| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2016/00289/И |
| Дугаар | 4 |
| Огноо | 2017-01-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 4
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Лхагвасүрэнд холбогдох 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2016 оны 04 дүгээр сард Лхагвасүрэнд 2.000.000 төгрөгийг 15 хувийн хүүтэй 1 сарын дараа өгөхөөр гэрээ байгуулан зээлдүүлсэн боловч хугацаандаа өгөлгүй гэрээгээ дахин 09 дүгээр сар хүртэл сунгаж одоо болтол өгөхгүй мөнгө байхгүй гээд өгөөгүй. Хувьдаа сэлбэгийн дэлгүүр ажилуулж төлөх боломж байгаа боловч өгөхгүй намайг хохироосоор байна. Иймд Л.Лхагвасүрэнгээс үндсэн мөнгө 2.000.000 төгрөг, хүү 1.500.000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Говийн 5-2а тоотод оршин суух ЕТ 80041604 регистрийн дугаартай Боржигон овогт Лэгшидийн Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Н.Гэрэлт-Одоос 2016 оны 4 сард 2.000.000 төгрөгийг 15 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай гэрээ байгуулан зээлсэн. Уг мөнгийг хугацаандаа өгөх гэсэн боловч хувиараа ажилуулдаг сэлбэгийн дэлгүүрт орлого орохгүй байснаас уг зээлийг төлж чадахгүй өдийг хүрсэн. Иймд Н.Гэрэлт-Одын шаардсан үндсэн зээл 2.000.000 төгрөг, хүү 1.500.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 4 сард төлнө” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од нь хариуцагч Л.Лхагвасүрэнгээс 3.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Л.Лхагвасүрэн нь зээл 3.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одод төлөх үүрэгтэй болох нь 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Л.Лхагвасүрэн нь нэхэмжлэлийн шаардлага 3.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч Л.Лхагвасүрэн нь нэхэмжлэлийн шаардлага 3.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одын нэхэмжилсэн 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Л.Лхагвасүрэн нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одоос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.950 төгрөгний тавин хувь 35.475 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 35.475 төгрөгийг хариуцагч Л.Лхагвасүрэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одод олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Лхагвасүрэн нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР