шилжүүлсэн болно. Уг 12 317 000 төгрөг нь одоог хүртэл “ХХХХ” ХХК-ийн тайлан балансад авлагаар бүртгэгдэж байгаа. Уг ажлыг гүйцэтгэж, дууссаны дараа 2013 оны 2 дугаар сард тендерийн барьцааны буцаалт болох 10 000 000 төгрөгийг инженер ХХХХ нь “ХХХХ” ХХК-иас өөрийн эхнэр ХХХХ-ийн хувийн данс руу шилжүүлж, гаргуулж авсан байна. Тухайн өдрөө ХХХХ нь Хаан банкны 5845001020 данснаас ТУЗ-ын дарга асан ХХХХын Хаан банкны 5006614124 тоот руу үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох ХХХХ руу шилжүүлсэн 4 000 000 төгрөг нь тендерийн буцаалт буюу компанийн мөнгө байсан. Үлдсэн 6 000 000 төгрөгийг “ХХХХ” ХХК нь инженер ХХХХөөс удаа дараа нэхэж шаардаад авч чадаагүй. Тиймээс ХХХХ-ийн иргэн ХХХХаас нэхэмжилж буй 4 000 000 төгрөг нь ХХХХ-ийн “ХХХХ” ХХК-д төлөх ёстой 10 000 000 төгрөгийн нэг хэсэг юм. “ХХХХ” ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ТУЗ-ын хурлын тогтоолоор инженер ХХХХөөс 6 000 000 төгрөгийг нэхэмжлэх шийдвэр гарсан болно. “ХХХХ” ХХК болон хувьцаа эзэмшигчид ХХХХ, ХХХХ нарыг хохиролгүй болгох үүднээс иргэн ХХХХөөс 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийтдээ ХХХХөөс гэрээний дагуу компанид төлөх ёстой             22 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл хангагдах боломжгүй гэж үзэж байна. Учир нь сөрөг нэхэмжлэлийг гаргах эрх бүхий субьект нь гаргаагүй байна. ХХХХ хувийн зүгээс ХХХХ, ХХХХ нарт ямар нэгэн өглөг авлага байхгүй гэдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. “ХХХХ” ХХК-нд өгөх өглөг, авлага байгаа бол компани өөрөө нэхэмжлэл гаргах ёстой байсан. Манай талаас ХХХХ, ХХХХ гэх хувь хүмүүст холбогдуулж нэхэмжлэл гаргасан гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь “ХХХХ” ХХК-тай холбоотой асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна, иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

              Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХ, ХХХХ нарын хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 8 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч ХХХХ, ХХХХ нарын нэхэмжлэгч ХХХХ-т холбогдуулан гаргасан 22 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нарын төлсөн 152,550 төгрөг, хариуцагч ХХХХ, ХХХХ нарын сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 248 900 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Зохигчид мөнгийг шилжүүлэхдээ буцаан төлөх талаар ямар нэгэн хугацаа тохироогүй бөгөөд нэхэмжлэгч нар 2015 оны сүүлээс эхлэн мөнгө нэхсэн ба хариуцагч нар өгөхгүй байсаар арга буюу шүүхэд хандсан. Иргэний хуулийн 76.1-д заасан хугацааг гэрээ байгуулагдсан өдрөөс бус гэрээний хугацаа дууссан буюу шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог. Зохигчид гэрээг аман хэлбэрээр хийсэн ба нэхэмжлэгч мөнгө шилжүүлсэн баримтаар түүнийгээ нотолж уг баримтаа шүүхэд гаргаж өгсөн байдаг. Иргэний хуулийн 283.1 Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэжээ. Энэ хуулийн дагуу гэрээг хэдийд цуцалж мөнгө шаардах эрх нь зөвхөн зээлдүүлэгч тал хуулиар олгогдсон байна. Иймд энэ маргааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй зээлдүүлэгч ХХХХ шаардлага гаргах эрхтэй байсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөгч мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Иргэний хууль нь тодорхой системд суурилагдан бүтээгдсэн бөгөөд талуудын хооронд үүссэн гэрээний аливаа харилцаа нь иргэний хуулийн тусгай ангид тусгайлан заагаагүй бол үүргийн эрх зүйн ерөнхий ангийг буюу иргэний хуулийн 2 дугаар зүйлийн хэсгийн үүргийн харилцааг хэрэглэдэг билээ. Тэгвэл зээлийн гэрээний харилцааг хууль тогтоогчид иргэний хуулийн 24 дүгээр бүлэгт тусгаж өгсөн бөгөөд үүнийг үүргийн харилцаанаас түрүүлж хэрэглэх учиртай болов уу.

Дээр дурдсанаар Иргэний хуулийн 281.1-д ямар нэгэн тохиролцооны талаар тусгаж өгөөгүй бөгөөд зээлдүүлэгч тал нь зөвхөн мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр зээлдүүлэгч талын үүрэг дуусгавар болж гэрээг байгуулагдсанд тооцохоор хуульчлагджээ. Тэгвэл миний үйлчлүүлэгч 4 000 000 төгрөгийг ХХХХ т 2014 оны 01 дүгээр сарын      24-ний өдөр хадгаламж банкаар шилжүүлсэн баримт хавтаст хэргийн 7 хуудсанд авагдсан байна. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 42.1 зааснаар аман хэлбэрээр тохиролцож болохоор хуульчлагджээ. Талууд нэгэнт зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир одоо зээлдэгч тал Мөнхтөмөрөөс зээл аваагүй гэж үгүйсгэдэг ч 4 000 000 төгрөг бол гэхдээ дансаар авсан нь үнэн гэж шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдэгдэх ба яах гэж авснаа үгүйсгэсэн мөн буцааж өгсөн бол тухайн баримтуудаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2 заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэлээ хариуцагч нотолж чадаагүй байхад шүүх энэ үүргийг зээлдүүлэгч талын үүрэг болгон тайлбарлаж үндэслэх хэсэгтээ дурдаж шийдвэрлэжээ. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалттай нийцээгүй байх тул шийдвэрт бүхэлд нь өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтанд үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч ХХХХ, ХХХХ нар нь хариуцагч ХХХХ, ХХХХ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “…зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулж ХХХХт 4 000 000 төгрөг, ХХХХ т 4 600 000 төгрөг тус тус зээлдүүлсэн…” гэж үндэслэсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...зээлийн гэрээ байгуулагдаагүй, байгууллагын хувийн дансаар мөнгө шилжүүлдэг. 69 000 000 төгрөгийн санхүүжилтийг данснаас гаргаад 4 000 000 төгрөгийн ХХХХ ын дансанд шилжүүлэх ёстой байсан, байгууллагын мөнгийг хувийн мөнгө гэж тайлбарлаад байна…” гэжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн өөрийнхөө нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа нотлох баримтаас үзвэл талуудын хооронд хийгдсэн банкны гүйлгээний утга нь орлого, данс хоорондын гүйлгээ гэсэн өөр өөр агуулгатай мөнгөнүүд шилжиж байсан байна. Энэ баримтыг үндэслэж талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хэргийн баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь буцаан төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтанд авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн дүгнэлт зөв боловч маргааныг шийдвэрлэхэд хэрэглэх хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2016/01078 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “75 дугаар зүйлийн 75.2.1-д...” гэснийг хасч, “281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 153 000 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                         ШҮҮГЧИД                                                        Т.ТУЯА

                                                                        ХХХХ