Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 646

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Г.Ганхөлөг /томилолтоор/,

Хохирогч: З.Х-,

Шүүгдэгч А.О- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.О-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905048860729 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.О-, 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын мэргэжилтэй, Реко транс ХХК-д гагнуурчин ажилтай, .... тоот регистртэй,

Шүүгдэгч А.О- нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадаа машины зогсоол дээр З.Х-зодож, биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.О- шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн үед би байрны гадаа 2 залуутай муудалцсан. Би адилхан хохирол, гэмтэл авсан. Миний хавирга гэмтсэн, хөл халцарсан байсан. Би өөрт учирсан гэмтлийг за яахав дээ гээд зүгээр өнгөрөөсөн. Би хохирогчид учирсан гэмтлийг учруулсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Баримттай хохирлыг төлсөн” гэв.

Хохирогч З.Х- шүүх хуралдаанд: “...Би тухайн өдөр найзтайгаа хамт гэртээ хоол идчихээд найзыгаа хүргэж өгөх гээд гэрээсээ гарч ирээд машиндаа суугаад ухрах гэтэл О-машины ард зогсоод холдохгүй байсан. Би дуут дохио дуугаргахад согтуугаар миний машины ард талд цохиод байсан. Би яаж байна аа гэтэл О-250.000 төгрөгт тааруулаад би чамайг зодъё гээд над руу агсраад дайраад байсан. Тухайн үед О-бас хохирсон гэж байна. Үнэхээр тийм бол цагдааг ирэхэд зугтаах шаардлага байгаагүй. Тухайн үед О-эхнэр нь түүнийг зогсоох гээд дийлэхгүй байсан. Миний хувьд шүүгдэгчээс өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1.200.000 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна. Би нийт 3.000.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Ж.Х-мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 07-нд орой 20 цаг 30 минут орчимд тараад хоол идчихээд найз маань болох Ууган-Эрдэнэ ой гарантай хүүгээ аваад гарсан. Тэгээд машиндаа суугаад хөдлөх гэхэд ард үл таних 30 гаран насны залуу юм яриад зогсоод байсан. Тэгээд нэг нь холдоод нөгөө нь хөдлөхгүй байгаад байхаар нь би машины дуут дохио ажиллуулсан. Гэтэл машины хойд талын багажны таг дээр гараараа цохьсон. Тэгээд би буугаад холдуулах гээд гараад ирсэн чинь нөгөө залуу ...холдохгүй байгаад байсан. Харин би нөгөө хүнийг холдчих гээд дахиад хэлсэн чинь намайг шууд гараараа заамдаад татаад байсан ...нөгөө хүний найз залуу дундуур орж ирээд салгах гээд байсан. Гэтэл намайг нөгөө залуу зүүн нүдэнд баруун гараараа цохиод авсан. Энэ үед би хойшоо саваад унасан. Тэгээд босоод ирэхэд дахин нөгөө зүүн шанаанд баруун гараараа нэг цохиод би тонгойсон чинь үсдэж дарж байгаад миний нүүр орчим 2-3 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 62-64/,

Гэрч Э.У-мөрдөн байцаалтад өгсөн: “...манай найз Х-тэй орой ажлыг нь тарахаар хамт гэрт нь очсон. ...орой 22 цагийн үед гэрээс нь гараад машиндаа суугаад хөдлөх гэтэл ард зогсож байсан 2 хүний нэг нь дуут дохио дарахад уурлаад ар дээр нь цохиод авсан. Манай найз Х- яаж байгаа юм бэ гэхэд нөгөө 2 эрэгтэй хүний нэг нь чи зодуулмаар байна уу 250.000 төгрөгөнд тааруулаад зодно гээд байсан бөгөөд манай найз Х-нэг найз нь салгах гэтэл нүүрэн дундуур нь цохиод авсан. ...Х- нүүрээ дараад тонгойгоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн өдөр гэртээ байж байхад манай нөхөр О-над руу орой 21 цагийн үед залгахаар нь утсаа авсан чинь “Өргөөгийн энд нэг айлд байна” гэсэн. Би нөхрөө авах гээд өөрийн эзэмшлийн 70-66 УБВ дугаартай машинтай гэрээсээ гараад ...байран дунд нэг айлд очсон. ...гадаа хоорондоо юм яриад машинууд дунд зогсож байхад хоёр залуу гарч ирээд гадаа машиндаа суугаад ухрах үед нь манай нөхөр машины ар талд гараараа цохисон. Гэтэл машин дотроос нөгөө хоёр залуу бууж ирээд яагаад машин цохиод байгаа юм бэ гээд хэлсэн. Манай нөхөр өөдөөс нь чи хүн мөргөлөө гээд уурласан. Тэгээд маргаан болж байгаад хоорондоо зууралдаад заамдалцаад байсан. Жолооч залуу нь цохиод авсан. ...зодоон болоод нөгөө хоёр хүч хүрэгдэхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 35-37/,

Шинжээчийн 55 дугаар дүгнэлтэд: “...Ж.Х-биед зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 515 дугаар дүгнэлтэд: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 55 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ж.Х-биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, баруун хөлийн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Ж.Х-биед гэмтэл учирсан бол 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр буюу уг асуудал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ж.Х-биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  гэсэн дүгнэлт /хх-н 48-49/,

 Яллагдагчаар А.О-мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. ...машин дотроос хоёр залуу гарч ирээд намайг яах гээд машин цохиод байгаа юм гээд над руу уурлаад дайраад байсан. Улмаар нөгөө хоёр залуутай маргаан хийж байгаад ...зодоон хийсэн. Хэн нь яаж зодож цохиж байсан талаар сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 87-90/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, хохирлын баримтууд /хх-н 68-77/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 95-112/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.О- нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны гадаа машины зогсоол дээр З.Х-зодож, биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Х-: “...би нөгөө хүнийг холдчих гээд дахиад хэлсэн чинь намайг шууд гараараа заамдаад татаад байсан ...нөгөө хүний найз залуу дундуур орж ирээд салгах гээд байсан. Гэтэл намайг нөгөө залуу зүүн нүдэнд баруун гараараа цохиод авсан. Энэ үед би хойшоо саваад унасан тэгээд босоод ирэхэд дахин нөгөө зүүн шанаанд баруун гараараа нэг цохиод би тонгойсон чинь үсдэж дарж байгаад миний нүүр орчим 2-3 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 62-64/, гэрч Э.Ууган-Эрдэний: “...орой 22 цагийн үед гэрээс нь гараад машиндаа суугаад хөдлөх гэтэл ард зогсож байсан 2 хүний нэг нь дуут дохио дарахад уурлаад ар дээр нь цохиод авсан. Манай найз Х- яаж байгаа юм бэ гэхэд нөгөө 2 эрэгтэй хүний нэг нь чи зодуулмаар байна уу 250.000 төгрөгөнд тааруулаад зодно гээд байсан бөгөөд манай найз Х-нэг найз нь салгах гэтэл нүүрэн дундуур нь цохиод авсан. ...Х- нүүрээ дараад тонгойгоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, гэрч Б.М-ын: “...манай нөхөр машины ар талд гараараа цохисон гэтэл машин дотроос нөгөө хоёр залуу бууж ирээд яагаад машин цохиод байгаа юм бэ гээд хэлсэн. Манай нөхөр өөдөөс нь чи хүн мөргөлөө гээд уурласан. Тэгээд маргаан болж байгаад хоорондоо зууралдаад заамдалцаад байсан. Жолооч залуу нь цохиод авсан. ...зодоон болоод нөгөө хоёр нь хүчрэгдэхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 35-37/, шинжээчийн 55 дугаар дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 515 дугаар дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.О-үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.О- нь хохирогчийг машинаа ухраах үед нь араас нь холдохгүй байсан тул холдуулах зорилгоор машины араас холд гэснээс маргалдан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Хаш-Эрдэний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт эмчилгээ, шатахууны нийт 2.043.360 төгрөгийн баримт авагдсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 2.100.000 төгрөг өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогч З.Х- нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс “өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөг, ажилгүй байсан үеийн цалин 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг нэхэмжилсэн болно.

Хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн болно.

Хохирогч З.Х- нь ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн ба тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нийгмийн даатгал төлсөн гэх баримт байхгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.О-үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.О- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн баримттай хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.О-“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.100.000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч З.Х- нь хохирол болон хор уршгийг талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР