Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 640

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.О- даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: С.Батгэрэл,

Шүүгдэгч: М.О-, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.О-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005012190728 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.О-, ..., 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан ба гагнуурчин мэргэжилтэй, “Хар хорин” худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ...... тоот регистртэй,

Шүүгдэгч М.О- нь 2019 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт химийн хорт, аюултай бодис болох 700 грамм мөнгөн усыг хууль бусаар Ч.Д-гэгчээс худалдан авсан,

- 2019 оны 9 дүгээр сар, 2020 оны 01 дүгээр сард Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар Ц.Б-д худалдсан,

- 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хархорин худалдааны төвийн 01 дүгээр давхар, 23 дугаар лангуунд үйл ажиллагаа явуулж байхдаа химийн хорт, аюултай бодис болох 160.4 грамм мөнгөн усыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч М.О- шүүх хуралдаанд: “...Би 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 160 грамм мөнгөн ус хадгалж байсан нь үнэн. Мөнгөн усыг Д-ааас худалдаж авсан. Мөнгөн усыг борлуулж ашиг олох зорилготой байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм алдаа, зөрчил гаргахгүй” гэв.

            Иргэний нэхэмжлэгч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хиймийн хорт болон аюултай бодис хариуцсан ажилтнаар ажилладаг. Мөнгөн ус Монгол Улсад хязгаарласан химийн хорт болон аюултай бодис. Монгол Улсын засгын газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтаар батлагдсан жагсаалтанд орсон. Энэ жагсаалтанд мөнгөн ус орсноор мөнгөн ус, мөнгөн усны органик болон органик нэгдлүүд орсоныг ашиглахыг хязгаарлаж зөвхөн шаардлагатай эмнэлэг, судалгаа шинжилгээний хүрээлэн мөн бусад лабораторийн туршилт, судалгаа, хяналт шинжилгээнд ашиглах боломжтой болсон. Хэрвээ мөнгөн ус болон мөнгөн усны нэгдлүүдийг дээр дурдсан байгууллагуудад ашиглах тохиолдолд химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлтийг гаргуулсан байх ёстой. Уг дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөл олгох боломжтой, гэхдээ миний мэдэж байгаагаар сүүлийн 10-аад жил мөнгөн усны зөвшөөрөл олгосон тохиолдол байхгүй. Харин мөнгөн усны оксидыг цаг уур, орчны шинжилгээний газарт шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан. Мөн 2008.04.08-нд Байгаль орчны сайдын 135 тоот тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтанд ашиглахыг хориглосон. Иймд судалгаа, шинжилгээний зориулалтаас бусад тохиолдолд ашиглахыг хориглодог. Мөнгөн усыг хадгалсан, худалдсан этгээдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж дахин ийм хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулах шаардлагатай” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

            Гэрч Ч.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2001 оноос алт мөнгөний дарханы үйл ажиллагаа явуулж байгаа, энэ утгаараа би О- эгчийг танина. О- эгч хар, цагаан мөнгө авна, зарна гээд Хархорин захын лангуун дээр сууж байдаг. ...2020 оны 01 сард М.О- эгчээс 3 лан мөнгө юм хийхээр авсан ба хааяа би метал хэрэгтэй болохоор О- эгчээс зээлээр авчихдаг юм. 2 дугаар сард О- эгч надаас “мөнгөн ус байна уу, хэрэг болоод байна, жоохон олоод өгөөч ээ” гэхээр нь би болно гэж хэлээд ажил дээр хадгалж байсан өөрийн хэрэглэдэг мөнгөн уснаасаа О- эгчид жоохон саванд тасдаад өгсөн. Яг хэмжиж өгөөгүй. О- эгч 3 лан мөнгөний оронд мөнгөн усыг авсан. Мөнгөн усыг алт мөнгөн дарханы үйл ажиллагаанд ашигладаг, мөнгийг шарлуулах зорилгоор ашигладаг” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

            Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ЧД-ийн 3-р хороо, Хөнгөн усны 30-1 тоот байрны подвальд алт мөнгөний дарханы ажил хийдэг. Мөнгөн усыг Хархорин худалдааны төв дээр алт мөнгө авдаг лангуутай Мягмарын О- гэдэг эмэгтэйгээс 2019 оны 9 сар байна уу, 10 дугаар сард 2 удаа пинцлины шилээр аваад Оюунболдод зарсан. 2020.01 сард 1 пинцлины шилтэй бүтэн 1 ширхэг, мөн пинцлины шил талаар 1 ширхгийг тус тус авч Оюунболдод зарсан. Би М.О-аас 1 ширхэг пинцлины шилтэй мөнгөн усыг 250.000 төгрөгөөр аваад 250.000 төгрөгөөр зарж өгдөг байсан. Хааяа би О-аас хар болон цагаан мөнгө зээлж авч юмаа хийдэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 112/,

            Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 12/93 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжийн физик, химийн шинж чанар, нягтыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо. Мөнгөн ус нь Монгол Улсын засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон химийн бодис юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт”-д мөнгөн ус багтсан байна. Мөнгөн усыг олон улсад хуулийн хүрээнд судалгаа шинжилгээ, багаж тоног төхөөрөмж, пестицид, уул уурхайн салбарт ашигладаг” гэжээ /хх-н 23-26/,

            Яллагдагчаар М.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д- гэдэг алт мөнгөний дархан хийдэг залуутай 10 гаруй жилийн өмнөөс танилцаад бид хоорондоо ажил хэргийн холбоотой болсон. Хархорин захаар мөнгөн усыг нууцаар зарж ашиг олдог талаар би сонсож байсан ба Д- “надад мөнгөн ус байгаа, та надад хар болон цагаан метал олж өг, тэгээд хоёулаа солих уу” гэсэн. Тэгээд 2019 оны зун 700 гр мөнгөн усыг Д-аас 1 сая төгрөгөнд бодож аваад оронд нь хар болон цагаан метал өгсөн. Тэгээд тэр мөнгөн усыг пинцлины шилэнд хувааж хийж хадгалаад байж байтал урт цагаанд алт мөнгөний дархан хийдэг Баасанжав надаас “мөнгөн ус байна уу, шармал хийх гэсэн чинь хэрэг болоод байна” гэж асуухаар нь “надад мөнгөн ус байгаа” гэж хэлэхэд 1 ч байна уу, 2 удаа ч байна уу худалдаж  авсан. 1 ширхэг пинцлины шилтэй мөнгөн усыг 200.000-230.000 төгрөгийн ханштай. 1 ширхэг пинцлины шилэнд 180-200 гр ордог. Тэгээд надад үлдсэн байсан 160.4 гр мөнгөн усыг би өөрийн түрээсэлдэг Хархорин захын 1 давхрын 23 тоот лангууны шургуулганд хадгалж байсан чинь 2020.04.08-ны өдөр 14 цагийн үед энгийн хувцастай цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийж хурааж авсан. Би ашиг олох зорилгоор Д-аас худалдаж авсан. Би мөнгөн усыг химийн хорт бодис гэдгийг мэдэж байсан, хууль бусаар зарж борлуулахыг хязгаарласан гэдгийг мэдэхгүй. Би гэм буруугаа хүлээж байна, дахин мөнгөн ус хадгалахгүй, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 105-106/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 3-7/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-65, 79-84/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 116-117/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М.О- нь 2019 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт химийн хорт, аюултай бодис болох 700 грамм мөнгөн усыг хууль бусаар Ч.Д-гэгчээс худалдан авсан,

- 2019 оны 9 дүгээр сар, 2020 оны 01 дүгээр сард Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт химийн хорт, аюултай бодис болох мөнгөн усыг хууль бусаар Ц.Б-д худалдсан,

- 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хархорин худалдааны төвийн 01 дүгээр давхар, 23 дугаар лангуунд үйл ажиллагаа явуулж байхдаа химийн хорт, аюултай бодис болох 160.4 грамм мөнгөн усыг хууль бусаар хадгалсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Ц.Б-ын: “...Мөнгөн ус Монгол Улсад хязгаарласан химийн хорт болон аюултай бодис. Монгол Улсын засгын газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтаар батлагдсан жагсаалтанд орсон. Энэ жагсаалтанд мөнгөн ус орсноор мөнгөн ус, мөнгөн усны органик болон органик нэгдлүүд орсоныг ажиглахыг хязгаарлаж зөвхөн шаардлагатай эмнэлэг, судалгаа шинжилгээний хүрээлэн мөн бусад лаборатори туршилт, судалгаа, хяналт шинжилгээнд ашиглах боломжтой болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, гэрч Ч.Д-ын: “...2020 оны 01 сард М.О- эгчээс 3 лан мөнгө юм хийхээр авсан ба хааяа би метал хэрэгтэй болохоор О- эгчээс зээлээр авчихдаг юм. 2 дугаар сард О- эгч надаас “мөнгөн ус байна уу, хэрэг болоод байна, жоохон олоод өгөөч ээ” гэхээр нь би болно гэж хэлээд ажил дээр хадгалж байсан өөрийн хэрэглэдэг мөнгөн уснаасаа О- эгчид жоохон саванд тасдаад өгсөн. Яг хэмжиж өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 22/, гэрч Ц.Б-ын: “...Мөнгөн усыг Хархорин худалдааны төв дээр алт мөнгө авдаг лангуутай Мягмарын О- гэдэг эмэгтэйгээс 2019 оны 9 сар байна уу, 10 дугаар сард 2 удаа пинцлины шилээр аваад Оюунболдод зарсан. 2020.01 сард 1 пинцлины шилтэй бүтэн 1 ширхэг, мөн пинцлины шил талаар 1 ширхгийг тус тус авч Оюунболдод зарсан. Би М.О-аас 1 ширхэг пинцлины шилтэй мөнгөн усыг 250.000 төгрөгөөр аваад 250.000 төгрөгөөр зарж өгдөг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 112/, аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 12/93 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашиглан хадгалсан, худалдсан, авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.О- нь химийн хорт бодис буюу мөнгөн усыг бусдаас худалдан авч, бусдад худалдсан, хадгалсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.О-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч М.О-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 Иймд шүүхээс шүүгдэгч М.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч М.О-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын байранд хадгалж байгаа 160.4 гр цэвэр /бохир 280 гр/ мөнгөн усыг устгуулахаар зохих байгууллагад нь шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.О-ыг “химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашиглан хадгалсан, худалдсан, авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ыг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.О-т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын байранд хадгалж байгаа 160.4 гр цэвэр /бохир 280 гр/ мөнгөн усыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.О-