Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 11

 

                   Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

                   Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын ...дугаар баг, ... дугаар гудамжны... тоотод оршин суух, Боржигон овогт Жанчивдоржийн Н нэхэмжлэлтэй, 

                   Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргад холбогдох, 

                   Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/150 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Э., Ж.А., хариуцагч Хэрлэн сумын Засаг дарга П.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                   Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/167 дугаар захирамжаар тус сумын 5-р багийн 16 иргэнд гэр бүлийн зориулалтаар 11.2 га газрыг эзэмшүүлсэний нэг нь миний бие билээ.

                   Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулж, орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилгоор нэр бүхий 15 айлтай, зөвшилцөн 1.05 га газрыг миний нэр дээр шилжүүлж, тухайн газрыг ашиглахаар тохиролцсон. Энэхүү тохиролцоогоор ноосны үйлдвэр байгуулагдахад тухайн газраа шилжүүлсэн иргэдийг ажлын байраар тэргүүн ээлжинд хангаж, нийгмийн баталгаа үзүүлж, тогтмол орлоготой иргэдийг бий болгох зорилготой байсан.

                   Ийнхүү иргэдтэй харилцан тохиролцож 11.2 га газрыг шилжүүлэн авсны дараа газрын зориулалтыг өөрчлөхөд зайлшгүй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар оруулах ёстой гэсэн.

                   Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 08-ны  өдрийн 7-р хуралдааны 06 дугаар тогтоолоор 11.2 га газрыг ХАА-н үйлдвэрлэл /ноос үйлдвэр/-ийн зориулалтыг зааж өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дуудлага худалдаа болж, уг дуудлага худалдааны ялагч болж 42.320.000 төгрөг бүрэн төлснөөр, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр А/74 дугаар захирамжийг гаргасан.

                    Гэтэл хууль журмын дагуу газар эзэмших эрх олж авсан Ж.Н миний эрх ашгийг хөндсөн актыг Хэрлэн сумын Засаг дарга 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр А/150 дугаар захирамжаа гаргахдаа холбогдох хууль тогтоомж зөрчиж гаргасан байна. Захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13-р зүйлийн 13.2-д заагдсанаар эрх ашиг хөндөгдөж байгаа намайг оролцуулаагүй, мэдэгдээгүй болно.

                    Миний бие тухайн газрыг иргэдээс шилжүүлж авахад холбогдох татвар, хураамж төлсөн, мөн гэр бүлийн зориулалттай байсан газрын зориулалтыг нь өөрчлөхийн тулд дуудлага худалдаанд орж /42.320.000 төгрөг төлсөн/ хуулийн дагуу олгогдсон газрыг ямар ч ойлгомжгүйгээр, үндэслэлгүйгээр хүчингүй болгосонд гомдолтой байна.

                    Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/150 дугаар захирамжийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү” гэжээ.

                    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/150 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61.1, иргэдээс ирүүлсэн гомдол гэсэн гурван зүйлийг үндэслэж гаргажээ. Эдгээр 3 үндэслэлийг тайлбарлая.

                   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг  дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3 дахь заалт нь Засаг дарга өөрөө тухайн үед хууль зөрчиж шийдвэр гаргасан бол энэ шийдвэрээ өөрөө өөрчлөх зохицуулалттай. Газрын тухай хуулийн 61.1 дэх заалт мөн адил хууль зөрчсөн шийдвэр гаргасан Засаг дарга өөрөө алдааг засах зохицуулалттай заалт юм. Тэгэхээр үндэслэл болгосон хоёр заалт нь хоёулаа 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/74 дүгээр захирамжийг гаргахдаа хууль зөрчсөн байна гэсэн үндэслэл заасан байна. Тиймээс 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хууль зөрчигдсөн ямар үйлдэл байсан бэ гэсэн асуудал гарч ирнэ. Тухайн өдөр Ж.Н болон бусад талын хувьд хууль зөрчсөн ямар ч үйлдэл гаргаагүй байдаг. Хууль зөрчих гэдэг нь хууль бусаар газар эзэмших эрхийг олж авсантай холбоотой байдаг. Гэтэл Ж.Н үйлдэл хууль бусаар газар эзэмших эрх олж авсан биш, харин Монгол Улсын 16 иргэн хуульд зааснаар өргөдлөө өгч хүсэлтээ гаргасны дагуу газраа Ж.Нд шилжүүлсэн. Шилжүүлсэн зорилго нь тухайн газар дээр үйлдвэр байгуулагдаад ажлын байр бий болно, тухайн ажлын байранд дээрх иргэд ажиллах хэлцэлтэйгээр эрхээ шилжүүлсэн. Иймээс хүсэл зоригийн дагуу хийгдсэн тул энэ бол хүчин төгөлдөр хэлцлүүд юм. Хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр Ж.Н тухайн газрыг эзэмших эрхтэй болсон байдаг. Энэ газар дээрээ үйлдвэр барихын тулд гэр бүлийн зориулалттай газрыг аж ахуйн зориулалттай болгох хүсэлт өгч, үүнийг  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас хянаж үзэн шийдвэрээ гаргаж, энэ үндсэн дээр Хэрлэн сумын Засаг дарга 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/74 дүгээр захирамжаа гаргасан. Үүнд хууль зөрчсөн үйлдэл харагддаггүй. Иймээс дээр дурдсан хуулийн 29.3, 61.1 дүгээр зүйлүүд нь  өөрөө эргэлзээтэй байдалд оруулж байгаа юм.

                  Үүний дараа иргэдээс ирүүлсэн гомдлын тухай асуудал гарч ирдэг. Газрын маргаан дээрх иргэдийн гомдлоор захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхэлж болдог. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, дээд шатны байгууллагын шийдвэрээр, иргэдийн гаргасан өргөдөл гомдлоор эхэлдэг юм байна. Гэтэл захирамж гаргахдаа үндэслэл болгосон гэж байгаа иргэдийн зүгээс багийн Засаг даргаас авахуулаад сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газарт хандаж гаргасан өргөдөл гомдол байдаггүй. Иймд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхэлсэн гэж үзэх үндэслэл алга байна. Нөгөө талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2-р зүйлд хэрэглэх хуулийг тодорхойлсон байгаа. Үүнд, Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, бусад хуулийг дурдсан байдаг. Засаг дарга Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захирамжаа гаргах заалттай. Захиргааны ерөнхий хуулийн 11-р зүйлд захиргааны шийдвэр гаргах хэлбэрүүдийг заасан. Өөрөөр хэлбэл, шийдвэр нь хуулийн 11.1.1, 11.1.2-т зааснаар гардаг. Энэ тохиолдолд 13-р зүйлд зааснаар эрх нь зөрчигдөж байгаа этгээдэд заавал мэдэгдэх хуультай.

                   2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Засаг даргаас албан тоотоор мэдэгдэл хүргүүлж, үүний дагуу, Хэрлэн сумын Засаг дарга тухайн өдөр А/150 дугаар захирамж гарган, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр огноо тавигдсан хариу албан тоотыг аймгийн Засаг даргад явуулсан байдаг. Үүнээс захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хийгдээгүй гэдэг нь харагдаж байна. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хийгдээгүй бол тухайн захиргааны акт хүчингүй болох ёстой. Шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийн 15.1.1-15.1.8 дахь заалт, 16, 25, 26, 27-р зүйлүүд хамааралтай. Хэрлэн сумын Засаг даргын 2018 оны А/150 дугаар захирамж гарснаар дээрх заалтууд зөрчигдсөн. Хууль зөрчиж гаргасан захиргааны акт хүчингүй болох ёстой. Эндээс хуульд нийцсэн ядаж нэг зөв зүйл байна уу гэж харж үзэхэд байхгүй байсан. Учир нь иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу гаргасан байдлаас ...дээд шатны байгууллагын шийдвэрийн дагуу гаргасан захирамж болж таардаг. Тэгвэл дээд шатны байгууллагын шийдвэрээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхэлсэн тохиолдолд эрх нь зөрчигдөж байгаа этгээд, бусад этгээдэд мэдэгдэх сонсгох ажиллагаа явагддаг. Гэтэл энэ ажиллагаа огт явагдаагүй. Захиргааны ерөнхий хуулийн олон зүйл заалтыг зөрчиж гаргасан дээрх захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэв. 

                    Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Тус сумын 5 дугаар багийн нутаг давсгэрт хөшөөний баруун талд...16 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшихээр хүсэлт гаргасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдааны 07 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолыг үндэслэн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/167 дугаар захирамжаар дээрх нэр бүхий 16 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 700м2 талбай бүхий газар эзэмшүүлэхээр шийдвэр гарсан.

                    Газар эзэмшигч иргэн Н.Сугар, Ч.Гэрэл, Д.Батхолбоо, Н.Тэмүүжин, Б.Энхбат, Ж.Насанжаргал, О.Энхтуяа, Б.Марс-Эрдэнэ, Д.Цагаан, П.Дариймаа, Ж.Батхүрэл, Г.Болорсайхан, Б.Мичидмаа, Ц.Болорцэцэг, Ж.Батсайхан нар нь газар эзэмших эрхээ Ж.Нд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шилжүүлэхээр хүсэлт гаргасны дагуу сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/249 дүгээр захирамжаар нийт 1,12 га /11200м2/ газрыг эзэмшүүлсэн.

                    Иргэн Ж.Н нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрынхаа зориулалтыг ХАА-н үйлдвэрийн буюу ноосны үйлдвэр байгуулах зориулалтаар өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан тул 5 дугаар багийн Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлсэн.

                      Үүний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 2017 оны 06 дугаар 2018 оны “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолын зургаадугаар хавсралтаар зориулалтыг өөрчлөхөөр шийдвэр гарсан. Уг тогтоолыг үндэслэн Засаг даргын захирамжаар уг газарт дуудлага худалдааг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, иргэн Ж.Н нь 42 320 000 /дөчин хоёр сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тул сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар /хөшөөний баруун урд талд байрлах/ 1,12 га газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн /ноосны үйлдвэр/ зориулалтаар эзэмших эрх авсан.

                     Иргэн Ж.Нд холбогдох хуулийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх талаар зөвлөгөө өгсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг олгоогүй гэжээ.

                     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хэрлэн сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/150 дугаар захирамжаар иргэн Жанчивдоржийн Н газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Хэрлэн сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах 11200 м2 талбай бүхий газрыг анх нэр бүхий 16 иргэнд сумын Засаг даргын захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн. Үүний тулд тухайн үед иргэдээс хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 2-р хуралдааны 07-р тогтоолоор баталгаажуулж, иргэдэд гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэхээр Хурлын тогтоол гарсан. Энэ тогтоолыг үндэслэж, нэр бүхий 16 иргэнээс  иргэн  Ж.Нд эзэмшлийн газрыг шилжүүлэхээр хүсэлт гаргасан. Хүсэлтээ гаргахдаа хуулийн дагуу хүн тус бүр дээр нотариатын байгууллагаар гэрээг хийлгэж, хүсэлтээ сумын Засаг даргад гаргасан. Үүний дагуу Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/249 дүгээр захирамжаар 1,12 га газрыг иргэн Ж.Нд эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Иргэн Ж.Н нь  эзэмшиж байгаа газрынхаа зориулалтыг өөрчлөх хүсэлтийг эхлээд 5-р багийн Засаг даргад хандаж, багийн Засаг дарга болон багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс саналыг авч, гэр бүлийн хэрэгцээний зориулалтыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай болгон өөрчлүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлсэн. Ингээд хүсэлт болон 5-р багийн Засаг даргын албан бичиг, мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг хэлэлцэж, Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” 06 дугаар тогтоол гарсан. Тогтоолын 6-р хавсралтад зориулалт өөрчлөхөөр шийдвэр гаргасан. Зориулалтыг өөрчлөхдөө дуудлага худалдааны зарчмаар олгох шийдвэр гаргаж, дуудлага худалдааг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан. Үүнд иргэн Ж.Н, Энхтуяа нар оролцож, худалдаагаар өндөр үнэ /42 320 000 төгрөг/ хэлсэн Ж.Н ялагч болж төлбөрөө гэрээнд заасан хугацааны дагуу бүрэн төлсөн учир зориулалтыг өөрчлөх тухай Хэрлэн сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар иргэн Ж.Нд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай 1,12 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэр гарсан.

                       Иймд газар эзэмшүүлсэн шийдвэрээ цуцлах талаар шийдвэр гаргаж, газрыг чөлөөлүүлж хариу ирүүл гэсэн албан бичиг сумын Засаг даргад ирсэн. Үүний дагуу сумын Засаг дарга 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр А/150 дугаар иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Хэрлэн сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/74 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай гэсэн захирамжийг гаргасан. Энэ захирамж гарсантай холбоотойгоор тухайн өдрийн 10 цаг 05 минутад сумын Засаг даргын орлогч, сумын Байгаль орчны байцаагчийн бүрэлдэхүүнтэй очиж тухайн газрыг үзэж, манаачид захирамжийг өгсөн байдаг. Ингээд мөн 05 дугаар сарын 01-ний өдрөө аймгийн Засаг даргад албан бичгийн хариуг, иргэн Ж.Н газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/150 дугаар захирамжийн хамт хүргүүлсэн гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

                      Нэхэмжлэгч Ж.Н нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын  2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн А/150 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага[1] гаргасан.

                      Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

                      Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга нь  2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/74 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай”  захирамжаар[2] нэхэмжлэгчид Хэрлэн сумын 5-р багийн нутаг дэвсгэр /хөшөөний баруун талд/ 1,12 га /11200м2/ талбай бүхий газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, ...дээрхи А/74 дүгээр захирамжаа, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/150 дугаар захирамжаар[3] хүчингүй болгожээ. Тэрээр хүчингүй болгосон үндэслэлээ: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 болон ...иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу гэжээ.

                       Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулж орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах,... иргэдийг ажлын байраар тэргүүн ээлжинд хангаж, нийгмийн баталгаа үзүүлэх зорилгоор, ...гэр бүлийн хэрэгцээний зориулалтыг ХАА-н үйлдвэрлэлийн буюу “Ноосны үйлдвэр” байгуулах зориулалтаар өөрчлүүлэх хүсэлтийг гаргаж,  багийн Засаг дарга болон иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу ...ноосны үйлдвэрийн зориулалтаар дуудлага худалдаанд оролцон ялагч нь болж  42 320 000 төгрөгийн төлбөр хураамжийг төлж, ...хуулийн дагуу эзэмших эрх авсан талаар тайлбарлаж байгаа болно.

                        Хариуцагч Хэрлэн сумын Засаг дарга нь дээрх  ...“байршлын солбицол[4] 323232, 964 5324995, 0022 ХАА-н үйлдвэрлэл /ноосны үйлдвэр/“ ...11200м2 талбай бүхий газрыг нэхэмжлэгч Ж.Н /Дорнын эрдэнийн шүтээн” компанид/ эзэмшүүлэхдээ, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” зөрчөөгүй болох нь Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2-р хуралдааны “Төлөвлөгөө батлах тухай” 07 дугаар тогтоол[5], 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах тухай” А/04 дүгээр тогтоолын 1.7 заалт[6], Дуудлага худалдааны явцын тэмдэглэл[7], кадастрын зураглал[8], Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000145606 дугаар гэрчилгээ[9], ... 42 320 000 төгрөг төлсөн баримт[10],  сумын Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамж болон нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараар тогтоогдож  байна.

                        Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т  “Засаг даргын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл сум дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг нийслэлийн Засаг дарга, ...тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 “Төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтан өөрийн шийдвэр эс үйлдэхүйгээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол өөрөө ... хүчингүй болгоно” талаар хуульчилсан байгаа бөгөөд, сумын Засаг дарга нь дээрхи газрыг  эзэмшүүлэх тухай А/74 дүгээр захирамжийг гаргахдаа, холбогдох хуулийг зөрчөөгүй байгаа бөгөөд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын тухайд ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гомдол албан ёсоор ирж бүртгэгдээгүй тайлбар, аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын “Өргөдөл гомдлын бүртгэл”[11]-ийн дэвтрийг эх хувиар нь татан авч шинжлэн судлахад,  ...дээрхи газрын эзэмшил, ашиглалтын талаар ...утга агуулга бүхий гомдол  ирж бүртгэгдсэн, хариу өгсөн эсэх талаархи бүртгэл байхгүй, гомдол албан ёсоор ирж бүртгэгдээгүй байхад дээрхи үндэслэлийг дурьдсан нь ойлгомжгүй байна.

                      Хариуцагч Хэрлэн сумын Засаг дарга нь Дорнод аймгийн Засаг даргын    2018 оны  05 дугаар сарын 01-ний өдөр 1/744 дүгээр “Мэдэгдэл”-д[12] “... газар эзэмшүүлсэн шийдвэрээ цуцалж, газрыг чөлөөлөх арга хэмжээ авч, хариу ирүүлэхийг мэдэгдсэний дагуу”, иргэнд газар эзэмшүүлсэн А/74 дүгээр захирамжаа хүчингүй болгосон А/150 дугаар захирамжийг гаргасан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1/744 дүгээр мэдэгдэл, сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/150 дугаар захирамж болон 1/240 дүгээр албан бичиг[13] зэргээр нотлогдож байгаа учраас, ...дээрхи мэдэгдлийн үндэслэлийг шалгаж үзэхэд, ...иргэн Ж.Нд эзэмшүүлэхээр шийдвэр гарсан газарт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхгүйгээр хууль бусаар барилга байгууламж барьсан нь  Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг тус тус зөрчсөн, Мэргэжлийн хяналтын газраас ... үйл ажиллагааг зогсоосоор байтал барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж ... хэмээн дурьдсаны дагуу, тус шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийг оролцуулан, Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах “Ноосны үйлдвэр”-ийн зориулалттай 11200м2 газарт үзлэгийг хийхэд[14] ...барилга баригдах хэсгийн эргэн тойрон хашаа барьсан, хашааны дотор агуулахыг зориулалтын дагуу барьж эхэлсэн байгаа боловч, үйл ажиллагааг түр зогсоож лацадсан, Улсын байцаагчийн “Үйл ажиллагааг зогсоох тухай 12-04-055-07 дугаар акт[15] нь аймгийн Засаг даргын “Мэдэгдэл” албажсанаас хойш гарч хэрэгжжээ.

                      Түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээг байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг хүлээн авсан шинжээч ажлын 18 өдөрт багтаан үнэлгээний шинжилгээг хийлгэх, ...төрийн төв байгууллага хугацааг сунгаж болно” хуульчилсан байгаа боловч нэхэмжлэгчид эзэмших эрхийг олгосон 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хойшхи боломжит хугацааг захиргааны байгууллага нь урьдчилан шалгаж, холбогдох баримтын дагуу үндэслэл ...хуулийн хугацаа зэргийг нарийвчлан тогтоосон баримт байхгүй байна.

                      Нэхэмжлэгч нь миний эрх ашгийг хөндсөн актыг гаргахдаа, ...эрх ашиг нь хөндөгдөж байгаа намайг оролцуулаагүй, мэдэгдээгүй, ямарч ойлгомжгүй, үндэслэлгүйгээр хүчингүй болгосонд гомдолтой байна гэсэн тайлбар, хариуцагчийн  ...нэхэмжлэгч Ж.Н руу утасдсан боловч холбогдохгүй байсан... зэрэг тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд: хариуцагч Хэрлэн сумын Засаг дарга нь тухайн А/150 дугаар захирамжийг гаргахдаа дээрхи шийдвэрт хамаарал бүхий нэхэмжлэгчийг дуудан эзэмшүүлсэн шийдвэрээ цуцлах талаар мэдэгдэж..., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “... бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах...”, 4.2.8-д “...хууль ёсны итгэлийг хамгаалах...” зарчмуудыг хангаагүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “...Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно...”, 24.4-т “...Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “ ... “тайлбар”, “санал” гаргах боломж олгоно” хуулийн заалтын дагуу ажиллагаа явуулж  хэрэгжүүлээгүй байна.

                        Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/150 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байгаа бөгөөд энэхүү захирамжийг хүчингүй болгосноор, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/74 дүгээр  захирамж сэргэж, хүчин төгөлдөр болно.

                        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1,107.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                        1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Ж.Н, хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/150 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж, сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/150 дугаар захирамжийг  хүчингүй болгосугай.

                           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Нд олгосугай.

                            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ОЮУН                    

 


[1] Хавтас хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтас хэргийн 39-р хуудас

[3] Хавтас хэргийн 91-р хуудас

[4] Хавтас хэргийн 64-р хуудас

[5] Хавтас хэргийн 54-55-р хуудас

[6] Хавтас хэргийн 65-р хуудас

[7] Хавтас хэргийн 67-68-р хуудас

[8] Хавтас хэргийг 36, 72-р хуудас

[9] Хавтас хэргийн 135-р хуудас

[10] Хавтас хэргийн 4-р хуудас

[11] Хавтас хэргийн 141-147-р хуудас

[12] Хавтас хэргийн 90-р хуудас

[13] Хавтас хэргийн 92-р хуудас

[14] Хавтас хэргийн 149-154-р хуудас

[15] Хавтас хэргийн 128-131-р хуудас