Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 097

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 36 айлын орон сууцны 18 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, ОЭ61051531 регистртэй, Хонда овогтой Жамбалын Бат-Оршихын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 11 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, ОВ63101001 регистрийн дугаартай, Зуутраг овогтой Санжийн Пүрэвжавд холбогдох,

       47.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Бат-Орших, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч С.Пүрэвжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ж.Бат-Орших шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Бат-Орших миний бие 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Шинэбаярын хадам ээж С.Пүрэвжавд өөрийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах 2 дугаар 36 айлын орон сууцны 2 өрөө байрны ордерыг банкинд барьцаа болгон өгч шинээр байрьж байгаа 16 айлын орон сууцыг барихад санхүүжүүлж өгөхийг хүсэхэд би худ ураг гэх үүднээс хүндэтгэж, сайхан сэтгэлээр зөвшөөрч 2 сарын хугацаанд байрны ордерыг буцаан авах нөхцөлтэйгээр 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан юм. С.Пүрэвжав нь миний байрны ордерыг авч надтай гэрээ байгуулахдаа шинээр барьж байгаа 90%-ийн гүйцэтгэлтэй 16 айлын 2 өрөө байрны ордер барьцаанд өгч, байрны ордер авсан. Гэтэл тухайн байгуулсан гэрээний нөхцөлийг зөрчиж миний байрны ордерыг өөр хүнд эзэмшүүлж, дахин барьцаанд тавьж, Голомт банкнаас 8%-ийн хүүтэй 45.000.000 төгрөгийн зээл авч өөрийнхөө хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрт шилжүүлсэн байна. Миний 2 өрөө байрны ордерыг надаас авахдаа байрны ордерыг буцааж өгөх боломжгүй тохиолдолд 45.000.000 төгрөг өгөхөөр, мөн гэрээнд заасны дагуу ордер ашигласны хөлсөнд 2.000.000 төгрөг өгөхөөр тохирсон билээ. Би хүү Б.Шинэбаярын хадам ээж тул намайг хуурч мэхлэх байдал гаргахгүй байх гэж, мөн хүүгээ бодоод түүнд зөвшөөрсөн юм. Иймд миний байрны ордер барьцаалж авсан 45.000.000 төгрөг, мөн ордер барьцаалсны хүү болох 2.000.000 төгрөг, нийт 47.000.000 төгрөгийг С.Пүрэвжаваас гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч С.Пүрэвжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Бат-Оршихын өөрийн амьдарч байгаа 2 дугаар 36 айлын 2 өрөө байрны ордерийг надад түр өгч миний нэр дээр авсан өөрийн зээл, хүргэн Б.Шинэбаярын хотын байрны зээлүүдийн хугацаа хэтрээд байхад надад тус болсон нь үнэн. Энэ байрыг би 2015 оны 5 дугаар сард өөрийнх нь зөвшөөрөлтэй иргэн П.Сүхтулгын нэр дээр шилжүүлж Голомт банкнаас 31.000.000 төгрөг гаргуулж авч хугацаа хэтэрсэн өрөө төлсөн. Би Ж.Бат-Оршихтой анх тохиролцохдоо байрны ордер тавиулж тус болсны хариуд 2.000.000 төгрөг өгөх, барилгаа барьж дуусаад зээл гарч эхлэхээр П.Сүхтулгын зээлийг төлж барагдуулаад байрны ордерыг нь буцааж өгөхөөр болсон. Харамсалтай нь хамтарч барилга барьж байгаа С.Мөнхбатын буруутай үйлдлээс болж барилгын ажил удааширч, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр улсын комисст хүлээлцлээ. Одоо ордерууд гарч зээлнүүд гарч эхлэх гэж байна. Гэхдээ нэхэмжлэгч Ж.Бат-Оршихын байрны ордер надад барьцаалуулж тус болсон болохоор өгөхөөр тохиролцсон 2.000.000 төгрөгөө өгнө. Мөн байрны ордерыг нь буцааж өгнө. Бид худ ургийн харилцаатай учир ямар ч байсан энэ хүнийг орон байргүй болгохгүй гэжээ.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад: Уг иргэний хэргийн нэхэмжлэлийг дараах байдлаар өөрчилж байна. Хариуцагч С.Пүрэвжав нь нэхэмжлэгч Ж.Бат-Оршихыг төөрөгдөлд оруулж, зээл гаргуулахын тулд байрных нь гэрчилгээг бусдад барьцаалж, дүр эсгэсэн гэрээ хийсэн байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 508 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч Ж.Бат-Орших, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч С.Пүрэвжав нарын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээнд: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Ж.Бат-Оршихын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Пүрэвжавт холбогдох, 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 508 дугаартай Орон сууцны ордер гэрчилгээг түр авч зээл гаргуулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хэрэгт зохигчид бид дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Маргааны зүйл болох Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-36 айлын орон сууцны 2-18 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520001727 дугаартай, иргэн Ж.Бат-Оршихын нэр дээр байсан, 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны ордер буюу гэрчилгээг хариуцагч С.Пүрэвжав нь Голомт банкны 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн БГ6205100607 тоот Ипотекийн гэрээ-нд барьцаалсныг чөлөөлж, нэхэмжлэгч Ж.Бат-Оршиход өгнө. Мөн анх гэрээгээр тохиролцсон гэрчилгээ ашигласны төлбөр 2.000.000 төгрөгийг төлж, Ж.Бат-Оршихыг хохиролгүй болгоно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ж.Бат-Орших нь хариуцагч С.Пүрэвжавт холбогдуулан, 47.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг нэхэмжлэлээ өөрчилж 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 508 дугаартай Орон сууцны ордер гэрчилгээг түр авч зээл гаргуулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага гаргасан байна.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ.

       Маргааны зүйл болох Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-36 айлын орон сууцны 2-18 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520001727 дугаартай, иргэн Ж.Бат-Оршихын нэр дээр байсан, 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны ордер буюу гэрчилгээг хариуцагч С.Пүрэвжав нь Голомт банкны 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн БГ6205100607 тоот Ипотекийн гэрээ-нд барьцаалсныг чөлөөлж, нэхэмжлэгч Ж.Бат-Оршиход өгнө. Мөн анх гэрээгээр тохиролцсон гэрчилгээ ашигласны төлбөр 2.000.000 төгрөгийг төлж, Ж.Бат-Оршихыг хохиролгүй болгоно гэжээ.

        Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

       Нэхэмжлэгч Ж.Бат-Орших шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 54.000.000 төгрөгт ногдох 427.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үнэлгээгээр 33.848.000 төгрөг гэж тогтоогдсон орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон 2.000.000 төгрөгийг тус тус хариуцагч С.Пүрэвжаваас гаргуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул 35.848.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 337.190 төгрөгийн тал хувь буюу 168.595 төгрөг, мөн 427.950 төгрөгийн зөрүү 90.760 төгрөг, нийт 259.355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 168.595 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас, хариуцагч С.Пүрэвжаваас 168.595 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Бат-Оршиход олгох нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Маргааны зүйл болох Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-36 айлын орон сууцны 2-18 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520001727 дугаартай, иргэн Ж.Бат-Оршихын нэр дээр байсан, 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны ордер буюу гэрчилгээг хариуцагч С.Пүрэвжав нь Голомт банкны 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн БГ6205100607 тоот Ипотекийн гэрээ-нд барьцаалсныг чөлөөлж, нэхэмжлэгч Ж.Бат-Оршиход өгөх. Мөн анх гэрээгээр тохиролцсон гэрчилгээ ашигласны төлбөр 2.000.000 төгрөгийг төлж, Ж.Бат-Оршихыг хохиролгүй болгоно хэмээн зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулан, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бат-Оршихын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427.950 төгрөгөөс 259.355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 168.595 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас, хариуцагч С.Пүрэвжаваас 168.595 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Бат-Оршиход олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянаншийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Н.ГЭРЭЛТУЯА