Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багт оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОД66011803, Илжгэн овогтой Лувсандоржийн Мянганбаярын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад холбогдох,

          Сумын Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 27 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулж, Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Мянганбаяр, хариуцагч Ж.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Л.Мянганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Увс аймгийн Зүүнхангай суманд 1997 оноос хойш 2000 он хүртэл хугацаанд хүүхдийн эмчээр, 2000 оноос эрхлэгч, их эмчээр тус тус ажиллаж байсан. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 27 тоот захирамжид намайг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг сартай нярай хүүхдийн асуудал надад хамааралгүй бөгөөд Прокурорын байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн үр дүнгийн гэрээ дүгнүүлэхээс татгалзсан гэж дурдсан байдаг. Миний үр дүнгийн гэрээг Засаг дарга Б.Зулбаяр дүгнэхгүй бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газраас миний ажлыг дүгнээд, сумын Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай захирамжийн хавсралтаар надад цалингийн 15 хувийн нэмэгдэл олгосон байгаа. Миний хувьд сахилгын зөрчил гаргасан зүйл байхгүй, харин ч хоёр их эмчийн ажлыг ганцаараа хийдэг байсан. Иймд Зүүнхангай сумын Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 27 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Б.Зулбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар сумын Засаг дарга тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч Л.Мянганбаярыг хууль зүйн үндэслэлтэйгээр ажлаас нь халах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар Л.Мянганбаярт сахилгын шийтгэл ногдуулсан нь дараах үндсэн шалтгаантай. Сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Л.Мянганбаярын зүй бус үйлдэл буюу 1 сартай нярай хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэхээс санаатайгаар зайлсхийж, бүдүүлэг зан авир гаргаснаас тухайн нярай амь насаа алдсан. Энэ эндэгдэл эмчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын 141 тоот дүгнэлтээр тогтоосон. Эмч хүний хувьд өргөсөн тангарагаа зөрчиж, эмчийн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Л.Мянганбаяр тусгайлан үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй бөгөөд түүний үр дүнгийн гэрээг дүгнэх гэхээр Төрийн албаны зөвлөлийн 2007 оны 48 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ын 6 дугаар зүйлд зааснаар дүгнүүлэх ёстой. Л.Мянганбаяр ийнхүү дүгнүүлэхээс санаатайгаар зайлсхийж, ажил, мэргэжлийн талаар ямар нэгэн дүгнэлт гаргуулаагүй өдий хүрсэн. Энэ нь ноцтой зөрчилд хамаарна. Мөн Л.Мянганбаярт хүн чанар байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

           Хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад гаргах санал хүсэлт, тайлбар алга гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Л.Мянганбаяр нь хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад холбогдуулан сумын Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 27 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулж, Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 27 тоот захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Л.Мянганбаярт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, сумын Эрүүл мэндийн төвийн дотоод журмын 11.1, 11.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

          Уг тушаалд: Эрсдэлтэй өрхийн 14 хоног өвдсөн, 1 сартай нярай хүүхдийн эцэг, эхийг удаа дараа дуудлага өгсөн байхад хүүхдийн биеийн байдлыг гүйцэт үнэлж тусламж үзүүлээгүй их эмч Л.Мянганбаярт хариуцлага тооцох, ялангуяа их эмчийн зан харилцаа хандлагыг сайжруулах шаардлагатай гэх Эрүүл мэндийн газрын даргын 141 тоот дүгнэлт ирснийг, түүнчлэн сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэхээс удаа дараа татгалзсан гэх 3 үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулжээ.

          Дээрх сумын Засаг даргын 2013 оны 27 тоот захирамжид заагдсан үндэслэлд дараах дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

         1. Эрсдэлтэй өрхийн 14 хоног өвдсөн, 1 сартай нярай хүүхдийн эцэг, эхийг удаа дараа дуудлага өгсөн байхад хүүхдийн биеийн байдлыг гүйцэт үнэлж тусламж үзүүлээгүй их эмч Л.Мянганбаярт хариуцлага тооцох гэх үндэслэлийн тухайд:

       Нэхэмжлэгч Л.Мянганбаярыг 1 сартай нярай хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг бүрэн хүргээгүйгээс үхэлд хүргэсэн гэх үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1 болон 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Увс аймгийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ эмч Л.Мянганбаяр ... 1 сар 7 хоногтой хүү Нямбатад эмнэлгийн тусламж үзүүлэхдээ өвчтөн эмчлэх тухай эмчилгээний дүрэм, зааврыг зөрчөөгүй, зохих ёсоор эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлд заасан гэмт хэргийг бүрэлдэхүүнгүй байна гэсэн дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

           2. Их эмчийн зан харилцаа хандлагыг сайжруулах шаардлагатай гэх Эрүүл мэндийн газрын даргын 141 тоот дүгнэлт ирсэн гэх үндэслэлийн тухайд:

           Хавтаст хэргийн 45-46 дугаар хуудаст авагдсан Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 141 тоот албан бичигт Иргэд болон Эрүүл мэндийн төвийн ажиллагсдаас авсан судалгаанд ... ялангуяа Л.Мянганбаяр эмчийн зан харилцаа хандлагыг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан талаар дурджээ.

           Өөрөөр хэлбэл, аймгийн Эрүүл мэндийн газраас иргэд болон эмнэлгийн ажиллагсдын дунд явуулсан судалгааны дүнг танилцуулан дурдсан төдий байгаа бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын салбар хорооноос гаргасан албан ёсны дүгнэлт биш байна.

          Нөгөө талаар, тухайн Ёс зүйн салбар хороо нь эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэнд хууль тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулах саналыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй байх ба хавтаст хэрэгт ийм Ёс зүйн салбар хорооны дүгнэлт авагдаагүй байна.

          3. Сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэхээс удаа дараа татгалзсан гэх үндэслэлийн тухайд:

         Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Л.Мянганбаяр, хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга нарын хооронд байгуулагдсан Үр дүнгийн гэрээ авагдаагүй боловч хэргийн 42-43 дугаар хуудаст Зүүнхангай сумын Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 15 тоот захирамж, хавсралтын хамт авагдсан байх ба уг захирамжаар Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, салбарын ажлын үзүүлэлт, хэрэглэгчийн үнэлгээ зэргийг дүгнэж Төсөвт албан байгууллагын ерөнхий менежер, багийн Засаг дарга, Засаг даргын орлогч нарын цалин нэмэгдэл, урамшууллыг хавсралт 1-ээр шинэчлэн тогтоож, 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдсүгэй. гээд хавсралтын 2 дугаарт Эмнэлгийн эрхлэгч Л.Мянганбаяр сүлжээний цалин 618.461 төгрөг, нэмэгдэл 257.569 төгрөг, нийт 876.030 төгрөгийн цалин олгох-оор тогтоожээ.

         Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.Мянганбаярын удаа дараа үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэхээс татгалзсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаас тогтоогдохгүй байгаа бөгөөд харин ч түүний үр дүнгийн гэрээг дүгнэн цалингийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн нь тогтоогдож байна.

         4. Мөн хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын 2013 оны 27 тоот захирамжид Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг баримталсан байх боловч хэрэгт нэхэмжлэгч Л.Мянганбаярыг ажлаас халахдаа аймгийн Эрүүл мэндийн газартай зөвшилцсөн эсэх талаарх баримт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

           Иймд нэхэмлэгч Л.Мянганбаярт ногдуулсан сахилгын шийтгэлийн үндэслэлүүд нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд ажилтны хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь нотлогдож, тогтоогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 27 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Мянганбаярыг Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Мянганбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д зааснаар Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 27 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Мянганбаярыг Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Мянганбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                      ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ГЭРЭЛТУЯА