Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 152

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

      Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Хивсний 5-04 тоотод оршин суух, ЖЯ65100668 регистрийн дугаартай, Хараат овогт Шараагийн Ичинсүрэнгийн хүсэлттэй

     Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 1 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ичинсүрэн, түүний өмгөөлөгч Д.Урансувд, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ш.Ичинсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 оны 10 сарын 06-ны өдөр төрсөн, 52 настай, 5 хүүхэд төрүүлсэн, улсад олон жил ажилласан учир тэтгэвэр тогтоолгох болзлоо хангаад байна. Гэтэл миний ажилласан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглээгүй, тухайн үеийн ажиллаж байсан байгууллагын баримт бичиг архивт хадгалагдаагүй байгаагаас болж тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохироод байна. Миний ажиллаж байсан байгууллага маань одоог хүртэл татан буугдаагүй байгаа бөгөөд миний ажиллаж байсан үеийн нөхөн тушаалыг гаргаж өгсөн боловч нийгмийн даатгалын байцаагч хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 1981 оны 8 сарын 25-ны өдөр Боловсролын газрын харьяа 15-р цэцэрлэг буюу одоогийн        10-р цэцэрлэгт туслах багш буюу асрагчаар ажилд орсон. Ингээд 1983 оны 12 сарын 31-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөж БТМС-ийн худалдагчийн ангид суралцахаар болсон. Тухайн үед тогоочийн ангид орохоор бүртгүүлсэн боловч хүүхэд бүрдсэн гээд намайг худалдагчийн ангид бүртгэсэн. Ангиа өөрчлүүлэх гээд сургуульдаа орохгүй, он дуустал ажлаа хийж байсан. ... Цэцэрлэгийн захиргаа миний ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг  гаргасан  эсэх нь  мэдэгдэхгүй байна. ... Надтай хамт ажиллаж байсан зарим хүмүүс одоо ч гэсэн ажлаа хийж байна. Архивт баримт хадгалуулаагүй, тушаал гаргасан эсэх нь тодорхойгүй, мөн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгээгүй байгаа нь миний буруу биш бөгөөд үүнээс болж одоо болтол тэтгэврээ тогтоолгож чадахгүй 1 жил гаруй хугацаанд хөөцөлдөж байна. Ийм учраас Ш.Ичинсүрэн намайг 1981 оны 8 сарын 25-ны өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Хэрлэн сумын 10-р цэцэрлэгт асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

     Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                         

      Нэхэмжлэгч Хараат овогт Шараагийн Ичинсүрэн нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р цэцэрлэгт 1981 оны 8 сарын 25-ны өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

        Нэхэмжлэгч Ш.Ичинсүрэн нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р цэцэрлэгт 1981 оны 8 сарын 25-ны өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, томилох, хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” Б/37 дугаар тушаал, Ш.Ичинсүрэнгийн цалин, хөлсний тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон гэрч Ш.Алтанцэцэг, Ш.Нина нарын мэдүүлгээр батлагдаж байна.

      Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хараат овогт Шараагийн Ичинсүрэнг Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р цэцэрлэгт 1981 оны 8 сарын 25-ны өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.  

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 -д зааснаар нэхэмжлэгч Ш.Ичинсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

     5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ