Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2095

 

МАГАДЛАЛ

 

2016.12.19                                                 Дугаар 2095                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/00953 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-т холбогдох,

 

2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр ажлаас чөлөөлөх тушаалыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч: ХХХХ, ХХХХ нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Харуулын албан тушаалд тасралтгүй 40 жил ажилласан. 2014 оны 12-р сард ээлжийн амралтаа авч амралтын мөнгөө бодуулж авсан. Амарч байх явцад байгууллагаас "та ажлаа хийх үү" гэсэн санал тавьсан. Би амьдрал ахуйн шаардлагаар мөнгө хэрэгтэй байсан тул байгууллагаас тавьсан саналыг хүлээн авч ажилласан. Ингээд ажиллаж байх хугацаанд чи сахилгын зөрчил гаргасан өргөдөл бичиж ир гэсэн. Би бичиг үсэг мэддэггүй учир нярав Аравжихаас зөвөлгөө авахад миний өмнөөс өөрийн хүсэлтээр халагдах өргөдлийг бичиж өгсөн. Нярав Аравжихын миний өмнөөс бичсэн өргөдлийг үндэслэн ажил олгогч Онцгой байдлын Ерөнхий газрын Хүнсний нөөцийн салбар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах 39 тоот тушаалыг гаргасан.

Би Онцгой байдлын Ерөнхий газрын Хүнсний нөөцийн салбарын даргын 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 39-р ажлаас чөлөөлөх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагаа дэмжиж байна. Хүнээр бичүүлээд гарын үсэг зурсан байгаа. Он cap өдрийг мөн зассан байсан. Тушаал дээрээ огноо зөрүүтэй байдаг. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр харагддаг. ХХХХ нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гараад 10 нд буусан. 11 нд дуудсан. 12-р сарын 11 -нд ажлаасаа халагдсан байгаа. Гэтэл хэрэгт 2014 оны 12-р сарын 22 гэсэн тушаал, бас засвартай 11 гэсэн тушаал байгаа. Даргын нарийн бичиг зассан гэж хэлсэн. Надад баримт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар тушаал дээрээ 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэж дурдсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр энэ тушаал хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсон тушаал 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гарсан. 11-ний өдөр тушаал гарсаны дараа тушаалаа баталгаажуулахын тулд 2016 оны 12 дугаар сарын 18-ний өдөр нэхэмжлэгчид нөлөөлсөний дагуу өөрийн хүсэлтээр гарах өргөдлийг бичүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна. Нөлөөлөл гэдгийг хариуцагчийн өмгөөлөгч буруу ойлгосон байна. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тайлбар дээр агуулгын хүрээнд тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч нь ээж ХХХХ-ыг асрах шаардлагатайгаар ажлаас халагдах шаардлагын үндэслэлийг бичсэн өргөдөл байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс гаргасан баримтын 4-10 дугаар хуудсанд дэвтрийн хуулбар байгаа. 1977 оны 12 дугаар сарын 01 -ний өдөр анх ачигчаар тус байгууллагад ажилд орж 40 гаран жил ажиллаж байна. Хэргийн 19-20 дугаар хуудсанд авагдсан баримтаас харахад Хаан банкнаас 5 000 000 төгрөгийн зээлтэй. Ам бүл 5 уулаа эхнэр нь ажилгүй ингээд байж байтал Хаан банкны зээлтэй хүн тэтгэвэрт гарах дөхсөн байдаг. Хадам дүү төрсөн дүү, эхнэр хүүхдүүд байхад өөрийнхөө хүсэлтээ өгөөд ажлаасаа гарах өөрийн хүсэл зоригын дагуу хүсэлт гаргах ямар ч боломжгүй. Хариуцагчийн өмгөөлөгч нар 2014 оны 12 дугаар сарын 22-ний өдөр Нийгмийн халамжийн тэтгэмж авсан гэж байна. Яагаад гэвэл хууль бус тушаалын үндсэн дээр тэр харилцаа бий болсон.

Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болонгуут эрх зүйн мэдлэггүй учраас тэтгэмжийг очоод авчихсан. 9-ний өдөр ажилдаа гараад 10-ний өдөр буусан. Маргааш нь буюу 11-ний өдөр нь тушаал гаргасан. 18-ний өдөр нь дуудаад өөрөөр нь хүсэлтийг бичүүлсэн. 7 хоногийн дараа бичсэн гэж байгаа хүсэлт байгууллагын дарамт шахалтаар өргөдөл бичсэн, түүнд нөлөөлсөн, нөлөөлөлд орсон гэж үзэж байгаа. Улсын Дээд Шүүхийн 33 дугаар тогтоолын 14-т нөлөөлөл гэдгийг тайлбарласан байгаа. Өргөдөл бичих боломжгүй гэдэг шалтгаан нь нотлох баримтаар нотлогдож байна. Хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өөрийнх нь хүсэл зоригын дагуу цуцална гэдэг. Гэтэл энэ хүн өөрөө хүсээгүй. Ажил олгогчоос шахаж нөлөөлсөн. Гэрч ХХХХ нь мэдүүлгээрээ нотолсон. Өөрөө ажлаасаа гарах сонирхолтой гэж бичсэн гэж байна. Үгүй, зөвхөн гарын үсгээ зураад цалингаа л авдаг хүн. Энэ хүн одоо тэтгэвэрт гарах гээд зээлээ төлж чадахгүй байгаа. Эдгээр нөхцөл байдлаас харахад тушаал нь хүчин төгөлдөр бус юм. 2014 оны 12 дугаар сарын 18-ний өдөр өргөдөл өөрийн хүсэл зоригоор бичигдээгүй. Хэрэгт 2014 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс хойш 21 cap, 1 сарын 415 496 төгрөгийн цалин авдагаас, өнөөдрийг хүртэл ажилгүй байна. Нийт 8 725 416 төгрөг гарч байна. Өнөөдрийг хүртэл 21 cap бодсон. Шинжээчийн дүгнэлтээр тушаал 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэж огноо засагдсан. 11-ний өдөр гаргасан. Тушаалын 1-т Хөдөлмөрийн тухай хуулийн 43 зүйлийг үндэслээд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэдэг нь нотлогддог. 11-ний өдөр гарснаас хойш 18-ний өдөр бичсэн өргөдлийг 8 хоногийн дараа бичсэн. Өргөдлөө бичээд 22-ний одор дахин огноолоод ажилтанд гардуулсан. Гардуулснаас хойш хариуцагч талын гаргасан тайлбартай үндэслээд тэтгэмж авсан гэдэг. Хууль зүйн мэдлэггүй учраас тэтгэмжийг авсан. Энэ нь гэрч нарын мэдүүлэг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан ХХХХ-ийн мэдүүлгээр нотлогддог. Иймд ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2002 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 26 тоот даргын тушаалын дагуу ачигч, 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 08 тоот даргын тушаалын дагуу тус байгууллагад харуулын албан тушаалд томилсон байдаг. Тэрээр ээж ХХХХ нь хэвтэрт өвчтэй байгаа тул ажлаас чөлөөлж өгнө үү хэмээн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлт гаргасаны дагуу ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэг заалтыг тус тус үндэслэн үүрэгт       ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл тус шүүхэд гаргасан 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлдээ өөрийн хүсэлтээ үгүйсгэж, 39 тоот даргын тушаалыг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан таилбарууд хэрэгт өгсөн тайлбарт бүгд байхгүй. 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч талаас гэрч асуулгах хүсэлт гаргасан. Нэр бүхий 3 этгээд нярав үилчлэгч хоёроос мэдүүлгийг авсан. ХХХХ болох нэг гэрч нь хараахан байцаагдаагүй байгаа. Тийм учраас энэ хүсэлтээсээ манайх татгалзсан байгаа. Нэхэмжлэгч нь өөрөө бичиг мэддэг, гарын үсэг зурдаг, сонин ном уншаад сууж баидаг талаар гэрч нар мэдүүлсэн байгаа. Мөн шинжээчийн дүгнэлтээр өргөдөл дээр нэхэмжлэгч ХХХХ гарын үсэг зурсан талаар гарсан.

Хаан банкны өрийг дууссан гэж хэлсэн. Мөн хуульд нийцүүлсэн байдлаар хөрвүүлсэн тушаал нь хууль зүйн үндэстэй.

Д.ХХХХ нь өөрөө ажилд эгүүлэн тогтоолгох сонирхолгүй, манай хүн өөрөө шүүхээр явах дургүй намайг битгий ингэж яваад байгаач ээ гэж уурлаад байдаг. Үүнээс харахад нэхэмжлэлийг өөрийн хүсэлтээр гаргаагүй нь мэдэгдэж байна. Тушаалын өдөр яагаад засвартай болсон талаар мэдэгдэхгүй байсан. Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч даргын бичиг хэргийн ажилтан 22-ны тушаалыг 11 гэж гаргаад зассан талаар хэлж байна. Бичиг хэргийн ажилтаны хариуцлагагүй байдлыг л ашиглаж байна гэж үзэж байгаа. Ажилгүйдлийн тэтгэмжийг гардаж авахдаа ажлаас чөлөөлөгдсний маргааш буюу 12 дугаар сарын 23-ны өдөр авсан байдаг. Анхнаасаа 11-ний өдөр гэж тушаал гарсан гэж үзэж байгаа бол 11-ний өдрийн тушаалаар ярих ёстой. Гэтэл одоо 22-ны өдрийн тушаал гэж ярьчихаад 11 гэж яриад байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ч гэсэн 22-ны өдрийн тушаал гээд яваад байгаа. Ямар ч хүн өргөдөл бичээгүй байхад ажлыг нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр өөрийнх нь хүсэлтээр тасалбар болгоно гэж. Ажилдаа муу хамт олондоо нэр хүнд муутай хүн биш байсан гэдэг Ажлаас халах санаа зорилго байгаагүй. Анх 2015 оны 01 дүгээр сард нэхэмжлэлийг гаргасан Хуульд заасан журмын дагуу явагдсан. 5 дугаар сард нэхэмжлэгчийн өмгөөлөгч ирээгүй байсан учраас нэхэмжлэлийг буцаасан. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд үндэслэлгүйгээр цалин авах санаа байгаа юм шиг байна. 2014 оны 12 дугаар сарын 11, 22-ны өдөр гарсан тушаал гэдэгдээр маргадаг. 12 дугаар сарын 11-ний өдөр гарсан тушаалыг ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн зүгээс зассан болж таарлаа. Нарийн бичгийн алдаа гаргасныг ашиглаад байна гэж үзэж байна. 22-ний өдөр гарсан тушаал байгаа. Үүний дагуу тэмдэглэж авсан дээр маргаагүй. Тэр тушаалаар тэтгэмжээ авна гэдэг өөрөө зөвшөөрсөн гэсэн үг. Тэрийг нотлох гэж Нийгмийн даатгалын хэлтсээс тушаалуудыг гаргуулж авсан. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т нийцэж байгаа учраас Хүнсний нөөцийн салбарийн 2014 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 39 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

              Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ХХХХ-ын нэхэмжлэлтэй ХХХХ-т холбогдох "Онцгой байдлын Ерөнхий газрын Хүнсний нөөцийн салбарын даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр ажлаас чөлөөлөх тушаалыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 8 725 416 төгрөг нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.ХХХХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Онцгой байдлын Ерөнхий газрын Хүнсний нөөцийн салбарын даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ажлаас чөлөөлөх 39 дүгээр тушаалын огноо засвартай Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан ажлаас халах, ажил хүлээлцэх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэж заасан байдаг. Ажлаас чөлөөлөх 39 дүгээр тушаалын огноо засвартай болох нь "... 39 тоот тушаалын чөлөөлөх тушаалын зүүн дээд буланд "он, cap, өдөр" гэсэн хэсгийн "өдөр" гэсний урд хар өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр "11" гэж бичсэний дээр "22" гэж хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр давхарлаж бичигдсэн гэсэн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4842 дугаарын дүгнэлтээр нотлогдсон. Иргэний хэрэгт авагдсан баримтаар ажлаас чөлөөлөх 39 дүгээр тушаалыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гарган, тушаал гарсанаас хойш 7 хоногийн дараа Д.ХХХХ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг ажил олгогч нөхөн бичүүлсэн үйл баримт тогтоогдог. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдгийг ажил олгогчийн дарамт шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайн ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж тайлбарласан. Д.ХХХХ ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр бичээгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчин хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.ХХХХ нь хариуцагч ХХХХ-т холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр ажлаас чөлөөлөх тушаалыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ хариуцагч нь “...2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн ХХХХ өргөдөл бичиж өгч, гарын үсэг зуруулан авсан. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийнх нь хүсэл зоригийн дагуу ажлаас нь чөлөөлсөн...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн 4380 тоот дүгнэлт, гэрчүүдийн “...ээжийгээ асарна, ажлаас гарна гэж байсан.” зэрэг мэдүүлэг мөн ажлаас чөлөөлөх тушаал гаргасан он, сар, өдөр нь засваргүй бичигдсэн үйл баримт хэрэгт авагдсан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдолдоо ажлаас чөлөөлөх тушаал засвартай мөн ХХХХ-ын хүсэлтийг дарамт шахалтаар нөхөн бичүүлсэн гэх боловч энэ байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Иймд дээрх баримтын талаар шүүх зөв дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/00953 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                              ШҮҮГЧИД                                               Т.ТУЯА

 

                                                               М.НАРАНЦЭЦЭГ