Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 283

 

Б.Булганы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 246 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 392 дугаар магадлалтай, Б.Булганы нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Булган шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2009 оны 7 дугаар 27-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 32 дугаар тушаалаар тус газрын “Хууль, хяналтын хэлтэст” мэргэжилтнээр томилогдсон юм. Улмаар байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2009 оны 10 дугаар 01-ний өдрийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 54, 56 дугаар тушаалаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчийн албан тушаалд томилогдсон. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд хөл хүнд болж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсны улмаас 2010 оны 1 дүгээр сард ажлаас чөлөө авах тухай хүсэлтийг гаргасан. Ингэснээр надад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 05 дугаар тушаалаар 2010 оны 1 дүгээр сараас 2010 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд чөлөө олгосон юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 05 дугаар тушаалаар олгосон чөлөөний хугацаа дууссаны дараагаас миний бие жирэмсний амралтаа авсан бөгөөд 2010 оны 7 дугаар сард төрж, улмаар амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөгөө эдэлсэн. Ингээд хүүхдээ хоёр нас хүрсний дараа буюу 2012 оны 6 дугаар сард ажлаа хийхээр зохих журмын дагуу хандахад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хүний нөөцийн ажилтан “түр хүлээж бай, таныг ажилд чинь томилсон шийдвэр гарахаар дуудна” гэдэг хариуг надад өгсөн. Ингээд миний бие ажлаас дуудах хүртэл хугацаанд хүүхдээ асарч байсан. Энэ нь нэг талаас байгууллага ажилдаа буцаж ор гэж дуудахыг хүлээх, нөгөө талаас миний хүүхэд “уушгины архаг бронхит, астма”-тай гэдэг оношийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар тавьж уг өвчний хүндрэлтэй үеийг давж, хүүхдийг өвчнөө эсэргүүцэх буюу тэсвэрлэх чадвартай болтол нь цэцэрлэгт явуулахгүй асрах зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдалтай холбоотой байсан болно.

Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар намайг ажилд маань эгүүлэн томилсон шийдвэрээ гаргалгүй маш удаан хүлээлгэсэн төдийгүй асууж лавлахаар “дахин хүсэлт өгөх шаардлагагүй, хүлээж бай, таны асуудал дарга дээр байгаа хүлээж бай”, “дарга гадагшаа явсан ирээд шийдэх байх”, “таны өргөдөл олдохгүй байна хүлээж бай”, “өргөдөл чинь олдсон удахгүй шийдэгдэнэ хүлээж бай”, “дарга солигдох гэж байгаа, шинэ дарга ирээд шийдэх байх хүлээж бай, жаахан удах байх шүү”, “дарга руу оруулчихсан хүлээж байна шийдэгдэхээр нь танд хэлье” гэх мэт хариу өгсөөр өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр гаргаагүй юм. Би Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өгч байсан дээрх хариунуудад итгэсэн, мөн нэгэнт ажилдаа орохоос хойш ажлын газрынхаа удирдлага, хамт олонтой хэрүүл зарга хийх шаардлагагүй гэдэг үүднээс 2015 оны 6 дугаар сарыг хүртэл тэвчээртэй хүлээсэн боловч энэ байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй болсон.

Тиймээс миний бие Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тухайн үед ажиллаж байсан Т.Аюурсайханд хандан 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бичгээр гомдол гаргасан юм. Гэтэл мөн л хариу өгөхгүй “таны гомдолд бичгээр хариу өгнө хүлээж бай”, “ажлаас халсан юм шиг байна судалж байгаад тодорхой хариуг бичгээр өгнө хүлээж бай”, “судалж байна удахгүй хариу өгнө”, “дарга гадагшаа явчихсан байна хүлээж бай” гэх мэтээр булзааруулж явсаар 2015 оны 10 дугаар сарын 20-ны үед таныг ажлаас халсан юм байна, ажлаас халсан тушаал байхгүй, бичгээр хариу өгөх боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ёсны тушаал шийдвэргүйгээр “ажлаас халсан юм байна” гэдэг хариугаар ажлаас нь халж, бичгээр хариу өгөхөөс татгалзсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүйгээс гадна итгэхэд бэрх хариу байсан юм. Ингээд би 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан.

Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс 2015 оны 12 дугаар 10-ны өдөр 1624 дугаартай өргөдлийн хариуг надад ирүүлсэн бөгөөд тус хариунд “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар таныг ажлаас халсан, чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй байна” гэсэн хариуг өгч намайг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчийн албан тушаалд ажиллах эрхтэй, төрийн жинхэнэ албан хаагч хэвээр байгаа гэдгийг нотлон тогтоож өгсөн. Мөн Төрийн албаны зөвлөлөөс надад ирүүлсэн 2015 оны 12 дугаар 10-ны өдрийн 1624 дугаартай өргөдлийн хариунд “та албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөлт хийлгүүлэх тухай асуудлаар зохих шатны шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн байгаагаас гадна “та 2010 онд амаржсаны амралтаа авч 2015 оны 11 дүгээр сард Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанаас хэтэрсэн байх тул зөвлөл таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн юм.

Миний бие Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1624 дугаартай өргөдлийн хариунд дурдагдсан “Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанаас хэтэрсэн, зөвлөл таны асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хэсгийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар намайг ажлаас халсан буюу чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй гэдгийг Төрийн албаны зөвлөл өөрөө шалгаж 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1624 дугаартай өргөдлийн хариугаараа тогтоож өгсөн бөгөөд намайг ажлаас халж чөлөөлсөн ямар нэгэн шийдвэр тухайн байгууллагаас гарч надад мэдэгдээгүй байхад хугацааны асуудал ярих боломжгүй юм. Ажил олгогч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу захиргааны чөлөөтэй байсан хугацаанд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хүүхэд асрах чөлөө дууссаны дараа намайг хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлэлгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчсөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл болон 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагддаг. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон байдаг билээ.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөлт хийлгэж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэрбиш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Булган нь агентлагийн даргын 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай тушаалаар Хууль, хяналт зохицуулалтын хэлтэст анх томилогдон, улмаар 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тушаалаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэст мэргэжилтнээр томилогдон ажилласан. Гэхдээ тэрээр тухайн ажилд томилогдоод ердөө 4 сарын дараа 2010 оны 1 дүгээр сард “чөлөө авах хүсэлт” гаргасан, улмаар 2010 оны 05 дугаартай тушаал гарч 2010 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд түүний хүсэлтийг үндэслэн чөлөө олгосон. Гэвч тухайн шийдвэрийн дагуу олгосон чөлөөнийхөө хугацаанд ажилдаа эргэн ороогүй байдаг.

Мөн үргэлжлүүлэн жирэмсний болон амаржсаны амралтаа авсан бөгөөд үүнээс хойш манай байгууллагатай ямар нэг байдлаар харилцаагүй өдийг хүрсэн. Харин тус байгууллага хэсэг хугацаанд түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаад зогсоосон. Б.Булган нь үүнээс хойш тус байгууллагатай ямарч эрх зүйн харилцаа үүсгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1-д “эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно”, 106.1-д “ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд чөлөө олгоно” гэж зааснаас үзвэл хүүхэд асрах чөлөөг “хүсвэл” олгох эрх зүйн зохицуулалттай байна. Амаржсаны амралтаа дууссаны дараа буюу 2010 онд тэрээр хүүхэд харах чөлөө хүсээгүй, хүүхэд харах чөлөө олгоогүй байдаг. Өөрөөр хэлбэл

Б.Булган нь эрхэлж байсан ажил, үүргээ орхисон гэж үзэхээр байгаа юм. Б.Булган нь 2010 онд жирэмсний амралтаа авч, 2015 оны 11 дүгээр сард тухайн асуудлаар хандаж байгаа нь дээрх Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанаас хэтэрсэн байх тул шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэн төлөхгүй болсон хугацаанаас Б.Булган эрх ашиг нь хөндөгдсөн гэж хэрэв үзсэн бол хандах эрх нь бий болсон байна. Мөн үүнээс хойш 3 жил буюу багагүй хугацаа өнгөрсөн байна. Б.Булганы эрх ашгийг зөрчсөн акт байхгүй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын ажилд эргүүлэн авахгүй байгаа эс үйлдэхүй тогтоогдохгүй буюу эрх ашгийг нь зөрчсөн маргаан бүхий захиргааны акт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл 2010 оноос 5 жил буюу өнөөдрийг хүртэл Б.Булган нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хөдөлмөрийн харилцаанд ороогүй гэдгийг мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгөх, эсхүл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “захиргааны акт” гэдэгт хамаарахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 246 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан Б.Булганыг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өмнө эрхэлж байсан албан тушаалын зэрэглэлээс дордуулалгүй ижил төрлийн албан тушаалд томилон ажиллуулахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Булганд ажилгүй байсан хугацааны буюу 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 392 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 246 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-т зааснаар нэхэмжлэгч Б.Булганы хүүхдээ 3 нас хүртэл асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг, Б.Булганд 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 2,292,132 төгрөгийг олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 392 дугаар магадлалын анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль зүйн үндэслэлгүй өөрчлөлт оруулсан гэж үзэж байна

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгч Б.Булганы хувьд 2012 оны 6 дугаар сард ажилдаа эргэн орох хүсэлтээ хуульд заасны дагуу ажил олгогч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан бичгээр гаргасан байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж тогтоосон болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, ажилд эргүүлэн авахыг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болохыг тогтоосон боловч хууль бус эс үйлдэхүйг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс тооцох ёстой гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.6-д “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор заасан. Тодруулбал хариуцагчийн ажил, албан тушаалд нь буцаан томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоосон тохиолдолд тухайн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж эхэлсэн гэж үзэн, цаг хугацааг шийдвэр гаргах ёстой байсан үеэс эхэлж тооцох нь хууль хэрэглээний хувьд үндэслэлтэй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Булган нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргад хандан ажилдаа буцаж орох хүсэлтээ илэрхийлсний дагуу хариуцагч төрийн байгууллага нь түүнийг Төрийн албаны тухай хуулийн дагуу ажил, албан тушаалд нь томилох үүрэгтэй байсан. Энэхүү үүргээ хариуцагч биелүүлээгүй, хууль бус эс үйлдэхүй үзүүлэн нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилохгүй байсан нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарсан гэж дүгнэх үндэстэй. Тиймээс ч нэхэмжлэгчид хохирол учирч эхэлсэн хугацааг 2012 оны 7 дугаар сараас эхлэн тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийг тухайн үедээ шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа тул түүнд учирсан хохирлыг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж тооцно гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан бөгөөд хуулийн энэхүү заалтаас үзэхэд ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь хамаарах цалинтай тэнцэх олговрыг олгохоор заасан. Өөрөөр хэлбэл ажлаас үндэслэлгүй халсан эсвэл хууль бус эс үйлдэхүй үзүүлэн ажилд нь авахгүй байсан үеэс эхэлж ажилгүй байсан хугацааг тоолон хохирлыг нөхөн төлүүлэхээр заажээ.

Гэтэл Нэхэмжлэгч Б.Булганыг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээр хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн атлаа хууль бус эс үйлдэхүй үзүүлж эхэлсэн хугацааг 2015 оны 6 дугаар сараас тооцохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 392 дугаар магадлалын анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 246 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэрбиш, Б.Наранцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт “Б.Булган 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдөр амаржсан. Үүнээс хойш хүүхдээ асарч байгаад ажилдаа эргэж орох тухайгаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад хандахад тус байгууллагаас хүсэлтийг нь өнөөг хүртэл шийдвэрлэж өгөөгүй, одоогоор тэрээр ажилдаа ороогүй байна” гэж дүгнэсэн, мөн магадлалд “3 жилийн хугацаа өнгөрсөн ч хариуцагчийн нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг дуусгавар болсон гэж үзэхгүй” гэсэн байдаг.

Маргааны гол нь Б.Булган нь хуулиар олгогдсон жирэмсэн болон амаржсаны чөлөө, мөн чөлөө хүсээгүй ч хүүхэд харах чөлөөтэй байсан гэж бодоход эдгээр хугацаа бүгд нийлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан ажлын байрыг хадгалах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлж, ажлын байрыг өөрөө орхигдуулсан.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлаар дүгнэн тухайн маргааны гол учир шалтгааныг тогтоолгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж байгаа гэх байдлаар хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтэд “Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаа өнгөрсөн байх тул шийдвэрлэх боломжгүй” гэж маш тодорхой үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байсныг анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүйгээс харагдаж байна.

Б.Булган 2010 оны 7 дугаар сард төрсөн ба жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа 120 хоног, үргэлжлүүлээд хүүхэд асрах чөлөө нийт 3 жил буюу 2013 оны 7 дугаар сард тухайн ажлын байрыг хадгалах хуулиар олгогдсон ажил олгогчийн үүрэг дуусгавар болсон, дээр нь 2015 оны 11 дүгээр сард албан ёсоор ажилдаа орох өргөдөл өгсөн гэж үзэхээр нийт 5 жил гаруйн хугацааны тухай яригдаж байхад ердөө үүнтэй холбоотой Б.Булганы хувьд 2012 оны 5 дугаар сард ажилдаа нэг л удаа эргэн орох оролдлого хийсэн гэж мэдүүлдэг ч бодит байдалд тухайн оролдлоготой холбоотой тодорхой үйл, баримт тогтоогддоггүй.

Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс ажлын байрыг хадгалах үүрэг хүлээсэн хуулийн хугацаанд Б.Булганыг ажилд нь эгүүлэн аваагүй буюу эс үйлдэхүй тогтоогдохгүй байхад ажилд нь эгүүлэн аваагүй, ажлын байрыг хадгалах 3 жилийн хугацаа өнгөрсөн ч эмэгтэй хүний онцлогийг харгалзсан зохицуулалт буюу ажилд хэзээ ч хамаагүй авах үүрэг хүлээнэ гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1.2-т заасныг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх агуулгатай дүгнэлт нь Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх цаашлаад сургалт, арга зүй, мэргэшлийн ур чадварын хувьд өндөр шаардлага тавигддаг хариуцлагатай алба бөгөөд шүүхийн дээрх дүгнэлт Төрийн албаны тухай хуулиар тогтоосон үүнтэй холбоотой олон зарчмуудыг үгүйсгэсэн дүгнэлт болсон гэж үзэж байна. Түүнээс гадна давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хэргийг зөв зүүтэй талаас нь шийдвэрлэх хүчин чармайлт гаргасан хэдий болов ч ажил олгогчийн зүгээс Б.Булганыг мөн л ажилд нь эгүүлэн аваагүй эс үйлдэхүй буюу түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн хугацаа хэзээнээс бий болсныг тодорхойлохгүйгээр ажилгүй байсан хугацааны цалинг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс тогтоосон буюу хэрхэн, хэдий хугацаанаас тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Энэ нь мөн л Б.Булганыг ажилд нь эгүүлэн аваагүй буюу ажил олгогчийн зүгээс шалтгаалсан гэм буруу байхгүй байхад буруутгасан шийдвэр, магадлал гарсан нь үндэслэлгүй байна. Эцэст нь хэлэхэд Б.Булган тус байгууллагыг анх “төрийн бус байгууллага” гэж голдог, эргэн орохгүй гэх байдлаар ханддаг байсан талаар дурсагддаг ба энэ нь тухайн байгууллагын үнэлэмжтэй шууд холбоотой юм. Иймд Б.Булганы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

            Хянавал:

Нэхэмжлэгч Б.Булган Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар тушаалаар тус газрын хууль хяналтын хэлтэст мэргэжилтнээр, 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тушаалаар Хэрэглэгчийн эрхийн газарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байгаад “эрүүл мэндийн байдлын улмаас” гэх шалтгаанаар мөн даргын 2010 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар тушаалаар 2010 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажлаас түр чөлөөлөгдсөн, чөлөөний хугацаа дууссаны дараагаар ажилдаа эргэж оролгүйгээр жирэмсний амралт эдлэн 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүүхэд төрүүлсэн, үргэлжлүүлэн амаржсаны амралт эдэлсэн байна.

Тэрээр амаржсаны амралтаа эдэлсний дараагаар ажилдаа оролгүй, хүүхдээ асарсан байх ба албан ёсоор хүүхэд асрах чөлөө хүсч өргөдөл гаргаагүй, хариуцагч нь “хүүхэд асрах чөлөө” олгоогүй, энэ үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Гэсэн хэдий ч хариуцагчийн зүгээс Б.Булганы “хүүхдээ асарч байх хугацаанд” буюу 2010 оны 3 дугаар сараас эхлэн 2012 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсны зэрэгцээ ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2010 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 84 дүгээр тушаалаар Ж.Эрдэнэцогтыг  “Б.Булганы хүүхэд асрах чөлөөний хугацаа дуустал” гэж Хэрэглэгчийн эрхийн газрын мэргэжилтнээр томилон ажиллуулснаас үзэхэд Б.Булганыг 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгч Б.Булган 2012 оны 6 дугаар сард ажилдаа эргэж орох хүсэлт гаргахад хүний нөөцийн ажилтан “...түр хүлээж бай, ажилд томилсон шийдвэр гаргахаар дуудна” гэснийг хүлээн зөвшөөрч хүлээж байсан, “олон шалтаг зааж удтал хүлээлгэж ажилд аваагүй” учир 2015 оны  6 дугаар сарын 15-ны өдөр газрын даргад гомдол гаргасан, “ажилд авахгүй байгаа” талаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн, “ажилд аваагүй” хариуцагчийн эс үйлдэхүй үргэлжилж байгаа гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх ...өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно”, 106.2-т “хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж зааснаас үзэхэд “хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаагүй боловч ажилдаа орохоор хүсэлт гаргасан” ажилтныг ажил олгогч  ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, ажилтан ажилдаа эргэж орох хүсэлт гаргаагүй тохиолдолд хүүхэд асрах чөлөөний хугацаа хүүхдийг 3 нас хүртэл үргэлжлэх боломжтой байна.

Дээр дурдсанаар Б.Булган нь ажилдаа орохоор 2012 оны 6 дугаар сард гаргасан хүсэлтийг нь хариуцагч шийдвэрлэлгүй “хүлээлгэж байсныг” хүлээн зөвшөөрч маргаагүй, “хүлээх хугацаа нь” Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан “хүүхэд асрах” чөлөөний боломжит 3 жилийн хугацаа буюу 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дуусах үед ч “ажилдаа эргэж орох хүсэлт” дахин тавиагүй, энэ талаарх баримтгүй, “ажилдаа эргэж орох” хүсэлтийг нь шийдвэрлэлгүй орхигдуулсан гэх хариуцагчийн эс үйлдэхүйд гомдол, нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх арга хэмжээ аваагүй байна.

Түүнчлэн Б.Булганы 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрүүлсэн хүүхэд нь 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 3 нас хүрснээр, энэ хугацаанаас хойш Хөдөлмөрийн тухай хуульд заасан “хүүхэд асрах чөлөөний хугацааны” зохицуулалт үйлчлэхгүй болсон учир ажил олгогчийн мөн хуулийн 35 дугаар зүйлийн 1-д заасан “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг хариуцагчид хүлээлгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Эдгээр байдлаас дүгнэвэл Б.Булганы “ажилд эргэж орох” хүсэлтийг нь 2012 оны 6 дугаар сараас хойш шийдвэрлээгүй гэх анхан шатны шүүхийн, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш шийдвэрлээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй тул “ажилд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл, заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, Б.Булганыг ажилд томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн нь буруу тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, “эс үйлдэхүйд гомдол гаргасан 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс тооцож ажилгүй байсан хугацааны олговор олгуулах”-аар шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 392 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Булганы гаргасан “ажилд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3” болгож, 2 дахь заалтад “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-т заасныг баримтлан Б.Булганы хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацаанд төлөгдөөгүй үлдсэн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын зохих санд нөхөж төлөхийг хариуцагчид даалгасугай” гэсэн хэсэг нэмсүгэй.                         

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ           

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ