Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 643

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Д.Хонгорзул,

Шүүгдэгч: Д.Л- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Л-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005014861051 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Л-, 1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Л- нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 04.30 цагийн орчим Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар духаараа 1 удаа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ... шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр найз Б-тэй хамт машинтай явж байсан. Зурагтын эцэст хүн гар өргөхөөр нь аваад Буурал ээж нэртэй газар очино гэхээр нь гудамж руу нь орсон, уг залуу гэрээ сайн зааж өгөхгүй байсан согтолттой байсан. Тэгээд гэрийнх нь гудамжинд ирээд хаалга руу нь очих гэхэд өгсүүр машин гарахгүй байсан. 2 удаа оролдоод гарч чадаагүй. Уг залуу гэрэлтэй цонх заагаад манай гэр тэр байна, хамт нэг нь очоод таксины мөнгө авчих гэсэн, би дагаад явсан. Б- машинаа эргүүлээд гудамжны үзүүрт зогсож байя гэсэн. Би уг залуугаас мөнгө авах гээд явж байсан. Уг залуу миний ард алхаж байсан. Тэгээд намайг андаа гээд юм яриад байсан. Би чамаас ах юм шиг байна гэхэд уг залуу чи тэгээд яах юм гээд намайг бариад аваад толгой хэсэгт нэг удаа мөргөсөн. Бид хоёр заамдалцахад намайг тонгорч газар унагаасан. Тэгээд газар унаад зууралдахад Б-ээ хажууд ирээд салгаад уг залууг яв гэртээ ор гэсэн. Тэгээд явах гэтэл намайг татаж чангаагаад явахгүй байсан. Б- бид хоёр орхиод явсан. Тэгээд хорооллын эцэст байрлах цагдаа руу очоод уг зодуулсан газраа очиж 102-т дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Гэрч Б.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 09-нд шөнө найз Б-тэй хамт миний приус 20 машинтай зурагтын замаар өгсөж байхад нэг хүн гар өргөхөөр нь замаараа гээд таксинд явсан. Тэгэхэд уг хүний гэр рүү өгсөх гэхэд машин явахгүй байсан. Тэгээд уг залууд машин гарахгүй юм байна гэхэд уг залуу нэг нь буугаад гэр рүү ороод мөнгө авчих гэсэн. Манай найз Б- буугаад уг залуутай хамт дээшээ өгссөн. Тэгээд би  машинаа буцааж эргүүлж байгаад харахад манай найзыг уг залуу зодож байх шиг байхаар нь харахад хоорондоо ноцолдож байсан. Би машинаас буугаад очиход уг такси барьсан залуу манай найзыг газар унагаасан дээд талд нь гарсан манай найз доод талд нь газар унасан байдалтай байхаар нь би очоод салгасан. Уг залуу дээшээ өгсөөд явсан. Би найз Б-г машиндаа суулгасан. Тэгэхэд манай найз миний бие шалбарсан, гэмтчихлээ нуруу өвдөж байна гэсэн. Манай найз Б-гийн дух, тохой, бие нь шалбарсан нуруу өвдөж байна гэж байсан. Өөр гэмтэлтэй харагдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Шинжээчийн 4518 дугаартай дүгнэлтэд: “...Б.Б-гийн биед дух, зовхи, тохой, сарвуу, хөмсөг, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-н 29-30/,

Яллагдагчаар Д.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би уг залуутай маргаад уг залуутай зууралдаж ноцолдоод газар унаад ноцолдоод газраас боссон” гэсэн мэдүүлэг /хх-н 40-43/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 46-51, 53-54/, хохирогчийн хүсэлт /хх-н 65/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Д.Л- нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 04.30 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар духаараа 1 удаа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-гийн: “...Би чамаас ах юм шиг байна гэхэд уг залуу чи тэгээд яах юм гээд намайг бариад аваад толгой хэсэгт нэг удаа мөргөсөн. Бид хоёр заамдалцахад намайг тонгорч газар унагаасан. Тэгээд газар унаад зууралдахад Б-ээ хажууд ирээд салгаад уг залууг яв гэртээ ор гэсэн. Тэгээд явах гэтэл намайг татаж чангаагаад явахгүй байсан. Б- бид хоёр орхиод явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/, гэрч Б.Б-ий: “...манай найзыг уг залуу зодож байх шиг байхаар нь харахад хоорондоо ноцолдож байсан. Би машинаас буугаад очиход уг такси барьсан залуу манай найзыг газар унагаасан дээд талд нь гарсан манай найз доод талд нь газар унасан байдалтай байхаар нь би очиод салгасан. Уг залуу дээшээ өгсөөд явсан. Би найз Б-г машиндаа суулгасан. Тэгэхэд манай найз миний бие шалбарсан, гэмтчихлээ нуруу өвдөж байна гэсэн. Манай найз Б-гийн дух тохой, бие нь шалбарсан нуруу өвдөж байна гэж байсан. Өөр гэмтэлтэй харагдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 23/, шинжээчийн 4518 дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Л-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Л- нь согтуурсан үедээ хохирогчтой маргалдаж улмаар түүнийг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 65/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Л-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-г 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР