| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2017/0102/и |
| Дугаар | 102 |
| Огноо | 2017-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 102
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би Сүхбаатар аймгийн Наран сумын 1-р багт оршин суух Чимэддоржийн Баярсайханы нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Наран сумын 3-р багт оршин суух Шархүүгийн Энхтуяад холбогдох “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 5.721.000 / таван сая долоон зуун хорин нэгэн мянга / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ш.Энхтуяа нь 2015 оны 08-р сард 8.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Төлөх ёстой хугацаа нь өнгөрсөн боловч үлдэгдэл 5.721.000 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй байгаа тул Ш.Энхтуяагаас 5.721.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Энхтуяа нь 1.500.000 төгрөгийг бэлнээр, 650.000 төгрөгийн бараа, 1 адуу / 500.000 төгрөгөөр / зэргийг өгсөн ба үлдэгдэл 3.071.000 / гурван сая далан нэгэн мянга / төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Баярсайхан нь хариуцагч Ш.Энхтуяад холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 5.721.000 / таван сая долоон зуун хорин нэгэн мянга / төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ш.Энхтуяа нь бэлнээр 1.500.000 төгрөг, 650.000 төгрөгийн бараа зэргийг өгсөн ба зээлийн үлдэгдлээс Мөнгөнөөс авах 1 адууг 500.000 төгрөгөөр үнэлж хасаад, үлдсэн 3.071.000 / гурван сая далан нэгэн мянга / төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 106.486 төгрөгийн 50 хувь болох 53.243 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 53.243 төгрөгийг хариуцагч Ш.Энхтуяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Баярсайханд олгохоор шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ш.Энхтуяа нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 5.721.000 / таван сая долоон зуун хорин нэгэн мянга / төгрөгнөөс 2.150.000 төгрөгийг бэлнээр болон бараагаар өгч, зээлийн үлдэгдэлээс Мөнгөнөөс авах 1 адууг 500.000 төгрөгөөр үнэлж хасаад, зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 3.071.000 / гурван сая далан нэгэн мянга / төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр нэхэмжлэгч Ч.Баярсайхантай эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 106.486 төгрөгийн 50 хувь болох 53.243 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 53.243 төгрөгийг хариуцагч Ш.Энхтуяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Баярсайханд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ