Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 599

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Б.Батнасан,

            Шүүгдэгч: С.М-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.М-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005002930887 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.М-, ...., 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч С.М-нь 2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхант төвд байх зочид буудлын 216 тоот өрөөнд хамт орсон хохирогч Б.О-ын өмчлөлийн 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфон-Икс /iphone-x/ маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.М-шүүх хуралдаанд: “...Б.О-тай танилцаад шууд хороолол руу караоке орох гээд таксинд суугаад явсан. Тухайн үед би Самсунг S плас утас барьж байсан. Тэгээд таксинаас бууж байхдаа утсаа хаясан байсан. Тэгээд би Б.О-ад “гайтай юм бэ, утас хаячихлаа” гэж хэлэхэд тэрээр “би чамд маргааш 200.000 төгрөгөөр утас аваад өгье” гэж хэлсэн. Бид 2 нилээн согтуу байсан зочид буудалд ороод 06 цагийн үед би гэртээ харих гээд Б.О-ыг сэрээх гэтэл огт сэрэхгүй байсан. Б.О- тухайн үед 2 утастай явж байсан. Тэгэхээр нь би өөрийн утсыг хаясан болохоор эргэж холбоо барьж чадахгүй гээд нэг утсыг нь аваад авъя, тэгвэл өөрийнхөө утас руу залгаж надтай холбоо барих байх гэж бодсон. Учир нь хохирогч өөрөө надад утас авч өгнө гэсэн болохоор нь утас авахуулах санаатай утсыг нь аваад явсан. Гэтэл утасных нь цэнэг дуусаад унтарчихсан. Тэгээд утсыг нь буцаагаад өгөх гэтэл Б.О-ын утасны дугаарыг нь мэдэхгүй байсан. Утсыг нь авч явсан миний буруу, би буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянбүрдийн тойргийн урд байрлах Чикаго шөнийн цэнгээний газар найзуудтайгаа ороод 02-03 цагийн үед ганцаараа гараад тус шөнийн цэнгээний газрын үүдэнд тамхилж байхдаа 35-40 орчим насны, 175 см орчим см өндөртэй, туранхай, цагаан өнгийн куртиктэй эмэгтэй хүнтэй танилцаад бид хоёр хорооллын Өргөө кино театрын ард зам дагуу байрлах, нэрийг нь сайн мэдэхгүй зочид буудалд 1.5 литрийн пиво 2 ширхгийг авч ороод хувааж ууж байгаад унтчихсан байна лээ. Тэгээд өглөө 09 цагийн үед сэрээд утсаар ярих гээд утсаа хайсан чинь миний Айфоне-Икс маркийн гар утас байхгүй байсан. Мөн түрийвчинд байсан 220.000 төгрөг байхгүй байсан. ...Айфоне-Икс маркийн цагаан өнгөтэй гар утас 2019 оны 12 дугаар сарын 20-ны үеэр 1.400.000 орчим төгрөгөөр худалдан авч байсан. ...Би тухайн эмэгтэйд гар утас авч өгнө гэж яриагүй. Ерөөсөө тийм юм яриагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10, 48-49/,

            Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...Эдгээр хүмүүсийн зурагнаас миний утсыг хулгайлсан хүн нь 3 гэсэн дугаартай хүн байна гэж сэжигтэн С.М-ийн зургийг зааж байна” гэжээ. /хх-н 16-21/,

            Яллагдагчаар С.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Буудалд ороод пиво уугаад юм яриад сууж байгаад тэгээд 06 цагийн орчим нөгөө залуу унтаад өгсөн. Тэгэхээр нь би тухайн залууг сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь хоёр утасных нь нэгийг аваад гэр рүүгээ явсан. Тэгээд өглөө сэрээд над руу залгах байх гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хх-н 44-45/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, хохирогчийн өргөдөл /хх-н 6/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 22-24/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 31-32/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-н 52-53/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-37, 58-60/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч С.М-нь 2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 06 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурхант төвд байх зочид буудлын 216 тоот өрөөнд хамт байсан хохирогч Б.О-ын өмчлөлийн 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфон-Икс /iphone-x/ маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.О-ын: “...02-03 цагийн үед ганцаараа гараад тус шөнийн цэнгээний газрын үүдэнд тамхилж байхдаа 35-40 орчим насны, 175 см орчим см өндөртэй, туранхай, цагаан өнгийн куртиктэй эмэгтэй хүнтэй танилцаад бид хоёр хорооллын Өргөө кино театрын ард зам дагуу байрлах нэрийг нь сайн мэдэхгүй зочид буудалд 1.5 литрийн пиво 2 ширхгийг авч ороод хувааж ууж байгаад унтчихсан байна лээ. Тэгээд өглөө 09 цагийн үед сэрээд утсаар ярих гээд утсаа хайсан чинь миний Айфоне-Икс маркийн гар утас байхгүй байсан. Мөн түрийвчинд байсан 220.000 төгрөг байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10, 48-49/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.М-нь хохирогчтой хамт буудал орж согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар хохирогчийг согтуугаар унтаж байх үед нь гар утсыг нь авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс гар утсаа буцаан авсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.М-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.М-нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С.М-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч С.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч С.М-т ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.М-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-т хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.М-т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР