Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 642

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Г.Онон,

Шүүгдэгч: Г.Ч-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ч-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005020321106 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Ч-, 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Ч-нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газар машин угаалгаж байсан хохирогч Т.М-ийн машиныг угааж байхдаа Самсунг Эс-10 Плас маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1.545.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ч-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Т.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 03-ны орой 20 цагийн орчим төмөр замын тэнд байдаг машин угаалгын газар найзтайгаа машинаа угаалгахаар очоод машиныхаа түлхүүрийг үлдээгээд гараад хамт ирсэн найзныхаа машинд суугаад байсан. Нэг цаг гаран болсон байх би гэнэт утсаа машинд үлдээсэн гэдгээ санаад угаалгын газар машинд үзэх гээд ороход миний утас байхгүй байсан. Машин угаасан хүн нь буугаад явсан гэсэн. Тэгээд өөрийнхөө утас руу залгахад дуудаад авахгүй байсан. Угаалгын газрын түрээслэгчээс нь угаасан хүний дугаарыг нь аваад залгаад утсаа асуухад байхгүй гэж хэлсэн. ...Би гар утсаа 2019 оны 8 дугаар сарын үед Юнителээс лизингээр 2.400.000 төгрөгөөр авч байсан. ...Миний утсыг машин угаасан залуу авсан байх гэж сэжиглэж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Гэрч А.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...би машиныг нь угаагаад гадна талыг нь угааж дуусаад урд шалавчийг нь угаахаар авсан чинь шалавчны голоор хар өнгийн гар утас байхаар нь суудал дээр нь гаргаад тавьсан. Би машин барьж чадахгүй болохоор эхнэр Ч-гээр машин хойш нь ухраагаад өг гэж хэлээд ухраалгасан. Тэгээд машинаа угааж байхад манай эхнэр Ч- надад машины суудал дээр байсан гар утсыг авчихсан гайгүй байгаа гээд надаас асуусан. ...машиныг нь угааж дуусаад түлхүүрийг нь машин дотор үлдээгээд орой болчихсон болохоор шууд ажлаасаа буугаад гэртээ харьсан. ...манай эхнэр Ч-гийн гар утас руу залгасан. Тухайн үед манай эхнэр мэдэхгүй, тийм утас байгаагүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Яллагдагчаар Г.Ч-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...жолооны хүрдэн дээр сууж машиныг ухрааж байрлуулах гэж байхад жолооч талын шалавчин дээр хар өнгийн гоё утас байсан. Тэгэхээр нь би аваад өөрийн халаасандаа хийсэн. ...гэртээ байж байхад миний утас руу нэг дугаар залгаад таны угааж байсан машин дотор утас байсан уу гэж асуухад нь би байхгүй байсан гэж хэлсэн. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 38-39/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 15-17/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 18-19/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 22/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 23/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 24-31/, хохирогчийн хүсэлт /хх-н 42/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Г.Ч-нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газар машин угаалгаж байсан хохирогч Т.М-ийн машиныг угааж байхдаа Самсунг Эс-10 Плас маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 15.45.700 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.М-ийн: “...би гэнэт утсаа машинд үлдээсэн гэдгээ санаад угаалгын газар машинд үзэх гээд ороход миний утас байхгүй байсан. Машин угаасан хүн нь буугаад явсан гэсэн. Тэгээд өөрийнхөө утас руу залгахад дуудаад авахгүй байсан. Угаалгын газрын түрээслэгчээс нь угаасан хүний дугаарыг нь аваад залгаад утсаа асуухад байхгүй гэж хэлсэн. ...Миний утсыг машин угаасан залуу авсан байх гэж сэжиглэж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, гэрч А.О-ын: “...шалавчны голоор хар өнгийн гар утас байхаар нь суудал дээр нь гаргаад тавьсан. Би машин барьж чадахгүй болхоор эхнэр Ч-гээр машин хойш нь ухраагаад өг гэж хэлээд ухраалгасан. Тэгээд машинаа угааж байхад манай эхнэр Ч- надад машины суудал дээр байсан гар утсыг авчихсан гайгүй байгаа гэж надаас асуусан” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Ч-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ч-нь хохирогч Т.М-ийн машинд үлдээсэн гар утсыг өөрийн биш бусдын өмчлөлийн гэдгийг мэдсээр байж авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 42/ гаргасан, мөн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Г.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Ч-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-г 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ОТГОНБАЯР