Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2021/0601

 

 

 

 

 

 

Б.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Н нарыг оролцуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд Б.Өийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр:

“...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3 “г” дэх хэсэг, Газрын тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлийн 32.1, 33.1.1, 34.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/18 дугаартай захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хоёр. Гуравдагч этгээд Б.Ө дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхээр Увс аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад миний эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй үндэслэлээр энэ хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан байсан тул би шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргасан.

Би 2003 онд Хоньчин цахир гэх газарт анх хашаа барьж буйр, бууц гаргаад өдий хүртэл өвөлжиж хууль журмын дагуу өргөдөл өгч гэрчилгээ гаргуулж авсан. Гэтэл 2018 оноос эхэлж Б “...энэ өвөлжөө манайх би гэрчилгээ гаргуулж авсан” гээд маргаад эхэлсэн. Ингээд миний бие аймаг, сумын Засаг даргад хандаж тэдний зөвлөснөөр хүүхдээ хүртэл Өлгий сумын иргэн болгож тусдаа бие даалгаж өвөлжөөг нь эзэмшүүлж өвлүүлэхээр шилжүүлэг хийлгээд явж байсан.

Гэвч бидний маргааныг шүүх хэлэлцээд Бын нэхэмжлэлийг хүлээн авсанд гомдолтой байна. Энэ хэргийг бүхэлд нь хянаад төрийн байгууллагын алдаатай шийдвэрийн улмаас хохирсон иргэн надад зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангав.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын талаар “…Өлгий сумын Хоньчин цахир гэдэг газарт гуравдагч этгээд Б.Ө, түүний эцэг н.Б нар үе дамжин өвөлжиж ирсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна…” гэж дүгнэсэн ч цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Б.Баас өмнө буюу 2003 онд маргаан бүхий газарт хашаа барьж өвөлжиж, шинэ өтөг бууц бий болгосныг үгүйсгээгүй, шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өвөлжөө зэргэлдээ шахуу байршиж байгаа нь тогтоогдсон, түүнчлэн 2003 оноос 2018 он хүртэлх хугацаанд Б.Ө уг газарт өвөлжиж байсныг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч Б.Б баримтаар няцаагаагүй төдийгүй энэ нь холбогдох нотлох баримтаар тогтоогдож байна.  

Үүнээс үзэхэд Хоньчин цахир нэртэй газарт нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль алинд нь өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэхдээ цаг хугацааны хувьд гуравдагч этгээдэд түрүүлж эзэмшил үүссэн, мөн бодит байдалд зэрэгцээ шахуу өвөлжөө барьснаар бэлчээрийн маргаан үүсэхээр байх тул хариуцагч Улс аймгийн Засаг дарга маргаан бүхий 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/18 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Бд газар эзэмшүүлсэн Өлгий сумын Засаг даргын 2018 оны А/143 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож, мөн өдрийн А/19 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б.Өт газар эзэмшүүлсэн Наранбулаг сумын Засаг даргын 2004 оны 58 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарчээ.  

Дээрх захирамжуудын улмаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль аль нь өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрхгүй болсон энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар, эс тохиролцож чадвал сумын Засаг дарга шийдвэрлэнэ.  

Мөн хуульд зааснаар өвөлжөөний зориулалтаар олгосон газрыг л эзэмших эрхтэй болохоос бус тухайн өвөлжөөний ойр орчмын бэлчээрийг Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасны дагуу нийтээр эзэмшиж ашиглана.  

Энэ талаар Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1040 дүгээр албан бичигт дурдсанаар Хоньчин цахир нэртэй өвөлжөөг Б.Ө 2004 оноос хойш тасралтгүй ашиглаж ирсэн, мөн ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны А/209 дүгээр тушаалаар батлагдсан “Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар”-ын 5.2.4-т заасны дагуу хилийн шугамаас хоёр тийш 3-аас 5 км доторх зайг “Хилийн цэсийн бүс нутаг” гэж үзэх бөгөөд тус бүс нутагт уламжлалт аргаар мал маллаж буй иргэдийн зөвхөн бэлчээрлэх, худаг, уст цэг ашиглах болон өвөлжөө, хаваржаа ашиглах эрх нь орон нутгийн хилийн цэсээр хязгаарлагдахгүй байх…”-аар зохицуулжээ.  

Иймд бодит нөхцөл байдалд гуравдагч этгээдэд Хоньчин цахир нэртэй газарт нэхэмжлэгчээс түрүүлж өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрх үүссэн, уг газарт 2003 онд барьсан өвөлжөөг олон жилийн турш ашиглаж ирсэн нь холбогдох баримтаар тогтоогдох тул хариуцагчаас үүнийг харгалзан үзэж маргаан бүхий захирамж гаргасан нь Газрын тухай хуульд нийцжээ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Нэхэмжлэгч Б.Бын тухайд ч 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн анхан шатны шүүхэд гаргасан “…2006 онд газрын гэрчилгээгээ авсан, Өлгий сумын төвд сургуулийн хүүхэдтэй байж байгаад 2009 онд өтгөө чөлөөлж өгөөч, хашаа баримаар байна гэхэд 2 ямаа, 1 хонь өгсөн, үүнийг нь тухайн өвөлдөө суух тохиролцоо гэж бодоод өнгөрсөн. Ингээд 2017 онд хашаа барих гэтэл Б.Ө …чөлөөлж өгөхгүй гэсэн…” гэх тайлбараас үзэхэд 2003-2018 оныг хүртэл хугацаанд гуравдагч этгээд Б.Ө Хоньчин цахир нэртэй газарт өвөлжиж байсныг гэрчилнэ.   

Мөн Б.Өийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр өвөлжөөнийхөө хашааны хана, дээвэр, үүдний мод, пүнз зэргийг нэг бүрчлэн бүртгэн Б.Бд хүлээлгэн өгсөн талаарх баримт хэргийн 118 дугаар талд авагдсан, үүнээс хойш өөр газар өвөлжиж байгаа талаар шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан тул олон жилийн турш ашиглаж ирсэн өвөлжөөний зориулалттай газрыг түүнд эзэмшүүлэх зорилгоор нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсоныг буруутгах үндэслэлгүй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Б.Бын “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн А/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Б.Өийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдаг этгээд давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

  ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

  ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН