Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын 3 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ66042101, Тайжууд овогтой Лхайсүрэнгийн Батхүүгийн,

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.Батхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1981 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд хонь маллаж, 1989 оныг дуустал хугацаанд ажилласан. Тухайн үед авч байсан нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн тамга бүдэг дарагдсан гээд тэтгэвэр тогтоож өгөхгүй байна. Иймд аймгийн Архиваас цалингаа шүүлгэн авсан тул миний Говийн хөгжил нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                   Нэхэмжлэгч Л.Батхүү нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

         Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд ажиллаж байсан Лхайсүрэн овогтой Батхүүгийн 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

           Мөн Л.Батхүүд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт түүний 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авсан цалинг түүвэрлэн бичсэн байгаа нь дээрх архивын баримттай тохирч байна.

          Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Н.Янжиндулам, Д.Батаа нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Н.Янжиндулам: Би Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1984 оноос эхлэн тус нэгдэлд санитарчин, малчнаар тус тус ажиллаж байсан. Л.Батхүү надаас өмнө 8-р ангиа төгсөөд илгээлтээр аав, ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн. Л.Батхүү бид хоёр нэг ангид сурдаг байсан ба нэг баг бригадын хүмүүс учир нэгнээ сайн мэднэ. Л.Батхүү нь аав, ээжийн хамтаар нэгдэлд мал маллаж байгаад Я.Батсуурь гэх хүнтэй гэр бүл болон Говийн хөгжил нэгдэлдээ үргэжлүүлэн нэгдэл тарах хүртэл мал малласан, малчин хүмүүс юм. Л.Батхүүгийнх одоо ч Зүүнговь сумын Суврага багт малаа маллан амьдарч байгаа билээ. Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргаар н.Хүрэлхүү, н.Чулуунбаатар, н.Ядамсүрэн, н.Туяа гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж, гэрч Д.Батаа: Би Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1979 оноос эхлэн тус нэгдэлд малчнаар ажиллаж байгаа цэргийн албанд явж ирээд 1983 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Л.Батхүү бид нар нэг баг бригадад хамт мал маллаж байсан учраас нэгнээ мэднэ. Л.Батхүү нь 1981 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан. Л.Батхүү бид нар одоо ч мал маллан амьдарч байгаа юм. Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргаар н.Хүрэлхүү, н.Чулуунбаатар, н.Ядамсүрэн, н.Туяа гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

           Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Батхүүгийн 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Батхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайжууд овогтой Лхайсүрэнгийн Батхүүгийн 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Батхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ГЭРЭЛТУЯА