Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 639

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Т.О-баяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: С.Цэрэндорж,

Шүүгдэгч: Б.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005014830859 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-,  ..., 29 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар гудамжны 8 тоотод байрлах хохирогч Т.О-ы үйл  ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу авто засварын газрын зүүн урд талын цонхыг дотогш түлхэн нэвтрэн орж Делл /Dell/ загварын нөүтбүүкийг хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд: “...Тухайн үед нөтебүүк авах болсон шалгаан нь мөнгөний хэрэг гарсан. Би хэрэг болох үед хоолны мөнгөгүй болсон байсан. Би найз охинтойгоо хамт амьдардаг. Байрны түрээсийн төлбөр төлөх мөнгөгүй болсон тул хамт ажиллаж байсан Т.О- ахын нөтебүүкийг нь авсан. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна” гэв.

Хохирогч Т.О-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дэвшлийн 5-8 тоотод байх авто засварын газрын ажлаасаа хамгийн сүүлд ганцаараа үлдээд засварын газрын хаалга үүдийг нь түгжиж гараад Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 1-29 тоот гэртээ ирж унтаж амарсан. Маргааш өглөө нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өглөөний 11 цагийн орчимд ажил дээрээ иртээд дотогш ороод цахилгаан багаж, эд зүйлсээ тогонд залгаад ажил дээрээ байнга хэрэглэж үлдээж явдаг зөөврийн компьютерээ асааж дуу сонсох гэтэл компьютер алга болсон байсан. Тэгээд би хулгай орсон байна гэж бодоод хартал манай засварын газрын зүүн урд талын жижиг цонхыг дотогш түлхэн онгойлгож хулгай орсон болохоор нь би цагдаад дуудлага өгсөн. Би хулгайд алдсан зүйлээ бүрэн бүтэн, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй эргүүлээд авчихсан учраас надад гаргах гомдол санал хүсэлт, шалгуулах зүйл байхгүй болно” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10, 48/,

Гэрч Э.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагт БГД-ийн 11 дүгээр хороо, 27а байрны 2 давхарт байдаг “Буянжин” нэртэй ломбардан дээрээ буюу ажил дээрээ байсан. Гэтэл гаднаас 30 орчим насны 1 эрэгтэй орж ирээд цэнхэр өнгийн дэлл загварын нөүтбүүк 200.000 төгрөгөнд тавих гэж орж ирсэн. Би тухайн хүний бичиг баримт иргэний үнэмлэхийг нь шалгаад уг нөүтбүүкийг 130.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай барьцаанд авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Яллагдагчаар Б.Б-мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн ...миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байна” гэсэн мэдүүлэг /хх-н 55-57/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-6/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 24-25/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 27/, бичиг баримт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 29-31/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 32-33/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 34-40/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар гудамжны 8 тоотод байрлах хохирогч Т.О-ы үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу авто засварын газрын зүүн урд талын цонхыг дотогш түлхэн нэвтрэн орж Делл /Dell/ загварын нөүтбүүкийг хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.О-ы: “...2020 оны 4 дүгээр сарын 17-ны өглөөний 11 цагийн орчимд ажил дээрээ ирээд дотогш ороод цахилгаан багаж, эд зүйлсээ тогонд залгаад ажил дээрээ байнга хэрэглэж үлдээж явдаг зөөврийн компьютерээ асааж дуу сонсох гэтэл компьютер алга болсон байсан. Тэгээд би хулгай орсон байна гэж бодоод хартал манай засварын газрын зүүн урд талын жижиг цонхыг дотогш түлхэн онгойлгож хулгай орсон болохоор нь би цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10, 48/, гэрч Э.Т-ын: “...30 орчим насны 1 эрэгтэй орж ирээд цэнхэр өнгийн дэлл загварын нөүтбүүк 200.000 төгрөгөнд тавих гэж орж ирсэн. Би тухайн хүний бичиг баримт иргэний үнэмлэхийг нь шалгаад уг нөүтбүүкийг 130.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай барьцаанд авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд  нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Г.Т.О-ы авто засварын газрын цонхоор  нэвтрэн орж, эд хөрөнгийг хулгайлан 250.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Уг авто засварын газарт шүүгдэгч нь заримдаа ирж автомашин засварлах ажил хийдэг, уг газрын хаана, юу байгааг тодорхой мэдэж байсан байх ба түүний цонхоор орсон үйлдэл нь орон байранд нэвтэрсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирол болох нөтбүүкээ буцаан авсан гомдол саналгүй, иргэний нэхэмжлэгч Э.Т- нь хохирлын мөнгөө авсан, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б-буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч Б.Б-гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, гэм буруугийн талаар маргаагүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б- “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа  явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Т.О-БАЯР