Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Х овогт Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн 2035000780100 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Могол Улсын иргэн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн 2-9  тоотод  оршин суух, Увс аймаг дахь сум дундын 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар ялаас өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, улсаас авсан гавьяа шагналгүй Х овогт Ц-ийн Б.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт 2020 оны 5 дугаар 25-аас 26-нд шилжих шөнө иргэн Д.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, дух хэсэгт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Ц.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар 25-аас 26-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Д.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, дух хэсэгт нь чулуугаар цохьсон болох нь:

хохирогч Д.Б-ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 5 дугаар 25-аас 26-нд шилжих шөнө Б-ийн танил гэх айлд Б-тэй хамт архи ууж байгаад маргалдаад шөнийн 03 цагийн үед гудамжинд гараад бид хоёр маргалдаж байгаад би Б-ийг 2-3 удаа алгадахад Б газраас чулуу аваад миний дух хэсэгт нэг удаа цохьсон юм. Тэгээд миний духнаас цус гарахаар нь би духаа дараад суухад Б яваад өгсөн. Би найз Б-ийг дуудаад хамт алхаж явтал Цагдаагийн машин ирж эмнэлэгт хүргэж өгсөн. Би шархандаа 6 ширхэг оёдол тавиулсан. Б-т гомдолгүй болсон. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 5 дугаар 25-аас 26-нд шилжих шөнө ажил дээрээ амарч байтал шөнийн 03-04 цагийн үед хамт ажилладаг Б “Би хүнээр зодуулчихлаа. Ирээд авчих” гэхээр нь яваад очиход согтуу, нүү хэсэг нь цум болсон байдалтай “Б гэдэг залуу чулуугаар цохьсон” гэж хэлж байсан. Б-ийг эмнэлэгт хүргэж шарханд нь оёдол тавиулсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 5 дугаар 25-аас 26-нд шилжих шөнө Д.Б бид хоёр 0.75 литрийн 2 шил архи уугаад би ухаангүй болсон байсан. Нэг мэдэхэд Д.Б бид хоёр гудамжинд барьцалдаад авчихсан байсан бөгөөд Б намайг 2-3 удаа гараараа цохиход нь би газарт унаад босохдоо газарт байсан чулууг аваад Б-ий нүүр хэсэгт цохьчихоод яваад өгсөн. Би согтсон байсан учраас урьд нь юу болсныг санахгүй байна.

Би Б-ний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Болд-Эрдэнээс уучлалт гуйж, эвлэрсэн, надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж өөрөө хэлсэн.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 355 дугаартай шинжээчийн “Д.Б-ний  духанд язралт, зулгаралт, зөөлийн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дотно буланд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд өөрийнхөн зааж буй хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р тал/-ээр хохирогч Д.Б-ийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ц.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б урьд нь Увс аймаг дахь сум дундын 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар ялаас өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болох хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-50-р тал/- аар нотлогдсон. 

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Н.О-ийн өгсөн: “Миний нөхөр Ц.Б төлөв даруу зантай, хүнтэй эелдэг зөөлөн харилцаатай, үг дуу цөөтэй, хүнд тусархаг, бараг ууралдаггүй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/, Гэрч Д.С-ийн өгсөн: “Ц.Б миний 3 дахь хүү юм. Миний хүү Ц.Б нь даруухан төлөв, шулуун шударга зантай, ажилсаг хөдөлмөрч, хүнд тусархуу хүн юм. Архи дарсыг хааяа нэг хэрэглэдэг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/ -үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчтай тохиролцож ирсэн  торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Цийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Б-т 550 /таван зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Ц.Б-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ