Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 615

 

 

        

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: С.Батгэрэл /томилолтоор/,

Шүүгдэгч: О.М-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005016170940 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.М-, 1987 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ....., ам бүл 2, эхийн хамт .....тоот регистртэй,

Шүүгдэгч О.М-нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71-р байр 75 тоот гэртээ хохирогч Б.Б-ын нуруу хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатгаж нуруунд шарх, баруун бугалга, баруун шуу, баруун өвдөг, баруун ташаанд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.М-шүүх хуралдаанд: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээж байна” гэв.

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед гэртээ байхад манай найз М-над руу утсаар залгаад “хэдэн өдөр архи уулаа бие өвдөөд байна хүрээд ир” гэсэн. Тэгээд би өөрийнхөө машинтай М-гэрт ТБД Андуудын урд талын байранд ирсэн. Тэгэхэд О.М-гэртээ танихгүй 3 залуутай хамт архи уусан байдалтай, пиво уугаад сууж байсан. Тэгээд удалгүй гаднаас 1 эмэгтэй орж ирээд нөгөө залуучуудыг аваад гарсан. Тэгээд би Мөнх-Эрдэнэд хоол хийж өгөөд юм яриад сууж байгаад М-унтах гээд хэвтсэн. Би ажлынхаа нөүтбүүкээр юм хийгээд сууж байхад гэнэт М-босож ирээд зайл, яв гээд хөөгөөд эхэлсэн. Тэгээд М-гал тогооны өрөө рүү гүйгээд орсон. Тэгээд буцаж гарч ирээд гартаа юм барьсан над руу саваад байсан. Тэгээд нэг хартал гартаа том хутга барьсан над руу дайраад байсан. Тэгээд би хутгатай гарыг нь бариад бид хоёр ноцолдсон. Тэгээд бид 2 ноцолдож байгаад би тэврээд дарж авах гэхэд миний нуруу руу хутгаараа хатгасан. Тэгээд би М- чи намайг хутгаараа зоочихлоо, одоо боль, наадах чинь тоглоом биш гэхэд хутга салгаж аваад над руу дахиад дайрсан. Тэгээд би араас нь барьж аваад цусаа Мөнх-Эрдэнэд үзүүлэхэд хутгаа хаяхгүй байсан. Тэгээд би араас нь зуурсан чигтээ ор руу дарж унагаагаад хутгыг нь булааж аваад цүнхэндээ хийсэн. Тэгээд би утсаараа 103 руу залгахад түргэн, цагдаа хоёр хамт ирсэн....Миний нуруунд зүссэн шархыг М-хутгаар 1 удаа хатгасан. Бусад гэмтлүүд ноцолдож, түлхэлцэж байхад учирсан байж магадгүй гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Шинжээчийн 5502 тоот дүгнэлтэд: “...Б.Б-ын биед нуруунд шарх, баруун бугалга, баруун шуу, баруун өвдөг, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 39-40/,

Шинжээч эмч М.Аригуунтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Дээрх нуруунд үүссэн шарх гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад баруун, бугалга, баруун шуу, баруун өвдөгт, баруун ташаанд учирсан гэмтэл нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/,

Яллагдагчаар О.М-мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед би 4, 5 хоног архи уусан байсан. Тэгээд тэр өдөр бие өвдөөд Билгүүнболдын гэрээс 1 шил 0.33 литрын архи авчраад хувааж уусан. Тэгээд би дахиад нилээн согтоод муудсан байсан. Тэгэхэд Билгүүнболд ээжийн орон дээр хэвтэж байхаар нь би “бос” гэж хэлээд маргалдсанаа бүдэг санаж байна. Тэгээд ширээн дээрээс хутга аваад айлгах гэж байгаад Билгүүнболдыг хатгасан юм шиг байна. Тэгээд Билгүүнболд хутган дээр болсон цусаа өөрөө арчаад цүнхэндээ хийсэн санагдаж байна. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч Билгүүнболдын эмчилгээний бодит хохирлыг бүрэн барагдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 64-65/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-11/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 18/, шүүх сэтгэц эмгэг судлалын 550 тоот дүгнэлт /хх-н 54-55/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 69-98/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч О.М-нь согтуурсан үедээ 2020 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71-р байр 75 тоот гэртээ хохирогч Б.Б-ын нуруу хэсэгт ахуйн хэрэглээний хутгаар хатгаж нуруунд шарх, баруун бугалга, баруун шуу, баруун өвдөг, баруун ташаанд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-ын: “...Би ажлынхаа нөүтбүүкээр юм хийгээд сууж байхад гэнэт М-босож ирээд зайл, яв гээд хөөгөөд эхэлсэн. ...нэг хартал гартаа том хутга барьсан над руу дайраад байсан. Тэгээд би хутгатай гарыг нь бариад бид хоёр ноцолдсон. Тэгээд бид 2 ноцолдож байгаад би тэврээд дарж авах гэхэд миний нуруу руу хутгаараа хатгасан. Тэгээд би М- чи намайг хутгаараа зоочихлоо одоо боль наадах чинь тоглоом биш ээ гэхэд хутгаа салгаж аваад над руу дахиад дайрсан. Тэгээд би араас нь барьж аваад цусаа Мөнх-Эрдэнэд үзүүлэхэд хутгаа хаяхгүй байсан. Тэгээд би араас нь зуурсан чигтээ ор руу дарж унагаагаад хутгыг нь булааж аваад цүнхэндээ хийсэн. ...Миний нуруунд зүссэн шархыг М-хутгаар 1 удаа хатгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, шинжээчийн 5502 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.М-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.М-нь согтуурсан үедээ хохирогч Б.Б-той маргалдаж, улмаар хутгаар нуруунд нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогчийн шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Б-од олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Б.Б- нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.М-үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч О.М-гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу зэвсэг хэрэглэн үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

       Шүүгдэгч нь шүүхийн шатнаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба нийт 05 хоног цагдан хоригдсоны 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд оруулан тооцож, үлдэх 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

       Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ахуйн хэрэглээний ажлын хэсэг 20 см, 11 см шаргал өнгийн хуванцар иштэй, нийт 31 см “kitchin prince” гэсэн бичигтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

       Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М-“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мөнх-Эрдэнийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мөнх-Эрдэнийн урьд цагдан хоригдсон 05 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд оруулан тооцож, үлдэх 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-нь шүүхээс оногдуулсан 200 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэсүгэй.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 05 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 8.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бингүүнболдод олгосугай.
  7. Хохирогч Б.Б- нь хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ахуйн хэрэглээний ажлын хэсэг 20 см, 11 см шаргал өнгийн хуванцар иштэй, нийт 31 см “kitchin prince” гэсэн бичигтэй хутга 1 ширхгийг” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР