| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2016/00260/И |
| Дугаар | 287 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ХААН банкны Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Ногоон талбайн 0 тоотод оршин суух Бүгжин овогт Маналын Зоригтбаатар,
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1 дүгээр багт оршин суух Хариад овогт Төмөрбаатарын Ариунбаяр нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөр 6.903.265 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6.969 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 127 төгрөг, нийт 6.910.361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбайгаль, хариуцагч М.Зоригтбаатар, Т.Ариунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Бор-Өндөр тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн М.Зоригтбаатар, Т.Ариунбаяр нар нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Бор-Өндөр суман дахь ХААН банкны тооцооны төвөөс 12.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд 1 өрөө ощо /үл хөдлөхтэй/ хөргөгч шарф, зурагт 38 инч шарф барьцаалсан. М.Зоригтбаатар, Т.Ариунбаяр нар нь 2016 оны 11-р сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 5.096.734 төгрөг, зээлийн хүүд 2.843.595 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10.141 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Иймээс зээлдэгч М.Зоригтбаатар, Т.Ариунбаяр нараас 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 6.903.265 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6.969 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 127 төгрөг, нийт 6.910.361 төгрөг. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Зоригтбаатар нь Улаанбаатар төмөр замын Чойр өртөөнд слесарь ажилтай байсан. Ариунбаяр нь Чойрт бага ангийн багшаар ажиллаж байсан. Тухайн үед хоёулаа ирж зээл авсан. Зоригтбаатар, Ариунбаяр нарын нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тодорхойлолтоор тооцоолол хийж зээл олгож байсан. Тухайн зээл дээр Ариунбаярын ээжийн ОЩА 1 өрөө үл хөдлөхтэй, зурагт, хөргөгчийг барьцаанд авч зээл олгосон. Зоригтбаатар ажил хийж байхдаа цалингаасаа зээлээ төлдөг байсан. 2016 оны 1 дүгээр сараас зээлийн төлбөрийг хийхээ больсон. Тэгээд 2016 оны 2,3,4 сард Ариунбаярын хүүхдийн мөнгө харилцах дансанд орж ирсэн 19.800 төгрөгөөр 4 удаа зээлийн төлөлт хийгдсэн. 2016 оны 4 сарын 29-нд Ариунбаярын ээж цалингийн зээл авч 3.000.000 төгрөг төлсөн. Мөн Зоригтбаатарын ээж 9 дүгээр сарын 29-нд 385.000 төгрөгийн зээлийн төлбөр хийгдсэн. Тэрнээс хойш зээлийн төлбөр хийгдээгүй байгаа” гэв.
Хариуцагч М.Зоригтбаатар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би ажил хийж байх хугацаандаа цалингаасаа зээлээ төлж байсан. Би төлөөгүй хугацааныхаа хүүг төлсөн гэж бодож байгаа. Манай ээж 80.000 төгрөгөөр зээл төлсөн. Би одоо зээлээ төлөх боломжгүй болчихоод байгаа. Би барьцааны хөрөнгөөрөө төлж барагдуулах боломжтой” гэв.
Хариуцагч Т.Ариунбаяр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Бид хоёр 12.000.000 төгрөгийн зээл авсан. Зоригтбаатар ажиллаж байхдаа цалингаасаа зээлээ төлж байсан. Бид хоёр байр хөлсөлж хамт амьдардаг байсан. Миний цалингаас амьдралын өртгөө зохицуулж амьдардаг байсан. Зоригтбаатарыг ажлаасаа гарсан цагаас хойш би зээлийг нь төлж байсан. Би төлөх ёстой хэмжээгээ төлсөн гэж бодож байна. Би Капитал банкнаас зээл аваад төлж байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч М.Зоригтбаатар, Т.Ариунбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлийн төлбөр 6.903.265 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6.969 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 127 төгрөг нийт 6.910.361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
ХААН банкны Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч М.Зоригтбаатар, Т.Ариунбаяр нартай 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ЗГ94/3/20/601 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй олгож, зээлдэгч зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг удаа дараа зөрчсөн тохиолдолд банк гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах эрхийг эдлэхээр тус тус тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбараар нотлогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 7.1.1-т зээл буцаан төлөх хуваарийг зээлдэгч удаа дараа зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг цуцлах үндэслэл болохоор заасан бөгөөд хариуцагч нар нь зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ нь нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, зээлийг эргэн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах үндэслэл болсон байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө төл гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагч нар нь гэрээгээр зөрчсөн, үүрэг гүйцэтгэхийг нэхэмжлэгч урьдчилан сануулсан боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч М.Зоригтбаатар, Т.Ариунбаяр нар нь банкнаас зээл авах үедээ гэр бүлийн харилцаатай байсан болох нь өөрсдийнх нь тайлбараар тогтоогдож байна. М.Зоригтбаатар, Т.Ариунбаяр нар нь хувь хувьдаа ногдох хэмжээний зээлийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч зээлийн гэрээний 4.2.2-т “зээлдэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн төлбөрийг сар 5946050347 тоот харилцах дансанд төвлөрүүлж Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх бөгөөд төлбөрийн баримтанд гүйлгээний утгыг тодорхой бичих” гэж зааснаас дүгнэхэд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах нь тодорхой байна. Мөн зээлийн гэрээнд дээрх 12.000.000 төгрөгийг өөрт ногдох хэсгийг тус тусдаа хариуцан төлөхөөр заасан ямар нэгэн заалт байхгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.910.361 төгрөг гэдгийг зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан байх тул хариуцагчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР